ДЭЛХИЙМэдээНИЙГЭМшуурхай мэдээЭДИЙН ЗАСАГ

БНХАУ-ын урхи: Хөгжиж буй орнуудад зээл өгч, ӨРӨНД УНАГААД, дараа нь ЭД БАЯЛАГТ нь ЭЗЭН СУУДАГ

Виржиниа мужийн Уиллиам ба Мэри коллежид суурилсан олон улсын хөгжлийн судалгааны лаборатори болох “AidData” байгууллагаас нэгэн сонирхолтой дата танилцуулав. Тэр юу вэ гэхээр, 2017 оныг дуустал 18 жилийн хугацаанд 165 улсад нийтдээ 843 тэрбум ам.долларын өртөг бүхий Хятадын 13,427 хөгжлийн төсөлд дүн шинжилгээ хийжээ.

Тэдгээр улсуудын Хятадад төлөх өрийн хэмжээ нь олон улсын судалгааны байгууллага, зээлжих зэрэглэлийн агентлагууд болон Засгийн газар хоорондын байгууллагуудын тооцоолж байснаас ч их байгааг судлаачид тогтоожээ.

Сүүлийн жилүүдэд хөгжиж буй олон арван орон Хятадаас нэн тэргүүнд дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэх зорилгоор идэвхтэйгээр зээл авчээ. Олон Улсын Валютын Сан /ОУВС/, Дэлхийн Банк зэрэг олон улсын байгууллагуудаас ялгаатай нь Хятад улс арилжааны нөхцөлөөр мөнгө өгдөг ч зээл өгсөн гэдгээ ил болгохгүй байхыг шаарддаг. Тиймээс тэдгээр зээлийн бодит хэмжээ нь хөрөнгө оруулагчид болон зээлийн шинжээчдийн таамаглаж байснаас хамаагүй том байж магадгүй аж.

Коронавируст цар тахлын цаана дэлхийн хэмжээнд аль хэдийн эдийн засгийн хямрал нүүрлэж, өр ширэндээ баригдсан орнуудын санхүүгийн “эрүүл мэндэд” тун ч сөргөөр нөлөөлөөд эхэлсэн.

НУУЦААР ЗЭЭЛ ӨГЧ, НУУЦЫН ГЭРЭЭ БАЙГУУЛДАГ

Хятад улс хөгжиж буй орнуудад 385 тэрбум ам.долларыг НУУЦААР зээлчихээд тэрийгээ буцаагаад бага багаар нь цуглуулж байгаа ба энэ нь нийт хил дамнасан зээлийнх нь тал орчим хувьтай нь тэнцэж байна гэж “Волл Стриит Журнал” /The Wall Street Journal/ сэтгүүлд Харвардын Их Сургуулийн эдийн засагч Кармен Рейнхарт, Мюнхений Людвиг Максимилианы нэрэмжит Их Сургуулийн Себастьян Хорн болон Килийн Дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн эдийн засагч Кристоф Требеша нарын судалгаанаас иш татан нийтэлжээ.

Эдийн засагчдын тооцоолсноор, 10 орчим ядуу улс Хятадад ДНБ-нийхээ 20-иос доошгүй хувийг төлөх ёстой гэжээ. Судлаачид үүнд өөрсдийн дүн шинжилгээ хийхийн тулд сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятадын зээлийн талаар бага багаар мэдээлэл цуглуулсан ч албан ёсоор Хятадаас хөгжиж буй орнуудад өгсөн зээлийн хэмжээ тодорхойгүй хэвээр үлдэв.   

Үүнээс болж олон улсын байгууллагууд болон тэдэнд зээл олгож буй хувийн хөрөнгө оруулагчид эрсдэлийг дутуу үнэлж болзошгүй гэж Рейнхарт анхааруулав. Тиймээс тэд “болгоомтой, бүр маш болгоомжтой” байх ёстой гэж Рейнхарт анхааруулав.  

Кармен Рейнхарт гэх эмэгтэй бол өмнө нь ОУВС-гийн Хятад дахь мэргэжилтэн байсан бөгөөд санхүүгийн хямралын талаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээчдийн нэг. Түүний хамгийн алдартай судалгааны нэг бол Харвардын Их Сургуулийн эдийн засгийн ухааны профессор Кеннет Рогоффтой хамтран бичсэн нь “Энэ удаад өөр байх болно: Найман зууны санхүүгийн бодлогогүй байдал” юм.  

НЭГ БҮС, НЭГ ЗАМ САНААЧИЛГА

Олон олон зээл Хятадын “Нэг бүс, Нэг Зам” санаачилгатай нягт холбогдоно. Бээжин тус санаачилгын тусламжтайгаар худалдааны шинэ зам бий болгож, шаардлагатай дэд бүтцийг бий болгоход бусад улс орнуудад туслахыг хүсэж байна гэдгээ баталдаг.

Гэвч, Хятадаас зээд авсан улс орнуудын зарим нь сүүлийн жилүүдэд Хятадтай тооцоо хийхэд хүндрэлтэй тулгарч эхэлсэн. Тухайлбал, Пакистан улс 2018 онд ОУВС-аас санхүүгийн тусламж хүсэж, Шри-Ланка өрийн хямралаас зайлсхийхийн тулд стратегийн чухал боомтоо ӨРИЙНХӨӨ ОРОНД Хятадад шилжүүлэхээс өөр аргагүйд хүрсэн түүхтэй.

Мальдив улс ч нийслэл Мале хотыг олон улсын нисэх онгоцны буудал болон Хулхумале хиймэл аралтай холбосон 2 км-ээс дээш урттай гүүрийг барьж дуусгасны дараа өрийн хэмжээгээ бууруулж, бүтцийн өөрчлөлт хийх тухай Бээжингээс гуйж, царай алдахаас өөр аргагүй байдалд орсон.

Зүүн өмнөд Европт, Балканы хойг дээр орших Монтенегро буюу Черногор Хятадын мөнгөөр ​​хурдны зам барьснаасаа болж санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Мөн Серби улсын хувьд ч Хятадтай хэд хэдэн төсөл дээр хамтран ажиллаж байх жишээтэй.  

Олон улсын санхүүгийн байгууллагуудаас Хятад улс зээл олгохдоо юугаараа ялгаатай вэ гэхээр тэд ихэвчлэн зах зээлийн хүүгээр зээл олгодог бөгөөд заримдаа БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН хэлбэрээр БАРЬЦАА ХӨРӨНГӨ шаарддаг.

СУРГАМЖИТ ҮЛГЭР

Хамгийн алдартай тохиолдол бол Венесуэлд Хятад зээл өгсөн ба зээлээ буцааж төлөхдөө ГАЗРЫН ТОСоо өгөв. Тэгэхээс ч өөр сонголт Венесуэлд байгаагүй. Учир нь, Венесуэлийн эрх баригчид 2007 оноос хойш Хятадаас 50 гаруй тэрбум ам.долларын тусламж гараа тосон авсан. Ингээд яван явсаар 2016 онд Венесуэл Хятадуудтай бүтцийн өөрчлөлт хийх, төлбөрийг хойшлуулах талаар аль хэдийн тохиролцсон. Одоо ч гэсэн дахин тохиролцоо хийхийг оролдож байгаа юм.

Ангол, Эквадорт мөн л адил Хятадаас зээл авахыг хүсдэг. Тэд газрын тосоо зээл авахдаа ашигладаг.

Мөн Бээжин зээл авагчдад “булингартсан” ил тод бус зээлийн нөхцөл тавьж байгааг мэргэжилтнүүд онцолдог. Хятадууд “Нэг бүс, Нэг зам” санаачилгынхаа тусламжтайгаар стратегийн зорилгодоо хүрэхийн тулд бусад улс орнуудыг ӨРИЙН УРХИНД оруулахыг оролдож байна гэсэн шүүмжлэлийг Бээжин үгүйсгэсээр ирсэн нь бодит байдал.

Гэвч Хятадын зээл олгодог энэ үйлдлийг Ерөнхийлөгч асан Трампын Засаг захиргаанаас уг албан тушаалд нэр дэвшсэн Дэлхийн Банкны Ерөнхийлөгч Дэвид Малпасс саяхан шүүмжилсэн.

“ОУВС, Дэлхийн Банкнаас хөгжиж буй орнуудын өрийн хэмжээг тодорхой болгож тогтоох гэж оролдох үед Хятадаас зээл авсан орнууд Хятадтай нууцыг задруулахгүй байх “Нууцын гэрээ” гэгчийг байгуулсан гээд энэ талаар огт мэдээлэх боломжгүй” гэж Малпасс ярьж байв.

Дэвид Малпасс /David Malpass/ – Америкийн эдийн засагч, 2019.04.05-наас хойш Дэлхийн Банкны Ерөнхийлөгч. 2017-2019 онд Сангийн Яамны Олон улсын асуудал эрхэлсэн дэд сайд. 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Дональд Трампын эдийн засгийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан.

“Нэг бүс, Нэг зам” санаачилгад нийтдээ 70 орчим орон оролцож нэгдсэн. Тэдний дунд түүхий эдийн зах зээлийн өсөлтийн үеэр ч Хятадуудаас зээл авсан түүхий эдийн том том экспортлогчид ч бий. Харин одоо дэлхийн эдийн засгийн хямрал тэдгээр том том экспортлогчдын санхүүгийн байдлыг ч доройтуулж эхэлсэн.

Ингээд, ноднингийн гуравдугаар сард хөгжиж буй орнуудын бондын сангаас гарсан урсгал нь Олон Улсын Санхүүгийн Хүрээлэн /IIF/-гийн мэдээлснээр, 31 тэрбум ам.доллар болсон нь 2008 оны аравдугаар сарын хямралаас хойших дээд амжилт болов.

“JPMorgan Chase”-аас гаргасан хөгжиж буй улс орнуудын зах зээлийн бондын “EMBI Global” индекс 2020 оны эхний улиралд 15 гаруй хувиар унасан ба мөн ам.долларын ханш ч нэлээд өссөн.  

Бондын өгөөж нэмэгдэж, ханш унах нь хөгжиж буй улс орнуудад 5,8 их наяд ам.долларт хүрсэн гадаад өрийг дахин санхүүжүүлэхэд ихээхэн хүндрэл учруулах болно.

ӨР ТАВИХ БАС НЭГ ШАЛТГААН - КОРОНАВИРУС

Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн уналт нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж “Капитал Экономикс” /Capital Economics/-ийн хөгжиж буй зах зээлийн ахлах эдийн засагч Уильям Жексон анхааруулав. Хямралд өртсөн улс орнуудын нийгэм эрүүл мэндийн салбар, бизнес эрхлэгчид, хэрэглэгчдэд зориулж Засгийн газраас их хэмжээний төсвийн дэмжлэг шаардагдаж байгаа тул улс орны Засгийн газрууд гадаад өрийнхөө үйлчилгээг зогсоож, Хятадад өрөө төлж чадахгүй болж магадгүй гэж Жексон хэлэв. Энд нэг жишээ хэдэхэд, Эквадорын парламент Засгийн газартаа хандаж уриалга гаргасан.

Хятадын зээлийн дарамтад “дарагдсан” улс орнуудын өрийн нөхцөл байдал бүр ч дордох магадлалтай. Ялангуяа, сүүлийн хугацаанд ханш нь унасан түүхий эдийн томоохон экспортлогч орнуудын хувьд.

Эдийн засаг нь газрын тосны экспортоос ихээхэн хамааралтай Нигери улс гэхэд л 2017 оны эцсийн байдлаар Хятадад 2 тэрбум ам.доллароос багагүй өртэй байсан тухай албан ёсны статистик мэдээллээс харж болно. Энэ бол 3 жилийн өмнөх тоо. Одоо жинхэнэ бодит тоо хэд байгаа нь тодорхойгүй байгаа юм. Харин бодит байдал дээр Рейнхарт тэргүүтэй эдийн засагчдын тооцоолсноор, Нигерийн Хятадад төлөх өрийнх нь хэмжээ хоёр дахин их, бүр түүнээс ч их гэжээ. Одоо Нигерийн Засгийн газар дахиад л Хятадын “Экспорт-Импорт” банк /EXIM BANK/-наас 17 тэрбум ам.доллар зээлэх гэж оролдож байна. Үүнийгээ тэд Дэлхийн Банк, Африкийн Хөгжлийн Банк эдийн засгийн хямралын үед Нигери улсад зээл олгох хүсэлгүй байгаатай холбож тайлбарладаг.

Африкийн зэс экспортлогчдын хамгийн том төлөөлөл бол Замби улс. Тэд мөн л Хятадаас өр зээл авсан гэдгээ ний нуугүй мэдэгдэж байсан ба Хятадууд ч идэвхтэй зээл олгосон.

Замби улсын Сангийн Яам 11,2 тэрбум ам.долларын өрийн бүтцийн өөрчлөлтийн талаар банкуудаас зөвлөгөө авахыг хүссэн гэж “Блүүмберг” /Bloomberg/ мэдээлж байв.

Дэд бүтцийн томоохон төслүүдэд Хятадын “Экспорт-Импорт” банк, Хятадын Аж үйлдвэр, Худалдааны банк, Саудын Арабын Хөгжлийн сангаас олгосон зээлийн хэмжээ нийт нэг тэрбум ам.доллар гэж “Блүүмберг мэдээлэв.

“Ер нь дэлхийн улс орнуудын гадаад өрийн дийлэнх хэсэг нь  Хятадтай холбоотой” гэж “Citigroup Global Markets”-ийн шинжээчид тайландаа бичжээ. Шинжээчдийн дүгнэснээр, хэрэв Хятад хөгжиж буй орнууд өрийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргалаа гэхэд Бээжин тэдний хүсэлтийг хүлээн авч, нааштай шийдэж өгөх эсэх нь үнэхээр тодорхойгүй байгаа гэлээ. “Хятадууд өөрсдөө ч одоо маш хүчтэй “цочрол”-оосоо дөнгөж сэргэж эхэлж байгаа бөгөөд тэдэнд ч бүрэн сэргэх нөөц хэрэгтэй байна гэж шинжээч мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм.

БАС НЭГ ШИНЭХЭН СУРГАМЖ

Саяхны нэг жишээ байна. Уганда улсын эрх баригчид улсынхаа цорын ганц “Энтеббе” олон улсын нисэх онгоцны буудлыг Хятадууд алдсан мэдээлэл “economictimes” вэб хуудсанд нийтлэгджээ. Энэ нь Уганда улс Хятадаас авсан зээлээ буцааж төлж чадахгүйн улмаас зээлийн  барьцаанд тавьсан олон улсын нисэх онгоцны буудлаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн сургамжтай үйл явдал болов. Ингээд Хятад улс Угандагийн агаарын гол боомтод ЭЗЭН СУУЛАА.

Орон нутгийн хэвлэлд мэдээлснээр, Уганда улс яаралтай төлөөлөгчдийн баг бүрдүүлэн Бээжин рүү хэлэлцээ хийхээр илгээсэн ч Хятадын “Экспорт-Импорт” банк өртэй хүмүүстэй уулзаж, хүлээн авахаас ТАТГАЛЗЖЭЭ. Ийнхүү Уганда улс Хятадад ЕРДӨӨ 207 сая ам.долларынхоо өрөнд цор ганц олон улсын нисэх онгоцны буудлаа “тавиад туув”.

Засгийн газар нь Хятадаас авсан өр зээлээ зүй зохистойгоор захиран зарцуулахдаа туйлын хангалтгүй ажилласандаа гэмшээд, Ерөнхийлөгч Йовери Мусевени харамсаж буйгаа илэрхийлж, ард иргэдээсээ уучлалт гуйв. Гэвч, гуйж гувшаад ч нэгэнт тусыг эс олов.

Мөнгөнөөс болж эцэстээ улсынхаа ганц нисэх онгоцны буудлыг Хятадууд алдсан нь 1986 оноос хойш улс орноо удирдаж буй “мөнхийн Ерөнхийлөгч” Йовери Мусевенигийн нэр хүндэд хүнд цохилт болох нь гарцаагүй гэж орон нутгийн хэвлэлүүд нь мэдээлээд эхлэв. Йовери Мусевени бол цус асгаруулан олон хүний халуун амийг золисон иргэний дайнаар засгийн эрхэнд гарсан нэгэн.

“Энтеббе” бол улсдаа цор ганц олон улсын нисэх онгоцны буудал бөгөөд жилд 1,9 сая гаруй зорчигч хүлээн авах хүчин чадалтай.

Энэ мэтээр Африкийн зарим улс орноос авхуулаад дэлхийн хэд хэдэн улс яаран сандран эсхүл зохих хяналтгүйгээр Хятадтай байгуулсан гэрээнийхээ дараа зээлээ төлж чадахгүй байдалд орж, улмаар үндэсний хөрөнгөө Хятадуудад хураалгаж, Бээжингийн хяналтад орцгоох боллоо.

(Эх сурвалж: Economic Times; CNBC; Financial Times; Vesti; RenTv)  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Замч
Замч
2021-11-29 17:48

Хог вирус хятад ч Монголыг яг энэ байдлаар удахгvй з####гих аюул тэнэг Монголчуудын емне айсуй энэ бол гамшиг Монголчууд бид энийг бодох цаг хаяанд ирснийг санах шаардлага тулгарлаа.

Холбоотой мэдээ

Back to top button
1
0
Would love your thoughts, please comment.x
()
x