Д.Нацагдорж хамбын тухай баримтат киног “Амазон”-оор худалдана

Манба Дацан МУЭСТ-ийн ерөнхийлөгч, “Манба дацан” хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэсэн “The Medicine Buddha” баримтат кино хийгдсэн билээ. Английн кино найруулагч, продюсер Бенжамин Жонс, зөвлөх продюсер Константин Палвидс, зураглаач Герри Васбентер нар тус уран бүтээлийг “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд бүтээсэн юм.
Тэд олон хүнийг судалж байгаад хамба лам Д.Нацагдоржийг сонгосон. Эл уран бүтээл өнгөрсөн жил Монголын үндэсний кино урлагийн академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан төдийгүй өнгөрсөн тавдугаар сард Лондонд албан ёсны нээлтээ хийсэн юм. Тус уран бүтээлийг дэлхийн алдартай, томоохон цахим компани болох “Амазон”-оор дамжуулан олны хүртээл болгохоор төлөвлөжээ.
Завхан аймгийн Цагаанчулуут сумын харьяат Д.Нацагдорж хамбын тухай баримтат кинонд Монголын залуу уран бүтээлчид оролцсоноороо онцлогтой. Тухайлбал, дууны инженерээр О.Пүрэв, туслах зураглаачаар Чадраабал нар ажилласан юм.
“The Medicine Buddha” кино зөвхөн хамба лам Д.Нацагдоржийн ажил, үйлс бүтээлийн талаар үзүүлээд зогсохгүй Монголын түүх, соёл, боловсрол, буддын шашин болон уламжлалт анагаах ухааны өв их уламжлалын талаар үзэгчдэд хүргэж, манай улсыг дэлхийд сурталчилж буйгаараа онцлог, ач холбогдолтой.
Б.БУЯНДАЛАЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.