НИЙГЭМ

Судалгаагаар нийт нутгийн 2.6 хувь зудын их эрсдэлтэй гэж гарчээ

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргалаа.

Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2021-2022 оны өвөл хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.

Энэ жил зуншлага ихэнх нутгаар хэвийн сайн байсан бөгөөд наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд сайн, 20 орчим хувьд дунд, Дундговь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын ганц нэг сумдын нутгаар муу үнэлгээтэй байсан байна.

Арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 40 гаруй хувьд цастай байгаагаас Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг, Хархираа Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 20.1 см-ээс их, Баян-Өлгийн Сагсай, Булган, Увсын Малчин, Хяргас, Баруунтуруун, Баянхонгорын Эрдэнэцогт, Баян-Овоо, Хөвсгөлийн Чандмань-Өндөр, Цэцэрлэг, Ренчинлхүмбэ, Өвөрхангайн Хайрхандулаан, Хэнтийн Жаргалтхаан, Дадал, Сүхбаатарын Түмэнцогтод 6-20 см, бусад нутагт 0-5 см цастай байна.

Зудын эрсдэлийг тооцоолж, 2021 оны арваннэгдүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зургаас үзвэл нийт нутгийн 2.6 хувьд их, 10.8 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай гарсан.

Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Төв аймгуудын зарим хэсэг эрсдэл их гэсэн зэрэглэлд байна. Зудын эрсдэл их байгаа газарт Баян-Өлгийн Цэнгэл, Булган, Төвийн Баяндэлгэр сумд болон Баян-Өлгийн Алтай, Увсын Сагил, Наранбулаг, Ховдын Булган, Үенч, Цэцэг, Говь-Алтайн Бугат, Завханы Алдархаан, Баянхонгорын Баянлиг, Төвийн Баян, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдын ганц нэг багийн нутаг хамрагдаж байна.

Өнгөрсөн зун бороо хур элбэг, нэгжийн ургац сайн улмаар бэлчээрийн нөөц, даац хүрэлцээтэй гарсан, мөн арванхоёрдугаар сард дунджаас дулаан, цас багатай байх төлөвтэй байгаа нь зуд турхан үүсэх нөхцөл бага байгааг харуулах боловч цасгүй газарт мал хараар зутрах, бэлчээр ашиглах боломж муудах нөхцөл үүсэх талтай юм.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрд зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x