
Улаанбаатарт 685 цэцэрлэгт 120 мянга гаруй хүүхэд хүмүүждэг гэсэн тоо бий. Тэдгээр хүүхдүүдийн хоол хүнсийг нтйслэлээс гаргадаг. Тэгвэл нийслэлээс санхүүжиж улмаар хүүхдүүдийн хоол хийх хүнс хангамжийг авч өгдөг дөрвөн компани байдаг. Зөвхөн тэр ДӨРВӨН компани олон жил нийлүүлээд монополь болчихсон гэсэн үг. Тодруулбал, “Багачууд хүнс”, “Өсвөр үе хүнс”, “Асгат”, “Хүнс хангамж төв” гэсэн дөрвөн ОНӨААТҮГ /Орон НутгийнӨмчит Аж Ахуйн Тооцоот Үйлдвэрийн Газар/ нийслэлийн зургаан дүүргийн цэцэрлэгүүдэд хүнсний хангамжийг нийлүүлдэг.
Гэтэл цэцэрлэг, сургуулиудад БАТАЛГААГҮЙ ХҮНС нийлүүлдэг тухай шүүмжлэл жил бүр шахуу гардаг. Мөн цэцэрлэгт зах зээлийн үнээс хэт өндөр үнээр бараа материал хүнс хангамжаа шахдаг гэх шүүмжлэл гардаг. Үүнийг мэдээж цэцэрлэгийн удирдлагууд болоод эцэг эхчүүд гаргадаг.
Захаас авсан бараа бүтээгдэхүүнээ хэд дахин нугалж шахаж байна. Бид өөрсдөө хүнсээ аваад хоол хийвэл хүүхдүүдэд арай чанартай, илүү шим тэжээлтэй хоол хүргэнэ ч гэж захирлууд цөөнгүй.
Тэгвэл бид нийслэл буюу төрийн мөнгөөр санхүүжиж хүүхдүүдэд хоол хүнс хангамж нийлүүлдэг компаниуд жилд хичнээн төгрөгийн төсөв үрдэг талаар хүргэж байна.
“БАГАЧУУД ХҮНС” ОНӨААТҮГ: Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 154 дүгээр тогтоолоор өөрчлөн зохион байгуулагдсан. Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний бүтээгдхүүнийг захиалгын дагуу нийлүүлэх үндсэн үүрэгтэй байгуулагдсан. Захирлаар Б.Мөнхнасан томилогдон ажиллаж. 2006 оноос өнөөдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 33 цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 32 цэцэрлэг, нийт 65 цэцэрлэгийн 13000 гаруй хүүхдийн хүнсийг бэлтгэсэн аж.
2016 онд 3.5 тэрбум, 2017 онд 3.5 тэрбум, 2018 онд 3.6 тэрбум, 2019 онд 4.1 тэрбум, 2020 онд 4 тэрбум болжээ.
“ӨСВӨР ҮЕ ХҮНС” ОНӨААТҮГ: Хан-Уул, Баянзүрх дүүргүүдэд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 154 дүгээр тогтоолоор өөрчлөн зохион байгуулагдаж, Баянзүрх, Хан-Уул дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний бүтээгдхүүнийг захиалгын дагуу нийлүүлэх үндсэн үүрэгтэй байгуулагдсан. Баянзүрх дүүргийн 43, Хан-Уул дүүргийн 29, Багахангай дүүргийн 207-р, 44-р, 67-р цэцэрлэгүүдийг хүнсээр хангадаг. Захирлаар Ганбаатарын Мөнхзул ажилладаг.
2015 онд 4.2 тэрбум, 2016 онд 4.3 тэрбум, 2017 онд 5.5 тэрбум, 2018 онд 5.9 тэрбум, 2019 онд 6.2 тэрбум, 2020 онд 7.7 тэрбум төгрөг болжээ.
“АСГАТ” ОНӨААТҮГ: Баянгол дүүрэгт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 154 дүгээр тогтоолоор өөрчлөн зохион байгуулагдаж, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний бүтээгдхүүнийг захиалгын дагуу нийлүүлэх үндсэн үүрэгтэй байгуулагджээ. БГД-ийн төрийн өмчит цэцэрлэгүүдийг хүнсээр хангадаг. Анх тус газрын байр нь Мэргэжлийн Хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй актлагдаж, Баянгол дүүргийн 70 дугаар сургуулийн байранд 23 ажилчинтайгаар түрээсээр үйл ажиллагаа явуулж байж.
2015 онд 2.9 тэрбум, 2016 онд 3.4 тэрбум, 2017 онд 3.2 тэрбум, 2018 онд 3.3 тэрбум, 2019 онд 3.4 тэрбум, 2020 онд 4.8 тэрбум болжээ.
“ХҮНС ХАНГАМЖ ТӨВ” ОНӨААТҮГ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 206 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн төрийн өмчит сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний бүтээгдхүүнийг захиалгын дагуу нийлүүлэх үндсэн үүрэгтэй байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын 2011 оны Б/40 дүгээр захирамжаар Ш.Бурмаа томилогдон ажиллаж байж. Анх 20 ажилчинтайгаар аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын статустай үйл ажиллагаа явуулж эхэлсэн байгаа юм. 2012 онд ХХК байхдаа цэцэрлэгүүдэд нэмэлт үнээр бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг буюу хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс хомсолдог нь илэрч байв.
2015 онд 3.8 тэрбум, 2016 онд 3.9 тэрбум, 2017 онд 4.2 тэрбум, 2018 онд 4.6 тэрбум, 2019 онд 4,9 тэрбум, 2020 онд 7,5 тэрбум болжээ.
Дээрх компаниудын жилийг төсөв 3-8 тэрбум байна. Бүр 15 жилийн өмнөөс байгуулагдаж өдгөө хүртэл цэцэрлэгүүдэд хүнс хангамж нийлүүлсээр л байна. Нийслэл нэрийн дор асар удаан хугацаанд дангаараа ноёрхцгоож ирж. Хэн нэгэн улстөрчийн халаасны хүн очиж энд тэндэхий зах, худалдааны төвөөс баталгаагүй хүнс аваад түүнийгээ цэцэрлэгүүдэд өндөр үнээр шахдаг ч гэх мэдээлэл ч цөөнгүй байгаа. 2012 оноос шалгуулж асуудалд хүртэл орж байсан удирдлага бий. Тус тусдаа удирдлага орон тоо, орон байр бүхий нэг л чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг эдгээр компаниудыг нэгтгэе гэх уриалга ч яваад байгаа билээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв энэ сэдвийг бариад өшөө сайн лавшруулаад хөөгөөд өгөөрэй. Тендерүүдийг нь хэрхэн цохиж аваад байнга ялаад байдгийн яасан их эрх дарх вэ. Нээх лаг биш ийм хачин компаниудаа унагаад илүү лаг компани гаргаж ирмээр байна
Монополь болчихсон ийм компаниуд өөр боломж өөр шинэ зүйл эрэлхийлсэн бусад компаниудаа хаачхаар цаашдаа хэрхэн хөгжих. Цаанадаж хумсалсаар хумсалсаар хулгайч болдог хүүхдүүдийн хоолны чанар муудаж эхэлвэл яах вэ тийм биздээ
Авилагчдын компани. Биё амар мөнгө хусаад явжийгаа
Энэ хэдэн жилийн өмнөх асуудал өнөөдөр яг хэвээрээ бүр улам дордсон байдалтай бгааг яаж шийдвэрлэх ёстой вэ?