Х.Нямбаатар: Хөрөнгө оруулагчдын санал 92-р тогтоолыг хэрхэн хангасныг УИХ-д танилцуулна
Өнөөдөр /2021.12.14/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Энэ үеэр Оюу толгойн хэлэлцээний хүрээнд хөрөнгө оруулагч талаас тавьсан хамгийн сүүлийн саналуудыг танилцуулсан юм.
Хуралдааны дараа ХЗДХ-ийн сайд, хөрөнгө оруулагч талтай хийж буй Оюу толгойн хэлэлцээний ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулагч талаас тавьсан саналуудыг танилцууллаа. Засгийн газрын гишүүд эдгээр саналыг зарчмын хувьд дэмжсэн. Ийн УИХ-ын Түр хороогоор хэлэлцүүлж, 92-р тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газраас хийсэн ажлыг УИХ дээр танилцуулах шийдвэр гаргалаа.
Өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Рио Тинто” группээс ирүүлсэн саналууд дэлгэрэнгүй мэдээлэгдсэн тул өнөөдөр товч ярья. Бид ирсэн захидлын хүрээнд л асуудлыг ярина. Учир нь хэлэлцээ үргэлжилж байгаа. Захидал дахь саналуудаас хальж, мэдээлэл өгөх боломжгүй гэдгээ онцолж байна.
Нэгт: Манай ажлын хэсэг удаа дараа 34 хувьд өрийг тэглэх санал тавьж ирсэн. Үүнийг хөрөнгө оруулагч тал хүлээж авсан байгаа.
Хоёрт: Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлахаар болсон.
Гурав: Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтрэлтийн асуудал байгаа. Бид их удаан ярьж ирсэн. Хардлага, сэрдлэг их байдаг. Энэ бүхнийг мухарлаж цэг тавих зорилгоор зардалд хөндлөнгийн аудит оруулъя гэдгийг хөрөнгө оруулагч тал албан ёсоор зөвшөөрсөн.
Дөрөвт: Далд уурхайн ашиглалтад орох хугацаа 2023 оны эхний хагас. Энэ хүртэлх нэмэлт зардлуудыг хөрөнгө оруулагч тал өөрсдөө хариуцъя гэсэн.
Тавт: “Оюу толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах асуудал орж ирсэн. Оюу толгойн борлуулалтын орлогоос тодорхой хэмжээг нь менежментийн төлбөр болгож, “Эрдэнэс Оюу толгой”-д өгөх гэх мэт шийдлүүд яригдана. Та бүхэн санаж байгаа бол УИХ-ын 92-р тогтоолд “Эрдэнэс Оюу толгой”-г чадавхжуулах агуулга багтсан байдаг.
Мөн энэ хүрээнд Монгол Улсын эрчим хүчний сүлжээнээс Оюу толгойн эрчим хүчийг хангах гэрээг байгуулахаар болсон. Ойролцоогоор 1 к.вт-ыг нь 9.6 центээр бодож авна.
Хэлэлцээний хүрээнд хэлэлцэгдэж, нэг тийш болсон асуудлаар дахин нэг гэрээ маягийн албан бичиг батлах төлөвтэй байгаа” гэлээ.
Түүнийг мэдээлэл хийж дууссаны дараа сэтгүүлч асуулт асуулаа.
-Хөрөнгө оруулагч талаас Арбитрын шүүх дээрх маргаанаа хойшлуулж, эвийн журмаар хэлэлцье гэсэн. Энэ саналыг хүлээгээд авчихвал манай талд ирэх сөрөг үр дагаврууд нь юу байх юм бэ?
-Зөвхөн захидлын хүрээнд болон сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын хүрээнд л мэдээлэл өгөх боломжтой байна. Айлын талаас эвлэрье гэсэн санал тавьсан. Гол агуулгыг нь эргээд сануулахад, 1 их наяд 24 тэрбум төгрөгийн татварын актын асуудлаар хөрөнгө оруулагч тал Засгийн газрыг шүүхэд өгсөн. Зөрүүлээд, бид хариуцагчаар татаж, сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа.
М.ТЭНГИС












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.