НийгмийнЯрилцлага

Tempo: Өөрийгөө өөрөөсөө чөлөөлөхийг хичээж явна

“25 дугаар суваг” телевизийн “Making the band” шоунаас урлагийн гараагаа эхлүүлж, “Mixx” хамтлагийнхныхаа хамт шуугиулж, гялалзаж явсан түүнийг манай уншигчид Tempo гэдэг нэрээр нь илүү сайн мэднэ.

Өөрийгөө олж, өөртэйгөө ярилцахыг чухалчилж яваа залуу уран бүтээлч, дуучин Б.Болдбаатар сүүлийн хэдэн жил хэвлэлд ярилцлага өгөөгүй, нам гүм амьдрахыг чухалчилж яваа ховор зочин. Түүнтэй ярилцлаа.

-Tempo зураглаач, сэтгүүлч мэргэжилтэй. Дуучин хүн “Хиртээгүй сарнай” кинонд тоглосон нь сонирхол татаж байна. Энэ кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Би багаасаа урлагийн хүн болохыг мөрөөдсөн. Жүжигчин болох хүсэл надад байсан ч санаснаар болоогүй. Чөлөөт цагаараа ганцаараа кино үзэх дуртай, хообийтой.  

Сүүлд найруулагч Ц.Хүсэлбаатар ахын найруулсан “Хиртээгүй сарнай” киноны туслах дүрд тоглосон. Кинонд тоглох үнэхээр хэцүүг улам их мэдэрлээ. Өөрийгөө шинэ зүйлд сорих надад сонирхолтой байлаа.

Гавьяат жүжигчин С.Өлзийхүү эгч “Ийм  кино хийх гэж байгаа юм. Дүрийн шалгаруулалтад оролцоорой” гэсэн. Тэгээд би проб өгөөд тэнцлээ. “Хиртээгүй сарнай” кинонд намайг тоглуулсан, өөрийгөө хөгжүүлэх боломж олгосон Хүсэлбаатар ах, Өлзийхүү эгч хоёртоо, хамтран ажилласан уран бүтээлчдэд баярлалаа.

-Өмнө нь кинонд тоглож байсан бил үү?

-Нэг кинонд тоглосон минь “Саятан болох дамжаа”. Өөр кинонд өмнө нь тоглож байгаагүй.

-Дүрийнхээ тухай ярина уу. Энэ дүр таныг хэрхэн “эвдэж”, хөгжүүлэв?

-Би яг мэргэжлийн, туршлагатай жүжигчин биш тул “Миний дүр ийм, тийм” гээд ярих дэмий болов уу. Сайн мэддэг зүйлийнхээ талаар л ярья. Ер нь энэ дүр надад таалагдсан, сонирхолтой санагдсан. Сайхан сэтгэлтэй, дөлгөөхөн, соёлтой, сайн залуугийн дүр.

-Кинонд тоглуулах санал дахиад ирвэл зөвшөөрөх үү?

-Нааштайгаар хүлээж авна. “Хиртээгүй сарнай” кино надад их урам зориг өгч, хөгжүүллээ. Кинонд тоглох боломж дахин олвол өөрийгөө сорино. Өөрийгөө илүү их нээсэн, сорьсон, “мөлжсөн” талаасаа надад илүү сонирхолтой. Би триллер, сэтгэцийн ч юм уу кинонд дуртай. Монголд тийм кино хийвэл алуурчин эсвэл сэтгэцийн өвчинтэй эрэгтэйн дүрд тоглохыг хүснэ.

-Эл кинонд тоглосноор таны үзэл бодол, амьдралд ямар өөрчлөлт гарав?

-Нэг их өөрчлөгдсөн зүйл юу байх вэ. Өмнөх Темпо хэвээрээ байгаа. Мэдээж 5-6 жилийн өмнөх Темпо өнөөдрийнх биш. Цаг хугацааны аясаар хүн бүхэн өөрчлөгддөг, өөрийгөө хөгжүүлдэг. Би өмнөхөөсөө илүү төлөвшин, амьдралын үнэ цэнэ, утга учрыг бага багаар илүү сайн ойлгосоор, мэдэрсээр байгаа. Би өмнө нь сэтгэл хөдлөл ихтэй, эмоциороо асуудлыг шийддэг, ханддаг байлаа. Одоо хүлээцтэй, тайван ханддаг, бусдын үгийг илүү сайн сонсдог болсон.

-Үснийхээ өнгийг “Хиртээгүй сарнай”-гийн дүрдээ зориулж ингэж будуулсан юм уу?

-Киноны дүртэй ямар ч холбоогүй. Би залуу хүн. Сонирхолтой зүйл туршин, өвөрмөц, содон хувцаслахыг хүсдэг. Түүнийхээ дагуу л ийм өнгөөр будуулсан юм.

Өнөө цагт хүмүүсийн хандлага өөрчлөгдсөөр байгаа. Залуусын шинэлэг, содон шийдэл, хувцаслалт, өнгө төрхийг хүндэлдэг, ойлгодог болсон. Би аливаа зүйлийг гэгээлэг талаас нь, зөв өнцгөөс нь харахыг хичээдэг.

Хэдэн жилийн өмнө “Намайг юу гэж бодож байгаа бол. Юу гэж бичсэн бол” гээд хүмүүсийн сэтгэгдлийг их хардаг, ач холбогдол өгдөг байсан. “Ийм хувцас өмсвөл, тийм дуу хийвэл юу гэх бол. Ингээд хэлчихвэл шүүмжлэх болов уу” гээд үг, үйлдлээ их цэгнэдэг байлаа. Одоо тэгж бодохоо ер больсон. Өөрийгөө өөрөөсөө чөлөөлөхийг хичээж явна. Ямар ч шүүмжлэл, доромжлолыг хүндээр хүлээж авахгүй, өөдөөс нь инээгээд, чихнийхээ хажуугаар өнгөрүүлэх сэтгэл зүйтэй болсон. Алдаатай, оноотой ч бай энэ миний л амьдрал. Би зөвхөн өөртөө л таалагдаж, өөрийнхөө эрхээр, өөрийнхөө дураар амьдрахыг хүсдэг.

-Сүүлийн хэдэн жил та нам гүм амьдарсан. Өнгөрсөн жил нэг дуу хийснийг эс тооцвол шүү дээ. Энэ хугацаанд өөр рүүгээ өнгийн, өөртэйгөө нэлээд тулж ажилласан бололтой, ярьснаас нь харахад.

-Чи зөв анзаарч. Би сүүлийн хэдэн жил уран бүтээл, хувийн амьдралын хувьд нам гүм байхыг илүү чухалчилсан. Хувийн амьдралдаа, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарлаа. Нам гүм амьдрахын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлж, сурч боловсорсон. Өмнөхөөсөө илүү дотогшоо болсон гэх юм уу. Угаасаа би бусдад амьдралаа гайхуулж, “Ийм юм хийж байна, тийм зүйл бүтээнэ” гээд яриад явахыг хүсдэггүй. Өөрийгөө олох гээд, өөртэйгээ илүү сайн ажиллаж байна. Юм бодох, өөрийгөө хөгжүүлэх, ганцаараа байх, орчноо, хүрээллээ солих цаг хугацаа хүнд хэрэгтэй. Өөрийгөө сонссон жилүүд өнгөрч байна.

Ингэж буйн үр дүнд одоогоор надад ямар өөрчлөлт гарч байна вэ. Чи надаас ингэж асууя гэж бодож байж магад. Би бусдыг илүү сайн сонсдог, хүлээж авдаг болсон. Өмнө нь би өөртөө их итгэлтэй, бардам байлаа. Юуг ч хийж чадна гээд л. Одоо харин эсрэгээрээ юу ч чадахгүй гэдгээ ойлгосон. Би бусадтай л адилхан жирийн хүн. Тиймээс бүх зүйлд энгийн ханддаг, бусдын шүүмжлэл, зөвлөгөөг хүлээж авдаг болсон.

Өмнө нь хэн нэгэн надад юм хэлэхэд тоохгүй, бараг өөдөөс нь уурлах гээд байдаг байсан юм. Нэг л лаг тэнгэрийн шувуу шиг байлаа. Учиргүй тэнгэрт дүүлсэн юм бол байхгүй. Тодорхой хэмжээнд тэнгэрээр “дүүлж”, бусдын үгийг тоохгүй, хүлээж авахгүй явсан байх. Одоо тэр үе ард хоцорсоон, өөрчлөгдсөн. Илүү сайн сонсогч болсон. Юмыг сайн сонсох, хүлээж авах их чухал юм билээ. Юмыг дотроо бодох, тунгаах, аливаа зүйлд сэтгэл хөдлөлөөр хандахаа больсон. Өмнө нь би хэлснийхээ дараа боддог байсан. Одоо бол тийм биш. Тухайн хүний оронд өөрийгөө тавьж, бусдыг ойлгохыг хичээж байгаа.

Хүн гадаад хэл, мэдлэг боловсролоос авхуулаад цаг, хором бүрт суралцах чухал. Амжилтдаа, хийж буй зүйлдээ ханаж болохгүй. Өөрийгөө үргэлж гол. “Би чадаж байна” гэж бодвол тэгээд л зогсоно. Хийж буйдаа хэзээ ч бүү сэтгэл хана. “Болоогүй, чадахгүй байна” гэж өөрийгөө голж, улам сайн сурахын сурахын төлөө зүтгэх, дайчлах хэрэгтэй. Би сүүлийн хэдэн жил өөрийгөө ямагт голсоор явна.

-“25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан “Making the band” шоунаас төрсөн “Mixx” хамтлагийн гишүүн байсныг нь уншигчид сайн мэднэ. “Mixx”-ын гишүүн болж, хамтлагаараа шуугиулж явахдаа “би”-гээр өвчилсөн үү?

-Урлагийн, уран бүтээлийн гараа минь “Mixx” хамтлагаас эхлэлтэй. Харамсалтай нь, манай хамтлаг удаагүй тарчихсан л даа. Тухайн үед би өсвөр насны хүүхэд шахам, өөрийгөө голдоггүй байлаа. Өөрийгөө олоогүй, юугаа ч ойлгоогүй, өсвөр насны тогтворгүй сэтгэл зүйтэй байсан тул өөрийгөө голохгүй, лаг байна л гэж бодож явсан үе бий.

-Өөрийгөө эрэлхийлэхэд, дотогшоогоо өнгийхөд юу нөлөөлөв?

-Ер нь сүүлийн 4-5 жил ингэж өөрийгөө олохыг хичээж явна. Үүнд амьдралын урсгал, зөрчил, саад бэрхшээлүүд нөлөөлдөг юм байна. Хүн бүхний амьдрал өөр. Хүн бүхэн өөр, өөрийн гэсэн ертөнцтэй. Тиймээс гаднаас нь өнгөц дүгнэх бус бусдыг аль болохыг ойлгохыг хичээдэг байгаасай.

Жишээлбэл, нэг хүн бусдаас өвөрмөц, гаж хувцаслачихсан байна гэж бодъя. Түүнийг нь гаж бус тухайн хүний хүсэл, сонирхол талаас нь харж яагаад болохгүй гэж. Би бусдыг гаднаас нь, өмсөж, зүүснээс бус дотоод сэтгэл рүү нь өнгийснийхөө дараа дүгнэхийг хичээдэг.

Бусдыг өнгөн талаас нь харж дүгнэдэг зүйл үеийн үед байсан байх. Баян, өндөр албан тушаалтай хүмүүст хүн бүхэн нааштай хандан, ойр дотно явахыг хичээдэг. Ядуу нэгэндээ дээрэлхүү хандах явдал байсаар ирсэн болов уу.

Бэлтэй, өндөр албан тушаалтай, хүчтэй гэхээс илүү өөрт нь их зүйлийг сургах, үлгэрлэх, зөв зам руу нь чиглүүлэх хүнийг залуус дагаасай. Албан тушаал, эрх мэдэл горьдоод бөхөлзөж явдаг хүмүүсийг би гайхдаг. Би тэгэх ёстой дургүй.

-Та эксүүдэд зориулж, “Ex calling” нэртэй дуу хийсэн. Үүнийг тань П.Шүүдэрцэцэгт зориулж хийлээ гэж зарим хүн одоо ч боддог.

-Харин тэгээд байдаг юм. Уг нь тийм биш. Би тэс өөр хүнд, Эрхүүд амьдардаг орос охинд зориулж хийсэн юм. Би багадаа Орост өссөн. Түүнийг Монголд ирэхээр нь уулздаг, би Орост очихоороо хааяа уулздаг байсан юм. Тэр орос охиныг бодож байгаад л хийсэн дуу.

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг жаахан өөрчилье. Хамгийн сүүлд өнгөрсөн жил уран бүтээл гаргасан бил үү?

-Тэгсэн, 2020 оны аравдугаар сард нэг дуу хийсэн. Шинэ уран бүтээл гаргаагүй жил гаруй болж байна. Би ер нь уран бүтээл идэвхтэй хийдэггүй.

-Олонх уран бүтээлч шинэ уран бүтээлээр ямагт “цангаж”, өөрийгөө шахаж явдаг. Та яагаад тэгдэггүй юм бэ?

-“Ийм, тийм шалтгаантай” гээд олон шалтаг тоочиж болно. Гэхдээ тэгж өөрийгөө өмөөрмөөргүй байна. Энэ нь миний залхуутай холбоотой, шударга л хэлье. Юуг нь нуух вэ. Мэдээж чанартай уран бүтээл хийхийг хүсдэг. Уран бүтээл хийх цаг үе ч юм уу байдаг. Тэр үе маань ойртоод, заримдаа надаас холддог. Түүнийг л өөртөө ойртуулж, өөрийн болгоод авчихвал уран бүтээл идэвхтэй хийнэ. Хийж бүтээх ид үе гэж хүмүүст байдаг юм шиг байгаа юм. Тэр үе дээрээ би арай очоогүй байгаа байх, уран бүтээлийн хувьд.

-Тэгэхээр шинэ уран бүтээл гаргах сан гэж шунадаггүй, хиймээр санагдсан үедээ л хийдэг юм байна, тийм үү?

-Яг тийм.

-Энэ нь заримдаа танд дутагдал болдог уу?

-Өөрийгөө шахаад, шинэ дуу хийе гээд зүтгээд л байсан бол өдийд тэс өөр амжилттай, өөр хүн энд сууж байх байсан болов уу. Би тэгээгүй, тэгж чадаагүй. Надад амьдралын олон шалтгаан, асуудал байсан ч өөрийгөө өмөөрч, элдэв шалтага тоочмооргүй байна.

-Өнгөрсөн хугацаанд “Ойр ойрхон дуу хийе, шинэ уран бүтээл гаргая” гээд өөрийгөө ер нь шахаж үзэв үү?

-Тэгж шахах цаг хугацаа надад одоо ирж байна. Үүнийг мэдэрч байгаа. Одооноос өөрийгөө шахна. Өмнөхөөсөө илүү чанартай уран бүтээл гаргахын төлөө хичээнэ.

-Дараагийн уран бүтээлээ хэзээ гаргах вэ?

-Чадвал оны өмнө, чадахгүй бол оны дараа гаргах төлөвлөгөө бий. Одоо хийгээгүй байж энэ талаар нэг их юм яриад яах вэ. Хийснийхээ дараа л ярьсан нь дээр.

-Дуулахын хажуугаар хийдэг өөр ажил бий юү?

-Дуулаад амьдрах боломж Монголд хомс. Үүнийг урлагийнхан сайн мэднэ. Ялангуяа, залуу уран бүтээлчид дуулахаас гадна өөр орлогын эх үүсвэртэй байх хэрэгтэй. Дуулахынхаа хажуугаар хийдэг зүйлээ нууцлаж болох уу?

-Болно оо.

-Би буруу гарын зүйл хийдэг (инээв). Наргиа шүү.

-“Mixx” хамтлагийнхантайгаа холбоотой байдаг уу. Хамтарч уран бүтээл гаргах төлөвлөгөө бий юү?

-Одоо ингээд бодсон чинь хамтлагийнхаа тухай нэг их ярьж байгаагүй юм байна. Ярих боломж бас төдийлөн гардаггүй. Миний амьдралын хамгийн дурсамжтай, сайхан цаг үе “Mixx” хамтлагтай салшгүй холбоотой. Хамтлагийнхантайгаа найз, нөхдийн хувиар холбоотой байдаг. 2022 онд манай хамтлагийн ой болно. Нэг их сүртэй юм хийгээгүй тул ой гэж тодотгохоор томдож мэднэ. Үүнийг тохиолдуулан бүгд нийлэн уран бүтээл гарган, жижигхэн тоглолт хийх төлөвлөгөө бий. Би хамтлагийн ахлагч байсан тул ийм бодолтой явна.

-Энэ талаар бусдадаа хэлсэн үү?

-Ганц нэг гишүүндээ хэлсэн, дуртай хүлээж авсан. Бүгдэнд нь хэлж амжаагүй явна. Миний ярилцлагыг үзээд, бүгдээрээ мэдэх байх.

-Бие даасан тоглолт хийх бодол байгаа юу?

-Би ганцаарчилж хийсэн цөөхөн уран бүтээлтэй. Таван л дуутай. Мэдээж тоглолт хийх, CD гаргах талаар бодож байгаа бол илүү олон уран бүтээл хийх хэрэгтэй. Чанартай дахиад хэд хэдэн дуу гаргасныхаа дараа энэ талаар бодно.

-Хамтарч дуу хийх санал бусад уран бүтээлчид, репперүүдээс хэр их ирдэг вэ?

-Мэдээж ирдэг. Би бусадтай хамтрахаар хэмжээний мундаг болоогүй, өөрийгөө голдог. Тиймээс саналаас нь татгалздаг. Өөрийгөө хөгжүүлчихээд, бүр мундаг болчихоод хамтарна. Одооноос залхуутайгаа тэмцэнэ. Өөрийгөө өмнөхөөсөө илүү сайн дайчилна, хурцална.

-Темпо найз охинтой бил үү?

-Байхгүй, ганц бие.

-Найз охинтой болох төлөвлөгөө бий юү?

-Ойрын таван жилийн төлөвлөгөөнд байхгүй.

-Ер нь эмэгтэй хүнийг хайрлах, халамжлахад юу чухал вэ. Жороосоо хуваалцана уу?

-“Тэгж хайрлаж, ингэж халамжлах нь зөв” гээд ярих хэмжээний мэдлэгтэй хүн би биш. Яах вэ, өөрийнхөө бодлыг хэлье. Эмэгтэйчүүд байгалиасаа хүчтэй эрэгтэй хүнд татагддаг. Хүчтэй гэдгийг зөвхөн мөнгө, эрх мэдлээр ойлгож болохгүй.  Өөрийг нь хамгаалдаг, хайрладаг, түшдэг, харизмтай хүнийг хүсэмжилдэг юм шиг санагддаг.

Эмэгтэй хүнийг хайрлах, ойлгох хэцүү гэдэг. Тийм биш. Зүгээр л эрчүүд эмэгтэй хүнд чин сэтгэлээсээ хандан, хайрлаж, халамжилж, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Эрэгтэй хүний нэр алдар, мөнгө, царай зүс эмэгтэй хүнд чухал биш. Эмэгтэй хүнд юу хэрэгтэй байгааг мэдрэх, яг хэрэгтэй үед нь хэрэгтэй үгийг нь хэлэх, тэврүүлмээр санагдсан үед нь тэврэх чухал.

Эрэгтэй хүн шийдэмгий, зоригтой байх хэрэгтэй. Хэлье гэснээ хэлчихдэг, гараас нь хөтөлмөөр байвал хөтөлчихдөг байвал зүгээр.

-Тийм л зүйл хийх сэн, бүтээх сэн гэж зорьж, мөрөөдөж яваа зүйл бий юү?

 -Байгаа. Би багадаа дэлхийд алдартай урлагийн хүн болохыг мөрөөддөг байлаа. Даанч чадаагүй байна. Дахиад олон чанартай уран бүтээл хийн, тоглолт, CD гаргах төлөвлөгөө мэдээж бий. Үүний сацуу надад нэг том мөрөөдөл бий. Би олон улсын стандартад нийцсэн том театр барихыг мөрөөддөг. Дэлхийд алдартай театрууд байдаг даа. Яг тийм театр барьчихвал хэчнээн сайхан бэ.

Би хагас өнчин өссөн. Аав, ээжийн хайрыг мэдрээгүй, эмээ дээрээ өсөж, хүмүүжсэн юм. Аав, ээжийн хайр, орон зай, нөмөр нөөлгийг эмээ минь л надад мэдрүүлдэг, нөхдөг байлаа. Тиймээс асрамжийн газар байгуулж, над шиг аав, ээжийн хайр мэдрээгүй өссөн хүүхдүүдэд туслахыг хүсдэг.

Баян аав, ээжтэй, чинээлэг амьдралтай айлын хүүхэд гэж зарим хүн намайг андуу бодож явдаг юм билээ. Би эгэл жирийн айлд өссөн, эмээгийн амины хүүхэд. Өдий зэрэгтэй яваа маань эмээгийн минь л ач гавьяа. Эмээдээ, ээждээ зөндөө их хайртай. Хоёр бурхандаа баярлаж явдаг шүү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-15 08:39

Ёстой хөөрхөн з�##�уу юм аа

Зочин
Зочин
2021-11-15 12:31

amjilt husey

Оргих-Өрнүүн
Оргих-Өрнүүн
2021-11-16 12:11

Уран бүтээлд нь аижилт хүсье

Би эмээ болно
Би эмээ болно
2021-11-16 12:13

Энэ Эмээ Өвөө нар сайн хүмүүжүүлэгчид шүү

Холбоотой мэдээ

Back to top button