Нийгмийн

Х.Цасчихэр: Эзэмшсэн мэргэжлээ гэр бүлийн хүн шигээ хүндэлж, хайрлах хэрэгтэй

Тайз дэлгэцийн 30 гаруй бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. “Маск” продакшны жүжигчин, “Риакшн” продакшныг үүсгэн байгуулагч, захирал Х.Цасчихэртэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Өдрийн мэнд. Ярилцлагаа яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсноос эхэлье.

-Ээж маань эмч, аав минь Төмөр замын техникумийг төгссөн инженер хүн байдаг. Хүүхэд байхдаа дуучин болно гэдэг мөрөөдөлтэй, түүндээ хөтлөгдөөд “Хүүхдийн ордон”-ы дууны дугуйланд ээжээсээ гуйсаар байгаад төлбөрийг нь төлүүлээд сурч байсан юм.

Гэтэл яг их сургуульд сурах болтол ээж маань “За миний хүү эмч болдог юм шүү дээ” гэхэд аав “Аавын хүү төмөр замд орно шүү дээ” гээд л эхэлдэг юм байна. Аав, ээждээ “Би дуучин болмоор байна” гээд хэлтэл намайг эсэргүүцээгүй. Дараагаар нь СУИС-ийн страдын дуулаачийн ангид шалгалт өгөхөөр явж байтал манай найз “Цасчихэр ээ, чи гоё дуулдаг юм чинь жүжигчин мэргэжлээр сураад, төгсөхдөө дуучин, жүжигчин гэсэн хоёр мэргэжилтэй болчихвол алах юм биш үү” гэсэн. Тэр үг толгой дотор эргэлдсээр байгаад л намайг жүжигчин мэргэжилд хөтөлчихсөн дөө. Харин шалгалтаа өгтөл тэнцээгүй. Тэгээд шарандаа дараа жилийг нь хүлээж байгаад дахиж өгч байж тэнцэж байсан юм.

-Найзынхаа хэлсэн үгнээс л жүжигчин мэргэжлийг сонгочихсон байх нь ээ.

-Тухайн үедээ яг л тэгсэн. Гэхдээ жүжигчний мэргэжил хүнийг өдөр ирэх тусам өөртөө татдаг. Өөрийгөө муу байгааг мэдрэхээрээ сайжрахын төлөө тэмүүлсээр байгаад гүн гүнзгий автаж, дурладаг сайхан мэргэжил. Жүжигчин Эрдэнэзаан ах “Одоо л яаж жүжиглэх учраа олчих гээд байна” гэж хааяа хэлдэг. “Та ийм мундаг жүжигчин байж юу яриад байгаа юм ахаа” гэдэг. Тэр хүнийг одоо болтол сургаж байна гэхээр миний мэргэжил маш ихийг сурах шаардлагатай вэ гэдгийг энгийн зүйлээр харуулчихдаг.

-БИ ДУУЛАХ ДУРТАЙ Ч ДУУЧНЫ МЭРГЭЖЛИЙГ ХҮНДЭЛДЭГ УЧРААС ДУУ ХИЙХГҮЙ-

-Багаасаа дуучин болохыг хүссэн юм чинь тэр мөрөөдлөө ч бас хаяагүй байх. Дуучин мэргэжил таны сэтгэлд одоо ямар орон зай эзэлж байна вэ, дуу хийх юм сан, цомог гаргах сан гэсэн хүсэл тээж явдаг уу?

-Тэгж боддоггүй. Итгэлтэйгээр үгүй гэж хариулна. Би мэргэжлийг хүндэлдэг. Би дуучны мэргэжлийг эзэмшиж чадаагүй. Тэгэхээр би дуулах сонирхолтой жүжигчин л гэсэн үг. Тиймээс мэргэжлийн дуучид шиг цомог гаргахыг хүсдэггүй. Гэхдээ би дуулах үнэхээр дуртай. Ямар сайндаа л ковер дуу хийх вэ дээ. Мэргэжлийг нь эзэмшиж чадаагүй юм чинь хүмүүсийн мэргэжлийг гутаамааргүй байна. Гэхдээ л би дуулах үнэхээр дуртай.

-Ер нь аль ч мэргэжилд мэргэжлийг нь эзэмшиж байж аливаа салбарт ажиллах хэрэгтэй гэж та үздэг байх нь ээ.

-Ер нь тийм. Мэргэжлийг хүндлэх хэрэгтэй. Жүжигчин мэргэжлийг эзэмшээгүй байж дүр гаргаад явдаг загвар өмсөгчид их байдаг. Гэхдээ бусад хүмүүс бусдын мэргэжил рүү ороход би эерэгээр хүлээж авдаг ч өөрийгөө тийм байлгаж чаддаггүй.

-Та “Гэм зэм” постдрамын жүжигт өнгөрсөн хугацаанд чадварлагаар дүрээ гаргалаа. Таны хувьд анхны сонгодог жүжгийн дүр шүү дээ. Та сонгодог жүжгийн бус хошин урлагийн тайзан дээр л байдаг хүн сонгодог дүр бүтээхэд хэр байв.

-Оюутан байхаасаа эхлээд “Маск” продакшинд ажиллаад 13 жил өнгөрлөө. “Гэм зэм” бол миний анхны постдрамын жүжиг. Миний өмнө нь тоглож байсан жүжгүүдээс бүх юмаараа өөр байлаа. Хувь жүжигчин талаас шаардаж байгаа ур чадвар, өгч байгаа мэдрэмж, хэлж байгаа текст, үзэх үзэгчид нь хошин урлагаас тэс өөр санагдсан.

-Энэ жүжигт тоглосноор мэргэжлийн түвшингээ нэг шат ахиулж байгаа байх.

-Тийм шүү. "Гэм зэм” жүжигт тоглож байгаа бүх л хүмүүс юуны түрүүнд М.Батболд найруулагчаас ихийг сурж байна гэж хэлэх байх. М.Батболд найруулагчаас сурч байгаа юм үгээр хэлэмгүй их бий.

-ХАМГИЙН АНХ ҮЗСЭН СОНГОДОГ ЖҮЖГЭЭ ОЙЛГООГҮЙ. ӨӨРИЙНХӨӨ ЯМАР ТҮҮХИЙ БАЙГААГ ТЭГЖ Л МЭДСЭН-

-Та сонгодог жүжигт тоглоод үзчихлээ. Зах зухын гэлгүй мэдлэгтэй болчихсон байх. Та ер нь Монголын сонгодог жүжгийн түвшинг ямар байна гэж залуу жүжигчний үүднээс харж, дүгнэж байгаа вэ?

-Би энэ дээр бодлоо хэлэхэд арай балчирдах байх гэж бодож байна. Гэхдээ М.Батболд гэдэг найруулагч маань Монголын драмын урлагийг дэлхийг тайзтай машид ойртуулж байгаа хүн. Тэр хүн миний мэддэг жүжиглэлтээс шал өөрөөр жүжиглүүлдэг гэдгийг л хэлж чадахаар байна. Тайз, дэлгэц, ур чадвар, арга барилын хувьд алмайруулсаар л байна. Үнэнийг хэлэхэд би дэлхийтэй харьцуулж чадахгүй байна. Учир нь нас маань залуу, үзэж харсан зүйл маань бага байна шүү дээ.

Жүжигчин хүний хувьд бүх л урлагийн шохоорхдог. Нэг удаа "Фауст” жүжгийг үзэж байсан юм. М.Батболд найруулагч найруулсан юм л даа. Жүжгээ үзээд би гүн гүнзгий утга агуулгаас нь юу ч ойлгохгүй гарсан учраас өөрийгөө ямар болоогүй, түүхий байгаагаа мэдэрсэн юм. Тэрийгээ хүнд хэлж зарлаагүй, ичсэндээ гоё жүжиг байна лээ гээд л ярьдаг байсан.

Тэр үед би “Яагаад ийм гоё, өөр урлагийг олгож чадахгүй байна аа” гэж өөрөөсөө асууж байлаа. Тиймдээ ч сонгодог урлаг руу орж зүрхэлдэггүй байсан.

-Анхны Сонгодог жүжгийн дүрээ авсан сэтгэгдэл ямар байсан бэ?

-Анх “Гэм зэм”-жүжгээс дүрийн санал тавьж байна гэхээр нь “Гэм зэм” гэж юу билээ гэж асуусан. "Фауст” найруулсан М.Батболд найруулагч энэ жүжгийг тавьж байгаа гэхэд нь нүд орой дээр гарахаа шахаад “Айн, яасан гэнэ ээ” гээд л ангайж байлаа. Та “Гэм зэм” жүжигт тоглох боломжтой юу гэхэд нь “Бололгүй яадаг юм бэ, Би очоод уулзъя” гэж хэлсэн. Ингэж л анхны дүрээ авсан даа. Ер нь чадахгүй гэж бодолгүйгээр найруулагчаасаа ихийг сурахаар ирсэн.

Дараагаар нь "Гэм зэм” жүжгийг уншсан уу гэхэд “Уншаагүй” гээд үнэнээ хэлсэн. Гэтэл “Хая, яа, яа” гээд толгой сэгсэрч хүлээж авсан ч нэг ололттой тал нь би номон дээрх бус шив шинэ дүрийг гаргах болсон. Хэрэв номыг нь уншсан байсан бол номон дээрх дүрээр л дүрээ гаргах байсан болов уу.

-Энэ жүжигт тоглохын өмнө эхлүүлсэн уран бүтээл байв уу?

-Авиа студи гээд дуугаралтын хамт олон “Реакшн” продакшнаараа кино эхлүүлчихсэн байсан юм. Гэтэл багийнхан маань “Гэм зэм”-дээ тоглоод сайн юм сураад ирээрэй гээд баг маань тэр чигтээ киногоо хойшлуулсан. Тэдэндээ хандаж үг хэлэхэд “Би энд та нарынхаа хэлснээр ихийг сурч байгаа, хүлээлгэж байгаад уучлаарай” гэе.

-Жүжгийн бэлтгэлээ шөнө болтол хийж байгаа гэж сонссон. Ачаалал хэр байна вэ?

-Би дүр дээрээ хоёр сар ажиллаж байгаа. Аравдугаар сараас тайзан дээрээ бэлтгэлээ хийж эхэлсэн. Оюутан цагаасаа “Маск” продакшинд ажилласан учраас бэлтгэлийн ачаалал даадаг. Гэр бүл маань ч миний мэргэжлийг ойлгож, хайрладаг учраас оройтлоо гэдэггүй.

Жүжигчин бид эд эсээ бүрэн асаалттай байлгаж байж дүрээ гаргадаг учраас орой болоход чоно шиг сэргэг болчихдог. Учир нь бүх л тоглолт орой 7 цагаас болдог. Тэгэхээр гэртээ 10 өнгөрөөж очоод хоолоо хийж идээд зогсдог учраас амьдралын өөр циклээр амьдардаг. Хоолоо хийж идчихээд кино үзээд л суучихна. Эхнэр маань ар амьдралаа даагаад өглөө эрт хүүхдээ хүргэж өгөөд л явдаг.

-САЙН ЖҮЖИГЧИН БОЛЧИХВОЛ САЙХАН БҮХЭН ДАГААД ИРНЭ, ТАНИГДАХ ГЭЖ ЯАРАХ ХЭРЭГГҮЙ-

-Урлагаас өөр зүйлд сонирхолтой юу?

-Би гэр бүлийн хүнтэйгээ "Гармаар байна” гэж маргадаг ганцхан зүйл бол зааланд тоглох байдаг. Сагс тоглох их дуртай. Багаасаа тоглосон учраас шигшээ багт байдаг. Бас таеквондагийн хар бүстэй. Хөнгөн атлетикийн улсын аварга болж байсан. Ер нь л хүүхэд байхдаа спортын хүн байж болмоор санагддаг байсан. Мэргэжлийн тамирчдыг бодвол арай бага бэлтгэл хийж, доогуур байдаг ч гэсэн урлагийнхан дундаа лигийн тоглогч шүү гээд хошигночихъё.

-Энэ их ажлын хажуугаар нэлээд ач холбогдол өгч тик ток хийдэг санагддаг. Жүжигчин Х.Цасчихэр гэхээс гадна тик ток Цасаа гэдгээрээ танигдсан шүү дээ. Тэгэхээр олон танигдах нэг хэрэгслээ болгож ашигладаг уу эсвэл?

-Од болох гэж биш сайн жүжигчин байхыг зорьж ажилладаг. Тик токыг манай охин зааж өгсөн юм. Охин маань л утас авахаараа янз бүрийн юм хийгээд байдаг. Тэр нь их гоё стрессгүй апп учраас тик ток хийдэг болсон.

-Таныг хараад үлгэрлэл авдаг олон залуус байдаг байх тэдэнд хандаж үг хэлээд ярилцлагаа өндөрлүүлцгээе.

-Хэрвээ сайн жүжигчин байвал сайхан бүхэн дагаад ирнэ. Түүнээс олонд танигдах сан гэх хүслээсээ урьтаад мэргэжилдээ үнэнч байх, мэргэжлээ хүндлэхдээ их цагийг зарцуулаарай. эмч ч бай, зураач, зохиолч ч бай мэргэжилдээ дурлаж, үнэнч байж сурахад их цагийг зарцуулаасай. Мэргэжлээ гэр бүлийн хүн шигээ л хайрлаарай. Тэр мэргэжил чамайг хайрласны хариуд хайрлах болно.

Эцэст нь хэлэхэд, гэр бүл аав, ээж гээд миний ойр дотнын бүх хүмүүстээ хандаж хэлэхэд та нар байгаа учраас би өдий зэрэгтэй хүн болж төлөвшсөн шүү, бүгдэд нь маш их баярлалаа. Хайртай шүү гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

-Баярлалаа, танд ч бас амжилт хүсье.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button