ВИДЕО КОНТЕНТНийгмийн

БИЧЛЭГ: Япон улсыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний “нүдээр” харлаа

НҮДЭЭ АНИАД ЯВСАН Ч ЧАДНА

Нэг өдөр ердийнхөөрөө гэрээсээ гараад галт тэрэгний буудал руу алхав. Хоёр минутын дараа ирэх галт тэргээ хүлээн зогстол яг хажууханд цахилгаан шатны дуут дохио дуугарч тэргэнцэртэй өвөө түүнийг халамжлан алхах эмээгийн хамт бууж ирсэн бөгөөд тэднийг дүрэмт хувцастай нэгэн эр дагалдан буусан нь галт тэрэгний буудлын ажилтан бололтой. Гартаа уртхандуу хавтан барьсан байгааг анзаарсан ч өөр юм бодсонгүй. Удахгүй галт тэрэг ирж, хаалга нээгдлээ. Галт тэрэгний буудлын ажилтан мөнөөх хавтангаа буудлын тавцан болон галт тэрэгний шал хоёрын хооронд тавьсанаа, буцаж гүйж ирээд тэргэнцэртэй өвөөг чадварлаг гэгч нь түрэн дотогш оруулав. Гүйж гарч ирээд хавтангаа голоор нь эвхэж хурааснаа өвөө эмээ хоёр руу толгой бөхийн ёслох нь тэр.

Энэ бол миний амьдралдаа анх удаа харсан хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд үзүүлж буй “ЭЭЛТЭЙ ҮЙЛЧИЛГЭЭ” байв. Ийм үйл явдлыг Монголд хүндэтгэлийн ёслолын үеэр л харж болох байх. Гэтэл Японд энэ үйлчилгээг тэргэнцэртэй хүн болгон, хүссэн газраасаа авах боломжтой учир ер нь хүн гайхаж, баярлах үйлдэл биш, угаас л ийм байх ёстой гэсэн суурь болжээ.

Дараа нь автобусанд ийм үйл явдлыг ахин харав. Нэг их бороо шаагисан өдөр байсан учир хүүгээ цэцэрлэгээс нь дугуйгаар авах боломжгүй болж, автобусны буудал руу алхав. Бороо орж байсан хэдий ч хүмүүс ковид19-өөс үүдэн бие биенээсээ зай барьж, шүхрээ барьсаар уртаа дараалал үүсгэн зогсож байв. Би урдхан талд зогссон учир энэ үйл явдлыг тун сайтар ажигласан билээ. Автобусны хаалга онгойж бүх зорчигчид гарч дууссаны дараа жолооч бууж ирээд арын хаалганы хажуугийн хайрцагнаас мөнөөх хавтанг гаргаж ирээд автобусны шатнаас газар хүртэл сунгаж тавив. Тэгээд тэргэнцэртэй иргэнийг өөрөө түрж буулгаад, ёслон үдэв. Тэргэнцэртэй иргэн инээмсэглэн толгой дохиод цааш ганцаар явлаа. Ганцаараа шүү дээ. Нийтийн тээвэрт зорчиж хаа хүссэн газар руугаа явахад энэ тэргэнцэртэй хүнд хань бараа болж, өргөж зөөж туслах хүн хэрэггүй ажээ. Харин түүнийг нийгмийнх нь үйлчилгээ, ээлтэй орчин нь тосон авч, хань бараа болдог юм байна.

Энэ өдрөөс хойш Япон улсыг эгээ л “хувиргадаг нүдний шил” зүүчихсэн мэт хоёр өөр нүдээр харж эхлэв. Эхнийх нь энгийн л нүдээр, дараагийнх нь тусгай хэрэгцээт хүний нүдээр.

Тусгай хэрэгцээт гэхээр зөвхөн ХБИ биш тэргэндээ нялх хүүхдээ түрээд яваа ээж, тулгуур эртхэний бэрхшээлтэй болсон өндөр настай иргэд, жирэмсэн ээжүүд, хөл гараа гэмтээж бэртээсэн хүмүүс бас зайлшгүй тусгай хэрэгцээ шаардагддаг өвчинтэй хүмүүс ч орно. Тухайлбал, Япон ээжүүдийн үнэнч туслах бол хүүхдийн тэрэг. Дөрвөн нас хүрчихсэн манайх шиг том “залуу”-г ч тэргэн дээр нь суулгаад түрж яваа харагдана. Байсхийгээд л “тэврүүлнэ, ядраад байна, суумаар байна, амармаар байна” гэж үглэдэг тэднийг хүссэн үед нь тэргэн дээр нь суулгаад, буусан үед нь цүнх бараагаа тавиад нуруундаа огт ачаалал авдаггүй юм байна гэдгийг анзаарлаа. Тэгээд ахиад л Монголоо бодов. Хүүгээ тэрэгтэй нь өргөөд байрныхаа үүдний өндөр шатаар дээш доош мацахаас гадна, үүдний хаалга нугасгүй учир гараа хавчуулчих шахам нэг гараараа эсвэл нэг хөлөөрөө хүчтэй саваад, эргэн хаагдах хооронд тэргээ түрээд гүйж гарч амждаг байв. 120 мянгатын автобусны буудлын гүүрэн гарцаар хэдэн ч удаа хүүхдээ тэрэгтэй нь өргөөд дээш доош бууж, тэр бүрт дөнгөж төрсөн эхийн нуруунд яаж ч нөлөөлж байсан юм бэ дээ, бүү мэд. Монголын нөхцлийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэх байхаа. Тийм болохоор хүүхэд хөлд оруут бушуухан хүүхдийн тэргийг нь халж, аль болох өөрөөр нь алхуулж, болохгүй бол тэвэрч явсаар бид дасаж дээ.

Хүүхдийн тэрэгтэй алхаж яваа ээж хүүхдээ хоёр нас хүртэл нь тэргэнцэртэй иргэний амьдралаар “амьдарч” үзэж байгаа нь энэ юм. Гэвч бид хоёрхон жил уурлаж, бухимдаад, тэгэс ингэсхийгээд л болгоод дуусчихна. Харин тэд насаараа ийм дэд бүтэцтэй, ээлгүй орчинд амьдарч байгаа гэж бодоход… дотор давчидна.

Энэ мэт элдэв бодлууд толгойд олноороо эргэлдэх үе бий. Харин энэ жилийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг “Бэрх биш ээлтэй” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгааг сонсоод эрхгүй нэгийг бичмээр санагдлаа. Энэ аяны хүрээнд “ЭЭЛТЭЙ ТАВАН ОРЧИН”-ыг нэрлэж, байгууллага хамт олнуудыг өөрийн орчин тойрноо ээлтэй байдлаар тохижуулахыг уриалж байгаа юм. Харин энэ ээлтэй таван орчныг Япон улс хэрхэн шийдсэн болон бусад сонирхолтой шийдлүүдийг нь өөрийн хэмжээнд зураглан үлдээсэн юм. Би гэрээсээ гараад хоёр буудал газар явахдаа л эдгээр дүрсүүдийг авсан бөгөөд Токиогийн төвийн олон нийтийн газрууд дахь ХБИ-д зориулсан шийдлүүд бүр өндөр төвшинд байдаг тухай сонсож байсан билээ. Хэрэв дараа боломж тохиовол тэдгээр газруудаар ч очих үзэх бодол бий.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

НЭГ. БРАЙЛ ЗАМ НЬ ТАСАРДАГГҮЙ

Хамгийн атаархмаар зүйл бол энд браль шар зам огт тасардаггүй, яг стандартынхаа дагуу автобусны буудал, бусад чиглэл рүү салаалсан байдалтай байдаг. Ямар ч самбар очиж мөргөхгүй, ямар ч муу усны нүх рүү явж орохгүй, яаж ийгээд тасарч хүн төөрийлчихгүй гэхээр атаархмаар. Энэ замын бөөрөнхий цэгтэйгээр нь “зогсох”, шулуун зураасаар “явах” гэх. Хэрэв уг замын ойролцоо газар шороо, засварын ажил хийж дээгүүр нь хучилт хийсэн бол зайлшгүй оронд нь резинэн браль зам дэвсэх ёстой байдаг.

Япон улсад энэхүү галт тэрэгний зам руу харааны бэрхшээлтэй иргэд унаж бэртэж байсан тохиолдол цөөнгүй учраас аль болох аюулгүй байдлыг хамгаалахаар зарим газар өндөр хаалт хийж өгсөн байдаг. Гэхдээ энэ шар зураас бол харааны бэрхшээлтэй болон бэрхшээлгүй аль ч иргэнд цаашаагаа аюултай шүү, алхахыг хориглоно гэсэн анхааруулга болж байдаг. Хүүхдүүдэд ч "Шар зурааснаас цааш аюултай" гэж хэлэхэд тун ойлгомжтой байдаг шүү.

Мөн энд зогсож байхад ирж буй галт тэрэг “хаана ирсэн болон хаалга нээгдэж, хаагдаж байгааг, дараагийн буудал юу болохыг, аль чиглэлд зорчиж яваа" галт тэрэг болохыг заавал зарладаг. Ирэхэд нь, ирсэн хойно нь давтан зарлаж, галт тэрэгний ирэх цаг чиглэлийн хамт самбар дээр цаг минуттай нь, хоёр гурван хэлээр байршуулдаг учир Япон хэл мэдэхгүй байсан ч яаж ийгээд ойлгоод явах хэмжээнд бүх боломжоор хангасан байдаг.

ХОЁР. ГЭРЛЭН ДОХИО НЬ "ЯРЬДАГ”

Яг энэ шар замаараа явж ирээд сайтар сонсоно. Японы гэрлэн дохионууд ихэвчлэн ногоон гэрэл ассан үед дуут дохио дуугардаг онцлогтой. Өөрөөр хэлбэл хараагүй иргэд энэхүү дуут дохиогоор баримжаалан гарцаар гардаг. Гэхдээ нэг дор хоёр гэрлэн дохио ойролцоо байвал хоёр өөр дуут дохио үзүүлэх зохицуулалттай байдаг аж. Мөн зарим үед дэргэдэх хүмүүс нь туслах, тусламж хүсэх зэргээр зохицуулах газрууд ч бишгүй.

ГУРАВ. МАШИН ЗАМЫН УУЛЗВАРУУД НАЛУУ БАЙДАГ

Дээрх зурагт тун тодорхой харагдаж байна. Явган хүний замаар явж байгаад автозам туулах шаардлагатай болох үед ихэвчлэн ямар ч налуу зам байхгүй шууд л бордюраас огцом доошилсон эсвэл дээшилсэн байдаг. Хүүхдийн тэрэгтэй явах үедээ бид хүүхдээ тэрэгтэй нь өргөж буулгаж эсвэл урд дугуйг нь өргөж тавиад, дараа нь хойд дугуйг нь өргөх маягаар зохицуулдаг. Гэтэл тэргэнцэртэй иргэнийг өргөж буулгах тун хүнд, энэ л жижиг шалтгаанаас болж маш олон тэргэнцэртэй иргэн гэрээсээ ганцаар гарч чаддаггүй гэвэл та итгэх үү. Харин япон улсад унадаг дугуйн соёл өндөр хөгжсөний дээр ХБИ-д зориулсан дэд бүтэцдээ ач холбогдол ихээхэн өгдөг, өндөр настай иргэд хүн амын багагүй хувийг эзэлдэг учир бүх уулзваруудыг налуу болгож, тэдэндээ ээлтэй орчин үүсгэсэн байдаг.

ДӨРӨВ. ХӨТӨЧ БАРИУЛ ХАА САЙГҮЙ

Бидэнд тийм чухал биш учир нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй энэ нам дор газар байрладаг хөтөч бариул өндөр шатны дэргэд, өгсөх уруудах замд, цахилгаан шатанд гээд хаа сайгүй байдаг. Энэ бариулны эхлэл болон төгсгөл дээр хаашаа хөтөлж буйг, юуг анхаарах ёстойг, хаашаа эргэх гэж буй зэрэг мэдээллийг браль үсгээр шивсэн байдаг аж.

ТАВ. ЦАХИЛГААН ШАТ, ШАТ

Цахилгааны шатны тухайд ХБИ гэлтгүй хүүхдийн тэрэг, өндөр настай өвдөг хөл нь өвддөг иргэдэд зориулаад зайлшгүй ажиллуулж байдаг. Хоёр давхар газар байсан ч хоёр давхар руугаа гардаг цахилгаан шат заавал хийдэг.

Цахилгаан шат нь тэргэнцэр багтах зайтай том, браль үсэгтэй, давхар болон хаалга нээгдэж, хаагдаж буй зарладаг, хэдэн давхарт явааг харуулах самбар заавал байдаг. Мөн дотроо хөтөч бариул, бүсэлхийнээс доош байрласан товчлуур заавал нэг байна.

ЗУРГАА. ЗАРЛАН МЭДЭЭЛЭХ

Галт тэрэгний буудал болон дотор, автобусны буудал болон дотор ялгаагүй дараагийн буудлыг тод чангаар зарлан, зогсохдоо хаана зогсож буйг мөн давтан зарладаг. Галт тэрэг ирвэл ямар чиглэлийн галт тэрэг аль буудал дээр ирж зогссоныг зарлахдаа дараагийн зогсоолыг алдалгүй зарлаж өгнө. Галт тэрэг, автобуснаас гадна цахилгаан шатанд хаалга нээгдэж хаагдаж буйг, хэддүгээр давхарт ирж буйг заавал анхааруулан зарласны дараа хаалгаа хааж, нээдэг учиртай.

ДОЛОО. НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТУСЛАМЖ

Галт тэргэн доторх тэргэнцэртэй иргэн болон тэрэг түрсэн ээж нарын зогсох хэсэг

Галт тэрэгний буудлын ажилтан болон автобусны жолооч иргэдэд тэргэнцэртэйгээ зорчиход нь тусалдаг. Галт тэрэгний тухайд суух газрынхаа ажилтанд эхлээд мэдэгдээд, суух кабинаа тохиролцсоны дараагаар энэхүү дэлгэдэг жижиг тавцангийн тусламжтайгаар дотогш ордог. Ажилтан дараа нь энэ хүний буух буудлын ажилтантай холбогдож, хэддүгээр вагонд ямар хүн хэдэн цаг хэдэн минутад буух вэ гэдгийг мэдэгддэг. Ингээд буух газар нь мөн галт тэрэгний ажилтан хүлээгээд зогсож байдаг болохоор хүндрэлгүй.

Автобусны тухайд бүх иргэнд зориулагдсан нэг тухтай үйлчилгээ байдаг нь автобус зогсохдоо хаалган тал руугаа хазайж, доош сууж өгдөг. Ингэж газартай илүү ойрхон болгосноор өндөр настай хүн, хүүхэд , жирэмсэн ээжүүд болон гэмтэж бэртсэн хүмүүст бууж суухад илүү хялбар болж байгаа юм.

Зургийн эх сурвалж: Japan Times

Автобусанд мөн тусгай газар хадгалдаг энэ хавтанг жолооч гаргаж ирээд өөрийн биеэр тэргэнцэртэй иргэнийг дотогш аюулгүй оруулж өгөөд, тэргэнцэр байрлуулах зориулалттай хэсэгт хүргэдэг. Энэ хэсэгт дээш сойж хураах боломжтой хоёр сандал байдаг бөгөөд тэргэнцэртэй хүн орж ирэхэд хураагаад, иргэний тэргэнцэрийг доор нь өнхрөхөөс хамгаалан бэхэлж өгдөг.

НАЙМ. АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ

Нийтийн ариун цэврийн өрөөнд эсвэл яг дэргэд нь заавал ХБИ-нд болон хүүхэдтэй яваа ээжид, тусгай ариун цэврийн хэрэгтэй өвчтэй хүнд зориулагдсан тусдаа өрөө байдаг.

Энэ өрөөнд тэргэнцэр бүтэн эргэх зай талбайтай, ус татах товчлуур хойноо биш хажуудаа, суултуурын хоёр талт дэмжлэг болох бариул зайлшгүй байдаг, тэргэнцэртэйгээ угаалтуур ашиглах боломжтой байх, толь нь доош өнгийсөн байх эсвэл тэргэнцэртэйгээ харах түвшинд байршуулах, тусламж дуудах товчлууртай байх зэрэг хэд хэдэн үзүүлэлттэй байдаг шиг харагддаг.

Харин дараагийн буудал дээрх ариун цэврийн өрөө суултуурынхаа хажууд жижиг угаалтууртай, гар арчих цаастай байсан бөгөөд нэмэлтээр дэлгэгддэг ортой байгааг харж байна. Нэмж хэлэхэд Японы ариун цэврийн өрөөнд 00-ийн цаас нь зүгээр л өрөөтэй байж байдаг.

ЕС. АВТО ЗОГСООЛ

Олон нийтийн газруудын авто зогсоол болгонд хоёроос дээш, ядаж л нэг ширхэг тусгай авто зогсоол байдаг. Тусгай гэдэг нь тэмдэг тэмдэглэгээтэй, мөн энгийн зогсоолыг бодвол хоёр талдаа том орон зайтай. Энэ нь тэргэнцэртэй эсвэл бусад хэрэглэгдэхүүнтэй иргэдийг бууж суухад ердийнхөөс арай илүү зай хэрэглэгддэгтэй холбоотой. Мөн хамгийн гол нь ийм зогсоолууд орох гарах хаалгатай хамгийн ойр зайд байх ёстой. Ийм зогсоолуудыг мөн зөвхөн ХБИ-д биш бие давхар, өндөр настай, гэмтэл бэртсэн авсан гэх зэрэг тусгай хэрэгцээтэй хүмүүс ашиглаж болдог.

АРАВ. ХААЛГА, НАЛУУ ЗАМЫН СТАНДАРТ НЭГ

Дээрх асуудлуудаа нэгэнт шийдэж чадсан улсад дэлгүүр хоршоонуудын хаалгыг ямар нэгэн өндөрлөг, босгогүй болгох, тэргэнцэртэй иргэн орж гарахад багтах өргөнтэй байлгах, хаалганы бариулыг доор байршуулах зэрэг нь огт асуудал биш. Бүх л олон нийтийн газруудын хаалга автоматаар нээгдэж хаагддаг байхын зэрэгцээ хаана ч тэргэнцэртэй иргэн явах боломжийг бүрдүүлсэн орц гарц бүхий налуу замуудыг шийдэж өгсөн байдаг нь суралцууштай санагдана.

Ай даа, суралцууштай гэж мөн сайхан үгээ. Улс орон даяар ийм болохын тулд жижиг нэгжээс, байгууллагаас, хамт олноос, иргэнээс, танаас, надаас ч бас эхлэх билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button