Олимпын медалиа 125.000 ам.доллароор худалдан, хүнд өвчинтэй хүүд хандивлав

“Токио - 2020” Зуны олимпын XXXII наадмын эмэгтэйчүүдийн жад шидэлтийн төрөлд амжилт гарган мөнгөн медаль хүртсэн Польш тамирчин нэгэн хүүгийн зүрхний мэс заслын зардлыг босгохын тулд медалиа дуудлага худалдаагаар худалдсан тухай USA Today мэдээлсэн байна.
Тодруулбал, Өдгөө 25 настай тамирчин Maria Andrejczyk энэ медалийн эзэн болохын тулд чамгүй хүнд замыг туулсан. Тухайлбал, “Рио - 2016” олимпоос медаль хүртэхэд түүнд ердөө хоёрхон сантиметр дутаж байв. Мөрөндөө бэртэл авсны дараа хагалгаанд орох шаардлагатай болсон тул 2017 онд зохион байгуулагдсан бүхий л тэмцээн уралдаанд оролцох боломжоо алдсан юм. Үүгээр ч зогсохгүй удаах жил нь ясны хавдартай хэмээн оношлогдсон аж.
Хэдийгээр тэр өөрөө ийм асуудалтай ч найман сартай Miloszek Malysa хүүгийн зүрхний мэс заслын зардлыг төлөхийн тулд мөнгөн медалиа дуудлага худалдаагаар худалдахаар болсон бөгөөд Польш улс дахь Zabka хэмээх сүлжээ супермаркет уг дуудлага худалдаанд ялж, мөнгөн медалийг нь 125.000 ам.доллароор худалдан авсан байна. Ингээд бяцхан хүү Стэнфордын их сургуулийн эрүүл мэндийн төвд шаардлагатай эмчилгээгээ хийлгэж чадахаар болжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.