Б.Мөнхтамир: МИАТ компанийг дампууруулахгүй, хөл дээр нь босгоод ирэх том амбиц надад бий
МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтамиртай тус компанийн өнөөгийн бодит нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
-2020 ОНД 58 ТЭРБУМ, 2021 ОНД 50 ТЭРБУМЫН АЛДАГДАЛ ХҮЛЭЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА-
-Та МИАТ-ын даргаар томилогдоод хоёр сар боллоо. Энэ хугацаанд ямар ажлууд амжуулав?
-“МИАТ” ТӨХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2021 оны есдүгээр сарын 30-нд, Гүйцэтгэх захирлаар аравдугаар сарын 22-нд томилогдсон. Яг хоёр сар болох гэж байна. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 вирусийн цар тахал агаарын тээврийн салбарт хамгийн хүндээр туссан. Ер нь агаарын тээвэр бол нийтийг хамарсан аливаа хямралд ѳртѳмтгий эмзэг бизнес. Энэ ч утгаараа сүүлийн хоёр жилд авиа компаниудын орлого хумигдаж, үйл ажиллагаа нь доголдон хэд хэдэн компани дампуурлаа зарласан. Манай МИАТ компанийн хувьд ч мѳн адил 65 жилийнхээ түүхэнд тохиож байгаагүй хамгийн хүнд, хэцүү цаг үетэйгээ нүүр тулж байна.
Ийм хүнд үед Үндэсний агаарын тээвэрлэгчийн захирал хэмээх хүндтэй албыг авсан нь нэг талаар маш том хариуцлага, нѳгѳѳ талаар боломж гэж харж байна. Харьцангуй залуу хүний хувьд, ѳмнѳ нь компанийнхаа дэд захирлаар ажиллаж байсны хувьд хийж хэрэгжүүлье гэсэн бодол, тѳлѳвлѳсѳн ажлууд байна. Ѳѳрѳѳр хэлбэл, компаниа босгож ирэх юмсан, мѳн тѳрийн менежмент гэж юу байдгийг харуулья гэсэн эрмэлзэл байна. Тухайлбал, нислэгийн үеийн үйлчилгээний чанарыг сайжруулах, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, алдагдаад байгаа мөнгөн урсгалыг багасгах тал дээр түлхүү төвлөрч ажиллаж байна.
Үүнээс гадна ажлаа хүлээж аваад бүх ажилчид, удирдлагууддаа компанийнхаа нөхцөл байдлыг бодит үнэнээр нь танилцуулсан. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажлын хэсэг байгуулсан. Мөн бүх ажилчдаасаа зардал хэмнэх болон нэмэлт орлого олох ямар боломж байна вэ гэдэг санал асуулга авсан. Манай ажилчид энэ санал асуулгад маш идэвхитэй оролцож, давхардсан тоогоор 370 орчим санал ирсэн. Эдгээр саналаас шүүж үзээд зардал бууруулах 64, нэмэлт орлого олох 14 санаачилга гаргасан. Өнгөрсөн долоо хоногт ТУЗ-ийн хурлаар оруулаад ажлаа хэрэгжүүлээд эхлүүлчихсэн явж байна.
-МИАТ компани цар тахлын хямралыг давахын тулд сүүлийн хоёр жил дотоод нөөц боломжоо ашиглаад, “чөдрийн ганц морь” шиг зүтгэсээр сүүлдээ өрөнд орох нөхцөл байдал үүссэн. Одоо бодит байдлаа тодорхойлвол яг ямархуу нөхцөл байдалд байна вэ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цар тахлаас үүдэлтэй компанийн нислэг үйлдвэрлэл доголдож орлого тасалдан үнэхээр хүнд нѳхцѳлд ажилласан. Гэвч бид ѳѳрсдийн нѳѳц бололцоогоо бүрэн ашиглаж гадаад улсад саатсан Монгол иргэдээ эх орондоо авчрах тусгай үүргийн нислэгүүд, эм эмнэлэгийн хэрэгсэл, вакцин тээвэрлэх нислэгүүдийг сааталгүй гүйцэтгэсээр ирсэн ч маш их хэл аманд өртсөн. Тухайлбал, үнэтэй нислэг үйлдсэн гэдэг.
Гэхдээ яг үнэндээ зарим нислэг нэг талдаа зорчигчгүй явсан. Бид алдагдалтай ажиллаж байсан хэдий ч алдагдалаа зорчигчийн нуруун дээр үүрүүлээгүй. Алдагдал хүлээх бүртээ Засгийн газарт уламжилж байсан. Засгийн газрын захиалгат нислэгүүдийн төлбөрийг цаг тухай бүрт нь авч чадаагүй. Хамгийн анхны Уханын нислэгээс бусад Засгийн газрын захиалгат нислэгүүдийн төлбөрийг авч дууссан. Иргэн хүнийхээ хувьд Монгол Улс өөрийн гэсэн агаарын тээвэрлэгчтэй байхын давуу тал ийм үед гардаг гэж боддог. Яаралтай хүнд үед хувийн компаниар иргэдээ авчрахаар болбол зах зээлийн үнээр төлбөр мөнгөө төлөөд л нисэх байсан.
Нѳгѳѳ талаар МИАТ компани өөрсдийн орлогоороо санхүүжиж үйл ажиллагаагаа явуулдаг. Ковидын хүндрэлтэй цаг үед ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагдаагүй ганц компани гэхэд хилсдэхгүй. Тухайлбал нийгмийн даатгалын болон, цахилгаан дулааны хөнгөлөлтөд төрийн өмчийн компани гэдэг утгаараа хамрагдаж чадаагүй.
-Өнгөрсөн оны алдагдал 58 тэрбумд хүрсэн. Энэ оных хэдэд хүрэв. Өр зээлтэй, алдагдалтай ажиллаж байгаа энэ цаг үед санхүүгийн сахилга батаа хэрхэн сахиулж байна вэ. Санхүүгийн хямрал цэгцэрч байна уу?
-2020 онд 58, 2021 онд дахиад 50 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээх төлөвтэй байна. Алдагдалыг бууруулах чиглэлээр бүх боломж бололцоогоо дайчлан ажиллаж байгаа. Сар болгоны гурван тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг багасгаад 2.5 тэрбумын хэмнэлт хийж чадлаа. Энгийн үгээр хэлбэл бүсээ эцсээ хүртэл чангалчихаад байна.
Гүйцэтгэх захирлын хувьд өөрөөсөө эхлээд үлгэрлэх ёстой гээд Гүйцэтгэх захирал болон дэд захирлуудынхаа цалинг 2022 оны зургадугаар сарын 1-нийг хүртэл хассан. Ажилчдынхаа цалинг огт бууруулаагүй. Мөн албандаа унаа хэрэглэдэг хүмүүсийн бензин олголтыг 40 хуртэл хувиар бууруулсан. Албаны унаа унадаг зарим дарга нарын унааг зогсоосон. Зэргийн нэмэгдэл авдаг хүмүүсийн зэргийг шинэчлэн тогтоосон. Энэ мэтчилэн зарим нэг асуудлаа шинэчилж эхэллээ. Өөр хийгдэж буй ажлууд ч байгаа.
-Тухайлбал?
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар ИНЕГ-аас МИАТ компанид тавьсан агаарын навигацын орлогын өр болох 10 гаруй тэрбум төгрөгийн өрнөөс чөлөөлѳхѳѳр шийдвэрлэсэн нь манай компанийн өрийн ачааллаас жаахан ч гэсэн хѳнгѳлж байгаад баяртай байна. 2020, 2021 онуудад нийт 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллалаа. Мөн нийт 80 орчим тэрбум төгрөгийн өртэй байна.
Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд маш хурдан маневр хийж ажиллах шаардлагатай байгаа. 2017, 2018, 2019 онуудад буюу ковидын өмнө МИАТ компани өндөр ашигтай ажиллаж байсан. 2017 онд 48, 2018 онд 52, 2019 онд 35 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. Гэтэл одоо манай компанийн эздийн ѳмч 20-хон тэрбум болчихсон байх жишээтэй. Зөвхөн үйл ажиллагааных нь үнэлгээ 200-300 тэрбумаар үнэлэгдэхээр байхад 20-хон тэрбумын эздийн ѳмчтэй компани байж болохгүй гэх асуудлыг би ТӨБЗГ-т уламжилсан.

-ОНООС ӨМНӨ ДАМПУУРУУЛЖ ХУВЬЧИЛНА ГЭДЭГ ОР ҮНДЭСГҮЙ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ-
-“Оноос өмнө дампууруулж, хувьчлахаар бэлтгэж байна” гэх шуум улс төрийн хүрээнийхэн дунд явсан. Зарим нь хувьчлах ёстой гэдэг ч байр сууриа шулуухан хэлж байсан удаатай шүү дээ.
-Тийм мэдээлэл гарсан. Гэхдээ энэ бол ор үндэсгүй мэдээлэл. 65 жилийн түүхтэй үндэсний компаниа дампууруулна гэдэг байж болохгүй асуудал. Залуу хүний хувьд нэг компани удирдаж байгаад дампууруулчихлаа гэж хэлүүлмээргүй байна. МИАТ компанийг дампууруулж байгаад хувьчлах гэж байна гэх мэдээлэл цацагдсан. Энэ мэдээллийн эсрэг байр суурьтай байна.
Бид энэ компанийг босгож ирэхээр ажиллаж байгаа. ТӨБЗГ-аас стратегийн ач холбогдолтой 30 компанийг 100 хувь төрийн өмчид авч үлдэнэ гэсэн жагсаалт гаргасан байсан. Энэ жагсаалтад манай компани ороогүй. Зам тээвэр, хөгжлийн яамнаас энэхүү жагсаалтад МИАТ-ийг оруулаач гэсэн хүсэлт гаргасан. Төрийн өмчит компани гэдэг утгаараа хувьчлалын асуудлыг би мэдэхгүй. Төрөөс шийдвэр гаргах л байх. Төр шийдвэрээ гаргавал бид дагахаас өөр аргагүй. Олон нийтэд нээлттэй байна гэдэг олон нийтийн хяналтад байна гэсэн үг. Хяналт сайжрах тусам үйл ажиллагаа сайжирна.
-Таны хувьд хамгийн хүнд хэцүү цаг үед гүйцэтгэх захирлын албыг хүлээж аваад ажиллаж байна?
-Миний хувьд энэ компанийг босгож ирье, юу хийж чаддагаа харуулъя гэж зорьж байгаа. Ард түмний хүсээд байгаа тийзний үнийг нь хямдруулж өгье гэсэн том амбицтай ажиллаж байна. Зам тээвэр, хөгжлийн болоод БОАЖ-ийн сайдын хамтарсан тушаалаар аялал жуулчлалыг сэргээх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсгийн хүрээнд ковидын дараа нислэг сэргэхтэй холбогдуулан аялагчдад зориулсан тарифын үнийн тооцооллоо хийж байгаа.
Хэрвээ 2022 оны зун нислэг хэвийн хэмжээнд хүрвэл групп тарифын үнэ хямдарна. МИАТ бол аялал жуулчлалыг боож хаагаад зогсоодог компани биш. Ингэхийн тулд эхлээд санхүүгийн сахилга батаа сайжруулъя, хэрэгтэй хэрэггүй худалдан авалтууд, нэмэлт зардлуудаа зогсоох хэрэгтэй. Би хувьдаа ойрын хоёр жилийн хугацаанд МИАТ-ийг босгоод ирэх бүрэн боломжтой гэж харж байгаа. Ийм ч учраас энэ ажлыг авах саналыг зөвшөөрсөн. Тэрнээс биш дампууруулах зорилгоор ирээгүй. Тийм зорилго огтоос байхгүй гэдгийг дахин хариуцлагатайгаар хэлмээр байна.
-МИАТ-ын 60 хувийг төр эзэмшиж, 40 хувьд нь IPO гаргах агуулга руу оруулахаар яригдаж байгаад унасан. Дахин яригдах уу?
-Үүнийг ёстой хэлж мэдэхгүй байна. Засгийн газар шийдвэрээ гаргаад олон нийтэд нээлттэйгээр хувьчлах асуудлыг тавьж болно. Олон нийтэд нээлттэй компани болбол харин ч хяналт сайжрах байх. Яг хэдэн хувиар IPO гаргахыг би мэдэхгүй байна. Хувь хүнийхээ хувьд олон нийтэд нээлттэй болгоно гэдэг нь компани сайжрахын л нэр гэж бодож байна.
Мөнхтамир энэ компанийн хэдэн төгрөгөөр юу хийж суугаад бүгд хяналт тавьдаг бол сайхан биз дээ. Харин ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй зүйлтэй хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хамт олондоо ч хэлсэн. Хэрвээ ийм асуудал гарвал хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ. Залуу хүний хувьд шударга ажиллаж, компаниа хөл дээр нь босгоод ирэх том амбиц л байна.

-МИАТ ТӨХК БАНКУУДАД 86 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ-
-Өрөө төлөх, барагдуулах тал дээр ажлууд хийгдэж эхэлсэн үү. 93 тэрбумын өрнөөс хорогдов уу?
-Хүлээгдэж байгаа төлбөр, өр хоёрыг тусад нь салгаж ойлгоорой. Хүлээгдэж байгаа төлбөр гэдэг бол үйл ажиллагаанд гардаг тогтмол зардлууд. Эдгээр нь хуваарийн дагуу төлөгдөөд явж байгаа. Өр гэдэг нь банкнаас авсан зээлүүд. Одоогийн байдлаар хүлээгдэж байгаа төлбөр 51 тэрбум, нийт 86 тэрбумын өртэй байна. Энэ 86 тэрбум нь яг өнөөдөр төлөгдөх ёстой өр биш харин хуваарийн дагуу тѳлѳгдѳж байгаа зээл юм. Манай компани ХААН банк, Хөгжлийн банк, Голомт, Хас банкнаас зээл авсан.
Сар бүр ирэх ачааллаа хѳнгѳлѳх үүднээс үндсэн төлөлтөө хойшлуулаад хүү төлөх замаар зээлүүдээ зохицуулж байгаа. Санхүүгийн зөв зохион байгуулалт, сахилга баттай байвал өрнөөс гарахад ойрхон гэж өөдрөгөөр бодож байна. Манай хамгийн том ѳр бол 2013 онд “Бойнг 767-300” буюу “Чингис хаан” гэх өргөн биетэй онгоцыг Засгийн газрын баталгаатайгаар худалдаж авсан зээл. 2023 оны хоёрдугаар сар гэхэд төлөөд дуусна. Энэ онгоцны төлбөрт Засгийн газар баталгаа гаргасан учраас манай компани хүлээсэн үүргийнхээ хүрээнд төлбөрийг нэг ч удаа хойшлуулж үзээгүй, цаг тухайд нь тѳлсѳѳр ирсэн. Харин цар тахлаас шалтгаалсан санхүүгийн хүндрэлээс үүдэн 2021 оны арваннэгдүгээр сарын 13-нд тѳлѳгдѳх ээлжит төлбөрийн асуудал хүндэрч ирсэн.
Ингээд бид Засгийн газрын нөөц сангаас төлж өгөөч гэдэг хүсэлтийг тавьсан боловч Сангийн яам “Монгол Улсын эдийн засаг хүнд байгаа тул төлөх боломжгүй” гэдэг хариуг өгсөн. Иймд Засгийн газрыг төлбөрийн чадваргүй гэж харагдуулахгүйн тулд яаралтай арга хэмжээ авч, карго нислэгүүдийн орлогыг урьдчилан аваад төлбөрийг гүйцэтгэсэн. Үндсэндээ манай компани 2020, 2021 онд карго нислэгээр л амьдарч ирлээ. В767-300 онгоцныхоо зээлийг тѳлѳѳд дуусчихвал, Монгол Улсын буюу манай компанийн өмч болно.
-Өнгөрсөн хугацаанд ажилчдынхаа цалинг карго болон, банкны зээлээр тавьж ирсэн гэдэг. Одоо цалингаа хэвийн тавьж чадаж байна уу?
-Нийт ажилчдынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлээд, хѳдѳлмѳрийн хуулийн дагуу ажлаа хийж байгаа хүмүүсийнхээ цалинг хэвийн олгож байна. Ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн үе байсан. Гэвч бид зорчигч тээврийн онгоцуудаа богино хугацаанд карго тээврийнх болгож олон улсын транзит ачаа тээврийн зах зээлд амжилттай нэвтэрч чадсан. Цар тахлын үед олон авиа компани дампуурсан. Бид ажилчдынхаа цалинд хүрэлгүй ѳдийг хүртэл ажиллаж ирлээ. Гэхдээ нэг үеэ бодвол нөхцөл байдал харьцангуй сэргэж байна. Манай компанийн хүн бүр үндэсний агаарын тээвэрлэгч гэх статусаа алдахгүй явах, компаниа босгож ирэхийн тѳлѳѳ бүх хүчээ дайчлан ажиллаж байгаа.
-Танайд эрсдэлийн сан гэж байдаг юм уу, хоосорчихсон уу?
-Маш зөв асуулт байна. Эрсдэлийн сан байхгүй. Ер нь зайлшгүй байх ёстой гэж боддог. 2017, 2018, 2019 онуудад цэвэр ашигтай ажиллаж хуримтлал үүсгэсэн. Үүнийг МИАТ компанийн эрсдэлийн сан гэж ерөнхийдөө ойлгож болно. Эдгээр хуримтлалаар нислэгийнхээ сүлжээгээ тэлэх төлөвлөгөөтэй байсан. Харамсалтай нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хуримтлалаа ашиглаад дууссан гэж ойлгож болно. МИАТ компанийг бүх цаг үедээ өртэй явж ирсэн юм шиг буруу ойлгодог. Коронавирус гарсан хоёр жилийн хугацаанд л өр үүссэн.

-ОДООГООР КОМПАНИЙН БҮТЦЭД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ БОДОЛ АЛГА-
-Охин компани байгуулж ажилчдаа жижиглэсэн бүтцээр ажиллуулах төлөвлөгөө яригдаж байгаа. Ингэснээрээ ямар ашигтай, давуу талтай юм бэ?
-МИАТ компанийг тавхан онгоцтой байж 800 ажилтантай гэдэг шүүмжлэл байнга дагадаг. Саяхан болсон байнгын хорооны хуралдааны үеэр ТӨБЗГ-ын Цэнгэл дарга энэ талаар тодорхой тайлбарласан. МИАТ зөвхөн нислэг үйлдээд байдаггүй. Агаарын хѳлгийг нислэгт гарахаас ѳмнѳ техникийн үзлэг хийж, засвар үйлчилгээг нь хариуцдаг “Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газар” гэж бий. Онгоцны техник үйлчилгээ үзүүлдэг, гэрчилгээжсэн байгууллага Монгол Улсад ганцхан байгаа нь манай АХЗҮГ юм.
Манай “Агаарын хѳлгийн засвар үйлчилгээний газар” зѳвхѳн ѳѳрсдийн онгоцондоо техник үйлчилгээ хийхээс гадна гадаад улсуудын онгоцонд ч мѳн адил техник үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс гадна агаарын хѳлгийг газарт байхад зорчигчийг нислэгт бүртгэж, тэдний ачаа тээшийг ачиж буулгадаг зорчигч бүртгэлийн болон онгоцыг чиглүүлдэг рампынхан гээд үйлдвэрлэлийн газар нэгжүүдтэй. Ѳѳрѳѳр хэлбэл, 400 гаруй ажилчид үйлдвэрлэлийн нэгжид харьяалагддаг гэсэн үг. Зарим гаднын авиа компаниудад ийм үйлчилгээ үзүүлдэг нэгж нь тусдаа компани байдаг.
Жишээ нь КАЛ манай улс руу нислэг хийхдээ Улаанбаатар хотод газрын үйлчилгээгээ манай компаниас авдаг. Бид мѳн Сѳүлд газрын үйлчилгээгээ тэндэхийн компаниас л авна. Ийм үйлчилгээнүүд нь МИАТ компанидаа байдаг учраас олон ажилтантай юм шиг харагддаг. Мөн манайх 61 нисгэгч, 101 онгоцны үйлчлэгчтэй. ИНЕГ-аас гаргасан нисэхийн аюулгүй байдлын дүрмийн хүрээнд нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж байгаа хоёр нисгэгч, агаарын хѳлгийн долоон үйлчлэгч сардаа зуугаас илүү цаг нисч болохгүй гэх заалттай. Нислэг хэвийн үед нисгэгч нарын дюти цаг илүү гарах гээд байдаг тул 60 гаруй нисгэгчтэй. Ийм учраас л МИАТ-ын ажилчид, орон тоо их харагдаад байдаг. Үлдсэн нь гадаад харилцаа, захиргааны бичиг цаас, борлуулалт, төлөвлөлт, нислэг үйлдвэрлэл дээр сууж байгаа оффисын 150 гаруй ажилчид бий.
-Тэгэхээр компанийн бүтцэд өөрчлөлт оруулах төлөвлөгөө байхгүй байх нь ээ?
-Тийм ээ. Одоогоор компанийнхаа бүтцэд өөрчлөлт оруулах ямар нэгэн бодол алга.
-Танайд хамгийн их ачаалал болдог зүйл нь онгоц түрээсийн асуудал. Түрээсээ бууруулах боломж бий юу. Энэ хүрээнд ямар ажил хийж чадав?
-2021 оны аравдугаар сараас хойш хоёр ч онгоцныхоо түрээсийг амжилттай бууруулж чадлаа. Энэ бол том хэлэлцээрүүдийн нэг. Дэлхий нийтээр нэлээд хэдэн авиа компаниуд дампуураад онгоцны илүүдэл бий болж, онгоцоо зарах нөхцөл байдал үүссэн. Энэхүү байдлыг ашиглаад ойрын хугацаанд түрээсийн гэрээ нь дуусч байгаа онгоцнуудаа үнийг нь бууруулах замаар түрээсийн гэрээгээ шинэчлэн байгуулсан. Өөрөөр хэлбэл онгоцны түрээсийг 40 хүртэлх хувиар бууруулж чадсан. Дараагийн онгоцны хэлцэл эхэлчихсэн, үргэлжилж байна. Биеэр уулзъя гэсэн саналыг нөгөө талаас тавьсан. Хэлэлцээр амжилттай болох байх гэдэгт итгэлтэй байгаа. Үүнээс гадна 2014 онд гэрээгээр өндөр дүнтэй авсан онгоцны үнийг бууруулахаар ярьж байгаа.
Манайх таван онгоцтойгоос нэг нь сул зогсоод дөрөв нь үйлчилгээнд явж байна. Дөрвүүлээ түрээсийнх. Түрээсийн онгоцоор нислэг үйлдсэн ч, сул зогссон ч түрээсээс хэзээ ч чөлөөлөгддөггүй. Сар бүр түрээсээ тасралтгүй төлж л байдаг. Иймд түрээсийн төлбөр бууруулах нь бидний том зорилтын нэг яах аргагүй мөн. Зорилтоо эхнээс нь амжилттай хэрэгжүүлээд эхэлсэн. Харин түр зогсоод байгаа “Бойнг 737 МАХ” онгоцны сул зогсолтын хугацаанд төлбөр төлөх, төлөхгүйн тухайд асуудал гарсан боловч нэлээд хэдэн хэлцлийн дүнд сул зогсолтын хугацааны түрээсийн төлбөр төлөхгүй байх хэлцэлд хүрсэн. Мѳн цаашдын түрээсийн төлбөрийн үнийг 70 орчим хувиар бууруулж байгаа. Энэ тал дээр бид маш ашигтай, үр дүнтэй хэлцэл хийж чадсан.
-Түрээс үнэтэй учир тийз үнэтэй гэх шалтгаантай. Түрээсээ бууруулсан тул тийзний үнэ дагаад буурах боломж бий юу?
-Тийз үнэтэй гэх шүүмжлэлийг үгүйсгэхгүй. Тийзний зардлын ихэнхийг шатахуун болон түрээсийн зардал үүсгэдэг. Шатахуун бол тийзний нийт зардлын 40 орчим хувийг эзэлж байгаа. Дараагийн нэг хүчин зүйл нь түрээс. Бид агаарын хѳлгүүдийнхээ түрээсийг бууруулахаар олон удаагийн уулзалт хийсэний дүнд түрээсийн зардлыг тодорхой хувиар бууруулж чадсан. Нѳгѳѳ талаар манай тийзний үнэ ам.долларт суурилсан байдаг тул ам.долларын ханш ѳсѳхѳѳр тийзний үнэ дагаад ѳсѳх хандлагатай байдаг.
Жишээлбэл, би 2010 онд сургуулиа тѳгсѳѳд Америкаас ирэхэд 1500 орчим ам.доллараар тийз авч байсан. Тэр үеийн 1500 ам.доллар дундажаар нэг сая 500 мянган тѳгрѳг байсан. Одоо ч гэсэн Америкаас ирэхэд 1500 орчим ам.доллар байгаа. Гэтэл ѳнѳѳдрийн 1500 ам.доллар дөрвөн сая гаруй тѳгрѳг болно. Ханшийн ийм зѳрүү л нислэгийн тийзийг үнэтэй болгож иргэдийг бухимдуулж байгаа. Мэдээж цар тахал намдаж, нислэг хэвийн болоход тийзний үнийн асуудлыг ѳѳр түвшинд авч үзнэ. Би түрүүнд ЗТХ-ийн болон БОАЖ-ийн сайдын хамтарсан ажлын хэсэг аялал жуулчлалыг сэргээхээр ажиллаж байгаа тухай дурдсан.
Нислэг сэргэж, зорчигч урсгал нэмэгдэхээр групп тарифын үнээ бууруулна гэдгийг дахин хэлье. Мэдээж бид зѳвхѳн групп тариф биш тийзний үнээ бүхэлд нь бууруулахын тѳлѳѳ ажиллаж байгаа. Жишээ нь манайх арванхоёрдугаар сарын 16-наас Тайландын Бангкокын нислэгээ хийнэ. Бид Бангкокын нислэгийн тарифаа гаргахаар судалгаа хийхэд Бангкок руу дундаа зогсоод нисэх нислэг хамгийн хямддаа хоёр сая 900 мянга гарч байсан.
Гэтэл манайх шууд нислэгээ хоёр сая 500 мянгаар зарлаад хэдхэн цагийн дотор эхний гурван нислэгээ дүүргэсэн. Энэ бол нэг талаар эрэлт байна, нѳгѳѳ талаар манайх хоёр жил гаруй хугацаанд аялаагүй зорчигчиддоо хямд үнийг санал болгож байгааг харуулсан хэрэг юм. Гэвч биднээс шалтгаалахгүй хүчин зүйл байдгийг давхар бодолцох ёстой. Тухайлбал, дэлхий дахинаа шатахууны үнэ өсч байгааг мэдэж байгаа байх. Дөнгөж сая манай нийлүүлэгч компаниас “үнэ өснө шүү” гэсэн агуулгатай бичиг ирсэн. Зардлаа хэмнэж, зѳв менежментээр ажиллаж чадвал тийзний үнэ буурах боломжтой, гэхдээ давагдашгүй хүчин зүйлийг бас тооцоолж үзэх хэрэгтэй.

-ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭНЭЭС ГАДНА НЭМЭЛТ ОРЛОГО ОЛОХ САНААЧИЛГА ГАРГАН АЖИЛЛАЖ БАЙНА-
-Нэмэлт орлого олох санаачилга гаргасан гэсэн. Энэ хүрээнд тухайлбал ямар ажил хийх вэ?
-Мэдээж компаниа өр төлбөрөөс гаргаж, санхүүгийн хувьд тогтвортой болгохын тѳлѳѳ хичээж ажиллаж байна. Энэ хүрээнд маркетингийн борлуулалт хийе гэж зорьж байна. Хѳшгийн хѳндийн шинэ нисэх буудал руу шилжсэнтэй холбоотойгоор бизнес лоунжийн талбай авсан. Бизнес лоунждаа байрлуулах том дэлгэцүүд дээрээ хамтран ажиллагч байгууллагуудынхаа рекламыг цацаж өгөх ажил хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл үндсэн үйлчилгээнээсээ гадна нэмэлт орлого олох нэлээд хэдэн ажил тѳлѳвлѳсѳн байгаа. Эдгээр ажлууд манай компанийг хүндрэлээс гарахад зохих дэм болох юм.
Мөн өнгөрсөн хоёр сарын хугацаанд БНСУ болон ХБНГУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзаж хоёр улсын нислэгийн сүлжээг цааш яаж өргөжүүлэх талаар ярьлаа. Нэлээн үр дүнтэй уулзалтууд болсон. Мэдээж БНСУ-ын KAL, Asiana Airlines болон ХБНГУ-ын Lufthansa компанитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцсан. Өчигдөр надад ХБНГУ-ын элчин сайдаас захиа ирсэн. Үүнд он гаргаад Lufthansa компанийн захиралтай уулзая гэсэн байсан. Энэ уулзалт амжилттай болбол МИАТ компани зөвхөн Сөүл, Токио, Бээжин, Хонконгоос гадна европоос дэлхийн аль ч улс руу задрах боломж үүсэх байх гэж харж байна.
-МИАТ компани билетийн касс нээгээд ухралт хийж байгаа гэх шүүмжлэлтэй санал нийлэх үү?
-Би үүнтэй 100 хувь санал нийлж байна. 1990 оны эхээр Америкт онлайн борлуулалт хөгжиж эхэлсэн. Одоо Америкт билетээ худалдаж авдаг газар нэг ч байхгүй. Бүгд цахимаар захиалдаг. Монгол Улс дижитал, цахим үндэстэн болох зорилт тавьж байгаа энэ үед бид ухрах ёсгүй. Энэ хүрээнд хоёр гурван уулзалт хийж тѳлѳвлѳсѳн ажлууд байгаа. Өөрчлөх цаг нь болсон. Цаашдаа тийз борлуулалтыг онлайн хэлбэрт шилжүүлнэ. Мѳн зээлээр нислэгийн тийз борлуулах боломжыг бий болгоно. Зорчигчиддоо аль болох шуурхай, хялбар үйлчилгээг санал болгохын тѳлѳѳ ажиллана.
-Онгоцны шатахууны шахаа маш том хэл ам дагуулдаг. Энэ тал дээр та хэрхэн анхаарч байна вэ?
-Маш том хэл ам дагуулдаг. Манайд Содмонгол группийн “Мэргэ ван” гэх компани шатахуун нийлүүлдэг. 2021 оны долдугаар сард нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод нийлүүлж эхэлсэн. Цаашид агаарын тээврийн шатахуун импортлогч компаниуд нээлттэй сонгон шалгаруулалтаар оролцох бүрэн боломжтой. Бид бизнесийнхээ зарчмаар аль болох хямд үнээр нийлүүлэгчдийг л сонгох нь гол зорилго. Цаашдаа аль болох олон компанийг оруулах замыг нээлттэй болгоно.
-Автомашины шатахуун хомсдох үеэр онгоцны шатахууны хомсдол үүссэн үү?
-Ний нуугүй ярихад онгоцны шатахууны хомсдол үүссэн. Хурдан шуурхай арга хэмжээ авч, онгоцоо нэг ч өдөр зогсоогоогүй. Хуваарийнхаа дагуу бүх нислэгээ үйлдсэн.
-Бүх нөхцөл байдлаа бодит үнэнээр мэдээлэл өгсөнд баярлалаа. Ачаалал ихтэй амаргүй цаг үед удирдаж байгаа юм байна?
-Манайхан ядаргаанд ортлоо нилээн ачаалалтай ажиллаж байна. Ямар ч байсан энэ компанийг босгоод ирэх эрч хүч, зориг, сэтгэл зүтгэл бий. Юу чадахаа харуулъя ч гэдэг бодол надад бий. Эхний ээлжид МИАТ компаниа шинэ өнгө төрхтэйгээр гаргаж ирэхийг зорьж байна.
Үйлчилгээгээ сайжруулж гаднын эйрлайн компаниудтай адилхан төвшинд хүрч өнгө төрхөө өөрлье гэсэн эрмэлзлэл байгаа. МИАТ компанийн хувьд нэг баяртай мэдээ нь энэ 12-р сард бүх онгоц маань сул зогсолт байхгүй карго нислэгтэй байгаа. В737 МАХ онгоц маань удахгүй нисээд эхэлбэл хонгилын үзүүрт гэрэл гэдэг шиг цаг наашилна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж олон нийтэд мэдээлэл өгөх нь зөв гэхдээ ярихаас илүү хийсэн зүйлээрээ үр дүнгээ харуулах нь чухал гэж боддог.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ярилулагаас харахад энэ хүн рэформ хийж чадах хүн биш байна. Нөгөө хуучны арга барил ярьсан хүн байна. Ьийм байхад яаж МИАТ сайжрах вэ? Зөвхөн группийн үнэ хямдрана гэнэ. Нөгөө мафийн бодлогоо үргэлжлүүнэ гэнэ. Ямар хүмүүс машин унадаг юм? Дампуурах гэж байж УИХийн гишүүд шиг улсын хөрөнгөөр машин унаад бэнзинээ хийлгэх тухай яриад байхын. Эндхийн луфханса ихэнх газрын хүмүүсээ халсан шдээ. Юун бичиг цаасны 150 ажилтан бэ? 5 хан онгоцтой байж 800 ажилтан? Ажилтан бүх хахуульд орсон. Эндээс онгоцонд суухад хахууль өгч суусан. Онцгой байдлын маршрутийн 80 хувь нь мөнгө атгуулж байж орсон. Аймаар
Гадаадад суудаг онгоцны засварчидаа татаж аваа тэд шал илүү юм бн лээ
Хөөе чи битий хуцаад байлдаа!амбицлаад байх юм байхгүй наадхыг чинь хэн ч босгож чадна
Их л хичээл зүтгэл хэрэгтэй...
Харж л байя. Амбийц хэрэгггүй
Залуу, авьяас мэдлэгтэй хүн чаднаа. Үзүүлээд өг!
Ярилулагаас харахад энэ хүн рэформ хийж чадах хүн биш байна. Нөгөө хуучны арга барил ярьсан хүн байна. Ьийм байхад яаж МИАТ сайжрах вэ? Зөвхөн группийн үнэ хямдрана гэнэ. Нөгөө мафийн бодлогоо үргэлжлүүнэ гэнэ. Ямар хүмүүс машин унадаг юм? Дампуурах гэж байж УИХийн гишүүд шиг улсын хөрөнгөөр машин унаад бэнзинээ хийлгэх тухай яриад байхын. Эндхийн луфханса ихэнх газрын хүмүүсээ халсан шдээ. Юун бичиг цаасны 150 ажилтан бэ? 5 хан онгоцтой байж 800 ажилтан? Ажилтан бүх хахуульд орсон. Эндээс онгоцонд суухад хахууль өгч суусан. Онцгой байдлын маршрутийн 80 хувь нь мөнгө атгуулж байж орсон. Аймаар
Hudlaa shaagaach nam dagasan tsunh barigch daraagiin idegch
Энэ намын томиллогоо бүх салбарыг дампууруулж ба..Ялагуяа нарын мэргэжилийн салбарт дотороос нь салбараа сайн мэддэг хүндлэгдсэн хүнийг тавьж байж хөгжинө шүү дээ..миат компаний хувьд улс төрийн шахаа бүр арай л дэндсэн..Мэргэжилийн хүмүүсээсээ хэд дахин их санхүүгийн ажилтан ,менижир, захиралтай болсоон..Гэхдээ улс орон тэр чигээрээ танил тал хээл хахуульдаа живж байхад энэ бацаан ч бага хэрэг байнаа...
Ene helsendee baij chadahu esvel taarsan neg tsunh barigchuu naana ni medeh arga daanch bhgumda
Сайн мотоортой, мөнгөтөй нусан тагнууд том ярих юмаа. Насаараа хүнд сайн санаж зүтгээд амжилт тааруу л явна даа.
Энэ чацгануудаас амьдрал ямар байдгийг л амуумаар байна.
Miat toriin savart bgaa tsagt butehgui l bolvuudaa. ambits ni tegeed toroos salgaj amjihuu? ugui bol hudlaa
Hund hetsuu uyed avch yavj bn daa. Zaluu hunii erch huchiig haruulj, shudraga zarchimtai ajillaarai, amjilt.
Салбарын хүн нь биш л дээ. Ярилцлагыг уншихад 1. Салбараа, асуудлаа мэддэг 2. Тодорхой зорилготой 3. Худлаа биш залуу санагдав. Ер нь тэгээд миний коммэнтийг элдэвээр муулна л даа. Мэдэж л бн. Уул нь чадаж байгаа нэгэндээ урмын үг, дэмжлэгээр эрч хүч өгмөөр л бгаа юм. Харин жаахан сармагчинтай төстэй юу ????
Сүүлийн 30 жилийн хамгийн муу захирал нь болох вий дээ....
10саяын цалинтай ажлаа мэддэггүй дэд захирлууд, хэлтсийн дарга нараа л эхлээд солих хэрэгтэй дээ
амбиц биш, хоноцын сэтгэлээр битгий хнадаасай, миатийн төлөө сэтгэлтэй байх хэрэгтэй
Орон тоогоо багасгах хэрэгтэй. 100 ямаанд 60 ухна гэж. 5 онгоцонд 800 хүн бол арай л дэндүү тоо шүү. Цомхон чанартай бүтэц чухал. Оффисд 20-30хүн л хангалттай шт
Энэ зүгээр л мөнгө хөрөнгийг нь идэж уухгүй л бол ямарч дампуурах боломжгүй компани ,зүгээр л зөв байхад л болно ,хэн ч босгож чадна , мөнгө хөрөнгийн хяналт зарцуулалтыг зөвболгоод л болно ,бусад жижиг асуудалууд бол яах вэ яах вэ ,
Даварсан үнэтэй тийз, муу үйлчилгээ, менежмент түй ч байхгүй МИАТ-ийг яаралтай хувьчил!