ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭДИЙН ЗАСАГ

Койны хэтэвчээ хакердуулахаас хэрхэн хамгаалах вэ

Дэлхийн тэр чигтээ криптовалют, койны урсгалд автаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Койны талаар тодорхой мэдлэгтэй, мэдлэггүйгээс үл хамааран хүн бүр криптовалютын зах зээл рүү орохыг тэмүүлсээр. Тиймээс, криптовалютын салбар хөгжихийн хэрээр крипто зах зээлийн капиталжуулалт буюу хөрөнгө оруулалт төдий чинээгээр өсөн нэмэгдсээр. Үүнд зөвхөн хувийн крипто хөрөнгө оруулагчдын тоо нэмэгдээд зогсохгүй тэдгээрт орохыг хүссэн, бусдын мөнгийг дээрэмдэн завших луйварчдын тоо ч дагаад нэмэгдэж байна гэсэн үг.

2009 онд биткойн бий болсноос хойш энэ чиглэлээр нэлээд хэд хэдэн хакеруудын халдлага, криптовалютын хулгайн хэргүүд гарсан удаатай. “CipherTrace” гэх блокчейны аюулгүй байдлыг хангадаг компанийн боловсруулсан “2019 оны криптовалют дахь мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх” төслийн мэдээлснээр, 2019 онд криптовалютын гэмт хэрэг Дэлхий даяар 4,3 тэрбум америк доллараас давжээ. 2019 онд кибер гэмт хэрэгтнүүд янз бүрийн криптовалютын биржээс “Ethereum”, биткойн болон бусад дижитал валютаар 125 сая америк доллар хулгайлсан аж. Мэдээжийн хэрэг, та криптовалютын зах зээлийн үнэлгээний хувийг харвал энэ нь маш бага тоо /зууны нэг хувь/ боловч луйвардуулахгүйн тулд криптовалютаа аюулгүй хадгалах дүрмийг дагаж мөрдөхийг зөвлөж байна. Мөн крипто хөрөнгөө хадгалах найдвартай, зөв крипто хэтэвчээ сонгох хэрэгтэйг сануулъя.  

Таны дижитал мөнгөн тэмдэгтэд учирч болохуйц аюул заналхийлэл нь ихэвчлэн криптовалют хэтэвч /дижитал хэтэвч/ эсвэл криптовалютын солилцоо, арилжаа үйлчилгээ үзүүлэгчдээс ирдэг. Крипто хэтэвч бол таны дижитал зоосыг хадгалахгүй, харин криптовалютыг онлайнаар арилжаалах боломжийг олгодог хувийн түлхүүрийг өөртөө агуулдаг. Энэхүү хувийн түлхүүр нь криптовалютын зах зээл дэх таны дижитал таних тэмдэг болно. Харин тэр хувийн түлхүүрийнхээ нууцлалыг алдчихвал түүнийг чинь олж авсан хэн бүхэн залилангийн гүйлгээ хийх эсвэл таны крипто зоос /койн/-ыг хулгайлах боломжтой. Кибер гэмт хэрэгтнүүд хэрэглэгчдийг өөрсдөө мэдээгүй байхад нь дижитал хэтэвчийг нь хакердах, крипто хөрөнгийг нь хулгайлах мөн шилжүүлэх маш нарийн арга техникийг ашигладаг. Тиймээс дижитал валютыг кибер халдлагаас хамгаалахын тулд хэтэвчээ хамгаалах нь хамгийн чухал.

-ӨӨРИЙН КРИПТОВАЛЮТЫГ ХАМГААЛАХ ҮНДСЭН АРГА ЗАМУУД-

Их хэмжээний криптовалютаа найдвартай хадгалахын тулд ХҮЙТЭН крипто хэтэвч ашиглаарай.

ХАЛУУН хэтэвчнээс ялгаатай нь ХҮЙТЭН хэтэвч нь интернетэд холбогддоггүй тул кибер халдлагад өртөх эрсдэл багатай. Ер нь өртдөггүй гэхэд болно. Хувийн түлхүүрээ техник хангамжийн хэтэвч гэж нэрлэгддэг ХҮЙТЭН хэтэвчинд байршуулан хадгалах нь шифрлэгдсэн байдаг тул хамгийн найдвартай сонголт.

Криптовалютын хэтэвчний хэд хэдэн шийдэл байх ба тус бүр нь өөрийн давуу болон сул талуудтай. Тодруулбал, ХҮЙТЭН хэтэвч, ХАЛУУН хэтэвч гэсэн хоёр хэсэгт хуваагдана. ХҮЙТЭН болон ХАЛУУН хэтэвчний гол ялгаа бол халуун хэтэвч интернетэд холбогддог бол хүйтэн хэтэвч холбогдоогүй байдаг. Интернетэд холбогдоогүй тул хакеруудын халдлагад өртөхгүй гэсэн үг.

2019 онд 50 мянга гаруй хэрэглэгчид рүү янз бүрийн криптовалют дахь халуун хэтэвчнээс 32 сая америк долларыг зөвшөөрөлгүй гаргаж байсан луйварын хэргийг Японы “BITpoint” бирж илрүүлж байжээ. Тус бирж нь “Биткойн” /Bitcoin/, “Биткойн Кэш” /Bitcoin Cash/, “Эфириум” /Ethereum/, “ЛайтКойн” /LiteCoin/, “Риппл” /Ripple/ гэсэн таван криптовалютыг халуун хэтэвчинд хадгалж байсан аж. Азаар хүйтэн хэтэвчин дэх мөнгө нь халдлагад өртөөгүй болохыг “BITpoint” биржээс зарласан юм.

-АЮУЛГҮЙ ИНТЕРНЕТ АШИГЛАХ-

Крипто арилжаа хийх эсвэл гүйлгээ хийхдээ зөвхөн аюулгүй интернет холболтыг ашиглаж, нийтийн Wi-Fi сүлжээнээс зайлсхий. Гэрийнхээ сүлжээнд нэвтэрсэн ч гэсэн нэмэлт аюулгүй байдлын үүднээс VPN ашиглаарай. VPN нь таны IP хаяг, байршлыг өөрчилж, таны онлайн үйл ажиллагааг аюулгүй, нууцлалтай байлгаж, таныг халдагчдаас хамгаална.

-ОЛОН ХЭТЭВЧТЭЙ БАЙХ-

Үүсгэсэн хэтэвчний тоонд хязгаарлалт байхгүй тул та криптовалютын хөрөнгө оруулалтаа олон хэтэвчээр төрөлжүүлэх боломжтой. Нэг хэтэвчээ өдөр тутмын гүйлгээнд ашиглаж, үлдсэнийг нь тусдаа хэтэвчинд хадгал. Энэ нь таны багцыг хамгаалж, крипто дансанд ямар нэгэн зөрчил гарсан тохиолдолд эрсдэл аюулыг бууруулах болно.

-КОМПЬЮТЕРОО ХАМГААЛААРАЙ-

Халдлагаас хамгаалахын тулд таны компьютер, нөтбүүк зэрэг хувийн төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн антивирус хамгаалалттай байгаа эсэхийг сайн шалгаарай. Төхөөрөмжийнхөө аюулгүй байдлыг сайжруулахын тулд хүчирхэг антивирус программ болон галт ханыг ашиглаарай. Ийм тохиолдолд хакерууд таны сул талыг ашиглан луйвар хийх код илгээхгүй гэсэн үг.

-КРИПТО ХЭТЭВЧ РҮҮГЭЭ НЭВТРЭХИЙН ТУЛД НУУЦ ҮГЭЭ ТОГТМОЛ СОЛЬЖ БАЙГААРАЙ-

“Strong Password” буюу маш хүчтэй нууц үг байлаа ч гэсэн эрсдэл аюулаа заавал тооцож, хүчтэй нууц үгэндээ итгэснээр аюулыг дутуу үнэлж яав ч болохгүй. Хэрэглэгчдийн дийлэнх нь өөрийн төрсөн огноо, гэр бүл хүүхдийнхээ нас, мэндэлсэн огноо зэргээр цөөхөн хэдхэн хувилбараар нууц үг зохиодог. Энэ бол туйлын буруу. Нууц үгийн давтамж олон байх тусмаа хакеруудын олз л болно гэсэн үг.    Судалгаанаас үзэхэд, АНУ-д мянган хүн тутмын дөрөвний гурав нь арав гаруй төхөөрөмж, аппликейшн болон бусад олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд байнга шахуу ижил нууц үг ашигладаг гэжээ. Мөн тэдний ихэнх нь 50 гаруй өөр газарт ижил нууц үг ашигласан гэнэ. Тиймээс та өөр хүн таахад хэцүү хүчтэй нууц үгтэй эсэхээ сайн нягтлаарай. Жилдээ ядаж нэг удаа нууц үгээ солих хэрэгтэй. Гол нь криптовалютын олон хэтэвчтэй бол тусдаа нууц үг ашиглаарай.

-АРИЛЖАА ХИЙХДЭЭ НАЙДВАРТАЙ КРИПТО БИРЖИЙГ СОНГО-

Хэрэв та криптовалютыг байнга арилжаалах бодолтой байгаа бол үйлчлүүлэгчдэдээ аюулгүй байдлын хамгийн өндөр стандартыг хангадаг найдвартай, олонд танигдсан алдартай криптовалют биржүүдийг сонгоорой. Найдвартай бирж гэдэг нь хамгийн багадаа данс руу нэвтрэхдээ хоёр буюу түүнээс дээш баталгаажуулалт хийхийг шаарддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, нууц үгээс гадна гар утсанд мессежээр код ирэх зэрэг юм. Мөн сүүлийн үеийн стандартуудад нүүр царай таних, заавал “Гүүгл” /Google/ системд нэвтрэх, “Фишинг”-ийн эсрэг кодууд багтана.

“Фишинг” шуудан - Та цахим шуудангаа шалгаж, гүйлгэн уншиж байх явцдаа ямар нэгэн холбоос дээр санамсаргүй дарчих үе тохиолддог. Хүн бүр ийм алдаа гаргадаг. Үүнээс болж та хувийн мэдээллээ хэн нэгэнд алдаж, их хэмжээний мөнгөн хохирол амсах эрсдэлд ч орж болно. “Фишинг” луйвар бол таны итгэл дээр үндэслэж, цахим шуудан, олон нийтийн сүлжээгээр дамжуулж анхаарал татахуйц мэдээлэл бүхий хуурамч холбоос дээр даруулан жинхэнэ юм шиг харагдах сайт руу хөтөлж, улмаар таны хувийн мэдээллийг хулгайлдаг. Олон улсын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын “Фишинг”-ийн эсрэг ажлын хэсэг /Anti-Phishing Working Group/-ийн мэдээлснээр, сар бүр 100 мянган шинэ төрлийн луйврын гэмт хэрэг бүртгэгдэж, үүнээс олон мянган хүмүүс хохирогч болсон байдаг гэжээ.

-ӨГӨӨШӨНД БҮҮ АВТ-

Хортой зар сурталчилгаа, цахим шуудан бүхий “Фишинг” залилан криптовалютын ертөнцөд өргөн тархсан. Крипто гүйлгээ хийхдээ болгоомжтой байж, сэжигтэй, үл мэдэгдэх холбоосоос зайлсхийж байгаарай.

Криптовалютын биржүүд рүү хийсэн хамгийн хүчтэй хакерын халдлага нь “Фишинг” кампанит ажлыг ашиглан хийсэн байдаг. Халдлага үйлдэгчид хоёр жилийн дотор 200 сая америк долларын криптовалют хулгайлсан нь тогтоогдсон. Энэ бол зөвхөн ил болсон тоо. Илрээгүй өч төчнөөн халдлага бий. Халдлага үйлдэгчид эхлээд криптовалютын биржийн ажилтнууд болон аюулгүй байдлын ажилтнуудын цахим шуудангийн хаягийг олж илрүүлэх “ан”-д гарч, дараа нь “Фишинг” халдлага үйлдсэн аж. Эдгээр халдлагуудыг том пүүс компаниудын охин компани, тэдний ажилчдынх нь царай төрхийг харуулсан хуурамч домэйн нэр ашиглан, мөн цахим шуудангаар баримт бичигт хортой холбоос оруулах замаар үйлдсэн ажээ.

-ДҮГНЭЛТ-

Криптовалютын салбар байнга хувьсан өөрчлөгдөж байгаа бөгөөд та өөрөө дижитал санг хамгаалах үүрэг хүлээдэг тул шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэтэвчээ хамгаалаарай. Криптогийн аюулгүй байдлын хамгийн сүүлийн үеийн дэвшил, хөгжүүлэлт, халдлагын төрөл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх стратегийг дагаж мөрдөөрэй.

(Эх сурвалж: Financial News)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-06 10:31

Жилд болох арга хэмжээний жагса�##�т гардаг эсвэл ерөнхийдөө хүмүүс мэддэг. Тэрийг чинь харж байгаад л оволздог үед дууриаж хийхгүй хуудас гэж байдаггүй. Болгоомжтой байх хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button