Нийгмийн

Анхны Үндсэн хууль батлалцсан ЭМЭГТЭЙ

1924 оны арван нэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын анхдугаар их хурлаас манай улсын анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм. Энэхүү Үндсэн хуулиар улсаа бүрэн эрхт бүгд найрамдах засаглалт улс болохыг тунхаглаж байв.

Анхдугаар Үндсэн хуулийг баталсан улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчөөр халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу болон ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн сонгогдсоноос 77 төлөөлөгч нь оролцжээ. Уг бүрэлдэхүүнд мөн нэг эмэгтэй сонгогдсон гэх баримт байдаг.

Түүнчлэн тэрхүү батлагдсан Үндсэн хуульд “БНМАУ-ын дээд эрх Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөөт цагт Улсын Бага Хурал, Улсын Бага Хурлын чөлөөт цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газарт улсын дээд эрхийг хадгалуулбал зохино” гэж заажээ. Ийнхүү заасны тул Улсын анхдугаар их хурлаас Улсын бага хурлыг 30 гишүүнтэйгээр байгуулсны дотор мөн л нэг эмэгтэй байжээ.

Энэхүү дурдагдан буй эмэгтэй бол Дамдины ПАГМАДУЛАМ юм. Тэрбээр манай анхны багш нарын нэг, монголын эмэгтэйчүүдийн байгууллагын анхны тэргүүн, анхны эмэгтэйчүүдийн сэтгүүлийн анхны эрхлэгч, монголчуудаас анхлан баруунд боловсрол эзэмшиж, Германд суралцсан таван эмэгтэйн нэг зэргээр манай сор болсон боловсролтой эмэгтэйчүүдийн нэг юм.

Түүний 1924 оны МАН-ын III Их хурлын хэлсэн илтгэлээс эшлэбэл “…Учир юу хэмээвээс урьд эзэрхэг засгийн үед бидний эхнэр, охидыг хүмүүний тоонд оруулах нь байтугай тахиа шувууны төдий үзсэн газар үгүй, хэзээ ямагт боол, шивэгчин адил хүмүүний үүдэнд зарцлагдах буюу богтлогдсон эр дор дарлагдан доромжлогдох зэргээр өөрийн эрхгүй явсныг эдүгээх засгийн үед татан авч Европын боловсон улсын эхнэр, охидын адилаар эрдэм соёлд боловсруулан буй нь цаглашгүй өршөөл суртлыг хүртээсэн хэмээвээс болох тул бидний эхнэр, охид нийтээр эрдэм сурталд боловсорч чинад дор өөрийн эрх чөлөөг олж чадах дор ард түмний хэрэгт чармайн зүтгэлцэх болтугай хэмээн илтгэл талбия. Бүх Монголын бүсгүйчүүд эрдэм боловсролд дэвшин хөгжиж, эрх чөлөөг эдэлтүгэй” хэмээжээ.

Эх сурвалж: УЛБАР пейж хуудас

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button