ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ДЭМБ-аас улаанбурхан өвчний дэгдэлт гарах эрсдэлтэйг анхааруулав

Өнгөрсөн онд 22 сая гаруй хүүхэд улаанбурханы вакцинд хамрагдаагүй гэж ДЭМБ мэдэгдлээ.

2020 онд “COVID-19” цар тахлын улмаас 22 сая гаруй хүүхэд улаанбурханы эсрэг вакцины эхний хоёр тарилгад хамрагдаагүй нь энэ өвчний дэгдэлт гарах эрсдэлийг нэмэгдүүлжээ. Энэ талаар лхагва гараг /2021.11.10/-ийн орой гаргасан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/ болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн хамтарсан тайланд дурьджээ.

“2020 онд 22 сая гаруй хүүхэд улаанбурханы вакцины эхний тундаа ч хамрагдаагүй. Энэ нь 2019 онтой харьцуулахад 3 саяар илүү байгаа нь сүүлийн хорин жилийн хувьд хамгийн их зөрүүтэй өсөлт бөгөөд улаанбурхан өвчний дэгдэлт гарах аюултай нөхцөлийг бүрдүүлж байна” гэж мэргэжилтнүүд хэлэв. Хүүхдүүдийн дөнгөж 70 хувь нь вакцины хоёр дахь тунг хийлгэсэн байгаа нь хүн амыг хамгаалахад шаардлагатай дархлаажуулалтын 95 хувиас хамаагүй бага үзүүлэлт аж.

Хэдийгээр 2020 онд 2019 онтой харьцуулахад 80 хувиар бага тохиолдол бүртгэгдсэн ч улаанбурхан өвчний тархвар судлалын ерөнхий тандалт Дэлхийн хэмжээнд суларсныг тайланг боловсруулагчид онцлов. Энэ нь ялангуяа өнгөрсөн онд сүүлийн 10 жилийн хугацаанд хамгийн бага биоматериалын дээжийг лабораторийн шинжилгээнд илгээснээр батлагджээ.

“Улаанбурхан өвчний хяналт, шинжилгээ, халдварын талаарх мэдээлэл бага байгаа нь улс орнуудын энэхүү гоц халдварт өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх чадварыг эрсдэлд оруулж байна” гэж ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв мэдэгдэв.

Өвчний тархалт голцуу 26 улсад гарсан бөгөөд 2020 онд нийт улаанбурхан өвчний 84 хувийг эзэлж байгаа аж. “COVID-19” цар тахлын улмаас Дэлхийн 23 оронд улаанбурхан өвчний эсрэг вакцинжуулалтын кампанит ажил хойшлогджээ. ДЭМБ-ын Дархлаажуулалтын албаны дарга Кит О'Брайен хэлэхдээ, “Өнгөрсөн онд өвчний тухай мэдээллүүд цөөхөн байсан ч Дэлхийн хэмжээнд дэгдэлт гарах эрсдэл нэмэгдсээр байгаа тул “COVID-19”-ийн эсрэг вакциныг аль болох хурдан хугацаанд хийх нь нэн чухал. Гэсэн хэдий ч, вакцинжуулалтын үндсэн хөтөлбөрүүдэд нөлөөлөхгүйн тулд шинэ нөөц шаардлагатай” гэв.

“Ердийн вакцинжуулалтын ажлын явцыг дэмжиж, сайжруулах ёстой. Эс бөгөөс бид нэг үхлийн аюултай өвчнийг нөгөөгөөр солих эрсдэлтэй” гэж О'Брайен анхааруулав.

Улаанбурхан бол хамгийн халдварт вируст өвчний нэг. Энэ нь бага насны хүүхдэд тохиолддон өвчин гэж тооцогддог боловч насанд хүрэгчид ч мөн  өртөмтгий байдаг. Халдвар нь агаар дуслын замаар дамждаг. Улаанбурхан нь дунд чихний үрэвсэл, менингит, энцефалит зэрэг өвчнийг хүндрүүлэх аюул эрсдэлтэй. Цаашлаад бүр үхэлд ч хүргэж болзошгүй өвчин юм.

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, сүүлийн 20 жилийн хугацаанд Дэлхий даяар энэ өвчнөөр нас барах эрсэдлд орсон 30 сая гаруй хүн улаанбурханы вакцин хийлгэснээр урьдчилан сэргийлж, амь насаа хадгалж чадсан аж.

Нас баралт 2000 онд 1,07 сая орчим байсан бол 2020 онд 60,7 мянга болж буурчээ. Өнгөрсөн онд Дэлхий дээр 7,5 сая орчим хүн улаанбурханаар өвчилсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button