Нийгмийн

Амьдралд нь хагацал тохиосон өдрөө "Гэм зэм”-ийн тайзнаа жүжиглэсэн Ш.Доржсүрэнтэй ярилцлаа

Монголд анх удаа “Гэм зэм” постдрамын жүжиг тайзнаа амилаад зургаа хонож байна. Арваннэгдүгээр сарын 30-нд буюу өчигдөр эл жүжиг тайзнаа буухын өмнө жүжигчин Ш.Доржсүрэнгийн аав тэнгэрийн оронд заларсан билээ. Гэвч тэрбээр олон өдрийн хамтын хүч хөдөлмөрийг талаар болголгүй жүжгийн цагаас хоцролгүй ирж, Лужингийн дүрээр тайзыг эзэгнэсэн юм. Иймээс МУСТА жүжигчин Ш.Доржсүрэнтэй жүжигчин байхын зовлон, жаргал болон “Гэм зэм” постдрам жүжгийн талаар ярилцлаа.

-АМЬДРАЛ ЯГ Л ЖҮЖИГ ШИГ, ЭХЭЛСЭН БОЛ ТӨГСДӨГ ЮМ БАЙНА-

-Юун түрүүнд танд эмгэнэл илэрхийлье. Урлагийн хүн байх хэцүү. Амьдралынхаа хамгийн баяр, гунигт мөчдөө тайзан дээрээ зогсдог гэлцдэг. Энэ үгийг өнөөдөр тантай ярилцахаар ирээд дэргэдээс нь ойлгож мэдэрлээ. Гэхдээ та хагацлын мэдээ сонссон өдрөө тайзан дээрээ юу ч болоогүй юм шиг байж чадлаа. Сэтгэл санаа тогтож өгөхгүй үймэрч, зөрчилдөж байв уу?

-Хийх ёстой зүйлээ л хийж байна даа. Амьдрал яг л жүжиг шиг эхэлсэн бол төгсдөг юм байна. Өнөөдрийн жүжигтээ дүрээ гарган тоглож байхдаа амьдралын тухай л эргэцүүлж, бодит байдалтай эвлэрч байлаа. Надад ч ийм өдөр ирнэ байх. Гэхдээ үзэгчдийн өмнө найруулагчийн гүйцэтгээрэй гэсэн зүйлийг хийгээд дуусгаж чадлаа. Энэ дүрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ гэж бодож байна.

Би хүний дээд хадмуудтай. Сайн ханьтай. Ачлалтай сайхан хүүхдүүдтэй. Тэд минь өнөөдөр арыг минь даагаад үлдсэн дээ.

-СОНГОДОГ ЖҮЖГЭЭР ГАРААГАА ЭХЭЛЖ, ХОШИН УРЛАГТ ХӨЛ ТАВЬСАН-

-Үзэгч, уншигчид таныг хошин урлаг болон кинонд дүр бүтээдгээр нь их мэднэ. Та энэ удаа сонгодог урлагт орсон нь онцлууштай. Анх “Гэм зэм” постдрамын жүжигт тоглох урилгыг хэрхэн хүлээж авав.

-Би олон мундаг найруулагчтай хамтран ажиллаж байсан юм. Тэдний нэг бол М.Батболд найруулагч л даа. Тиймээс М.Батболдынхоо урилгыг үнэхээр баярлан, олзуурхаж хүлээж авсан. Алдаж боломгүй завшаан учраас энэ жүжигт тоглохоор болсон юм.

Оюутан байхдаа “Ромео Жульетта”, “Тамгагүй төр” зэрэг сонгодог жүжигт тоглож байлаа. Би чинь сонгодог жүжгээр анхны гараагаа эхлүүлж дараагаар нь хошин урлагт хөл тавьсан юм. Харин дараа нь кино урлагт орсон.

-“Гэм зэм” постдрам жүжиг үзэгчдэд хүрснээс хойш тухайлан тань дээр сайшаал болон шүүмжүүд хөврөх болсон. Нэг талд таныг супер монологи уншсан гэх ч нөгөө талдаа санасанд хүрсэнгүй хэмээх нь бий. Эдгээр шүүмжийг юу гэж харж байна вэ?

-Шүүмжүүд гарсан ч би тэр болгоныг нь уншаагүй. Гэхдээ найруулагчийнхаа хүслээр л явахыг их хичээлээ. Тиймээс үзэгчид ямар цохилтоор яаж хүлээж авч байгааг сайн мэдэхгүй юм. Нэгэнтээ энэ жүжгийн багт шумбан орсон учраас найруулагчдаа толгойгоо базуулна. Үг үйлдэл сэтгэл минь найруулагчийнхаа хэлээд байгаа тэр санаанд л шигдэнэ. Миний хувьд Суут зохиолч Ф.Достоевскийн бичсэн зохиолын жүжигт тоглож байгаадаа бахархалтай байна. Гэвч үзэгчид яаж ойлгох нь тэдний дурын асуудал байх.

-Сонгодог жүжгийн үгийг өөртөө суулгахад хүндрэл байв уу?

-Жүжигт маань дэндүү ухаантай үг их бий. Мөнхүү өөрөө өөртэйгөө зөрчилдөж буй хүнд элементүүдийг бичиж, гаргасан зохиолч Ф.Достоевский үнэхээр агуу хэмээн шагшсаар л байна. Ийм агуу хүнээс гарсан тэр хүнд зүйлсийг өөрөөсөө гаргах гэж ихээхэн зүдэрч явна.

-Жүжгийн үеэр өөртэйгөө зөрчилдөж хоёр давхрын шатаар дээш гардаг. Тийм их энергиэр шатаж дүрээ тодотгож байхад тайзны шийдэл, онцлогтой шатаар дээш гарахад унах гэж байгаа мэт түгшүүр төрүүлж байна лээ. Танд уначихвий гэсэн айдас байв уу?

-Тайзны маань шийдэлд шат маань түшлэггүй учраас тэгсэн байх. Гэхдээ унасан ч баярлахаар байлаа. Та тэр шатны догонцож байгааг их соргог ажиглажээ. Хэрэв шатны догонцооныг миний монологитой хамт мэдэрч, ойлгож чадсан бол “Би хийх гэснээ хийсэн юм байна” гэж бодон баярлаж сууна. Тайзны шийдэл ямар ч бай жүжигчид тийм зүйлээс сандраад байдаггүй.

-ЗАЛУУСЫГ ХАРААД ЦАГ ҮЕ ӨӨР БОЛСНЫГ ОЙЛГОСОН-

-“Гэм зэм жүжгийн багийг харахад залуу жүжигчид их байна. Таны харж байгаагаар залуучууд ур чадвар, үзэл санааны хувьд хэр түвшинд байна вэ?

-Д.Лхагвын жүжиглэлтийн төгсгөл хэсэг дээр ах нь уйлж байлаа. Раскольников гэдэг дүрд орж түүнийхээ зовлон бэрхшээл бүх юмыг гурван цагийн туршид тээж явахын зэрэгцээ үзэгчдэд ойлгуулж, найруулагчийн санааг гаргасан гэж харж байна. Мөн намайг залуу үед жүжгийг "жүжиг шиг хардаг байсан. Харин одоо үед жүжгийг амьдрал гэж харж байна.

Түүнчлэн үзвэр үзэж буй үзэгчдийг харахаар залуучууд их байна. Үнэхээр мундаг ирээдүй үүнээс харагддаг. Тэднийг ном уншдаггүй, утас их оролдлоо гэдэг ч үнэндээ танхимд суугаад сонгодог жүжгийг ойлгоод, хайрлаад, баяр хүргээд 200 жилийн өмнөх зохиолчийн хэлэх гэсэн санааг тусган авч байгаад үнэхээр бахдал төрж байна.

Залуус сонгодог жүжиг үзээд алга ташиж байгааг хараад “Цаг үе өөр болчихсон юм байна гэж бодогдсон.

-Анх жүжгийн зохиолоо уншаад ямар санагдав?

-Зохиолоо уншиж байхад найруулагчийн тавилт соронз мэт татсан. Зохиол өөрөө их том роман шүү дээ. Түүнийг жүжиг болгож бичээд бидэнд ойлгуулж, бидний зүрх сэтгэлийг хөдөлгөж чадаад үзэгчдийн алга ташилтаар дуусаж байгаа нь нөр их хөдөлмөр. Юу гэж ойлгохын эцэсгүй төгсгөлөөр дуусаж байгаа нь хүртэл найруулагчийн маш онцгой шийдэл гэж харсаар байна.

-Та өөрөө бас найруулагч хүн шүү дээ. Энэ жүжгийн найруулгыг ингэчих сэн гэх бодол төрж байв уу?

-Тийм зүйл бодох орон зай надад байгаагүй. Яагаад гэвэл өөрийнхөө амбиц, үзэл бодлоо тулгахын эсрэг хүн. Тиймээс зааварчилгааны дагуу тоглосон. Найруулагч маань ийм зүйлийг хүсэж байна гэхийн сацуу дүрд минь орон зай өгсөн. Найруулагч болон Достоевский гэсэн агуу улсын зүрх сэтгэл, сэтгэлгээгээр дүрээ бүтээлээ.

Жүжиг маань эхлэлээсээ төгсгөл хүртлээ өвөрмөц. Хүний санаанд оромгүй шийдэл ихтэй. Үзэгчдээ жүжгийнхээ нэг хэсэг болгож хамтдаа энэ бүтээлийг гаргадаг.

-Энэ жүжгийг үзээд кино, сонгодог жүжиг хийгээд жүжигчний тухайн нөхцөлд амьдарч байгаагаар нь гээд гурван зэрэг бүтээл үзэх шиг л санагдсан. Энэ олон зүйлээр нэгэн зэрэг жүжигчний урыг давхар харууллаа. Эдгээрийн хослол, тавилтыг дүгнэн хэлээд ярилцлагаа өндөрлүүлцгээе.

-Энэ их зүдэргээтэй. Тайзнаас камер, үзэгчдээ мэдрэх, найруулагчаа мэдэрч хүсэл санааг нь гүйцэтгэх гээд давхар давхар маш их контролтой байлаа. Гэхдээ ийм супер давхцалтай уран бүтээлд тоглож үзэх нь жүжигчин хүнд тохиох том аз юм шүү гэж олзуурхаж байна. Тайзны тоглолт стандарттай. Дээрээс нь камер өөдөөс өгчхөөр энэ дундуур яаж тоглох вэ гэдэг хэцүү болчхож байгаа юм. Одоо арваад хоног тоглож байж л аль алинтай нь харьцаж, учраа олж байх шиг байна.

 -Жүжигчин хүний амьдралын зовлон, жаргалыг хуваалцсанд баярлаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2021-12-01 18:14

Эээ ямар өрөвдмөөр юм бэ

Холбоотой мэдээ

Back to top button