НийгмийнЯрилцлага

ДАШТ-д гурав дахиа түрүүлсэн Н.Онондарь: “Grun gold” хамтлагтай гэрээгээ сунгах эсэхээ дараа жил шийднэ

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь бүжигчин Нэргүйн Онондарь. Өдгөө Германд амьдардаг тэрбээр тус улсын “Grun gold” хамтлагийн гишүүн.

Өнөө жилийн латин америк бүжгийн ДАШТ-д Н.Онондарь түрүүлж, дэлхийн аваргаас гурав дахь алтан медалиа хүртсэн нь бахдахгүй, бахархахгүй байхын аргагүй амжилт.

Дэлхийн аварга болсон анхны төдийгүй цорын ганц монгол бүжигчин тэрбээр хэдийгээр өөр орныг төлөөлөн ДАШТ-д оролцон, түрүүлсэн ч дэлхийн 11 удаагийн хамтлагийн бүрэлдэхүүнд багтана, тэдэнд тоогдоно гэдэг өөрөө том амжилт. Дэлхийн гурван удаагийн аварга Н.Онондарьтай цахимаар холбогдон ярилцлаа.

-Дэлхийн аварга болж, хөлс нь ч “хатаагүй” шахам байхдаа “Eguur.mn сайтад ярилцлага өгч буй танд баярлалаа. Юуны өмнө дэлхийн гурван удаагийн аварга болсонд тань баяр хүргэе. Өмнөх хоёр түрүүгээс энэ удаагийнх юугаараа өвөрмөц, онцлогтой байв?

-Баярлалаа. Дэлхийн аваргад гурав дахь удаагаа түрүүлсэндээ баяртай байна. Мэдээж би тэмцээнээс тэмцээнд суралцан, туршлага хуримтлуулсаар байгаа. Би спортын сэтгэл зүйч мэргэжлээр сурдаг. Өөрөө өөртэйгөө ажиллан, сэтгэл зүйгээ бэлдэхэд сурч буй мэргэжил минь надад давуу тал болдог. Өөрийгөө сорьж, хөгжүүлж, туршилт хийх маягаар тэмцээнд бэлдээл оролцлоо. Энэ жил ДАШТ-д сэтгэл зүйн бэлтгэлийн хувьд өмнөхөөсөө өөр байсан нь хамгийн том ялгаа, онцлог.

-Та дэлхийн аварга болсон Монголын анхны төдийгүй цорын ганц бүжигчин. Энэ удаа ДАШТ-д өрсөлдөхдөө үзүүлбэрээ 100 хувь гүйцэтгэж чадсан уу?

-Тэгсэн. 100 байтугай 110 хувь гүйцэтгэж чадсандаа сэтгэл хангалуун байна. Бүжгийн, бие бялдрын, сэтгэл зүйн бэлтгэлээ үнэхээр сайн хийсэн нь амжилтад их нөлөөллөө.

-“Аварга болох амархан. Аваргаа хамгаалах хэцүү” гэдэг. Дэлхийн аваргаа хамгаална гээд өрсөлдөх сэтгэл зүйд тань заримдаа дарамт болдог уу?

-Амжилтдаа эзэн байх, батлах их чухал. Би ДАШТ-д гурав дахиа түрүүлснээр амжилтаа, өөрийгөө баталж чадлаа. Өөртэйгөө тулж ажилласны үр дүнд өмнө нь 95 хувьтай гүйцэтгэдэг байсан зүйлээ 20-30 хувиар ахиулсандаа олзуурхаж байна.

-Дэлхийн аваргаас ээлжит түрүүгээ хүртэн, том давааны ард гарлаа. Одоо түр амсхийх үү, шууд дараагийн тэмцээндээ бэлдэх үү?

-Зул сарын баяр, Шинэ он гээд хэд хоног сайхан амарч, сэргэх бодолтой байна. 2022 он гарангуут бэлтгэлдээ орно, дараагийн тэмцээнд бэлдэж эхэлнэ. Германы мужуудын аварга зэрэг 6-7 тэмцээн шил, шилээ дараад биднийг хүлээж байгаа. Тиймээс амсхийх 10 хоног ойролцоогоор надад байна. Энэ хугацаанд гэхдээ амрах зав надад байхгүй. Бэлтгэл, ДАШТ гээд хичээлээсээ жаахан хоцорсон тал бий. Тиймээс энэ хугацаанд хичээлээ нөхнө. Үүний сацуу мэргэжлийн онцлогийн дагуу өөртэйгөө тулж ажиллан, өөрийгөө улам сайжруулж, хөгжүүлнэ.

-Гэр бүлийнхэн нь Монголд амьдардаг хэвээрээ юү. ДАШТ-ий үеэр тэдэнтэйгээ холбоо барьсан уу?

-Гэр бүлийнхэн минь Монголд амьдардаг хэвээрээ. Намайг ДАШТ-д өрсөлдөхийг шууд дамжуулалтаар үзээд, дэмжсэн гэсэн. Ээж минь энэ жил намайг ДАШТ-д оролцохыг үзэж, дэмжинэ гээд визэнд орсон юм, уг нь. Даанч виз нь тавхан хоногоор гарсан тул ирж амжаагүй. Уг нь ээж минь ирээд, дэлхийн аварга болсон баярт мөчөө хамтдаа хуваалцсан бол гоё байхгүй юу.

-Эх  орноо, гэр бүлээ санахаараа юу хийж тайвширч, тайтгардаг вэ?

-Би аав, ээж хоёрыгоо, хоёр ахыгаа их санадаг. Эх орондоо, гэртээ, хайртай хүмүүс дээрээ очих хүсэл дүүрэн. Даанч коронавирусийн халдвар гээд тэгэх боломж гарахгүй байна.

-Энэ жил ДАШТ-д Монголоос “Moon dance” хамтлагийнхан оролцсон. Тэмцээний үеэр тэдэнтэй уулзах боломж гарсан уу уу?

-Яг тэмцээний үеэр “Moon dance” гэлтгүй бусад хамтлагуудтай уулзах ямар ч боломж байгаагүй. Учир нь коронавирусийн халдвараас хамгаалан заавар, зөвлөмжийг ягштал мөрдөх чухал. ДАШТ болохоос хоёр хоногийн өмнө, тэмцээний дараа “Moon dance” хамтлагийнхантай, уулзсан.

Энэ жилийн ДАШТ-д “Moon dance” хамтлагийнхан маань VI байрт шалгарч, финалын цом авсан. Нээрэн энэ жил ДАШТ-ий финалд долоон баг шалгарсан нь сонирхолтой санагдлаа

-Монгол хүн дэлхийд алдартай “Grun gold” хамтлагийн бүжигчин болсон тань сонирхол татаж байна. Тэдний нэг гишүүн болох гарцыг хэрхэн олж байв?

-Багаасаа Германд сурах хүсэл маань 2015 онд биелсэн. Анхандаа хэл сурахын зэрэгцээ нийгмийн ажлаар тэнд очсон юм. Германд жил бүр болдог фестивальд оролцож байх үеэр дасгалжуулагч Роберто Албанесе надтай уулзан, хамтлагтаа бүжиглэхийг урьсан. Миний ур чадвар, гадаад төрх, бусадтай харилцах чадвар түүний анхаарлыг татсан гэсэн.

Мэдээж юу гэж шууд “Grun gold”-ын гишүүн болгох вэ. Дасгалжуулагч “Манай хамтлагийнхантай бүжгийн бэлтгэл хий. Ур чадварыг чинь нь харгалзаж байгаад явцын дунд хэрхэхээ шийднэ” гэж хэлсэн. 2016 онд хамтлагийнхантайгаа хоёр сар бэлтгэл хийсэн. Тэр жил Германы болон ДАШТ-д оролцохын төлөө зүтгэсэн ч эрүүл мэндийн шалтгааны улмаас чадаагүй. Улмаар тухайн оныхоо аравдугаар сард Монголдоо ирж, жил гаруй эмчилгээ хийлгэн, биеэ тэнхрүүлсэн.

Тэгээд 2017 оны арваннэгдүгээр сард Германд буцаж очин, жил гаруйн хугацаанд багийнхантайгаа бэлтгэл хийгээд дэлхийн аварга боллоо. Хамтлаг доторх өрсөлдөөн асар их. 2018 онд  л гэхэд “Grun gold” хамтлагийнхан жилийн турш 16 бүжигчин бэлдэж, наймыг нь сонгоод ДАШТ-д оролцуулсан.

-Тэр жил та 17 жил тээсэн мөрөөдөлдөө хүрч, ДАШТ-ий алтан медальтай анхны монгол бүжигчин болсон. Тухайн үед ямар мэдрэмж төрж байв?

-Олон жилийн өмнөөс дэлхийн аварга болохыг зорьж, түүндээ хүрэхийн тулд “Grun gold” хамтлагт нэгдсэн. Тиймээс ДАШТ-д түрүүлэхэд гэнэтийн зүйл шиг санагдаагүй. Нэлээд догдолж, сандрах болов уу гэж бодтол тэгээгүй. “За, ингээд дэлхийн аварга боллоо, зорилгодоо хүрлээ” л гэж бодсон. Би тэр жил дэлхийн шилдгүүдтэй гурав дахь удаагаа өрсөлдсөн болохоор өмнөхөөсөө хавьгүй туршлагатай байлаа. ДАШТ-д өмнө нь 2012, 2014 онд Монголоосоо бүжиглэн, зургаан жилийн өмнө X байрт шалгарсан.

-Grun gold” хамтлагтай байгуулсан гэрээ нь хэзээ дуусах вэ. Гэрээгээ сунгах бодол бий юү?

-Хамтлагтайгаа байгуулсан гэрээ маань дараа жил дуусна. “Grun gold” хамтлагийнхан надтай гэрээгээ сунгах бодолтой байгаа. Эцсийн шийдвэрийг би гаргана. “Сунгана, сунгахгүй” гээд хэлэхэд одоо эрт.

-Германы хамтлагийн гишүүн болсноор, тэнд сурснаар та өөрийгөө олон зүйлээр нээсэн нь мэдээж. Хамгийн онцолмоор нь юу байв?

-Бүжиглэх чадвараа сайжруулснаас гадна маш олон зүйл сурсаар байна. Өөрийнхөө давуу болон сул талыг улам нээн, өөртөө үнэнч байх чадварыг өмнөхөөсөө илүү төлөвшүүлж буйгаа онцолъё. Германчууд бүжгийн спортоор дэлхийд өнгөлдөг. Цаг барих, бусдыг хүндлэх соёлоос нь үргэлж суралцмаар. За гэвэл ёогүй байж чаддаг, аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг.

-Үргэлж өөрийгөө дайчилж, шилдэг нь байхгүй л бол хамтлагаасаа хасагдах эрсдэлтэй. “Grun gold”-ыг төлөөлж, нэг эд, эс нь болж явахад тань хамгийн их нөлөөлж буй зүйл юу вэ?

-Бүхий л орны бүжигчид “Grun gold” хамтлагт бүжиглэхийг, гишүүн нь болохыг мөрөөддөг. Тэр хэрээр өндөр шалгууртай, өндөр босготой. Тийм олон бүжигчдийн хүсэл, мөрөөдлийг би өөртөө бий болгосондоо баяртай явдаг.

“Grun gold”-д намайг хамгийн үнэ цэнэтэй болгож буй зүйл бол миний ур чадвар, бүжиглэх авьяас. Мөн миний зан ааш, хүмүүжил юм болов уу. Би маш шударга, дайчин. Энэ зан, чанар маань бусад бүжигчдэд зөвөөр нөлөөлдөг болохоор “Grun gold”-ынхон, дасгалжуулагч нар намайг хамтлагтаа байлгах үнэхээр дуртай байдаг. Бүгд намайг байгаагаар минь хүлээж авсан, намайг хайрладаг, хүндэлдэг. Тиймээс “Grun gold” хамтлагийн бүжигчин байх надад тухтай санагддаг.

Манай хамтлагийнхан намайг монгол хүн гэхээс илүү хувь хүн, Онондарь гэдэг талаас нь хайрлаж, хүндэлдэг. Монгол хүнийг надаар төсөөлж, үнэлж, дүгнэдэг. Тиймээс монголчуудынхаа нэр хүндийг өндөрт байлгах, нүүр бардам байхын тулд би бүр ч их хичээдэг. Хамтлагийнхан маань монголчуудыг маань хөдөлмөрч, шударга, мундаг гэж үнэлдэг нь надад анзаарагдсан. Германчуудад, хамтлагийнхандаа тийм бодол төрүүлж буйдаа заримдаа өөрөө бахархдаг.

-Олон бүжигчин нэг хүн мэт бүжиглэн, бие биенээ мэдрэх амаргүй. Таны хувьд бүжгийн спортын хамгийн сайхан нь юу бол?

-Эл спортыг хөдөлмөр, хичээл зүтгэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хосоор бүжиглэхэд олон цагийн бэлтгэл, бие биенээ мэдрэх нь чухал. Зөвхөн хамтрагчаа бус бусад долоон хосынхоо алхаа гишгээнээс авхуулаад амьсгалахыг нь хүртэл нэгэн зэрэг мэдрэх хамгийн сайхан.

Бүжгийн спортод хамтлагаараа, олуулаа бүжиглэх үнэхээр гоё бас аймар. Нэгнээсээ өчүүхэн зөрж, жаахан алдаа гаргахад л бусдынхаа хөдөлмөр, хичээл зүтгэлийг үгүй хийнэ, хамтлагийнхаа амжилтыг арагш нь татна. Жүжигчдээс маш нарийн мэдрэмж шаарддаг спорт.

Нэг хүн шиг хөдлөх, бүжиглэхэд үгээр илэрхийлэх аргагүй мэдрэмж байдаг. Үүнийг л хамтлагаараа, бүгдээрээ мэдэрч чадвал нэг хүн шиг бүжиглэнэ, амжилтад хүрнэ. Өмнөөс хэдэн мянган хүн суугаад үзэхэд хүн төлөвлөлт, фокусаа алдах эрсдэлтэй. Тийм үед алдаа гаргах, үзүүлбэрээ дутуу хийх эрсдэл бүр их.

Бүжгийн спортын хамтлагийн төрөл хөлбөмбөгөөс ч бараг хэцүү байх магадлалтай. Нэг хүн шиг бүжиглэнэ гэдэг маш нарийн мэдрэмж шаардана, өндөр хариуцлагатай. Үнэхээр гайхалтай спорт.

-Монгол, Германы бүжгийн спортын дэг, сургуулилалт ондоо. Хүний нутагт амьдрахад хэлний бэрхшээл, соёлын ялгаанаас авхуулаад “зовлон” их. Таны хувьд дасахад хамгийн хэцүү зүйл юу байв?

-Германд ирсэн анхны жил бүх зүйл амаргүй байлаа. Тэглээ гээд юу гэж бууж өгөх вэ, аль болох зохицуулахыг хичээгээд зүтгэсэн. Бусадтай ойлголцох, санал бодлоо илэрхийлэхээс авхуулаад хамгийн чухал зүйлийн нэг нь яахын аргагүй хэлний бэрхшээл.. Германд амьдрахад бас нэг чухал зүйл бол ажилдаа хариуцлагатай хандах, хэлсэндээ заавал хүрэх. Бусдын итгэлийг алдвал тэгээд л дуусна.

-Таныг таван настайгаасаа хойш бүжиглэж байгаа гэж дуулсан. Тухайн үеийнхээ дурсамжаас хуваалцана уу. Ер нь багаасаа бүжгийн спортод хорхойссон уу?

-Тэгсэн. Таван настай байхад ээж надаас “Төгөлдөр хуур, бүжгийн аль нэгээр нь сурах хэрэгтэй. Алийг нь сонгох вэ” гэж асуухад нь бүжиг гэж хариулснаа ер мартдаггүй. Тэгэхэд ээж намайг Хүүхдийн ордны бүжгийн дугуйланд оруулсан юм. Тухайн үед бүжгийн спорт Монголд дөнгөж хөгжиж байлаа. Тэнд 11 нас хүртлээ бүжиг заалгаад Мөнгөнхуяг багшийн шавь болсон. Манай гэрийнхэн бүгдээрээ бүжгийн спортод эвсэлтэй, хорхойтой, элэгтэй.

-Би андуураагүй бол та бодибилдинг, фитнесээр хичээллэдэг, бүр тэмцээнд оролцдог байсан бил үү?

-Тийм ээ. Бодибилдинг, фитнесийн спортоор 2015 онд хичээллэж эхлэн, тэр жилээ улсын аварга болсондоо өөртөө итгэж ядан явсан (инээв).

-Бүжгийн болон бодибилдинг, фитнесийн спортоор гаргаад буй амжилтаасаа сонирхуулна уу?

-Бүжгийн спортоор 20 дахь жилээ хичээллэж байна. УАШТ-ий тав бил үү зургаан алтан медальтай. 2011 онд “Би бүжиглэж чадна” шоунд түрүүлсэн. Бодибилдинг, фитнесээр хоёр жил хичээллэхдээ олон амжилт гаргасан, нэлээд түрүү бий.

-Тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлыг Герман улсаас даадаг уу. Эсвэл та бүхэн өөрсдөө зохицуулдаг уу?

-Манайх дэлхийд алдартай, нэр хүндтэй холбоо. Ямар нэгэн тэмцээнд оролцоход зардлыг нь холбооноос гаргадаг. Гэхдээ яг улсаас ямар нэгэн цалин авдаггүй. Харин ч эсрэгээрээ бүжгийн спортын төлөө, амжилтын төлөө бүхнээ зориулдаг.

-Та Германд хэнтэйгээ амьдардаг вэ?

-Би энд ганцаараа амьдардаг. Их сургуулиа төгсөөгүй байгаа. Тэмцээн, бэлтгэл, цагийн ажил гээд цагт нь үзэж амжаагүй юм л даа. Өмнөх семистрүүдийн “өр”-өө дуусгах ёстой.

-Бүжиглэхийн хажуугаар мэргэжлээрээ ч юм уу өөр ямар нэгэн ажил хийдэг үү?

-Бүжиглэхийнхээ хажуугаар оюутны ажил хийн, спортын сэтгэл зүйч мэргэжлээр сурдаг.

-Германд амьдрахад өртөг өндөртэй. Цалин нь хангалттай хүрэлцдэг үү. Та хэрхэн зохицуулдаг вэ?

-Оюутны ажлын цалин маань байрны түрээс, сарын хэрэглээнд тулаад л дуусдаг.

-Цаашид Монголдоо амьдрах уу. Зорилго, мөрөөдөлдөө хүртлээ Германд амьдрах уу?

-Монголдоо, Германд амьдраад явна. Эх орондоо ирэн, очин байна гэсэн үг. Учир нь эх орондоо хийх юм надад их бий. Үүнийг сүүлийн жилүүдэд улам их ойлгож байгаа. Тиймээс би Монголдоо очно, хэцүү байсан ч юм хийнэ.

Би  Германд тодорхой хэмжээний карьераа эхлүүлчихсэн байгаа. Энд сурсан, мэдсэнээ монголчуудтайгаа хуваалцахыг хүсдэг.

-Найз залуутай юу?

-Байхгүй. Нэг хүнтэй хоёр жил үерхсэн. Тэгээд одоо ганц бие болсон байгаа.

-Таны хамгийн том мөрөөдөл юу вэ?

-Спортын сэтгэл зүйч мэргэжлээрээ маш чадварлаг мэргэжилтэн, боловсон хүчин болох нь миний хамгийн том мөрөөдөл. Өөрийгөө өөрчлөх, хөгжүүлэх боломжийг бусдад олгохыг хүсдэг. Цаашдаа хийхийг хүсэж, төлөвлөж буй бүхэн миний мөрөөдөл. Тэр нь том, энэ жижиг мөрөөдөл, зорилго гэсэн юм байхгүй. Бүгд надад чухал, үнэ цэнэтэй.

-Монголдоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Ойрын хугацаанд ирэх төлөвлөгөө бий юү?

-Эх орондоо хамгийн сүүлд гурван жилийн өмнө очсон. Түүнээс хойш цар тахал, коронавирусийн халдварын улмаас очиж чадахгүй байгаа. Болдог сон бол одоо ч хамаагүй эх орондоо, гэртээ, хайртай хүмүүс дээрээ нисээд очмоор л байна. Энд бүжгийн бэлтгэл, тэмцээн, хичээл, ажил гээд надад цаг, зав хомс. Нөгөө талаар Германаас Монголд очих зардал тийм ч хямд биш.

Ямар ч үед миний ард байдаг, дэмждэг, түшдэг бүх хүнд, гэр бүлдээ, хайрт аав, ээждээ маш их баярлалаа. Нээрэн нэг хүнийг бүр онцолж талархсанаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэр хүн бол Цэрэндулам гэдэг найз минь. Энэ жил надад маш том тус хүргэсэн найздаа чин сэтгэлээ баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-21 09:15

Сайхан монгол охин юм аа. Германаар их цэвэрхэн ярьж байна лээ

Зочин
Зочин
2021-12-21 09:15

Нөгөө хөөрхөн хар хувцастай охин байна

Зочин
Зочин
2021-12-21 09:25

Үнэхээр мундаг охин юм

Зочин
Зочин
2021-12-21 09:25

үзэсгэлэн төгөлдөр төгс гоо охин юмаа

Зочин
Зочин
2021-12-21 11:06

amjilt husey aviyaslag ohindoo

Зoчин
Зoчин
2021-12-21 11:06

amjilt husey awiyaslag ohind

zochin
zochin
2021-12-21 13:46

estoi myndag gej helhees uur yu gehev ene ohiniig vneldeggvi yum bhdaa manai yls Mongolian neriig olon ydaa gargaj bhad

Зочин
Зочин
2021-12-21 15:13

Manaihaas uur archaatai yls bol yrij avchirmaar yum. Ene ohiniig mongoliin bujgiin holbooniihon ni gaduurhaad bdag geseen. Iim l ataarhuu humuus shuu dee mongolchuud…

Zochin
Zochin
2021-12-21 23:56

Daichin busgui bna,amjilt

Холбоотой мэдээ

Back to top button