НийгмийнЯрилцлага

“ХҮН ЦЭГ”: Либерал Амараа

Цаг хугацаа хөвөрсөөр, амьдрал үргэлжилсээр. Үүний нэгэн адил “Eguur.mn” сайт эрчилсээр, урагшилсаар. Бид “Хүн цэг” гэдэг нэртэй шинэ контентоо өнөөдрөөс уншигч та бүхнийхээ хүртээл болгож байна. Ярилцлагын зочин маань өөрөө өгүүлж буй мэт хөрөглөн бичиж, видеотой хүргэхээрээ бидний контент онцлогтой.

“Хүн цэг”-ийн анхны зочин комедиан Д.Амартүвшин. Сонгодог либерал үзэлтэй, түүндээ туйлын үнэнч тэрбээр хүний эрх, эрх чөлөөний төлөө дуу хоолойгоо идэвхтэй хүргэн, үеийнхнийгээ манлайлж яваа залуу. Тайзан дээр комеди хийн, бусдад инээд хөөр бэлэглэдэг Амарааг уншигч та бүхэн комедиан, ганц бие аав, сонирхолтой контентууд хийдэг гэдгээс өөрөөр хэр сайн мэдэх вэ. Тэр “Гомо”, “Хөлсөөр жагсагч, тэмцэгч” гэх мэт элдвээр хэлүүлэн барин юуны төлөө тэмцэж, дуугарч яваа бол. Ер нь Амараа гэж хэн бэ.

ХҮНИЙ ЭРХИЙГ ХҮНДЭЛДЭГ, ЭРХ ЧӨЛӨӨНИЙ МЭДРЭМЖТЭЙ ӨССӨН БАГА НАС

Дарь-Эхэд төрж, өссөн би айлын ууган хүүхэд, хоёр дүүтэй. Ёстой нэг дэггүй, сахилгагүй гэж жигтэйхэн хүүхэд байлаа. Үргэлж сахилгагүйтдэг байсан болоод ч тэр үү хамгийн их сонсож өссөн үг минь “Болохгүй”. “Тэгж болохгүй, ингэж болохгүй” гэхээр “Яагаад өөрийнхөөрөө амьдарч болохгүй гэж. Миний амьдралыг яагаад заагаад байгаа юм бол” гэсэн  бодол өөрийн эрхгүй надад төрнө.

Олонх хүүхэд “Зөв”, “Энэ л супер” гэж бодож буй зарим зүйл миний хувьд өөр байлаа. Хип хоп бүүм болж байсан үе. Бүхий л хүүхэд хип хоп хөгжимд дурлаж, шимтэж байхад би рок сонсож явсан. “Нирвана” хамтлаг миний анхны шүтээн байлаа.

Есдүгээр ангидаа уруул, чихээ цоолуулж байснаа тод санадаг. Сонсож, сонирхож буй зүйлээсээ авхуулаад би бусдаас өөр хүүхэд байсан. Үүнийг дагаад өөрийгөө хэрхэн илэрхийлэх, хувцаслалт хүртэл өөрчлөгдсөн. Би багаасаа бусдын эрхийг хүндэлдэг, эрх чөлөөний мэдрэмжтэй өссөн, одоо эргээд бодоход. Цэцэрлэгт байхын л тийм байсан.

Эрх чөлөө, сонгодог либерал үзлийн талаар ул суурьтай, онолын түвшинд судлаж, суралцсан минь Их сургуулиас эхлэлтэй. Би эдийн засагт их дуртай, сонирхолтой. Өнөөгийн үзэл санааг тэлж, харах цонхыг минь улам цэлгэр болгосон хүн бол Хууль зүйн сайд асан Хишигдэмбэрэлийн Тэмүүжин багш. Хэдийгээр би физикийн ангийн оюутан байсан ч “Хөгжицгөөе” клубт элсэн, хамрагдсан нь намайг олон талаар өөрчилсөн, хөгжүүлсэн.

2000 оны эхэн үед Баабар гуай эрх чөлөөтэй холбоотой хэд хэдэн бүтээл орчуулсныг нь шимтэн уншдаг байлаа. “Эдийн засгийн ухааны эдүүгээчлэгдсэн замнал”, “Хувь заяагаа сонгох нь” зэрэг ном надад их нөлөөлсөн.

МУИС-ийг ТӨГСӨХИЙГ ХИЧЭЭН ХОЁР УДАА УЛИРСАН Ч БҮТЭЛГҮЙТЖЭЭ

Түрүүн физикийн ангийн оюутан байсан гэснийг та анзаарсан байх. Би МУИС-ийн Геофизикийн ангид сурдаг байлаа, төгсөөгүй л болохоос. Сургуулиа төгсөх гэж хичээгээгүй биш хичээсэн, уг нь. Даанч багш нартай муудалцдаг, сургалтын албаныхантай таарамж муутай байсан би IV дамжаанд хоёр удаа улираад “Больё. Бүтэхгүй юм байна” гэж бодсон, тэгээд л шууд сургуулиа хаясан. Дахиж сураагүй, оролдоо ч үгүй. Дахиж сурах шаардлагагүй гэж бодсон минь одоо ч хэвээрээ. Зарим багш надаас дор мэдлэгтэй байхад би яах гэж сурах юм бэ. Цаг, мөнгөний гарз. Яг юуны төлөө сурах зорилго чухал. Дипломны төлөө юү, сурч боловсрох зорилгоор уу. Тэр цаастай, цаасгүй ажиллаж, амьдарч болно. Би дипломгүй мөртлөө “Оюу толгой”-д хүртэл ажилласан. Тэгэхээр тэр цаасны хэрэг байгаа ч юм уу, үгүй юм уу.

Би тийм ч сурлага сайтай оюутан байгаагүй. Хичээлдээ жаахан дургүй, багш нартайгаа үл ойлголцдог, сав л хийвэл шоудаад явчихдаг байлаа, үнэнийг хэлэхэд. Би МУИС-ийн геофизикийн ангид хүсэж ороогүй. XI сургуульд сурч байхдаа хичээлийнхээ хажуугаар DJ хийдэг байв. Хичээл, ажлаа зохицуулах гэж амьхандаа хичээж, чармайсан ч элсэлтийн ерөнхий шалгалтад олигтой оноо авч чадаагүй. “Дээд сургуульд элс, мэргэжил эзэмш” гэх гэр бүлийнхний шахалт, бусдын адил оюутан болохыг хүсээд л МУИС-д орсон юм. Тус сургуульд сураад их зүйл сурсан, ойлгосон. Гэхдээ хичээл, мэдлэг бус амьдралын хар ухааныг.

Ер нь Монголын их сургуулиудын багш нарын цалин хэд билээ. Цалинд нь таарсан хүмүүс л ажиллаж байгаа. Мэдээж бүх багш тийм биш. Гэхдээ олонх багш ойлгомжтой. Цар тахал гарсны дараа манай нэг оюутан найз хичээлээ онлайнаар үзсэн юм. Хажууд нь сууж байсан надад хэцүү л санагдсан. “Чи ийм юм сурахын төлөө цаг хугацаа, мөнгөө яагаад үрээд байгаа юм бэ” гэж яг аман дээр гарч ирээд залгисан. Арай л хэтэрхий юм билээ.

Монголын их, дээд сургуулиуд оюутнуудыг үйлчлүүлэгч гэж боддоггүй. Бараг “Боол” гэж боддог юм уу, хаашаа юм бэ. Хэдэн жилийн өмнө би МУИС-иас бичиг баримтаа авахаар очсон. Хүнийг хүн гэж тоодоггүй, оюутанд боол шиг дээрэлхүү ханддаг, дорд харилцдаг нь яг хэвээрээ байна лээ. “Хүүе ээ, Iphone гарснаас хойш загвар нь хэчнээн шинэчлэгдэн, өөрчлөгдөж байгаа билээ. Тэгэхэд МУИС нөгөө л нэг дээрэлхүү, хүнтэй дорд харилцдаг, бүдүүлэг нь хэвээрээ байна” гэж би гайхсан.

АЖЛЫН ГАРААГАА ИНГЭЖ ЭХЛҮҮЛЭВ

За, тэгээд сургуулиа орхисон би Монгол Улсад алкохоль импортолдог Австрали, Сингапурын хоёр компаниас ажлын гараагаа эхлүүлсэн. Тэнд зургаан жил шахам ажиллаад “Оюу толгой”-д орсон. Монголчууд “Оюу толгой”-н үр өгөөжийг тийм ч сайн ойлгодоггүй. Хөрөнгө оруулалтыг нь эсэргүүцсэний улмаас хэдэн мянган хүн халагдсаны нэг нь би. Ажилгүй боллоо. Манай Батаа (Батбилэг) комедиг Монголд хөгжүүлэх гээд “Open mic” зохион байгуулаад эхэлсэн үе. Одоогийнх шиг хүчээ аваагүй, хэдхэн хүний хүрээнд болдог байсан цаг. Өөрийнхөө үзэл санааг тайзан дээрээс олон нийтэд хүргэх боломжтой нь надад таалагдсан.

УТГААРАА БҮТЭЛГҮЙТСЭН АНХНЫ ТАЙЗ

Нэг удаа “Open mic” үзэж байх нь ээ “Үзэгчдийн дундаас гарч ирээд, комеди хийх хүн байна уу” гэхээр нь гарчихав. Ёстой утгаараа бүтэлгүйтсэн. Юуны тухай ярьснаа санадаггүй юм, хэн ч инээгээгүй. Сандраад нэг мэдэхэд л тайзнаас буучихсан байсан. Тухайн үед “Би чадахгүй юм байна. Дахиж тайзан дээр гарахгүй” гэж огт бодоогүй. Зүгээр л “Фэйлдчихлээ. Хэцүү юм байна” гээд л өнгөрсөн. Нэлээд айчихгүй юу. Тэрнээс хойш бараг таван сарын дараа тайзан дээр дахиж гараад, комеди хэрхэн хийх учраа бага багаар олсон. Тэгээд овоо гайгүй болсон ч өнөөг хүртэлх хугацаанд олон удаа фэйлдсээн. Зарим үзэгч “Хөөе, пи.... минь буугаач” гээд орилох, юм шидэх энүүхэнд. Хамгийн гол нь тийм зүйлийг давж гарах сэтгэл зүйтэй, тэнхээтэй байх чухал. “Өө, чи буугаач ээ. Ямар тэнэг зүйл ярьдаг юм бэ” гэж хэлүүлэхээс, адлуулахаас айхгүй хүмүүс л тунаж үлддэг.

ЯАГААД ТАЙЗАН ДЭЭР ХАРААЛ ХЭЛЖ, СЕКСИЙН ТУХАЙ ЯРЬЖ БОЛОХГҮЙ ГЭЖ

Комеди хийдэг залуусыг бүдүүлэг, хараал хэлдэг, сексийн тухай их ярьдаг гэх мэтээр шүүмжилдэг. Тийм шүүмжлэлийг би нэг их тоодоггүй, ойшоодоггүй. Комеди нийгмээсээ арай өөр байх ёстой. Бусадтай адилхан сэтгээд, адилхан өнцгөөс хараад байвал энэ урлаг мөн үү. Хэн ч тоохгүй. Хосууд “Чи ямар байрлалаар тэгэх дуртай вэ. Гоё байна уу” гэж ярилцдаг, тэр хэрээр илүү сайн ойлголцдог биз дээ. Юу ч ярихгүй, учир зүггүй л тэгэлцвэл юу болох вэ. Үүнтэй адил бид сексийн талаар нээлттэй ярилцах хэрэгтэй. Бид комеди хийхдээ зөвхөн сексийн талаар яриад байгаа юм биш. Үүгээр дамжуулан олон нийтийн сэтгэлгээний “цоож”-ийг эвдэж байгаа байхгүй юу. Хүний тархинд асар олон “Болохгүй” бий. Тайзан дээр сексийн талаар ярьж, хараал хэлж болохгүй гэвэл бид бусдын хайрцаганд орно. Ер нь яагаад тэгж болохгүй гэж. Олныг дагуулж, өөрөөр харж, сэтгэхгүй юм бол урлаг байгаад ч яах юм бэ.

Комеди урлагийг хүмүүст ойлгуулахад барагцаагаар хоёр жил шахам хугацаа орсон. Энэ урлагийн хувьд богино хугацаа. Үүнд нөлөөлсөн хоёр зүйл бий, миний бодлоор. Нэгдүгээрт, нүүдэлчин монголчууд шинэ соргог зүйлийг богино хугацаанд хүлээж авах чадвар. Хоёрдугаарт, Арай өөр, шинэ зүйл үзэх, сонсох орон зай, хүлээлт байсантай холбоотой юм болов уу.

Хүмүүсийг зүгээр нэг инээлгээд өнгөрөх бус үзүүлбэрээрээ дамжуулан нэг ч гэсэн зүйл ойлгуулахыг, ухааруулахыг хүсдэг. Бусдын орон зай, эрх чөлөөг хүндэтгэе, орк байхаа больё гэдэг ч юм уу. Төр засаг иргэдээ өдөр, шөнөгүй “хошного”-доод байхад яагаад юу ч болоогүй юм шиг суугаад байгаа юм бэ. Миний комединуудаас хүмүүс хамгийн их үзсэн нь “Очерлох”. Өөрсдийгөө, нийгмээ шүүмжлээд тэр үзүүлбэрийг хийсэн юм.

Бид анхандаа “Ub comedy” гээд нэг байсныг хүмүүс сайн мэднэ. Яагаад тарсан, “Comedy lab” гэж тусдаа байгуулагдсан нь мөнгөтэй л холбоотой. Өөр юунаас болох вэ дээ, угаасаа. Хоорондоо хүүхэн ямар булаацалдах биш. Бүхнийг тэгээс эхэлж, хамтдаа зүтгэсэн, “Дахиад олон жил хамтарна, олон, олон гоё зүйл хийнэ” гэж явсан залуус тийм хачин юмнаас болоод тарахад ямар олиг байх вэ. Шударга бус мэдрэмж авчихсан байсан минь тийм шийдвэр гаргахад нөлөөлсөөн. Одоо бид “Ub comedy”-гийн хэдтэйгээ ямар ч асуудалгүй, гэмгүй сайхан явдаг.

СОНГОДОГ ЛИБЕРАЛ ҮЗЭЛТЭЙ АМАРАА

“Яагаад бусдын адил зүгээр л эгэл жирийн амьдарч болохгүй гэж. Хүний эрх, эрх чөлөө гээд яваагийн чинь зорилго юу вэ. Бусдаас хэдэн төгрөг салгах, улс төрд орохын тулд тэгдэг юм уу” гэж зарим хүн надаас асуудаг. Би сонгодог либерал үзэлтэй. Энэ үзлээ аль болох олон хүнд таниулах, сурталчлах гэж 10 гаруй жил явж байна. Сонгодог либерал өөрөө улс төрийн үзэл. Би анхандаа онол яриад явж үзсэн, хүмүүс төдийлөн сонирхоогүй. Тэгэхээр нь одоо “Weekly show”, “liberty pub” подкаст хийж байгаа.

Цар тахлын өнөө цагт Засаг төр иргэдийн өмчлөх эрх, эрх чөлөөнд хэчнээн бүдүүлгээр халдаж байгаа билээ. Төрийн эрх мэдэл одоо бүр данхайгаад, давраад иргэдийн заяагдмал эрхэнд халдсаар байгаа нь харамсалтай. Хувь хүний өмчлөх эрх ямар ч төрийн эрх мэдлээс илүү үнэ цэнэтэй. Бүх эрх чөлөөний суурь нь өмчлөх эрх. Хэрвээ өмчлөх эрх чөлөөгүй болвол бидний эрх чөлөө хамт “булшлагдана”. Хүлцэн тэвчих учиргүйг би “Тэвчээр тасарлаа” хөдөлгөөн хийгээд л харуулсан. “Төр оролцох ёстой. Төр засаг зохицуулаад өг” гэж би нэг ч удаа ярьж байгаагүй. Дандаа л “Төр засаг иргэд биднээс хол бай, эрх мэдлийг нь хасъя, багасгая” гэж явдаг.

ХҮМҮҮС МИНИЙ ҮЗЭЛ САНААГ, ЮУ ХЭЛЭХ, ОЙЛГУУЛАХ ГЭЭД ЯВААГ МИНЬ САЙН АНЗААРААСАЙ

Хэн нэгэн жагсаал, цуглаан хийн, үзэл бодлоо илэрхийлэхээр “Ард нь хэн байгаа бол. Хэний захиалга вэ. Улс төрд орох, олонд танигдах гээд ингээд байгаа юм уу” гэсэн хардлага үргэлж дагадаг. Намайг ч бас. Хүмүүс миний үзэл санааг сайн хараасай. Гэнэт нэг өдөр “Төр засаг бүгдийг нь зохицуулах ёстой” гэвэл “Энэ Амараа гэдэг нөхөр үзэл бодлоосоо эсрэг юм яриад байна” гээд над дээр анхааруулгын тэмдэг тавиарай.

Заавал УИХ-ын гишүүн болж, улс төрийн албан тушаал хашиж байж улс төр хийдэггүй. Хэн нэгэн ямар нэгэн албан тушаалгүйгээр хийж болдог гэдгийг би харуулж яваа. Гэхдээ би заавал харуулах сан гэж хүсдэггүй, хичээдэггүй. Өөрийнхөө үзэл санааг бусдад сурталчлан, тарааж яваа нь улс төрийн нэг хэлбэр. Би аль хэдийнэ улс төрд орчихсон. Нэг зүйлийг шүүмжлэнгүүт маргааш нь нэг улс төрч гарч ирээд бухимдаад, шийдвэрээсээ буцаж байгаа нь улс төрд нөлөөлж буйн илрэл.

“Үнэн ба зөв нам”-ын дарга А.Отгонбаатар сая сонгуулиар өрсөлдөхдөө улс төрийн нөлөө үзүүлж чадсан. Одоо нэг лайвдаад яваад байгаа, ууртай ах хэн билээ. “Д.Сумъяабазар аа, Х.Нямбаатар аа” гээд. Аан, тийм Мөнх-Эрдэнэ. Тэр хүн бүр аймар нөлөөлж байна. Энэ чинь улс төр байхгүй юу. Зөв шүү дээ. Яагаад буруу гэж. Хоёулаа л улс төрчдийн буруу үйлдлийг хэлж, засаж, залруулаасай гээд явж байгаа. Одоо та бүхэн бод доо. Сайд, цэвэрлэгч хоёрын цалин хэр зөрүүтэй вэ. Үсрээд хэдэн зуун мянга. Тэгсэн мөртлөө насаараа төрд ажилласан сайд ямар хаусанд амьдарч байгааг лайваар дамжуулж харуулсан. Ямар ч байсан өнөө цагийн төрийн түшээдийн үнэн нүүр царайг олонд илчилж чадлаа. Хэлбэр нь ямар ч байж болно.

ЗГ-ЫГ ОГЦРУУЛАХ БУС ИРГЭДЭД НЭГ Ч ГЭСЭН ЮМ ОЙЛГУУЛАХ НЬ МИНИЙ ЗОРИЛГО

Би контентуудаараа, хийж буй зүйлсээрээ дамжуулан иргэдэд сонгодог либерал, үзэл санаагаа таниулах, ойлгуулахыг хичээдэг. “Ийм юм хийгээд ямар үр дүн гарч байна вэ. Засгийн газар огцорсонгүй” гэх хүн бий. Гол үр дүн нь засгийн газрыг огцруулах бус иргэдэд ойлгуулах. Засгийн газарт ойлгуулаад яах вэ. Дөрвөн жилийн дараа дараагийнх нь мангарууд гараад ирнэ. Тэгэхээр тийм мангаруудыг Төрийн ордонд оруулахгүйн тулд сонгогчид сонголтоо зөв сонголт хийх хэрэгтэй.

СҮҮЛД НЭГ НӨХӨРТЭЙ БАРЬЦАЛДАЖ АВААД 100.000 ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛСАН

Үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө би 5-6 удаа баривчлагдсан, хоёр удаа удаа шүүх хурлаар орлоо. Сүүлд нэг нөхөртэй барьцалдаж авснаас болоод өнгөрсөн бямба гаригт 100.000 төгрөгөөр торгуулсан. Яалт ч үгүй би тэр хүнтэй гар зөрөлцсөн нь үнэн, миний буруу. Зарим цагдааг би гайхдаг. Хуулиа мэддэггүй ч юм уу. Одоо жагсаал цуглааны тухай хууль ярих цаг биш. Ковидын тухай хуулиар зохицуулж байгаа. Гэтэл намайг баривчлахдаа жагсаал цуглааны хуулийн талаар ярих жишээний, тэгснээ намайг ямар үндэслэлээр баривчилж буйгаа тайлбарладаггүй. Цагдаа нар хуулийн дагуу ажиллах учиртай. Хэдхэн хоногийн курс төгсгөн, наад захын юм заагаад явуулчихдаг юм шиг байна лээ. Цагдаа нар хуулиа мэдэхгүй гээд хүний эрхэнд халдаж, бүдүүлгээр зөрчиж болохгүй.

Намайг эрх чөлөө гээд явахаар элдэв мэдээлэл цахим орчинд цацагддаг. “Гомо” бол наад зах нь. Би эмзэглэдэггүй. Хэрвээ олон нийтэд хандсан ажил хийе гэж бодсон бол иймэрхүү зүйлийг даах, шингээдэг чадвартай байх хэрэгтэй. “Намайг ингэж хэллээ” гээд гоншигноод, хуулийн байгууллагад хандаж буй зарим олны танил хүнийг, улс төрчийг гайхдаг.

ХӨЛСӨӨР МИНИЙ ДООР “НОВШ” ГЭЖ БИЧИЖ БУЙ ХҮН Ч “ЭНЭ УГ НЬ ҮНЭН ЮМ ЯРИАД БАЙНА” ГЭЖ БОДОЖ Л БАЙГАА

Өнөө цагт хэдэн хүн хөлслөөд, элдвэр бичүүлдэг болсныг сонгууль илүү тод харуулдаг. “Ёстой янзын хийнэ. Доор нь сэтгэгдэл бичнэ, муулна” гээд л хөлс авдаг юм шиг байна лээ. Одоо тийм зүйл нууц биш болсон. Би хүмүүсийн элдэв шүүмжлэл, доромжлол, троллуудын дайралтад эмзэглэдэггүй. Харин ч эсрэгээрээ намайг сайн муулаасай гэж боддог юм. Учир нь тэр хэрээр хүмүүс миний хэлж, ярьж буй зүйлсийг анхаарна, олны хараанд өртөнө. Хэн ч муулахгүй бол нэг лайвыг үсрээд л 3000 хүн үзнэ. Мөнгө аваад цахим орчинд намайг муулж буй хүн тэнэг биш. “Новш” гээд бичиж байхдаа ч “Энэ нээрэн үнэн юм ярьж байна” гэж бодож байгаа. Энэ миний амьдрал, сонгосон зам.

ХЭН НЭГЭН НАМАЙГ “ГОМО” ГЭМЭЭР БАЙВАЛ ТЭГЖ Л БАЙГ. ТЭГЛЭЭ ГЭЭД БИ ЯМАР ТИЙМ БОЛЧИХ БИШ

Зарим хүн намайг зөндөө л шүүмжилж, доромжилдог. “Гомо Амараа” гээд хэн нэгэн фэйсбүүктээ бичвэл бичиг, бусдад тэгээд хэлвэл хэлэг. Тэгж хэллээ гээд би гомо болчих биш. “Үгүй ээ, би гомо биш” гэснээ нэг эмэгтэйтэй секс хийж үзүүлэлтэй нь биш. Яг бүр над дээр ирээд асуудал үүсгэхгүй л бол хамаагүй, би тоох ч үгүй. Засаж, залруулах гээд явдаггүй.

Намайг элдвээр доромжилсныг, гүтгэснийг манай гэр бүлийнхэн мэдчих вий гэж санаа зовдоггүй. Аав, ээж хоёр минь санаа зовсондоо намайг заримдаа загнана. Тэгэхээр нь “Та хоёрын амьдрал тусдаа. Минийх тусдаа” гэчихдэг юм. Бусдын хүссэнээр амьдарвал юу болох вэ. Хүссэн үедээ гэрээсээ гарах, нойл ч орох эрхгүй болно. Би “Зөв, буруу” гэх мэт олон утгаар ойлгогддог зүйлийн талаар ярих дургүй. Миний зөв гэж бодсон зүйлийг хэн нэгэн буруу гэж бодож явж болно. Зарчмынхаа дагуу амьдарч чадаж буй эсэх л надад чухал. Би робот биш. Либерал амьдрах ёстой гэж намайг программчлаагүй. Зарчимдаа ядаж 50 дээш хувь үнэнч байх сан гэж хичээдэг.

ОДОО ИРГЭД БИД ӨӨРСДӨӨ ӨӨРЧЛӨГДСӨН, ХЭРСҮҮЖСЭН ЦАГТ Л МОНГОЛ УЛС ХӨГЖИНӨ

Би барууны чиглэлийн үзэлтэй учир АН талдаа. Гэхдээ АН үзэл баримтлалдаа үнэнч бус, дандаа зүүний чиглэлийн юм хийгээд явдагт нь шүүмжлэлтэй ханддаг. Харамсалтай нь, өнөөдөр Монголд барууны үзэлтэй нам алга. АН-ыг тооцоход хэцүү. Ямар урагшгүй байгаа билээ дээ. Одоо Монгол Улсыг нам бус иргэд бид өөрсдөө л хөгжүүлнэ. Иргэд бид өөрсдөө үзэл санаатай, түүндээ үнэнч, хэрсүү байх чухал. Тэгж байж улс төр, улстөрчид өөрчлөгдөнө. Улстөрчид дарцагтай адил. Салхи хаашаа салхилна, дарцаг тийшээ дэрвэнэ. Иргэд юу хүсэж байна, тийш улс төрчид дэрвэдэг. Улс төрчид хэчнээн мундаг юм ярилаа гээд иргэдийн амьдрал ямар ч өөрчлөлт гарахгүй. Л.Оюун-Эрдэнэ яалаа. Юу гэж баахан бүлтэрч Ерөнхий сайд боллоо. Одоо тэгсэн чинь яав. Үүнтэй л адил.

Би нэг удаа сонгуулиар орон нутагт очсон юм. Нэг оюутантай уулзахад “Би энэ ахыг сонгоно” гэв. Яагаад гээд лавлахад “Манай нутгийн оюутны шинэ жилийг хийж өгсөн. Нөгөөхийг нь сонгочихвол манай шинж жилийг ивээн тэтгэж, дэмжихгүй” гэж билээ. Уг нь нөгөө хүн нь хамаагүй боловсролтой, бодлого ярьдаг нэр дэвшигч байсан байхгүй юу. Тэгэхээр иргэдийг л өөрчлөх шаардлагатай.

Иргэд өөрсдөө тодорхой үзэл санаагүй байхад намыг хэчнээн зүүний, барууны гээд дэмий, нэмэргүй. Сонгогчид “Бидэнд мөнгө тараа, халамж хэрэгтэй” гээд байхад “Үгүй” гэдэг нам байх уу. Бүгд үзэл санаандаа үнэнч, над шиг биш. Албан тушаал дээр оччих юм сан гэдэг хүсэл, тачаалтай хүмүүс л олон бий, өнөө цагт.

БАРУУНЫ ҮЗЭЛТЭЙ НАМ БАЙГУУЛАХЫГ ХҮСДЭГ

Улс төрийн ямар нэгэн албан тушаал хаших бодол надад байхгүй. Сая Отгонбаатарыг УИХ-ын сонгуульд өрсөлдсөний дараа нэг зүйлийг ажиглалаа. Тэр нь сонгуулиар дамжуулж мэдээллийг, хийж буй зүйлээ, үзэл санаагаа олон хүнд хүргэж болдгийг харсан явдал. Мэдээж сонгогдохгүй нь ойлгомжтой. Либерал залуустай нэгдэн, үзэл санаагаа түгээвэл өргөн хүрээнд хүргэх боломжтойг харлаа. Би хоёр жилийн өмнөөс залуустай нэгдэн барууны үзэлтэй нам байгуулах зорилготой явна. Нам байгуулах ярьвигтай юм байна лээ. Аль болох смарт шийдлийг эрэлхийлж байгаа. Нам байгуулах бодол минь хэвээрээ. Барууны ч юм шиг, нэг харахаар зүүний үзэлтэй ч юм шиг саарал нам Монголд олон. Олонх нам тийм. Үзэл баримтлал нь тогтворгүй, ойлгомжгүй. Ийм байхаа болиосой.

Би ер нь аливаа зүйлийг эрх чөлөөний талаас хардаг. Бусдад эрх чөлөө олгоод, эрх чөлөөнд нь халдахгүй, өмнөөс нь шийдвэр гаргахгүй явахыг чухалдаг. Хүний амьдралыг заах дургүй. Энэ миний баримталдаг зарчим. Хүүхэд минь аль болох өөрөө шийдвэр гаргаасай, өөрийнхөөрөө, хүссэнээрээ амьдраасай.

“МИНИЙ АМЬДРАЛ”-ААС ЭХЭЛСЭН МИНИЙ АМЬДРАЛ

“25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан “Миний гэр” шоунд оролцсон нь миний амьдралд олон сайхан дурсамж үлдээсэн. Тус шоунд өрсөлдсөнөөр олон хүнд танигдсан. Нэг хэсэг мартагдаж байгаад дахиад комедиан болоод гарч ирэхэд “Өө, нөгөө шоунд оролцсон залуу байна” гээд хүмүүс таньсан байх.

“Миний гэр” шоунд оролцож байхдаа анхны ханьтайгаа учирсан. Шоуны үеэр үерхээд 10 гаруй жил хамт амьдарсан. Хэдийгээр хоёр тийшээ болсон ч одоо бид хоёр сайн найзууд, нэгнээ дэмждэг. Үнэхээр лаг эмэгтэй. Би одоо ч хүндэлж явдаг. Салсан шалтгаан нь надаас л болсон, би л буруутай. Түүний буруу нэг ч байхгүй. Түр салчихсан байхдаа би өөр хүнээс хүүхэдтэй болсон. Эцгийн хариуцлагаа ухамсарлан, охиноо бодоод тийм шийдвэр гаргасан. Энэ сонголтыг гаргасан хүн нь би. Хариуцлагаа би өөрөө хүлээх ёстой. Алдвал миний алдаа, оновол миний оноо. Дотроо би гэмшиж явдаг.

ЭЦГИЙН ХАРИУЦЛАГАА УХАМСАРЛАН, ОХИНОО БОДООД ТИЙМ ШИЙДВЭР ГАРГАСАН

Элэг бүтэн, сайн сайхан амьдрахыг хүн бүхэн хүсдэг. Би ч мөн адил хүсэлгүй яах вэ. Гэхдээ яг энэ тал дээр миний амьдрал санаснаар болоогүй. Охин минь 10 сартай байхад ээж нь гадаад руу явсан, харийн нутагт хоёр жил орчим амьдарсан. Тэр хугацаанд би охиноо хоёр жил ганцаараа өсгөсөн юм. Тэгж байтал бид хоёр салахаар болсон. Охиноо өөр дээрээ авах, өсгөх хүсэл бид хоёрын хоёуланд нь байлаа. Шүүхдээд би ялсан. Би нэгдүгээрт хариуцлагаа, дараа нь “Бид хоёрын хэн дээр өсвөл охинд минь хэрэгтэй вэ” гэж бодсон. Санхүүгийн хувьд хэн нь ашигтай талаас нь ч мөн харсан.

ХОСУУД САЛАХАД ХҮҮХЭД ХЭН ДЭЭР ҮЛДЭХ ЧУХАЛ БИШ. ХОЁУЛАА ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ Л ЧУХАЛ

Ер нь хосууд салахад хүүхэд хэн дээр нь үлдэж буй нь чухал биш. Хамгийн гол нь хэн, хэн нь хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээх, үүрсэн шиг үүрэх чухал. Хүүхэд ганцаараа өсгөх, ганц бие аав, ганц бие ээж байх амар биш. Монголд нэг харамсалтай зүйл бий. Зарим эрчүүд хүүхэдтэй болонгуутаа, хэн нэгнийг жирэмсэн болгонгуутаа “ууршаад”, алга болчихдог. Үнэхээр муухай, ёс зүйгүй үйлдэл. Тухайн эмэгтэйтэй уулзмааргүй, хүүхдээ хармааргүй санагддаг л юм байгаа биз, хамаагүй. Гол нь эцгийн хариуцлагаа ухамсарлан, сар бүр хэдэн төгрөг илгээдэг байгаасай. Салалт тийм буруу, муухай зүйл биш. Салж болно. Гол нь хүүхдийнхээ өмнө хариуцлагаа хүлээ.

ОХИН МИНЬ МИНИЙ АМЬДРАЛЫН ҮНЭТ ЗҮЙЛ МӨН. ГЭХДЭЭ УТГА УЧИР БИШ

Гэрэл зургийг фэйсбүүкээс нь ашиглав.

“Хүүхэд минь миний амьдралын утга учир. Би хүүхдийнхээ л төлөө амьдардаг”. Ингэж хэлдэг олон хүнтэй таардаг. Би тэдэнтэй санал нийлдэггүй. Манайхан ингэж хэлэх дуртай мөртлөө яг бодит амьдрал дээр хамгийн хариуцлагагүй нь. “Миний амьдралын утга учир. Амьд яваагийн минь гол зорилго” гэдэг мөртлөө хүүхэддээ хамгийн бага цаг зарцуулдаг. Хүүхэд өсгөх, боловсрол олгох тал дээр ихэнх хүн хариуцлагагүй ханддаг. Зүгээр л утга учраа болгох, жинхэнээсээ хариуцлагатай байх хоёр тэс өөр.

Охиндоо би хайртай, миний амьдралын үнэт зүйл мөн. Гэхдээ амьдралын минь утга учир биш. Хэрвээ тэгвэл охинд минь дарамттай. “Би аавынхаа утга учир нь” гэж бодож амьдрах хэцүү шүү дээ. Өөрийнхөөрөө амьдарч чадахгүй. Охин бид хоёр өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, хообий, үнэт зүйл, амьдралын утга учиртай. Мэдээж би охиноо хайр, халамжаар дутаахгүйн төлөө бүхнээ зориулна. Миний амьдралын утга учир бус үнэт зүйл л байг. Тэгэхээр охинд минь ч амар. Ядаж би “Чиний төлөө насаараа амьдраад байхад” гэж хэлж, дарамтанд оруулахгүй.

Охиноо ганцаараа өсгөх, ганц бие аав байх нь эрэгтэй хүнд давуу тал болдог юм шиг санагддаг. “Энэ ямар ч байсан үр удмаа орхихгүй, хариуцлагатай эр хүн” гэдэг үнэлэлт эмэгтэй хүнд шууд төрдөг.

Монголын өнөөгийн нийгэмд нэг буруу ойлголт бий, миний бодлоор. Эрчүүд хүчирхийлэгч, эмэгтэйчүүд хохирогч гэж андуу боддог. Миний ажигласнаар, эрэгтэй, эмэгтэй хүйс хоёулаа энэ нийгмийн бүтээл. Бусдын эрхэнд халдаж буй, эрх чөлөөг нь ойлгохгүй байгаагаараа хоёулаа адилхан. Эрэгтэй хүн ч хүчирхийлэлд өртдөг, хохирогч болдог. Арай илүү хүчтэй учраас эмэгтэйгээ цохиод унагаачихдагаараа л ялгаатай.  

Хүн бүхэн бусдын хувийн орон зай, эрх чөлөөг л хүндэлдэг байгаасай. Үерхэж эхлэнгүүтээ л утсыг нь шалгаад, “Хэнээс мессэж ирсэн бэ” гэдгээ болиосой. Иргэншсэн хүний хамгийн наад захын ойлголтуудыг ойлгоод, амьдралдаа хэвшүүлчихэд л уг нь болчихно.

За, тэгээд Монгол Улсын иргэн Амараа миний амьдралын түүхээр аялахад нэг иймэрхүү. “Eguur.mn” сайтын шинэ контент болох “Хүн цэг”-ийн анхны зочноор уригдан, ярилцахад сонирхолтой байлаа, баярлалаа.  

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-03 08:17

Сайхан зоригтой з�##�уу нас үзэл санаа юм даа Амраа

Zochin
Zochin
2021-11-03 08:32

Gants ch gesen iim zaluu baigaad n' bayarladag shyy.

ИРГЭН
ИРГЭН
2021-11-03 09:04

ХҮНД ДОРОМЖЛУУЛААД БАЯРЛАХ ЯВДАЛ НЬ ОЙЛГОМЖГҮЙ ЮМ БАЙНА.

Хүн
Хүн
2021-11-03 09:52

Худлаа шүү доромжилж байхад баярладаг эрүүл ухаантай хүн лав байдаггүй юм үхтлээ зарг�##�даад л байдаг биздээ тэнэг ээ хөөрхии охин хүүхэд иим эцэгтэй гэхээр лав хадам нь үзэхгүй зовооно доо хожим нь.

Зочин
Зочин
2021-11-03 10:39

СЭТГЭЦИЙН ЦУС ОЙРТОЛТТОЙ НӨХӨР БАЙНА

Хүн
Хүн
2021-11-03 11:22

Хүүхдиинхээ төлөө биш хар амиа бодсож аймаар амьтан бэ хүүхдиинхээ төлөө амьдрах биш амиа ч өгөхөд эцэг эх бэлэн байдаг юм өгдөгч юм энэ мэдрэлиин эх эцэг нь ямар муухай улс байсан юм бэ эниигээ ингэж хүмүүжүүлсэн болохоор өөрсдөө хүүхдээ ганд нь хаясан юм байна л даа гол нь иим м�##�аас дор юмнууд цөөхөн нь сайхан даа

Зочин
Зочин
2021-11-03 11:32

Шудрага, нийгмийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэж чаддаг мундаш з�##�уу бас үлгэр жишээ ч аав хүн.

Будрагчаа
Будрагчаа
2021-11-03 12:21

Хүч хөдөлмөр, сэтгэл зүтгэлээ шингээж бүтээсэн контент гэдэг ийм сайхан. Үнэхээр уншууртай байлаа.

Аагий
Аагий
2021-11-03 12:26

Ямар сайхан ярилцлага уншчваааа. Баярл�##�ааа Эгүүүүүүүүүүр

Зочин
Зочин
2021-11-03 12:27

Иргэд бид л өөрчилж чадна. Амарааг дэмжиж байна.

Зочин
Зочин
2021-11-03 14:46

Д�##�жгар гар. Өөрөө бусдыг дарвайтлаа инээж доромжилно. Өөрийг нь хүн доромжлохоор ярзайтлаа уурлаж зодолдоно

Зочин
Зочин
2021-11-03 15:12

Энэ дарваан хар гэнэт яагаад үндэсний баатар мэт пиардаад байна. Хэрүүлээс өөр нийгэмд хийж бүтээсэн юмгүй ийм з�##�уус олширлоо

Zochin
Zochin
2021-11-03 16:15

Dajgui mundag zaluu, za tegeed buu schantar zorisondoo chur bid oluulaa. Amjilt chusei

Зочин
Зочин
2021-11-03 16:59

Хувийн үзэл бодолтой, тэрэндээ үнэнч байж үйлдэл болгон бу�####�д нөлөөлнө гэдэг ийм гоё байгаан. Уншсан зүйлийнхээ утгыг ч ойлгодоггүй хайрцаглагдсан бодолтой хүмүүс яасан ч олон юм гэдгийг энэ комментүүдаас харж болно. Эдгээр хүмүүсийг ийм чигээр үхүүлчихгүй юмсандаа Амраа минь. Хийх ажил их байна даа good luck

Зочин
Зочин
2021-11-03 17:06

Бас нэг поп гар. Хэрүүлийн сэдэв болгоныг сэвээд л дарв�##�заад суухаас өөр юу ч хийж бүтээсэн юм

ПАРТИЗАН
ПАРТИЗАН
2021-11-04 20:40

ИЙМ БОДОЛТОЙ ЗАЛУУЧУУД ОЛОН БҮР УЛАМ ОЛОН БОЛООСОЙ

өвөө
өвөө
2021-11-04 20:41

ИЙМ БОДОЛТОЙ ЗАЛУУЧУУД ОЛОН БҮР УЛАМ ОЛОН БОЛООСОЙ

Зочин
Зочин
2023-11-07 15:13

Би ер нь суд�##�ж байгаа 3н үеийг нь цус цэвэр хүмүүс л нам нтр гэх хэрэгтэй �##�даа их хортой

Холбоотой мэдээ

Back to top button