НИЙГЭМ

Галаас хүний амь аварсан З.Ундармаа: Гал коммандын машин ирэхэд бушуухан гараад нуугдчихсан

Дээд давхрынх нь айлд гал гарахад ус зөөсөөр унтрааж, 23 настай залуугийн амийг аварсан эрэлхэг монгол эмэгтэйн тухай бахархам мэдээ сошиал орчинд түгсэн. Тэр Гуанжу хотод, оршин суух зөвшөөрөлгүй буюу бидний дадсан хэллэгээр бол “хараар” амьдардаг. Ийм ч учраас баатарлаг үйл хийсэн мөртлөө гал коммандын ажилчид ирэхэд тэр нуугдсан. Мөн болсон үйл явдлыг сонирхож ирсэн Солонгосын сурвалжлагч нарт “Миний зургийг биш, хананд өлгөсөн төрийн маань далбааг л харуулаад өгөөрэй” гэж захисан нь монголчуудын хайр хүндэтгэлийг татаад байна.

Түүнийг З.Ундармаа гэдэг. Өдрийн 14 цаг оёдлын үйлдвэрт ажилладаг З.Ундармаатай цайны цагаар нь холбогдож, цөөн хором ярилцлаа.

-ГЭРЭЭСЭЭ ТҮМПЭНТЭЙ УС ЗӨӨЖ ГҮЙСЭЭР ГАЛЫГ УНТРААСАН-

-Гал гардаг тэр өдөр яг юу болсон талаар манай уншигчдад ярьж өгөөч. Сошиал орчноос товчхон, ерөнхий мэдээлэл авсан шүү дээ?

-Тэр өдөр ням гараг байсан. Уг нь бямба, ням гарагт амрахгүй ажилладаг ч тэр өдөр яагаад ч юм амарч таарсан. Ингээд өдрийн 14.00 цагийн орчим хоолоо хийх гээд гал тогооны өрөө лүүгээ ортол цонхны доор нэг эмээ хашгирах дуулдсан.

Цонхоо онгойлгоод хартал доод давхрын айлын эмээ дээшээ харчихсан “119 дуудах уу” хэмээгээд орилж байв. Тэгэхээр нь эмээгийн харж буй зүг рүү, дээш хартал манай дээд давхрын айлын цонхоор утаа манарч байсан. Мөн нэг залуу цонхныхоо гадна гарч ирээд зүүгдчихсэн байхыг харсан.

Ингээд ум хумгүй хувцас углаад, байрныхаа дээвэр дээр гартал туслах боломж бага санагдлаа. Олс уяа байсангүй, байсан ч түүнийг татаж дийлэхгүй болов уу гэж бодсон. Залуутай ярихад “Гэртээ нохойтойгоо хоёулахнаа байгаа, өөр хүн байхгүй” гэж хэлсэн.

-Тэгээд та ямар арга бодож олсон бэ?

-Буугаад хаалгыг нь онгойлгох гэж оролдсон. Түгжээтэй байсан ч хэд хүчтэй мөрлөж, цоожийг нь яаж ийгээд эвдэж, хаалгыг нээсэн. Дөнгөж жаахан завсар гарахад л хар утаа өөдөөс гарч ирсэн. Харахад гал тогооны өрөөнийх нь хоёр хэсэгт гал гарч байсан.

Ингээд бууж, гэр лүүгээ ороод шал угаадаг түмпэндээ бушуухан ус тосож аваад дээш гарлаа. Гарахдаа ээждээ “Байгаа бүх сав суулгандаа хурдан ус дүүргээд байж байгаарай” гэж захисан. Барьсан усаа цацчихаад буугаад иртэл ээж олон саванд ус тосоод эхэлчихсэн байсан. Ингээд гэрээсээ савтай ус авч, дээш гарч цацах үйлдлээ олон удаа давтсаар галыг унтрааж чадсан. Хэдэн удаа дээш, доош явснаа санахгүй байна.

-АВРАГЧДААС НУУГДЧИХААД ОЙРД УЙЛААГҮЙГЭЭРЭЭ ЦУРХИРЧ УЙЛСАН-

-Удалгүй гал коммандын ажилчид иржээ?

-Тийм. Гал унтарч эхлэнгүүт залуу ч гэртээ орж ирсэн. Манай байр тагтгүй болохоор тэр ердөө цонхны хамгаалалтын төмөр торон дээр тогтож байсан юм билээ. Ингээд байж байтал яг гал коммандын машин ирж, ажилчид шатаар өгсөх нь дуулдсан. Тэгээд гэнэт “Би чинь бичиг баримтгүй шүү дээ. Юу хийгээд байна аа?” гэсэн бодол төрж, бушуухан гараад нуугдчихсан.

Тэгээд өөрийн мэдэлгүй маш удаан цурхирч уйлсан. Ойрд уйлаагүйгээрээ, цээжнээсээ нулимс гаргаж уйлсан.

-Тэр залуу баярласан сэтгэлээ танд хэрхэн илэрхийлэв?

-“Маш их тус хүргэлээ” гэж талархсанаа их илэрхийлсэн шүү. Утаандаа угаартаж, хэзээ мөдгүй доош уначих гээд байсан юм билээ. Хэдийгээр доод айлын хүмүүс харсан ч туслах гэж оролдсон нь үгүй гэсэн. Аавтайгаа хоёул амьдардаг юм байна. Аав нь ч надад талархсанаа илэрхийлсэн. “Бичиг баримттай болох тал дээр биднээс туслалцаа хүсвэл хэзээд бэлэн шүү. Хэрвээ бичиг баримттай болчихвол хамт Солонгосоор тойрон аялал хийнэ ээ” гэсэн.

-Та БНСУ-д амьдраад хэдэн жил болж байгаа юм бэ?

-Энд ирж амьдраад 13 жилийн нүүрийг үзсэн байна. Анх нөхөртэйгөө ирсэн. Гэвч хүүхдүүд жаахан байсан тул бид хоёрын нэг нь буцах хэрэгтэй болж, нөхөр буцсан л даа.

-Оршин суух зөвшөөрөл авах тал дээр хөөцөлдье гэж бодож байгаа юу?

-2006 онд мөн галаас хүний амь аварсан дөрвөн монгол залуу бичиг баримттай болж байсан гэж сонссон. Хараахан тийм хууль байдаггүй ч хийсэн, бүтээсэн батаарлаг үйлд нь зориулж, урамшуулал маягаар оршин суух зөвшөөрөл олгодог тохиолдол байдаг юм билээ. Одоогоор энэ асуудлыг хөөцөлдье гэвч Монгол талаас төлөөлж, хамт явах хүнгүй байна.

-Солонгос сурважлагч ирэхэд “Нүүрээ гаргаж болохгүй. Харин өрөөний минь хананд өлгөөтэй байгаа төрийн далбааны зургийг аваарай” гэж хэлсэн тань мөн их олны хайр, хүндэтгэлийг хүлээгээд байгаа шүү дээ?

-Тийм ээ. Монголчууд энд дандаа хар, буруу юм хийлээ гэж мэдээлэгдэх нь олонтой. Иймд эх орны минь нэр ганц ч гэсэн гэрэл гэгээтэй мэдээгээр түгэг гэж бодсон учраас сурвалжлагчид тэгж хэлсэн. Өрөөний минь ханан дахь төрийн далбаа, төрийн дууллын үгний зургийг авч, сэтгүүл дээрээ тавьсан байна билээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
xxa
xxa
2021-11-24 18:19

jogortsiim bishv

Зочин
Зочин
2021-11-24 20:26

Мундаг охинд баяр хүргие.

erguu
erguu
2021-11-24 20:47

Bitgii uur shigee iim elii erguu yum bodoj baigaachee s#a

Зочин
Зочин
2021-11-24 21:14

Хүнтэй ярилцлага хийж байж жаахан эвлүүлэг утга авц�##�таатай
Бичмээр юм.Яг таг гээд ямар эвгүй бичилт вэ.Ярьж байгаа хүнээсээ илүү сэтгүүлч нь сайхан найруулаад бичвэл ямар ч муу ярьсан хүний яриа гоё болмоор юм.Сайтыхан энэ мэтчилэн бичвэр дээрээ анхаармаар байна шүү

хүннү
хүннү
2021-11-24 23:06

Ямар хөөрхөн юм вэ? Энэ бол жинхэн монгол зан. Чамд баяр хүгэе сайн үйлс бүхэн араасаа аз жарг�##� дагуулдаг юм. Жарганаа дүү минь.

Зочин
Зочин
2021-11-25 00:02

Yamar mundag ym be hiisen buyan n butsaad ireh bhaa

Холбоотой мэдээ

Back to top button