ЭнтертайнментЯрилцлага

Г.Нямжанцан: “The Hu” хамтлагийн уран бүтээлүүдэд лимбэ хөгжим эгшиглэсээр байх болно

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд ӨНӨӨДӨР мэдээлэл хийж, “The HU” хамтлагт “Чингис хаан” одонг олгохоор болсон талаараа зарласан. Уг баярт үйл явдалтай холбогдуулан, The HU” хамтлагийн хөөмийчин, хөгжимчин Г.Нямжанцангийн ярилцлагыг СЭРГЭЭН нийтлэв.


НИЙТЛЭГДСЭН ОГНОО: 2019-09-05

“THE HU” Г.НЯМЖАНЦАН: БАГШ БАЙЖ БАЙГААД РОК ХӨГЖИМЧИН БОЛЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ

Монголын хөгжмийн зах зээлд 2019 оноос эхлэн томоохон шуугиан дэгдээсэн “The HU” хамтлаг өнгөрсөн зун Европын орнуудаар өдөр алгасалгүй тоглолтоо хийж, эх орондоо амрахаар иржээ. Тун удахгүй тэд АНУ-ыг зорих урт удаан аялалдаа гарахаар бэлтгэлдээ шамдаж байна.

Энэ үеэр бид “The HU” хамтлагийн хөөмийчин, хөгжимчин Г.Нямжанцантай ярилцлаа. Тэрбээр хамтлагтаа үлээврийн төрлийн хөгжмүүд буюу төмөр хуур, цуур, лимбэ зэрэг хөгжмийн зэмсгүүдийг ашиглах, заримдаа дуулах үүрэг гүйцэтгэнэ.

Гэнэт л Хүннү рок урсгалыг бий болгож, Монголдоо төдийгүй дэлхийд танигдсан энэ хамтлагийн Г.Нямжанцан гэх гишүүн өмнө ямар амьдрал туулж, хэрхэн ардын урлагийн олон төрөлд суралцан, өвлөж уламжлан авсан, лимбэний битүү амьсгааг хэрхэн ЮНЕСКО-ийн Яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад оруулахад гар бие оролцсон болоод “The HU” хамтлагт орохын тулд ямар зам туулсан тухай ярилцлаа.

НАДАД ИРЭХ, ОЧИХ ХОЁР ТАЛЫН ЗАРДАЛ Л ӨГЧИХ, БИ НЭГЭЭР ТЭНЦЭНЭ ГЭЖ ЭЭЖДЭЭ ХЭЛЭЭД ГАРСАН, ТҮҮНДЭЭ Ч ХҮРСЭН

-Та бүхэн хэзээ Монголдоо ирсэн бэ? Уран бүтээлийн ажлаа түр завсарлангаа амрахаар ирэв үү?

-Долоодугаар сарын 8-нд ирсэн. АНУ-ын аялан тоглолт эхлэхээс өмнөх нэг сарын хугацаанд амарч, үүний хажуугаар бэлтгэлээ хийх зорилготой байна.

-Европын аялан тоглолтын үеэр хэр их ачаалалтай байсан бэ? Тоглолтоос тоглолтын хооронд амрах завгүй явсан байх.

-Тийм, өдөр бүр тоглолттой байсан учир гурван өдөр тоглоод нэг өдөр амрах маягаар ажилласан. Ер нь нэлээд ачаалал өндөртэй “tour” болсон гэж ойлгож болно. Бидний хувьд хамгийн анхны аялан тоглолт байсан учир бүх зүйл шинэ, бас дурсамжтай өнгөрсөн. Тэр сэтгэлээрээ ядарч буйгаа ажрахгүй, эрч хүч дүүрэн байсаар ирсэн.

-Өнөөдөр таны үндсэн мэргэжилтэй холбоотой сэдвээр ярилцахаар зориод байна. Лимбэ хөгжимтэй амьдралаа холбосон цаг үе тань хэзээнээс эхлэлтэй вэ? Ардын урлагийн амтанд орсон түүхээсээ хуваалцаач?

-Би 1995 онд Завхан аймгийн Хөгжим, бүжгийн коллежид элссэн. Ээж маань намайг морин хуурч болгоно гэдэг, би ч хүсдэг байв. Харин аав маань Завханы Соёлын ордонд Контрабас хөгжим тоглодог хүн байлаа. “Урлагийн амьдрал хэцүү, урлагийн хүн болгохгүй” гэсэн хандлагатай байсан ч, ээж маань “дийлж” би сургуульдаа орсон доо.

Миний хувьд П. Пүрэвжав багшаар анхны барил тавилаа тавиулж суралцаж эхэлсэн. Дараа нь Р.Эрдэнэлхагва гэж залуухан багшийн удирдлага дор үргэлжлүүлэн хичээллэж, Завхан аймгийн Хөгжим бүжгийн коллежийг дүүргэсэн. Төгссөний дараа сургуулийн удирдлага маань намайг багшаар авч үлдэх саналтай байсан юм билээ. Аав, ээж хоёр маань үүнийг дэмжиж, Завханд үлдээх гэсэн боловч би “зугтах” төлөвлөгөө боловсруулан, хотод үргэлжлүүлэн сурч, оюутан болохыг илүүд үзсэн. “Үргэлжлүүлэн сураарай” гэсэн багшийнхаа үгийг дагасан.

СУИС тухайн үедээ хамгийн өндөр төлбөртэй сургууль байсан. Тэгэхэд аав ээждээ, “Надад ирэх, очих хоёр талын зардал л өгчих би конкурсдээд хувиараа нэг дээр зогсож авч ирнэ” гэж ам бардам хэлэхэд миний аав, ээж гайхаж байсан ч зардал өгөөд явуулсан. Тэр жил зургаадугаар сард Завханы Хөгжил Бүжгийн Коллежийн тайлан тоглолт Улаанбаатар хотод болж тэр үеэр ДБЭТ-ийн тайзан дээр анх тоглож үзэн, мөн үе тэнгийнхээ хүүхдүүдийн чанар чансааг бага сага судалж түүн дээрээ үндэслэж их ам гарсан хэрэг л дээ. Конкурс өгтөл би үнэхээр нэгдүгээрт жагсдаг юм байна. Энэ бол миний амьдралын хамгийн баярт дурсамжуудын нэг.

Ингээд баяр хөөртэйгөөр Гоцлол хөгжмийн ангид орно гэж бодтол дуу хөгжмийн багшийн ангид орно гэдэг юм байна.Учир нь Гоцлол хөгжимчний ангид орохын тулд гармоний шалгалт өгөх хэрэгтэй гэв. Аз болход П.Бямбадорж багшаар гармони заалгаж бодлого бодохтойгоо болсон байв. Ингээд гармоний шалгалт өгтөл Г.Ганцэцэг багш ихэд гайхаж Завханы ХБК-д хэн гармони заасан байхав, онол үзээд дууссан л байх ёстойдоо гэж билээ. Ямартай ч гармоний шалгалтаа өгсөн учраас Гоцлол хөгжмийн ангидаа орж Гоцлол хөгжимчин,  багш гэсэн дипломтой төгсөх боломжийг олж авсан юм.

-Хөгжим бүжгийн коллежид /Одоогийн Монгол улсын консерватор, сурв./ та хэзээнээс багшилж эхэлсэн юм бэ?

-2008 оноос. Тэр жил Л.Мөрдорж гуайн нэрэмжит Үндэсний хөгжимчдийн анхдугаар уралдаан болж, түүнд лимбэчдийн төрөлд оролцон хоёрдугаар байр эзэлсэн юм. Уралдааны амжилт нөлөөлсөн ч юмуу тэр жилийн намар надад МУК буюу тэр үеийн Хөгжим Бүжгийн Коллежийн Үндэсний хөгжмийн тэнхимээс багшлах санал тавьсан. 2006 онд цагийн багшаар ажиллаж үзсэн учраас ойр санагдсан Лимбэчин болсны хувьд дараа үедээ өвлөн уламжлуулах үүргээ ухамсарлаж багш болохоор сэтгэл шулуудсан.

БИ ЛИМБЭНЭЭС САЛХИЙГ, ХУРДЫГ МЭДЭРДЭГ

-Лимбэчин болохын тулд та урт замыг туулжээ. Энэ хөгжмийн юу нь таныг тэгж их татсан юм бол?

-Шантрах үе байлгүй л яахав, тэр бүхнийг даван туулж өдийг хүрсэн байна. Хамгийн гол нь би  хөгжимдөө хайртай, дуртай хүүхэд байсан. Багш нар маань ч насан туршдаа энэ хөгжмөө “хаяхгүй”, хичээллэх хүсэл төрөхүйц хэмжээнд намайг дурлуулсан гэж боддог.

Би хөдөө, малчин амьдралд ойр өссөн хүүхэд. Зун амралтаараа хөдөө очиж мал хариулж өгдөг байв. Жаахан том болоод ирэхэд хийх ажил ч нэмэгдэж, адуунд явах, хонь хариулах гээд их л хэрэгтэй хүн болж хувирсан. Одоо бодоход аливаа зүйлийг хамгийн сайнаараа, чин сэтгэлээсээ хийхийг зорьдог хүүхэд байжээ. Бүр хонио магтуулах гэж хариулдаг байсан шүү дээ/инээв. сурв/ Нагац эгч маань нөхрөө дуудаж, “Чи хар, миний хүү ингэж хонь хариулсан байна. Ингэж хонь хариулдаг хүүхэд өөр хаана ч байхгүй” гээд хотоор дүүрэн цатгалан хонины баасыг заагаад магтдаг байв. Өвсөнд цадсан хонь хорголоор биш бүхэл баадаг юм л даа.

“Лимбэ хөгжмийн юу нь танд таалагддаг вэ” гэж асуулаа. Би морины нуруун дээр салхи татуулан давхих дуртай хүүхэд байсан. Морь унаж л байвал ямар ч ажлыг дуртай хийнэ. Үүний дараа аавынхаа мотоцикл гээд ер нь ямар нэг зүйлийн нуруун дээр салхи татуулан хурдлах дуртай гэх юмуу. Би лимбэнээсээ салхийг, хурдыг мэдэрдэг. Миний ярианаас ч хурд мэдрэгдэж байгаа биз? Лимбэ хөгжим хүнээс хурд авхаалж шаарддаг, удаан хүн лимбэчин болно гэвэл хэцүү. Ер нь 10 жил багшилсан туршлага дээрээс харахад, лимбэ сайн сурах хүүхдийн нүд цаанаа л өөр байдаг. Гал цог мэдрэгдэнэ, хөдөлгөөн нь хурдан гээд л миний ажигладаг шинжүүд бий.

Амьсгалын эрхтэн оролцдог учир ядрал авна түүний хажуугаар толгойгоо ажиллуулж, уран тансаг тоглоно гэдэг амар зүйл биш. Тайзан дээр гараад сандарчихвал амьсгаа хөөрч, юун лимбэ үлээх манатай болно. Энэ бүхнийг давах зориг, тэвчээр сурах гэж буй хүүхдэд хэрэгтэй.

Урлаг гэдэг өөрөө тэр чигтээ шалгуур. Шалгуур бүхнийг давж, амжилтад хүрэх эсэхээ хөдөлмөрлөж байж шийднэ. Энгийн хүмүүсийн нүдээр урлагийнхан их гоё харагддаг. Гэвч тэр гоё сайханд хүрэхийн тулд заавал золиос хэрэгтэй байдаг. 2001 онд хотод ирснээсээ хойш нэг ч удаа амралтаараа гэртээ харьж үзээгүй. Чуулгад ажилладаг байсан учраас тэр шүү дээ, явахыг маань зөвшөөрдөг ч үгүй байсан. Ажиллаж олсон мөнгөө байрны төлбөрт өгчихдөг...

-Хэдэн он хүртэл та сурахынхаа хажуугаар чуулгад ажилласан юм бэ?

-Оюутны он жилүүд буюу 2001-2006 онуудад. 2005 онд би аав болсон. Халаасандаа мөнгөгүй аав болох хэцүү юм билээ. Хадмуудаасаа мөнгө аваад автобусанд суухдаа би ичсэн, өөрөөр амьдрах ёстой гэдгээ ухаарсан. Хэдийгээр чуулгад ажиллаад их зүйл сурч, сайхан дурсамж бүтээсэн ч илүү өндөр түвшний зүйлд хүчээ сорих цаг нь ирсэн юм. Ингээд оюутны ширээнээс мултраад л, анхныхаа цомгийг гаргаж, энд тэнд тоглож эхэлсэн дээ. Удалгүй Консерваторид багшлах болсон.

Хайрлаж хүндэлдэг алдарт багш нарынхаа үйл хэргийг залгамжлах том хувь заяа надад тохиосон гэж боддог. Алтан үеийн гайхалтай багш нарын хамт ажиллаж, мэддэг чаддагаа хүүхдүүдэд зааж сургана гэдэг сайхан ажил. Багшилсан 10 жилд сургалтын арга барилаа олж авч, улам сайжруулж, лимбэний хөгжлийг урагшлуулах тал дээр хичээж ажилласан байна. Багшийн ажил өөрөө нарийн төвөгтэй ажил, сайн муу ажилласан байна гээд шууд дүгнэчихэж болдоггүй, “төрүүлсэн” шавийн чансаагаар дүнгээ тавиулдаг онцлогтой ажил.

-Одоо таны ажлыг хэн үргэлжлүүлж байгаа вэ?  

-Багшийн ажлаа анхны шавь болох Б.Мягмарцэрэндээ хүлээлгэж өгсөн. 2012 оны Л.Мөрдоржийн  нэрэмжит хоёрдугаар уралдаанд лимбэчний төрөлд миний бие тэргүүн байр эзэлж, тэр жил төгсгөж байсан шавь Б. Мягмарцэрэн маань хоёрдугаар байранд орж байлаа. Олон хүмүүс “Авьяаслаг Монголчууд” шоунд оролцсоноор нь мэддэг. “Би 10 жил зүтгэлээ, багш нь уран бүтээлээ хөөе, одоо чиний ээлж, чи зүтгэ” гэхэд “За, тэгье” гэсэн. Би өрөөнөөсөө юу ч авалгүй, яг тэр чигт нь шавьдаа хүлээлгэж өгсөн. Хүмүүс, “Чи шүүгээнээсээ ядаж ганц нот ч  аваагүй юм уу” гэж асууж байлаа. Энд миний гэх зүйл ганц ч байхгүй. Бүгд энэ сургуулийн юм гэж би хариулсан.

РЕНТГЕН ТУЯАНД УДААН ХУГАЦААНД ЗОГСОХ ХОРТОЙ ГЭДГИЙГ МЭДЭЖ БАЙСАН Ч  ӨВ СОЁЛОО БҮРТГҮҮЛЭХИЙН ТУЛД ТИЙМХЭН ЗҮЙЛИЙГ ТООГООГҮЙ

-Лимбэний битүү амьсгааг ЮНЕСКО-д соёлын биет бус өвөөр бүртгүүлэхэд та чухал хувь нэмэр оруулсан. Бүртгэж авсан тухай мэдээг сонсоод эрхгүй баярлаж суусан байх. Хөгжимчин хүний хувьд нэгэн мөрөөдөл шүү дээ?

-Тэгэлгүй яахав, “Лимбэний битүү амьсгаагаа ЮНЕСКО-д бүртгүүлэх юмсан” гэж багш Ц. Цэвэгсүрэнтэйгээ ярилцдаг байв. Яг тэр жил 10-н биет бус өвийн материал авах талаар мэдээлэл аваад соёлын өвийн төвийн Н.Юндэнбат ах дээр багштайгаа хамт очив. Н.Юндэнбат ах ч өөрөө лимбэчин хүний хувьд санал нэгтэйгээр лимбэний битүү амьсгааг ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд бүтгүүлэх багийг бүрдүүлж, ажлаа эхлүүлсэн.

Цаанаас ирсэн олон асуумжийн дагуу материалаа бүрдүүлж явуулдаг юм билээ. Олон удаа буцаагдсан, тэр тоолонд зохих засваруудыг нь нэн даруй хийж өгөөд явуулж байсан. Лимбэний битүү амьсгааны талаар баримтат нэвтрүүлэг хүртэл хийсэн. Үүнд би рентген аппаратны ард лимбэ үлээж буйгаар гардаг. Хэдий рентген туяанд удаан хугацаанд зогсох хортой гэдгийг мэдэж байсан ч, энэ үнэт өвийнхөө төлөө тийм зэргийн золиос гаргах ёстой гэдгээ ухаарсан. Материал бүрдүүлж явуулах ажил хаваржин үргэлжилж, тэр жилийнхээ XI сард бүртгэгдсэн тухай мэдээг сонссон. Олон арван өвийн материал дундаас ганцхан монгол лимбэний битүү амьсгаа ЮНЕСКО-ийн биет бус соёлын өвд “Монгол лимбэний уртын дууг хөгжимдөх өвөрмөц арга барил Битүү амьсгаа” нэрээр яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэсэн байв.

2012 оны  зургаадугаар сарын 11-нд ЮНЕСКО-ийн Үндэсний зөвлөлөөс батламж гардуулах ёслол ҮДБЭЧ-ын тайзан дээр ёслол төгөлдөр болов. Тэрхүү ёслолын үеэр лимбэний ахмад багш нар болох Н. Жамбалжамц, Л.Алтансүх нар Соёлын тэргүүний ажилтан болох байв.Гэтэл хөтлөгч н.Равдан гуай МУСТА цол тэмдгээр шагнагдлаа хэмээн миний нэрийг дууддаг юм байна. Би ч андуурал гарлаа гэж бодоод нэлээн гүрийлээ, дахин дахин дуудаад Г.Нямжанцан багштанг урья гээд л дуудаад байдаг, арга буюу тайзан дээр гарч МУСТА-г энгэртээ зүүлгээд үнэмлэхийг нь хартал миний нэр бичсэн байхыг хараад үнэмшсэн. Тэр жил Л. Мөрдоржийн нэрэмжит уралдаанд түрүүлсэн байсан, мөн Лимбэний битүү амьсгааг ЮНЕСКО-д бүртгүүлэх судалгааны багт ажилласан хэмээн Соёлын өвийн төвөөс намайг тодорхойлсон байсныг сүүлд олж мэдсэн. Ажил амьдралынхаа гарааг эхэлсэн чуулгын тайзан дээр, гайхалтай багш нарынхаа энэхүү МУСТА хэмээх эрхэм цол тэмдгийг авсандаа баярлаж явдаг.

-Та багшийнхаа ажилд их л хайртай байсан шүү дээ. Тэр тусмаа өрөөндөө. Багшилж байх хугацаандаа санаанаас гардаггүй амжилт тань юу байв?

-Тэгэлгүй яах вэ. ХБК-ийн 23 номерийн өрөө бол анхны долоон гавъяатын нэг үхэрчин хүү хэмээх Л. Цэрэндоржийн ажиллаж амьдарч байсан нэрэмжит өрөө нь юм. Энэ цагийн бүх лимбэчдийн суралцаж, амьдарч ирсэн гал голомт гэж хэлж болохоор хүндтэй өрөө билээ. Тэгэхээр хайрлахгүй байхын аргагүй шүү дээ.

Намайг багш болж байхад, “Хар залуугаараа багш болоод хүн зэвэрдэг юм. Хувийн тоглоочийн карьер чинь яах болж байна аа?” гэж эсэргүүцэж бас зөвлөж байсан хүмүүс бий. Харин би, “Энэ бол миний хийх учиртай заяагдсан ажил. Би хөгжмөө ч тоглоно, давхар багшаа ч хийнэ” гэж хэлж байлаа. Багшлахын хажуугаар тоглоочоо хийж улсын чанартай 5-н уралдаанд оролцож, 2 уралдаанаас тэргүүн байр, 2 уралдаанаас дэд байр, 1 уралдаанд амжилттай оролцсон байна. Ингээд 2018 онд соёл урлагийн салбарын оны шилдэгт олгодог “Мөнгөн мод” шагналын “Шилдэг хөгжимчин” номинацид нэр дэвшиж шилдгээр шалгарсан. 2018 он миний хувьд уран бүтээлийн олз омог ихтэй жил байсан. Энэ онд зохиогдсон Л. Цэрэндоржийн 110 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд түүний нэрэмжит мэргэжлийн лимбэчдийн улсын хоёрдугаар уралдаан зохион байгуулагдаж, тус уралдаанд тэргүүн байр эзэлсэн.

Мөн Узбек улсад зохион байгуулагдсан өсвөрийн хөгжимчдийн оркестр цөөхүүл хөгжмийн Науроз садолари 4-р уралдаанд МУ-ын Консерваторын үндэсний хөгжмийн тэнхимийн оюутнуудыг бэлтгэн оролцуулж, тус уралдааны цөөхүүл хөгжмийн төрөлд тэргүүн байрт шалгарсан. Энэхүү уралдаанд оролцож байх үед манай үндэсний хөгжмийн сургалтын өнөөгийн байдал уламжлал шинэчлэлийг хослуулан маш зөв явж буйг олж харсан. Мөнгөн мод-2018 цомыг гадаад дотоодын уралдаанд амжилт үзүүлсэн гэсэн тодотголтойгоор авсандаа туйлын их баярласан.

ТАВДУГААР АНГИДАА АХ НАРЫГ ХАРЖ БИТҮҮ АМЬСГАА УСАН ДЭЭР АВЧ СУРСАН

-Уучлаарай, Узбек улсад оролцсон тэмцээнд нэгдүгээр байранд орсон гэлээ. Их олон орны хөгжимчид оролцдог гэж дуулсан. Манайх хэрхэн тэргүүлсэн юм бэ?

-Узбекийн Консерваторын захирал, уралдааныг зохион байгуулагч хэлэхдээ “Монголын хүүхдүүд маш чадварлаг, мэргэжлийн өндөр түвшинд тоглож байна. Нотны боловсрол маш өндөр байна. Казакстан, Киргизстан, Тажикстан гээд манайтай ойр аялгуутай, хэмжээг нь ойлгодог орнуудын оролцогч нар өгөгдсөн нотыг буруу тоглож байхад ганц зөв тоглосон хамтлаг нь Монголын хамтлаг байсан” тиймээс ч нэгдүгээр байранд оруулсан гэдгийг хэлж байлаа. Тэд манай Консерваторыг маш их сонирхож, харилцаа холбоо тогтоож, бие биеэ дэмжиж байхаар тохиролцсон. Явсан нохой яс зууна гэгчээр хүүхдүүдээ нэгдүгээр байранд оруулж, сургуулиа ч сурталчилж, хамтын ажиллагаа тогтоож ирсэндээ баяртай байдаг

-Одоо та тэс өөр талбарт хүч үзэж байна. Ардын урлагийн багш рок хамтлагт орох болсон шийдвэр хэрхэн гарсан түүх сонин байна?

-Оюутан байхаасаа эхлээд дан ганц лимбээр бус хөөмий, цуур, төмөр хуур, товшуур зэрэг өвүүдийг өөрийн хэмжээнд суралцаж, хөгжмийн зэмсгүүдийг нь цуглуулж, чадахаасаа заримыг нь урлан бүтээх үйлсэд суралцаж ирсэн байдаг. Чуулгад байхдаа 2001 оноос цуур хөгжим сурсан. Харин Завханы Хөгжим бүжигт байхдаа буюу 1999 оноос хөөмийг сонирхож ангийнхандаа хархирч үзүүлээд л, алга ташуулаад эхэлчихсэн байв. /инээв. сурв/ Дараа нь  2005 онд СУИС-д анхны хөөмийний анги нээгдэхэд Б. Одсүрэн багшийн шавь болж албан ёсоор хөөмийтэй хувь заяагаа холбосон.

П. Пүрэвжав багш маань надад лимбэний барил тавимагцаа дасгалтай хамт уртын дуу бичиж өгөөд байдаг байв. “Шалзад баахан шарга”, “Эрдэнэ засгийн унага” гээд л. Би ч “Багшаа би энийг битүү амьсгаагүй байж тоглож болох юм уу” гээд л битүү амьсгааны талаар хаанаас ч юм сонсчихсон амьтан асуухаар “Миний хүү дунд нь хаана амьсгаа авмаар байна, тэндээ аваад л чөлөөтэй тогло” гэдэг байв. Тэр жил тавдугаар ангид байхад дээд ангийн ах нарт битүү амьсгаа зааж байхыг хажуугаас нь харсан. Их гоё юм сурчихсан, харчихсан хүн чинь гэртээ харихын “түүс” болж, бушуухан гэртээ хариад л шилэн дотор ус хийж байгаад л соруулаар үлээж үзсэн. Ингээд дөнгөж эхний жилээ би битүү амьсгаа усан дээр аваад сурчихсан. Дараа жил нь лимбэн дээрээ янз бүрээр туршсаар маш эрт битүү амьсгааг сурсан юм. Ангийнхандаа ч заримд нь зааж өгөв. Усыг таслахгүй үлээгээд байхаар морин хуурын ангийн хүүхэд, ёочингийн ангийн хүүхэд бүр сурах гээд л, энд тэнд ус руу соруулаар үлээсэн хүүхдүүд л байдаг байлаа.

Цуурыг Урианхайн алдарт цуурч Паарайн Наранцогт гуайн гарын шавь Ш.Баянмөнх гэж дуучин залуугаас сурсан. Ш.Баянмөнх ахад анх цуур хөгжмийг П. Наранцогт гуай айл саахалт байхдаа “урлагийн сургуульд сурдаг болохоор чамд л би энийг зааж өгмөөр байна” гэж авч ирэн, хажуудаа суулгаж байж зааж сургасан гэдэг. Чуулгад дуучин болчихсон байхдаа коридорт гарч ирээд л нэг их гоё хөгжмөөр сайхан дуу гаргана, усаар норгож байгаад л үлээх нь маш сайхан санагдана. Ингээд дугаргах техникийг заалгаж  түүнээс хойш дурлаж, суралцах болсон. Оюутан байхдаа лимбэ хийдэг байсан болохоор төсөрхөн гурван нүхтэй хөгжимний учрыг олчихно. Тиймээс ч өөрийн гэсэн цууртай болж,  цуур сурах, хийх гэсэн бүх л хүслүүд минь буцалж, оргилж явсан үе дээ. Яг л жинхэнэ өвлөн уламжлагчаас нь сурч, түүнийгээ цаашид өвлүүлэн уламжлуулах нь үүрэг минь болсон.

Эндээс харахад лимбэний битүү амьсгаа, хөөмий, цуур гээд энэ гурван өвтэй салшгүй холбоотой болсон хүний хувьд үүнийг түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлах нь үүрэг маань болжээ. Тиймээс лимбэ цуураа тоглоод, хөөмийлөөд,  төмөр хуураа ч тоглож, өөрийн сурсан мэдсэнээ бүгдийг нь ашиглаад Монгол урлагаа дэлхийд гаргах гэж байхад би яагаад үүнээс хойш сууж, татгалзах ёстой гэж.

ДАШКА АХЫН “АМАНД” ГАЛААГАА АВЧ ИРЖ ӨГЧХӨӨД ӨӨРӨӨ ЗУГТСАН

-Танд анх “The HU” хамтлагт орох саналыг хэрхэн тавьсан бэ?

-Анх санал тавихад маш их таалагдсан. 2015 онд Сараа эгчийн тоглолт дээр Дашка ахтай анх танилцсан. Ингээд тоглолтын дараагийн хүлээн авалт дээр ч ярилцсаар, тэндээс нь Дашка ахын гэрт ч үргэлжлүүлж бид урлагийн талаар, энэ өв соёлуудын талаар шөнөжин ярилцсан. Дашка ах ч намайг их сонирхож “Чи яг юу юу хийдэг юм, яадаг юм” гэж асууж байсан санагддаг. Ингээд 2015 оны намар Дашка ах намайг “Студи дээр хүрч ирээд нэг юм сонсоодох” гэсэн. Очтол хамтлагийн дуунууд анхны байдлаар гарчихсан байв. Оюутан цагаасаа хойш музей нээж болохоор их хөгжмийн зэмсгүүд цуглуулсан. Тэднийгээ бүгдийг нь үүрч очоод тоглож үзүүлэв ээ. Гэтэл надаар товшуур тоглуулах сонирхолтой байна. Товшуур тоглоод, хөөмийлөөд, дуугаа дуулаад явж чадах уу гэсэн. Би товшуурыг магтаал явахад ард нь дэм болох хэмжээнд л тоглоно уу гэхээс мэргэжлийн хэмжээнд тоглож чадахгүй. Тиймээс ч товшуур тоглоно гэдэг миний ой тоонд багтаагүй. Хүсэж, хүлээж байгааг нь гаргаж чадахгүй байх вий гэдгээс үнэндээ жаахан бэрхшээсэн.

Энэ үед Дашка ах өөр нэг тослог, доошоо дугардаг хөөмийч хэрэгтэй байна, морин хуур тоглодог бол бүр сайн гэсэн санал хэлсэн. Манай хамтлагийн ахлагч Ц.Галбадрах бид хоёр 2007 оноос хойш “Алтайн оргил” хамтлагт хамт байж, уран бүтээлийн тал дээр 10 гаруй жил ах дүү хоёр гэж явсан үй зайгүй улс. Ингээд Галаагаа санал болгосон. Галаагийн хархираа тослог доошоо өвөрмөц дуугаралттай л даа. Ингээд Дашка ахын “аманд” Галаагаа хийж өгчхөөд өөрөө зугтсан. Консерваторийн ажил яалт ч үгүй намайг тавьж явуулахааргүй байсан л даа. Энэ хооронд Дашка ах, Галаа 2 маань “The Hu” хамтлагийн суурийг тавьж, бичлэгүүдээ эхлүүлж, хөгжмийн зэмсгүүдийг нь бий болгосон байсан. Галаа хааяадаа “Жааяа та очоочээ, Дашка ах таныг асуугаад л байна” гэнэ. Ажил гэж шалтаглан их ч зугтсан. Энэ хооронд Дашка ах ардын урлагийн олон залууст санал тавьж, шалгаж, хөгжмийг нь сонссон ч тэр залуус ороогүй. Очиж чадахгүй явсан ч сэтгэлийн мухарт анх сонссон бүтээлүүд эгшиглэсээр л ...

Магадгүй энэ яг миний хийх ёстой зүйл. Би үүнийг л хиймээр байсан юм байна гэдгээ ойлгосон. Ингээд Дашка ахаасаа уучлалт гуйж эргэж буцалтгүйгээр хамтлагийн ажил руугаа орсон. Одоо өдөр хоног өнгөрөх тусам “Би үүнийг л хийх гэж энэ олон жил сурч, өөрийгөө хөгжүүлж явсан юм бишүү” гэдгийг ухаарч байгаа. Багш байж байгаад рок хөгжимчин болж яагаад болохгүй гэж.

-Гэхдээ та зугтаж яваад эргээд хэрхэн “The Hu”-рүү орох шийдвэрээ гаргасан юм бэ?

-Эхэндээ багшийн ажлаа, хамтлагийн ажлаа, бичлэгээ хамт амжуулаад хэсэг гүрийсэн. Гэтэл үнэхээр нэгэн бие хүрэлцэхээ больж  ирсэн. Ингээд шийдвэр гаргах  мөч ирэхэд уран бүтээлийн ажлаа сонгосон. Энэ шийдвэрийг гаргахад амар байгаагүй учир нь МУК-ын 2018 оны шилдэг уран бүтээлч багшийн шагнал, оны шилдэг хөгжимчин Мөнгөн мод шагнал хүртчихсэн, өөрөөр хэлбэл тэр жилийн хамаг шагналыг хамчихсан хүн өвлийн амралт дуусаж, хичээл орох үед захиргааны зөвлөлдөө үнэнээ хэлсэн. Тэд дуугүй. Надад ч нүүр халуун байлаа. Бүгдийг нь тайлбарлаж, гадаад дотоодын томоохон фестивалиудад явж оролцох нь тодорхой болсон, гадаадын том компанитай гэрээ байгуулах нь ч тодорхой болчихсон. Би энэ ажлаа хамтад нь хослуулаад хийгээд явж болох юм уу, болно гэвэл хамаагүй би хийнэ гэлээ. Онлайнаар заалтай нь биш /инээв. сурв/ Ингээд Пүрэвхүү багш маань маш гоё мэргэн шийдэл гаргаж, үг дуугарч өөрийгөө ойлгуулж ядаж байгаа миний өмнөөс бүгдийг ойлгуулж, багшийн ажлаа эргээд хийх боломжтойг сануулсан. Үүний дараа гар өргөж, санал хураахад бүгд гараа өргөж, хүлээн зөвшөөрсөн. Яг тэр үед миний төлөө шийдвэр гаргаж буй хамт олноо хараад хоолой зангирч баярлаж байлаа. Бүгд намайг дэмжиж байгаа юм шүү дээ.  

-Таныг “The Hu” хамтлагийн Жааяа гэдгийг хүмүүс илүүтэй мэдэхээс, лимбэний төлөө ингэж амьдралаа зориулж явсныг тань мэдэхгүй байх гэдэг үүднээс бид ярилцлагаа энд хүрээд өндөрлөж байна. Бидэнд цаг гаргасан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Баярлалаа. Намайг хүндэтгэн миний үндсэн мэргэжлийн маань талаар халуун дулаан ярилцсанд баярлалаа. Би хэдийгээр “The Hu” хамтлагийн хөгжимчин хөөмийчин гэж яваа боловч намайг лимбэний урлагаас салгаж ойлгох учиргүйг ойлгуулсан сайхан ярилцлага боллоо. “The Hu” хамтлагийн дараа дараачийн уран бүтээлүүдэд ч лимбэ хөгжим эгшиглэнэ гэдэгт итгэлтэй байна. Лимбэний урлагийн тал дээр ч томоохон ажлууд хийгдэж байна. Учир нь ЮНЕСКО-гоос Лимбэний битүү амьсгааг хөгжүүлэх түгээн дэлгэрүүлэх тал дээр Монгол улстай хамтран томоохон төсөл эхлүүлээд байгаа гэхчлэн монгол лимбэний урлаг маань дэвжин дээшилж буйд миний бие их баяртай байна. Үе үеийн ахмад лимбэчид багш нар болон шавь нартаа сайн сайхныг хүсэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Элий
Элий
2019-09-07 19:36

Аав ээжийн нутаг ус гар�##� үүсэл Удмын нь асууж сурж бай! Сэтгүүлчээ. Гар�##� үүсэлын мэдэхгүй ойлгоход хэцүү юм.

жалга
жалга
2019-11-18 14:31
Reply to  Элий

Гар�##� үүсэлтэйгээ арил м�##� минь Саран аймаг Одон сумых гэж байна ж�##�га дов минь

Зочин
Зочин
2019-09-22 11:41
Reply to  Элий

Элий м�##�аа. Монгол л хүн байна. Чамд өөр юу хэрэгтэй вэ? Ж�##�га дов ярьдаг бас нэг м�##�.

Зочин
Зочин
2019-12-05 18:45
Reply to  Зочин

yag unen

bi
bi
2019-10-02 15:28

nuguu dajgu tsarailag zaluu bn shd lol, urt us zohidog gants eregtei hun

Зочин
Зочин
2019-12-19 19:11

Yostoi ulsiinhaa limbenii urlag, undesnii urlagiin tuluu ih yum hiisen zaluu baina. Bayrlalaa chamd.

Холбоотой мэдээ

Back to top button