АМЬДРАЛЫН НОМ

АМЬДРАЛЫН НОМ| Д.Энхболд: Нийгэмд гарах өөрчлөлтийн дохио зохиолчдын сэрэхүйд түрүүлж ирдэг бололтой

Ном хэмээгч зүйл амьдралынх нь салшгүй нэг хэсэг болсон хүмүүс бий. Ийм хүмүүс иргэншсэн нийгмийн чухал эд эс – номын соёлыг өөрөөсөө эхлүүлдэг ч түүнийгээ тэр бүр анзаардаггүй. Ямар салбарт ажилладаг, ямар хүсэл эрмэлзэлтэйгээсээ үл хамааран өнгөрсөн үед бүтээсэн оюуны өвийг ямагт хүндэлж, өөртөө нээхийг эрмэлздэгээрээ идэвхтэй уншигч хүмүүс нийгмийн оюун санааны гол хөдөлгүүр, өнгөрсөн болоод ирээдүй цагийн холбогчид байдаг. Чухам ийм холбогчдыг Eguur.mn сайт “Амьдралын ном” буландаа урьж байна.

Номын соёлтой, идэвхтэй уншигч хүмүүсийг уулзуулж, өнөөдрийн бие хүнийг нь бүтээлцсэн бүтээл туурвилын тухай ярилцах “Амьдралын ном” булан танд долоо хоног бүр өртөөчлөн хүрдэг билээ.


ЗОЧИН: Баасангийн Наминчимэдийн урилгаар ДОРЖЗОВДЫН ЭНХБОЛД

-Таны амьдралд хамгийн хүчтэй нөлөөлсөн, “Амьдралын ном”-оо нэрлэ гэвэл ямар ном нэрлэх вэ?

-Би тав, зургаан настайдаа анх уншиж сурсан. Манай нутгийн хоёр сайхан анх сумын төвөөс “Цагаан толгой” авчирч, “А” үсэг зааж өгсөн. Тэр хоёр минь өдгөө талийгч болж дээ. Хөдөө өөр ном олдохгүй, “Цагаан толгой”-гоо өвөртөлчихөөд л уншиж явдаг байв. Ингэж явсаар сургуульд орлоо. Аав, ээж хоёр маань хотод, оюутан байсан. Аав хоёр авдар дүүрэн том номын сантай. Ингээд багадаа, ааваасаа нэхэж байгаад авч уншсан миний хамгийн анхны ном бол А.Дюмагийн “Шадар гурван цэрэг”. Уншаад бараг л номын “өвчин” тусав. Хичээлээ тасалчихаад, цэцэрлэгийн ард хураасан модон дотор орж суугаад л “Шадар гурван цэрэг”-ийг уншдаг болсон.

Тавдугаар ангид ороход аав хоёр том авдарныхаа түлхүүрийг надад өгчихгүй юу. Аав малын эмч, хөдөө гадаа томилолтоор их явна. Ингэж түлхүүрийг нь би эзэмшдэг болсноос хойш гадаад, дотоодын олон сонгодгийг уншсан.

Сэтгэлд хамгийн тод үлдсэн, одоо ч надтай хамт “явдаг” хэдхэн ном бий. Гацаа маягийн зүйлд орох үедээ эргүүлж харж явдаг. Энэ бол “Гэм зэм”, “Карамазовын хөвгүүд”, “Дөлгөөн дон”. Бас “Мастер, Маргарита хоёр”, “Зуун жилийн ганцаардал” гэсхийгээд миний оюун санааны уншилтын хүрээ болдог.  

-Эдгээр номтой та анх хэзээ, хэрхэн учирч байв?

-Зургадугаар ангид байсан юм болов уу, өвлийнхөө амралтаар аавын номын сангаас “Дөлгөөн дон”-ы нэгдүгээр дэвтрийг уншсан. Хөдөөгийн надад орос хүний амьдрал гэдэг үлгэр домог шиг л туссан. Бүр зан заншилтай нь, нүдэнд үзэгдтэл, цэлийтэл тавьчихсан байсан. Ингээд дараагийн дэвтрийг нь авч явж, дотуур байрандаа нуун барин уншиж байв. Өдөн дэрнийхээ уутан дотор хийж нуучихаад, шөнө нь ганцаараа уншина. Хамгийн эхэлж гүн сэтгэгдэл төрүүлсэн ном гэвэл энэ байгаа юм.

Харин Ф.Достоевскийтэй бүр сүүлд танилцсан. “Гэм зэм”-ийг эхэлж уншсан. Хүн байхын, хүн өөрөө өөртөө үнэнч байхын утга учрыг тэндээс олж харсан. “Гэм зэм”-ийг нийгмийн ядаж 15 хувь нь уншчихаасай гэж боддог. Тэгэх юм бол бидний хоорондын харилцаа их өөр болно. АНУ-д 10 гаруй жил амьдрахдаа ажиглахад нийгмийн тэргүүнд явдаг томоохон эрдэмтэд, бизнесменүүд нь “Гэм зэм”-ийг маш их уншдаг юм билээ. Тэр хүмүүсийн нөлөө Раскольниковын дүр болж, эргээд нийгэмдээ буудаг. Нэлээн хожим, бараг 30 гарч байж уншсан юм байна. Хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн.

Өмнө нь “Дөлгөөн дон” зэргийг уншчихсан, эмнэг морь уначихсан яваад байсан бол “Гэм зэм”-ийг уншчихаар мориныхоо жолоог хааш залахаа ойлгож эхэлсэн гэлтэй. Дараа нь “Карамазовын хөвгүүд”-ийг уншаад, нийгэм гэж юу юм гэдгийг  нэлээн гүнзгий ойлгосон.

Г.Маркес, М.Булгаков хоёрын хувьд сэтгэлгээний маш онцлог түвшнүүдийг бий болгосон зохиолчид. “Зуун жилийн ганцаардал” гэхэд дэлхийн хэмжээний утга зохиолд шинэ уур амьсгал аваад ирсэн. Хүмүүс зөндөө хэлэлцдэг, мөртлөө хэдэн зуун жил хөгжихгүй явж ирсэн ардын аман зохиолыг маш өндөр түвшинд авчирч тавьсан. Ардын аман зохиол хэлбэрээр уламжлагдаж ирсэн, өлгийтэй байсан хүүхдийг хашир хөлд оруудаад явуулчихсан. Бас л нэг 30 гаруй насандаа л уншсан юм байна.

–Эдгээр ном таны оюун санааны амьдралд юу өгсөн бэ?

-Ердөө сэтгэлгээг задалж байгаа юм. Уран бүтээлч хүнд ч, энгийн, нарийн мэргэжлийн хүмүүст ч эд ерөөс уншигдаж байх ёстой л доо. Бизнес нь явсаар нэг түвшинд хүрээд зогсчихоор сэтгэлгээгээ задлахын тулд том бизнесменүүд уран зохиолын ном уншаад байдаг. Тэгэхээр хэн хүнгүй л уншмаар байгаа юм. Хэрэв таны ажил тодорхой түвшинд хүрчихээд явахгүй байвал уран зохиол унш гэж зөвлөмөөр. Түүнийг чинь задалж өгнө.

Би өөрөө хайгуулын инженер хүн л дээ. Хайгуулч хүн яг тодорхой түвшинд очоод зогсдог. Шинжлэх ухаанаар ч тайлбарлах аргагүй зүйлд тулдаг. Тэгэх үед баялаг, задгай сэтгэлгээ хэрэгтэй. Жишээ нь Силурын галвын эрдэс явж байтал гэнэтхэн Юрын галвын эрдэс түрээд ургачихсан байхтай таарна. Үүнийг ойлгохын тулд маш гоё романтик сэтгэлгээ хэрэгтэй байдаг. Түүнийг уран зохиол өгдөг, ийм учиртай.

-Та “Паанан”-гаа дээрх номуудыг уншаагүй байхдаа бичжээ?

-Тийм. Гүнзгий танилцаагүй байхдаа биччихсэн. Ер “Нийгмийн нэг өөрчлөлт болох гээд байна аа” гэсэн дохио түрүүлж ирдэг шиг байгаа юм. Жишээ нь, манай Д.Норов 1980-аад оны сүүлээр “Орлогч” гээд тууж биччихсэн шүү дээ. Яг жинхэнэ байх учиртай хүмүүс нь биш, тэдний орлогчид хийсгэлэн дүр үүсгэн амьдарч байгааг тухай аль дээр биччихсэн. Одоо бид харж байна, бүгдээрээ орлогч болчихсон. Зарим нь орлогчийн орлогч болчихсон явж байна. Тэгэхээр “Нийгэмд ийм зүйл болох гээд байна” гэдэг дохио зохиолчийн сэрэхүйд нэлээд өмнө нь ирдэг юм шиг. “Паанан”-д бол түүгээр л бичигдчихсэн зохиол л доо.

-Амьдралын номоосоо хүмүүст уншуулчих юмсан гэж боддог хэсгээс эшлээч?

-“Зуун жилийн ганцаардал”-ын хурандаа Аурэлиано чинь бужигнуулж явсан эр шүү дээ. Гэтэл сүүлдээ алхимич болоод, алтан загас хийх гээд суугаад байдаг. Ерөөс аливаа юм өөрийн гэсэн цаг хугацаатай. Тэр цаг хугацаандаа л амжиж хийхгүй бол чи хожим нь алхимич болно гэсэн үг. Хурандаа бол аль Дивон галавт алтан загасаа хийчих байсан юм. Тийм гоё хэсэг байдаг.

За, “Мастер, Маргарита хоёр”-т манайхаар СӨХ-ны дарга гэмээр Никанор Иванович гэж дүр гардаг. Мань эр авлига авдаг, хорлонтой л доо. Авлига өгсөн хүмүүсийг байраар хангадаг Зөвлөлтийн паразит байхгүй юу. Тэгэнгүүт наадуул түүнийг хорлоод, “Авлигаар авсан мөнгө нь салхивчинд байгаа” гээд мэдээлэл өгчихдөг. Хоёр хүн шалгахаар ирнэ. Никанор уг нь авлигаа өөр газар нуучихсан тул нэлээд баатарлаг. Гэтэл сахивчнаас гараад ирэнгүүт манай хүн “Дайснууд шургуулчихаж!” гэж орилно. Дүр нь бүр харагддаг. Маш тодорхой дүрүүд дээр зохиол бичвэл эргээд хүмүүст үлдэх үлдэц нь илүү байдаг юм байна.

Расольниковын тэр гэмшил. Энэ мэт бол янзын л даа. Энэ амьдралыг туулчихсан улс хэдэн арван жилийн өмнө роман биччихсэн байхад манайхан өнөө хэр ойлгохгүй л байна. Гэхдээ нийгмийн 15 хувь нь давгүй ойлголтын түвшинд хүрэхэд тэр нь цааш нөлөөлөөд явдаг. 40 хувь нь ямар нэг тодорхой түвшинд амьдралынхаа мөн чанарыг ойлгочихсон байхад нийгэм өөрөө явчихна. Харин манай нийгэм маш балчир байна. Минийхээр 3 хувь нь л өөрсдийн тархи толгойгоор бодож байна.

-“Амьдралын ном” булан маань цаашид өртөөчлөн үргэлжлэх юм. Та дараагийн зочныг урина уу?

-Өөрөө утга зохиолын хүн тул Д.Бум-Эрдэнийг уримаар байна. Хэрэв улс орны амьдралд гарцаагүй нөлөөлж байгаа хүнийг уриач гэвэл Б.Нямтайширыг урина аа.

Нөөцөнд урья гэвэл манай яруу найрагч Д.Нямаа байна. Байшин нь энүүхэнд харагддаг юм. Нямаа бас их сонин өөрийн сэтгэлгээтэй. Сонгодгуудыг дандаа өөрийн сэтгэлгээгээр хүлээж авдаг. Хүмүүс гол дүрээр нь асуудлыг  шийдчих гээд байдаг бол Нямаа тийм биш. Өөр гэвэл манай Я.Баяраа байна. Тэр маш сонгодог сэтгэлгээтэй залуу. Мөн Мө.Батбаяр байна. Тэр бас сонин сэтгэхүйтэй хүүхэд ш дээ. Ийм хүмүүс л нэрлэе дээ.


ӨМНӨХ КОНТЕНТ| Б.Наминчимэд: Авч л чадвал аль ч номонд ямар нэгэн зүйл бий

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БИД
БИД
2021-11-20 13:04

монголчууд хэдхэн номноос ерөөсөө хэтрэхгүй юмдаа. би бол Гоголийн амьгүй �##�бат бол манай нийгмийн өнөөгийн төрхөрхүү зүйл харуулсан уншмаар, түүнээс ийм байдлыг жигших санаа төрдөг юмаа. Одоо наад Достоевский 100 жил, мэтээ болио улиг.тэр барьца�##�ан ээлдүүлэгч эгч ба дүү эмэгтэйг �##�ах хэрэг Раскольниковт яагаад төрсөн юм? тэр эмэгтэй хулгай хийж мөнгө олоод зээлдүүлдэг гэж гараагүй. байгаа юмаа л амьдр�##�ынхаа хэрэгцээнд зориулж байгаа. Нүгэл шэж байдаг бол 2 хүн �##�сан нүгэлээ л наминчилсан этгээд. харин энд үнэн хэзээд ялна. �##�уурчин өөрөө илчилнэ үү өөр бусад гэрчилнэ үү илрэх л зүй тогтолтой. харин амвд дээрээ ялаа үлээж зэм авч буй нь сүнс нь дараагийн үед арай зовохгүйг өөртөө бий болгож буй хэрэг. Крамазовын банди нарын хувьд эцэг эх нь биеийг нь төрүүлдэг, санааг нь төрүүлдэггүй гэсэн үгийг илтгэх мэт.

Холбоотой мэдээ

Back to top button