ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ӨНӨӨДӨР: Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр

1981 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрт эмэгтэйчүүд арваннэгдүгээр сарын 25-ны энэ өдрийг “Эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.

1999.12.17-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн A/54/134 тогтоолоор арваннэгдүгээр сарын 25-ны өдрийг “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон тунхагласан.

НҮБ-аас энэ өдрийг дэлхийн улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагуудыг энэ асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой арга хэмжээ зохион байгуулахыг уриалдаг.

НҮБ-ын уриалгад “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь гэр бүлд хэмжээлшгүй их зовлон зүдгүүр, уй гашууг авчирч, хөгшин залуугүй зовж шаналж, нийгмийг зүдрүүлж байна. Энэ нь эмэгтэйчүүдийг боломжоо бүрэн ашиглахад саад болж, эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж, хөгжлийг сааруулж байна” гэжээ.

Энэ өдрийн түүхэн үндэс нь 1960 онд Бүгд Найрамдах Доминикан Улсад болсон үйл явдал. Доминиканы дарангуйлагч Рафаэль Трухильогийн тушаалаар улс төрийн идэвхтэн Мирабал хэмээх гурван эгч дүүсийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан түүхтэй.

Улс орнуудын хувьд Канад улсыг онцолж дурьдвал, Канадад жил бүрийн арванхоёрдугаар сарын 6-нд 1989 онд Монреал хотноо 14 эмэгтэйг бусдаас тусгаарлаж, амийг нь хэрцгийгээр хөнөөсөн хэргийн дурсгалд зориулан “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг үндэсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Эл өдөр Канад улс эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн улс төрийн хэлэлцүүлэг зэрэг бусад олон арга хэмжээг зохион байгуулдаг.

Цагаан тууз бол эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг эсэргүүцэх, эмэгтэйчүүдийн хүний ​​эрхийг хамгаалах бэлгэдлийг илэрхийлдэг.

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсооход чиглэсэн арга хэмжээнүүд улам олон оронд аажмаар хэрэгжиж эхэлсэн сайн тал ажиглагдаж эхэлсэн. Гэсэн ч, охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл дэлхий нийтийн эмзэг асуудал хэвээр байсаар байна. Эмэгтэйчүүдийн 70 хүртэлх хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг.

Олон тооны эмэгтэйчүүдийг хамарч буй гэр бүлийн хүчирхийлэл бол тусдаа том сэдэв юм. Хүчирхийлэлд өртсөн бүх хохирогчдын зовлон зүдгүүр, гутаан доромжлолыг үл тэвчин, тусламж эрэлхийлэхийг уриалж буй хүний ​​эрхийн байгууллагууд энэ асуудлыг авч үздэг.

НҮБ-ын мэдээлснээр, дэлхийн хэмжээнд эмэгтэйчүүд, охидын 35 хувь нь амьдралынхаа туршид сэтгал санаа, бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртдөг. 200 сая орчим охид эмэгтэйчүүдийн бэлэг эрхтнийг зэрэмдэглэсэн /энэ нь голдуу Африк болон Ойрхи Дорнодын зарим хэсэгт үйлдэгддэг/ хэрэг гардаг. Дэлхий даяар 750 сая орчим эмэгтэй, охид 18 нас хүрэхээсээ өмнө өөрийн хүсэлтээр бус гэрлэсэн тоо бий. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдын 71 хувийг эмэгтэйчүүд, охид эзэлж байгаагийн 4 хүн тутмын 3 нь бэлгийн мөлжлөгт өртдөг гэжээ.

Коронавируст халдвар “КОВИД-19” гарснаас хойш охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, ялангуяа гэр бүлийн хүчирхийллийн тоо нэмэгдсээр байна. Энэ бол цар тахлын “хар сүүдэр” бөгөөд үүнийг зогсоохын тулд дэлхийн хамтын хүчин чармайлт шаардлагатай. “КОВИД-19”-ийн улмаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод үзүүлэх эмнэлгийн болон анхны шатны тусламжийн үйлчилгээний ачаалал эрс нэмэгджээ.

2017 онд Европын Холбоо болон НҮБ эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг таслан зогсоох зорилгоор “Гэрлийн туяа” хэмээх дэлхийн урт хугацааны шинэ санаачилгыг эхлүүлсэн. Мөн “Тогтвортой хөгжил-2030” мөрийн хөтөлбөртэй уялдуулан “Хэн ч мартагдах ёсгүй” гэсэн зарчмыг энэ санаачилгад бүрэн тусгах ажээ.

(Эх сурвалж: Tjournal)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button