НийгмийнЯрилцлага

Т.Хан-Очир: Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй Хасыг бүтээхийг хүсэж байна

Төрийн шагналт, Ардын жүжигчин, Зууны манлай хөгжмийн зохиолч Ж.Чулууны мөнхийн бүтээл “Уран Хас” балетыг контемпорари хэлбэрээр тайзнаа анх удаа “амилуулах” гэж байна. Монголын сонгодог урлаг, бүжгэн жүжгийн ноён оргил болсон  тус бүтээлийг дэглээч Ё.Дамчаабадгар, DJ Итгэл нар контемпорари хэв маягт оруулан бүтээж байгаа юм.

Монголын контемпорари балетын хөтөлбөр (МКБХ)-өөс санаачлан “Чулуун” сантай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Уран Хас” контемпорари балетыг Монголын урлагийн зөвлөлийн санаачилсан “Моушн Монголия” контемпорари бүжгийн олон улсын II наадамд зориулан бүтээж буйгаараа онцлогтой.

Арванхоёрдугаар сарын 1-2-нд тайзнаа тоглох “Уран хас” контемпрари балетын Хасын дүрийг бүтээж буй УДБЭТ-ийн балетын бүжигчин, СТА Т.Хан-Очиртой ярилцлаа.

 -“Уран Хас” балетыг контемпрари хэлбэрээр анх удаа тоглон, гол дүр Хасыг та бүтээх болсон. Өмнө нь контемпорари балетад тоглож байсан уу?

-Модерн бүжигт анх удаа гоцлох гэж байгаа минь энэ. “Уран Хас”-ыг модерн хэлбэрээр тоглоно гэж ёстой төсөөлж ч байгаагүй. Ийм алдартай бүтээлийг шинэ хувилбараар тавих гэж буй нь надад өвөрмөц, онцгой санагдаж байна.

-Хасын дүрд тоглох балетын жүжигчнийг ямар шалгуураар сонгов. Таныг тоглуулах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ?

-Монголын урлагийн охь болсон “Уран Хас” балет бүжиглэхийг балетчин бүхэн хүсдэг. Би ч мөн адил. “Уран Хас”-д тоглох тэгээд бүр Хасын дүрийг бүтээх боломж олдсонд үнэхээр их баяртай байна. Өөрийгөө шинээр нээх, хөгжүүлэх, ур чадвараа ахиулах том боломж. Ямар ч бүтээлийн гол дүрд тоглоно гэдэг нэр хүндийн хэрэг. Үүний сацуу уран бүтээлчээс асар их үүрэг, хариуцлага шаарддаг. “Уран Хас” контемпрари балет ямар хэмжээнд тавигдах, олны хүлээлтийг давах, хүндлэлийг нь хүлээх эсэх надаас их шалтгаална. Тиймээс өдөр бүрийн бэлтгэл дээр бүхнээ дайчлан, хичээж байгаа.

-Одоо бэлтгэл ид үргэлжилж байна. Энэ удаагийн “Уран Хас” юугаараа өвөрмөц, онцгой вэ?

“Уран Хас”-ыг бүх зүйл өөр, өвөрмөц. Хөгжмийг нь ч мөн орчин үеийн хэв маягт оруулсан, шинэчилсэн. Бид УДБЭТ-т ажиллахынхаа хажуугаар “Уран Хас” жүжгийг тоглох гээд өдөр бүр бэлтгэл хийж байгаа. Ядрах, бэртэх тохиолдол зөндөө. Дуртай зүйлээ хийж, чанартай уран бүтээл тоглохын төлөө зүтгэж байгаа болохоор тэр бүхнийг тоодоггүй, гүрийдэг. Өдөр бүрийн бэлтгэлээ аз жаргалтай хийн, эрч хүч, кайф авч байгаа. Тайзан дээр бүжих, дүрээ амилуулах нь жинхэнэ күүл мэдрэмж.

-Хан-Очир бүжиж буй гэдэг талаасаа Хасын дүрийг юугаараа өөр, шинэлэг бүтээхийг хүсэж байна вэ?

-“Уран хас” контемпрари балет нь өөртөө итгэлтэй байж, бусдаас хамаарахгүйгээр зорьсноо бүтээн, мөрөөдөлдөө хүрэх талаар өгүүлдэг. Үүнийг Хас, Халиун хоёрын дүрээр илэрхийлсэн. Бүжгэн жүжигт орчин үеийн бүтээлч залуу Хас хүлээн зөвшөөрөгдөхгүй, бусдын хандлагаас хамааралтай байгаадаа хэрхэн шаналж буй хийгээд дурлалт бүсгүйтэйгээ хамт бэрхшээлийг даван туулж амжилтад хүрч чаддаг тухай өгүүлнэ. Өөрсдийгөө хайрцаглаж бусдын бодож, хэлж байгаагаас хамааралтай оршихуй нь бидний тархинд байдаг гэдгийг тэд ухаардаг юм. Тиймээс би илүү өөртөө итгэлтэй, эрч хүчтэй Хасыг бүтээхийг хүсэж байна.

-Таны аав балетчин. Таныг энэ мэргэжлийг сонгоход хэр нөлөөлөв?

-Намайг хоёр настай байхад манайх Украинд нүүж очсон юм. Би тэнд өссөн. Багын урлагт дуртай, сонирхолтой хүүхэд байлаа. Балетчин болохыг багаасаа мөрөөдсөн. Аав минь мэргэжлийн балетчин, УДБЭТ-ын бүжигчин байсан юм. Намайг энэ мэргэжлийн сонгоход аав их нөлөөлсөн. Аав шигээ мундаг балетчин болох хүсэлтэй байлаа. Үүнийгээ аавд хэлэхэд зөвшөөрөөгүй, эсэргүүцсэн. Ээж минь “Юу ч гэсэн оролдоод үзэхгүй юү” гээд дэмжиж билээ. Олон зуун хүүхдээс тэнцэн, Киевийн их сургуульд тэнцэхэд аав минь хүлээн зөвшөөрч, дэмжсэн юм.

-Киевийн Улсын их сургуулийг балетчин мэргэжлээр төгссөн юм билээ. Хэчнээн жил бүжиглэж байгаа билээ?

-Киевийн их сургуулийг балетчин мэргэжлээр 2008 онд төгссөн. Түүнээс хойш өнөөг хүртэл бүжиглэж байна. Сургуулиа төгсөөд Киев, Серби, Одессийн үндэсний театрт балетчинаар ажилласан. Эх орондоо амьдрах, ажиллах хүсэлдээ хөтлөгдөн 2010 онд Монголдоо ирсэн юм. Түүнээс хойш УДБЭТ-т ажиллаж байна.

-Монголдоо ажиллах, амьдрах хүслийг тань юу хамгийн их татав?

-Хэдийгээр би хоёр настайгаасаа 20 гаруй жил гадаадад амьдарсан ч тэнд харийн хүн, хүний нутагт буйгаа үргэлж мэдэрдэг байлаа. Би эх орондоо хайртай. Гадаадад ажиллах мэдээж хангамж, цалин талаасаа хамаагүй илүү. Гэхдээ би энд ажиллаж, амьдрахыг илүүд үзсэн юм. Монголынхоо тайзан дээр бүжиглэх, монголчуудынхаа дунд байх л хамгийн сайхан.

Т.ХАН-ОЧИР ГЭЖ ХЭН БЭ

-2008 онд Киевийн Улсын сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгссөн

-2008-2009 онд Киевийн үндэсний театрт балетын жүжигчин

-2009-2010 онд Сербийн үндэсний театрт балетын жүжигчин

-2010 онд Одессийн үндэсний театрт балетын жүжигчин

-2010 оноос УДБЭТ-т балетын жүжигчин          

БҮТЭЭСЭН ДҮРҮҮД:

-Ц.Пуни “Вальпургийн шөнө” Чөтгөрийн гоцлол

-Л.Минкус “Пахита” олуул хэсэг

-П.И.Чайковский “Хунт нуур” олуул хэсэг, па де труа, алиа салбадай

-П.И.Чайковский “Щелкунчик” хятад бүжиг

-А.Адан “Корсар” гоцлол

-Жан Шнейцхоффер “Сильфида”

-Ж.Бизе “Кармен” олуул хэсэгт

-Л.Делиб “Цэнхэр нүдэн бүсгүй”

-П.И.Чайковский “Нойрссон гүнж”

-З.Хангал “Эрдэнэсийн охид”

-Э.Чойдог “Чойжид дагина”

-Н.Римский-Корсаков “Щехерезада”

-Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг”

-А.Батдэлгэр “Гэсэр Номун хаан”

-Л.Минкус “Дон Кихот”

-Ж.Чулуун “Уран Хас”

-Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”

-А.Хачатурян “Спартак”

-Л.Минкус “Дон Кихот”

-Ж.Мэнд-Амар “Үйлийн гурван толгой”

-А.Хачатурян “Спартак”.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-11-30 10:18

woow gaihaltai

Зочин
Зочин
2021-11-30 10:33

Урлаг уран сайхан гээдэг ямар гоё юм бэ.

Зочин
Зочин
2021-11-30 17:36

Амжилт хүсье

Холбоотой мэдээ

Back to top button