Нийгмийн

СУДАЛГАА: Хүчирхийлэлд өртсөн туслах малчдын 80 хувь нь тусламж авч чадаагүй

ХЭҮК нь "Дэмжих бүлэг болон хүний эрхийн сургалтаар туслах малчдыг чадавхжуулах нь” төслийн хүрээнд туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааг хийжээ. Судалгаанд зургаан аймгийн 18 сумын 1244 малчин хамрагдсан байна. Энэ удаад туслах малчид сүүлийн нэг жил дотор ямар нэгэн төрлийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг тандсан дүнгээс нийтэллээ.

Хүчирхийллийн хэлбэр агуулсан аливаа төрлийн үйлдэлд өртсөн эсэхийг тодруулахад 6.7 хувь нь “над руу орилж хашхирсан”, 6.2 хувь нь “тэнэг, залхуу гэх зэргээр дуудсан“ гэж хариулсан байна. Мөн 5.1 хувь нь “бие махбодод нь хүрэх, цохих зэрэг үйлдэл хүмүүсийн зүгээс гаргасан” гэж хариулсан бол 3.2 хувь нь “маш хүчтэйгээр бусдад цохиулж зодуулсан”, 1.1 хувь нь “сүүлийн 12 сарын хугацаанд хэн нэгэн хүн биеийн эмзэг хэсгүүдэд хүрсэн” буюу “бэлгийн хүчирхийлэлд өртсөн”, “хүчээр бэлгийн харилцаанд орохыг шаардсан” гэх хариултыг өгчээ.

Хүчирхийллийн хэлбэрээр нь ангилбал туслах малчдын 13.4 хувь нь “сэтгэл санааны”, 4.6 хувь нь “бие махбодын хүчирхийлэлд өртсөн” байна. Бие махбодын хүчирхийлэлд өртсөн малчдаас бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол нийт малчдын 0.7 хувь буюу 8 байгаагаас 7 нь эмэгтэй малчин байжээ. Туслах малчдад хүчирхийлэл үйлдэж буй хүмүүс нь зөвхөн ажил олгогч малчнаар зогсохгүй тэдний гэр бүлийн гишүүд оролцдог болохыг судалгааны дүн харуулж байна. Ажил олгогч малчны эзгүйд гэр бүлийнх нь гишүүдийн зүгээс ямар нэг дарамт, хүчирхийлэл үйлддэг, зөвхөн туслах малчин төдийгүй тэдний гэр бүл, хүүхдүүдэд гар хүрч, хүчирхийлэл үйлддэг талаар мэдээлэл өгсөн байв.

Тохиолдол 1:

…Эгчийнх нь гэр бүл нийтдээ дөрвөн айлд туслах малчин хийж байна. Өмнө нь нэг айлд байхад нэг сар ажиллуулаад цалин өгөхгүй, хэрэлдэж маргалдаад биднийг доромжлоод больж байсан. Бас нэг айлд ажиллахад үндэс угсаа, хэл яриа, аялгаар минь доромжилж байсан. Эгч нь Баян-Өлгий аймгийн хүн…

Тохиолдол 2: …Ажил олгогч архи уусан үедээ гар хүрч зодох, агсрах тохиолдол гардаг учраас олон юм асууж лавладаггүй. Эрүүл мэндийн ямар ч тусламж авч чаддаггүй. Одоогоор зүрх өвдөх, салгалах зэрэг зовиур байгаа ч хэлж чаддаггүй.

Тохиолдол 3: …Тухайн үед байнга л зодож, нүддэг хэцүү байсан. Манай нөхрийг адуунд яваад олохгүй эргэж ирвэл зодно, сандлаар цохино. Намайг ер нь өглөөнөөс орой болтол гэрт оруулдаггүй байнга л үүнийг хий, түүнийг хий гэдэг. Эхнэр нь намайг байнга зоддог байсан. Намайг зоддог талаар нөхөр нь мэддэггүй байсан. Нэг удаа хадам ээждээ хэлэхэд ээж маань нөхөрт нь хэлчихсэн байсан. Үүнээс болоод эхнэр нь намайг аймаар зодсон. Тэр үед би ганц хуруутаад эмнэлэг явъя гэхэд явуулахгүй байсаар байгаад хүндрүүлсэн. Төв орж, эмнэлэгт үзүүлэхэд хуруугаа тайруул гээд яах ч аргагүй тайруулсан даа…

Тохиолдол 4: …Хүүхдийг маань 5 настай байхад зодож, занчин, харааж байсан гэж эхнэр надад хэлж л байсан. Тухайн үедээ мал төллөөд завгүй, тэгээд ч айлд байгаа учраас юм хэлж чадаагүй ээ…

Хүчирхийлэлд өртсөн туслах малчид мэргэжлийн байгууллагад хандаж үйлчилгээ авахгүй байгаа тул хүчирхийлэл далд хэлбэрт үргэлжилсээр байгаа аж. Хүчирхийлэлд өртсөн тэдгээр малчдаас ямар нэгэн тусламж нэн даруй авч чадсан эсэх, хэнд хандсан болохыг тодруулахад туслах малчдын 35 хувь нь “хаана, хэнд хандах талаар мэдэхгүй” гэж хариулсан байна. “Хүчирхийлэлд ямар нэгэн хэлбэрээр өртсөн” гэж хариулсан туслах малчдын 10 хувь нь “цагдаагийн хамгаалалт үйлчилгээ”, 10 хувь нь “шүүхийн болон бусад хуулийн байгууллагын үйлчилгээ авсан” гэжээ. Харин туслах малчдын 5 хувь нь “эмнэлгийн тусламж авсан” гэж хариулжээ. Үлдсэн 80 орчим хувь нь ямар нэгэн тусламж аваагүй, холбогдох байгууллагад мэдэгдээгүй өнгөрүүлжээ.

Асуулгын судалгааны үр дүнгээс үзэхэд, 10 хэрэг тутмын 8-9 нь ямар нэгэн хуулийн байгууллагад бүртгэгдэхгүй, далд хэлбэрт үйлдэгддэг байна. Сумын төвөөс алслагдмал, эсвэл отор нүүдэл хийж амьдардаг малчдын хувьд хууль, эрх зүйн зөвлөгөө авах боломж хязгаарлагдмал байдаг.

Туслах малчдын нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд доогуур байна. Амьдралын боломж муутай, олон хүүхэдтэй, боловсрол багатай, амьдралдаа арчаагүй, муу зан авиртай, буруу үйлдэл гаргадаг хүмүүс байдаг гэх төсөөлөл нийгэмд тогтсон бөгөөд хэн нэгний талаарх тааруухан төсөөллийг нийт туслах малчдад нялзааж, дорд үзсэн шошго наах байдал нийгэмд түгээмэл байна. Үүнээс үүдэн туслах малчдын хувьд ялгаварлан гадуурхагдах, үл тоомсорлогдох, үл хайхрагдах, дорд үзэгдэх, дээрэлхүүлэх зэргээр эрх нь зөрчигдөх байдал үүсдэг байна.

Иймд туслах малчдын нийгэм, эдийн засгийн асуудлыг тусгайлан судлах, улмаар хөдөлмөрийн гэрээ, урамшуулал, тэдний болон гэр бүлийн гишүүд, хүүхдийн нийгмийн хамгаалал, халамж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, оролцоог хангах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг эрхийг хангах талаар бодлогын баримт бичиг боловсруулж, хэрэгжүүлэхэд анхаарах шаардлага тулгамдаж байна.
Манай улсад өнөөдөр 18232 туслах малчны хөдөлмөр эрхэлж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2021 09:59

хөдөө хууль гэж ер нь байдаг юм уу. хөдөөнийхөн өөрсдөө хүртэл энэ хуульгүй байд�##�даа дасцан

Зочин
Зочин
12 сар 24, 2021 10:35

huchirhiilel uildej baigaa humuusiinhe yal shiitgeliig ni saijruulahgui bol unheer hetsuudlee

Зочин
Зочин
12 сар 24, 2021 11:16

Даварсан байна. Хуультай оронд амьдарч байгаа шүү. Боолын нийгэм дахиад амилчихсан байна.

Зочин
Зочин
12 сар 24, 2021 13:36

М�##�чид төрөөс татаастай ардаас авлагатай үнэн даварсан хүмүүс татвараар дарж хариулагаар хорих хэрэгтэй хүний адаг нь м�##�чин

Холбоотой мэдээ

Back to top button