ДЭЛХИЙНИЙГЭМСПОРТ

НҮБ: Спортод хахууль авагчдад, хахууль өгөх хүмүүст гишгэх газар байх ёсгүй

Олон улсын спортын ертөнцөд асар их мөнгөний урсгал орж ирсэн гэх мэдээлэл байна. Энэ нь олон тэмцээн гэмт хэргийн сүлжээ, авлигын схемтэй нягт холбоотой гэх хардлагыг  эрхгүй төрүүлж эхэллээ. Спортын хууль бус бооцооны хэмжээ 1.7 их наяд ам.долларт хүрсэн байна.

“Спорт дахь авлига хээл хахууль бол шинэ үзэгдэл огт биш. Харин спортын арга хэмжээнүүдийг залилан мэхлэх гэмт хэрэг эртний Олимпын наадмаас хойш ажиглагдсаар ирсэн зүйл. Сүүлийн хорин жилийн хугацаанд энэ чиглэлээр гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн” гэж НҮБ-ын төлөөлөгчийн газрын тайланд дурджээ.  

Сүүлийн үед дэлхий ертөнц даяаршиж, спортын салбар дахь хууль ёсны болон хууль бус бооцооны хурдацтай өсөлт, технологийн дэвшил, спортын шинэ хэлбэрүүд нь спортыг хууль бус ашиг олох зорилгоор ашиглахыг эрэлхийлж буй гэмт хэргийн сүлжээ рүү түлхэж байгааг тайланг боловсруулагчид онцолж байгаа юм.

Энэ удаагийн шинэ тайланг 200 орчим мэргэжилтэн хамтран боловсруулсан аж. Энэ нь өнөөг хүртэл спортын гэмт хэргийн талаар хөндсөн хамгийн дэлгэрэнгүй тойм гэдгээрээ анхаарал татаж байгаа юм. Тайланг боловсруулсан мэргэжилтнүүдийн баг бүрэлдэхүүнд улс орнуудын Засгийн газар, спортын байгууллага, хувийн хэвшил, хүрээлэн болон бусад оролцогч талуудын төлөөлөлийг багтаасан аж.

Мэргэжилтнүүд зөвхөн тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийгээд зогсохгүй гэмт хэрэг, авлига хээл хахуультай үр дүнтэй тэмцэх олон аргачлалыг санал болгожээ.

НҮБ-ын баримт бичигт спортын хууль бус бооцоо, тэмцээний үеэрх хууль бус үйлдэл гээд тив дэлхийн чанартай спортын томоохон арга хэмжээний үеэр авлигын хэлбэр, зохион байгуулалттай гэмт хэргийн оролцоо зэрэгт дүн шинжилгээ хийжээ.

Мөн энэ тайланд спортын чиг хандлагын өөрчлөлт нь хээл хахууль авлигын дуулиантай холбоотой байгааг онцолсон байна. Судалгааны зохиогчид шударга өрсөлдөөний ертөнцөд хахууль авагчдад, хахууль өгөх хүмүүст спорт гэх цэвэр өрсөлдөөний талбарт гишгэх газар байх ёсгүйг дахин сануулсан хэрэг болж байгаа юм.

Энэ удаагийн НҮБ-ын баримт бичгийг Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан, Египетэд арванхоёрдугаар сарын 13-нд эхлэх Авлигын эсрэг Конвенцид нэгдэн орсон улс орнуудын бага хурлын өмнөхөн ийнхүү танилцууллаа.

(Эх сурвалж: News.un.org)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button