НийгмийнЯрилцлага

“Болор цом”-ын эзэн Б.Болорцэрэн: Би юунд ч шунадаггүй, дутуу бүхнийг минь яруу найраг дүүргэчихдэг

Хүн бүхний амьдралын жим, аливаа зүйлд хандах хандлага ондоо. Багахаан зүйл хийснийгээ уулыг эргүүлж, усыг буцаасан мэт ярьж, өөрийгөө рекламддаг нэгэн байхад “Өө, нэг их сүртэй юм хийгээгүй ээ” гээд даруухан өгүүлж, олноос далд, чимээгүйхэн оршихыг чухалчилдаг нь ч бий. Аль, алинд нь багтах хүн алаг хорвоогоор дүүрэн бий. Бидний дунд ч зөндөө.

Аль болох нам гүм амьдарч, уул шиг амгалан оршихыг эрхэмлэдэг нэгэн эрхэм манай ярилцлагын хойморт тухаллаа. Түүнийг Баянмөнхийн Болорцэрэн гэдэг. Монголын шилдэг яруу найрагчийг тодруулдаг хамгийн том уралдаан болох “Болор цом”-д тэрбээр хэдхэн хоногийн өмнө түрүүлж, эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчаар тодорсон юм. Тэрбээр “Болор цом”-д түрүүлсэн тав дахь эмэгтэй яруу найрагч. Мөн хоймор нутгаас тус наадамд түрүүлсэн хоёр дахь яруу найрагч.

“Гангараа”, “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”, “Чин үнэнч”, “Түвшин жаргалтай хурим”, “Ижий дэлхийн өчил”, “Зунаараа намар”, “Бидэн хамтдаа” зэрэг олон, олон хит дууны эзэн түүнтэй ярилцлаа.

“Өөрийнхөө тухай ярих их эвгүй байдаг юм аа. Өөрийгөө магтаад байгаа юм шиг санагдаад. Уран бүтээлийн тухай л ярилцвал илүү зүгээр” гээд тэр ярилцлагаа эхлүүлэв.

-Зургаан жил “Болор цом”-ыг өнжсөнийхөө дараа оролцоод түрүүлсэнд тань баяр хүргэе. Та өнгөрсөн жил өгсөн нэгэн ярилцлагадаа “Сүүлийн үед өөртөө болмоор гэж бодогдох шүлэг бичиж чадахгүй байгаа. Тэгээд л орохгүй байгаа” гэсэн байсан. Энэ удаа “Болор цом”-д сойх хэмжээний шүлэг бичсэн гэж өөрийгөө үнэлээд оролцсон юм уу?

-Баярлалаа. Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчаар тодорч, “Болор цом”-ын эзэн болсондоо маш их баяртай байна. Тус наадамд эмэгтэй яруу найрагчдаас Ц.Хулан эгч хамгийн сүүлд 2011 онд түрүүлсэн. Түүний амжилтыг би 10 жилийн дараа үргэлжлүүллээ. Би “Болор цом”-д түрүүлсэн тав дахь эмэгтэй яруу найрагч. Энэ хэрээр их хариуцлага надад ноогдож буйг ухамсарлаж байна.

Би хамгийн анх 2004 онд Хөвсгөл аймгаасаа зорьж ирээд “Болор цом” наадамд оролцож байлаа. Тэгээд 10 жил тасралтгүй оролцон, бүтээлээ сойсон. Сүүлийн зургаан жил өнжөөд энэ удаа өрсөлдөхөд нөлөөлсөн нэг зүйл нь Сономын Удвал авхай. Одоогоос 20 жилийн өмнө оюутан байхдаа С.Удвал авхайн 80 насны ойн хүрээнд болсон яруу найргийн “Их хувь заяа” наадамд түрүүлж байлаа. Ийм эрхэм хүний ивээлд багтсан мэт баярлан, бэлгэшээж явдаг. Энэ жил монгол түмний бахархал болсон С.Удвал авхайн мэндэлсний 100 жилийн ой тохиож буйг бэлгэшээгээд “Болор цом”-д оролцлоо. Үнэхээр их хүсэж, тэмүүлж байгаад өрсөлдсөн юм. Би сүүлийн зургаан жил “Болор цом”-д оролцоогүй л болохоос бүтээлээ туурьвисаар өдий хүрсэн.

-Яруу найрагч Т.Бямбасүрэн та хоёрын оноо тэнцэж, дахин нэг шүлэг уншсан. “Болор цом”-ын эзнийг зарлах мөчид юу бодогдож байв?

-Эхний гурван шүлгээ бэлдчихсэн байсан тул өөртөө их итгэлтэй уншлаа. Сүүлийн шатанд оноо тэнцэнэ гэж ёстой бодоогүй. Нэлээд их сандарлаа.

-“Болор цом”-ын эзэн болгосон “Шүлэг бичихгүй л бол...” шүлгээ та яг өмнөх өдөр нь бичсэн юм уу?

-Тийм ээ, тэгсэн. Ээж минь өөд болоод 13 жил болж байна. “Болор цом” наадмын яг өмнөх өдрийн өглөө нь “Шүлэг бичихгүй л бол...” шүлгээ бичсэн юм. Хамгийн сүүлд тэрлэсэн уран бүтээл минь. Тиймээс “Болор цом” наадмын хамгийн эгзэгтэй, чухал мөчид уншлаа. Ээж минь тэнгэрээс охиноо харж, ивээсэн байх гэж бодож сууна.

Би 1996 оноос хойш шүлэг бичиж байна. “Нээрэн шүлэг бичихгүй бол яах билээ. Юу болох билээ” гэж бодож байгаад энэ шүлгээ бичсэн юм. Юм бүхэн учир ерөөлтэй байдаг.

-Хэрвээ оноо тэнцвэл энэ шүлгээ уншина гэж төлөвлөсөн байв уу. Эсвэл гэнэт шийдсэн үү?

-Оноо тэнцэнэ, дахиад нэг шүлэг уншина гэж огт бодоогүй. “Шүлэг бичихгүй л бол...”-ыг тайзнаа уншъя гэж гэнэт шийдсэн.

ШҮЛЭГ БИЧИХГҮЙ Л БОЛ...

Шүлэг бичихгүй удвал хар дарна

Шүд уналаа гэж

Шүлэг бодохгүй өнжвөл хар санана

Зүүд хэллээ гэж

Шүлэг уншихгүй удвал зүс алдана

Шүлэг сонсохгүй өнжвөл зул шандуурна

Шүлэг бодохгүй гэвэл чадахгүй мэт

Шүлэг бичихгүй гэвэл нүгэл мэт

Ээжээс ч их бодогдоод ирэх

Ханиас ч илүү санагдаад үлдэх

Энэ шүлгийг хэн илгээнэ вэ

Ээж минь л байх...ээж л байх

Ургахаа умартдаггүй наран шиг

Урсахаа мартдаггүй мөрөн шиг

Шүлэг бодоогүй өдрийг санахгүй

Шүлэг хүсээгүй үдшийг мэдэхгүй

Ээж болсон өдөр минь шүлэг

Ээжгүй болсон өдөр минь шүлэг

Ааваа баярлуулах ганц зам

Амьд яваа минь шүлэг мэт

Шүлэг бичихгүй л бол

Эхийн ачийг санахгүй би

Шүлэг бичихгүй л бол

Элдэв өвчнөөс салахгүй би

Номын сангаа эмийн сангаар солино

Номын мөрөө ховын үгээр хөөнө

Ой санамж,үнэр амтаа алдана

Охин үр, үндэс угсаагаа ч мартана

Хүнээ больсон ч хүйсээ сольсон ч

Хөөрхий шүлэг минь гэвч намайг орхихгүй

Эр буруулавч нэр хөөдөвч

Ивий шүлэг минь гэвч надаас ичихгүй

Ийм болоод л

Өглөөг нүүр бардам угтана

Өчигдөр би хэнийг ч гомдоогоогүй

Өнгөрснөөс харамсал үл олно

Өдөр бүхий гараар шүлэг бичих минь учиртай

Наран жаргаад хаачдгийг мэдэх үү

Надад шүлэг авчрахаар явдаг юм

Найрагч охинтой гэж гүн итгэсэн

Ээжээс бэлэг аваад ирдэг юм.

-“Болор цом”-ын эзэн болж, “Би чадлаа” гээд зогсож байхад танд ямар мэдрэмж төрсөн бэ?

-Мэдээж сайхан санагдалгүй яах вэ. Хамгийн түрүүнд намайг төрүүлж, өсгөсөн аав, ээжээрээ их бахархлаа. Аав, ээжийн минь надад хайрласан Болорцэрэн гэдэг нэр ямар их утга учиртай, айсуй амжилтыг бэлгэшээснийг бүр их мэдэрлээ. “Болор цом”-ын эзэн болно гэдэг маш их хүндэтгэл, хариуцлага. Цаашид улам их хичээх эрч хүч, урам авлаа. Анхны багш минь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын монгол хэл, уран зохиолын багш Дэмбэрэлийн Чулуунбаатар гэдэг сайхан хүн. Маш олон хүүхдийг утга, уран зохиолын салбарт хөтөлж оруулсны нэг нь би.

“Хаан найргийн хатан Дулмаа” гэж монгол түмэндээ хүндлэгдсэн багш минь миний багш. 93 настай багш минь энэ жил “Болор цом” наадмыг зорьж ирэн үзлээ. Түрүүлчихээд багш дээрээ очин, баярт мөчөө хамт хуваалцах үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан байлаа. Багш минь “Маш сайн байна. Улам их хичээгээрэй” гэсэн.

“Болор цом” өргөн Ш.Дулмаа багшаа, Д.Чулуунбаатар багшаа, Монголын үе үеийн яруу найрагчдаа, аавыгаа, тэнгэрт байгаа ээжийгээ баярлуулсандаа үнэхээр их баяртай байна.

-Жил жилийн “Болор цом” наадмын дараа багагүй шүүмжлэл дагадаг. “Энэ жил Т.Бямбасүрэнгийн шүлэг илүү байсан”, “Түрүүлэх ёстой хүн нь түрүүллээ” гэх мэтээр олон түмэн маргаж, талцаж байна. Та үүнийг анзаарсан уу. Энэ талаар та ямар бодолтой байгаа вэ?

-Өө, тэгээд “Болор цом” уншигч, яруу найрагч хоёрыг уулзуулдаг, 39 жилийн түүхтэй гоё наадам. “Би л түрүүлэх байсан. Шударга шүүсэн” гэх мэтээр өөрийгөө зөвтгөх илүүц. Би эгшиглэнт эхийн хишигт яруу найрагч болсон. Тиймээс улам их зүйл хийн, хичээх ёстой гэж бодож байна.

-“Болор цом”-ын эзэн боллоо” гээд баярлаж, баяр, бахдалын “хөлс” хатаагүй байхад иймэрхүү шүүмжлэл гарахаар эмзэглэх юм уу?

-Мэдээж юм бүхэн хоёр талтай. Шүүмжлэл, магтаал зэрэгцэн оршдог. Тиймээс авахыг нь авна, гээхийг нь гээнэ. Олонх яруу найрагч, олон түмэн надад баяр хүргэн, урам өгч байгаа. Би өнөөдөр 20 гаруйхан настай, гэнэн, цагаахандаа “Болор цом” аваагүй. Хүссэн хүн бүхэн энэ шагналыг авч чаддаггүй. Яруу найрагч бүхэн “Болор цом”-д түрүүлэх, шүлгээ сойхыг хүсдэг.  “Болор цом”-ын тайзнаа шүлэг уншина гэдэг том хүндэтгэл. Тийм их нэр хүндтэй, өндөр босготой шагнал. Энэ шагналыг авчихлаа гээд би нэг их “нисээд”, хөөрөөгүй. Их өөдрөг, гэгээн, дэврүүн байгаа. Яана аа, өөрийнхөө тухай ингээд ярих их эвгүй юм аа.

Би ер нь ярилцлага өгөх, өөрийнхөө тухай ярих дургүй. Өөрийгөө магтаад байгаа ч юм шиг санагдаад байдаг юм. Хоёулангийнх нь ярилцлага дуусах болж байна уу.

-Хараахан дуусах болоогүй байна. Нэгэнт тантай уулзсаных асуух сан, энэ талаар ярилцах сан гэж бодсон зүйл нэлээд байна.

-Өө, тийм үү. Би ер нь өөрийнхөө тухай ярихдаа их маруухан хүн. За, тэгвэл үргэлжлүүлэх үү.

-Тэгье. “Би”-гөөр өвчилсөн, “Би тэгсэн, ингэсэн” гэж өөрийгөө дөвийлгөж ярих хүсэлтэй хүн олон. Харин та эсрэгээрээ өөрийнхөө талаар ярихаас “зайлсхийж” байна. Уулзахаасаа өмнө таны талаар судлахаар “Google-ээс хайхад ганцхан ярилцлага гарч ирсэн. Ер нь аль болох нам гүм амьдрахыг чухалчилдаг бололтой.

-Монголд эмэгтэй яруу найрагч, зохиолч хуруу дарам. Би эмэгтэй яруу найрагчдынхаа төлөөлөл байх сан, бүсгүйчүүдийн хүсэл, мөрөөдлийг эрчүүдэд илчлэх, илтгэх гоё гүүр нь байхыг зорьдог. Эмэгтэйчүүдийн сэтгэлийн салхивч үргэлж нээлттэй байгаасай гэж хүсдэг. Бүсгүйчүүдийнхээ тухай шүлэг, яруу найраг бичих хүсэлтэй.

“Би” гэх би үнэн голоосоо дургүй. Гэртээ, нам гүм орчинд шүлгээ бичин, мөрөөрөө, өөрийнхөөрөө амьдрахыг хүсдэг хүн. Өөрийнхөө ертөнцөд халгиж, цалгиж, эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдрах л хамгийн сайхан. 

Уран бүтээлч бүхэн бүтээлээсээ хамгийн сайхан мэдрэмж, кайф авдаг. Би ч мөн тийм. Өөрт байгаа бүхэндээ би сэтгэл хангалуун явдаг. Надад байхгүй зүйлсийг шүлэг, яруу найргаараа дүүргэчихдэг. Яруу найргийн хамаг л наадамд оролцоод, түрүүлээд, заавал шилдэг нь, тод байхын төлөө, ийм, тийм шагнал авах сан гэж шунадаггүй. Шүлэг, яруу найргаасаа л хамгийн сайхан аз жаргалыг мэдэрдэг. Би ийм л эгэл, энгийн хүн. Би юунд ч шунадаггүй, яруу найраг дутуу бүхнийг дүүргэчихдэг гэсэн үг.

-Тайзан дээрээс уншихад илүү зохидог шүлэг бий. Заримыг нь радиогоор сонсох, номноос уншихаар гоё мэдрэмж авдаг. Шүлгийг тайзан дээр уншин, уралдах нь зохимжгүй гэж шүүмжлэх хүн цөөнгүй. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хүн бүхний аливаа зүйлийг мэдрэмж харилцан адилгүй. Яруу найргийн хувьд ч мөн адил. Манай үеийнхэн “Шинэ мянган” утга зохиолын бүлгэм гэж явдаг. 1990-ээд оныхон, алтан үеийнхэн маань “Болор цом”-ын тайзаа хүндэтгэл, шүлгээ уншсаар ирсэн. Тухайн уран бүтээлчийн, хувь хүний эрх. Яг энэ тал дээр нэг их айхтар эсэргүүцэж, шүүмжилдэггүй. “Болор цом”-д оролцохыг, шүлгээ уншихыг тэсэн ядан хүлээдэг олон яруу найрагч бий.

-Ямар үед танд уран бүтээлийн шинэ санаа, онгод илүү их төрдөг вэ?

-Уран бүтээлч хүнд улирал их нөлөөлдөг. Хавар хайрын шүлэг их “төрдөг”. Намар уянга, ухаарлын улирал. Би ер нь их эртэч. Өглөө эрт босоод шүлгээ бичих, үр бүтээлтэй өнгөрүүлэх дуртай. Уран бүтээлийн шина санаа их төрдөг, бүтээлч цаг бол өглөө.

-“Гангараа”, “Зүгээр л инээмсэглэ”, “Сэтгэлийн зурвас”, “Чин үнэнч”, “Түвшин жаргалтай хурим”, “Бидэн хамтдаа зэрэг олон хит дуутай. Ер нь нийт хэдэн уран бүтээлтэй болоод байгаа вэ?

-Би яруу найргын таван номтой, нэг цомогтой, дууны хоёр цомогтой. 2014 онд 500 шүлэгтэй номоо хэвлүүлэх гээд эхийг нь бэлдсэн, хэвлүүлж амжаагүй явна. Тухайн үед хэвлүүлэх гээд хөөцөлдөөд жаахан боломгүй байхаар нь тавьчихсан байгаа. Одоо шинэ он гарах гэж байна. Шинэ он шинэ бүхний эхлэл. 2022 онд номоо хэвлүүлнэ ээ.

Юм бүхэн учир жанцантай, хувь ерөөлтэй байдаг. Номны минь нэр, өмнөх үгийг Бавуугийн Лхагвасүрэн ах бичиж өгсөн. “Ээжийн минь үлдээсэн он цаг” гэдэг нэртэй. Ээж минь итгээд өгсөн, итгээд үлдээсэн он цагт охин нь “Болор цом”-ын эзэн боллоо. Энэ шагналыг авсныхаа дараа ерөөсөө номоо хэвлүүлье гэж шийдлээ. Би ер нь 2010 оноос хойш номоо хэвлүүлээгүй. Хоёр ном маань бэлэн болчихсон, боогоод тавьчихсан байгаа.

Би маш олон дууны шүлэг бичсэн. “Тэд боллоо” гэж тоолж байгаагүй. Хамтарч дуу хийгээгүй хөгжмийн зохиолч ёстой хуруу дарам үлдсэн. Дууны анхны уран бүтээл минь “Чин үнэнч”. Дараа нь “Нууцхан”-ы үгийг бичээд тэгээд ар, араасаа олон сайхан уран бүтээл минь мэндэлсэн.

Дууны шүлэг бичье гэж анхнаасаа зориогүй. Хөгжмийн зохиолч Мөнхжаргал найз маань миний “Цагаан бүжиг” номыг авч байгаад дуу хийсэн нь “Чин үнэнч”. Аяыг нь Мөнхжаргал найз минь бичин, Долгор эгч дуулсан “Ижий дэлхийн өчил” дуугаараа 2010 онд “Морин хуур” авч байлаа. Мөнхжаргал найзтайгаа, поп дива С.Наран эгчтэйгээ хамтарч хийсэн олон уран бүтээл бий. С.Наран эгч минь өнөөдөр Гавьяат болж буйд их баяртай байна. Бид хоёр хоймор нутгийн бүсгүй. “Болор цом”-д түрүүлж байхдаа нутгийн уул ус, нутгийн зон олондоо талархаж байлаа.

-Өнөө цагт тулгамдаж буй асуудлын нэг нь тухайн дууны үгийг нь бичсэн яруу найрагч, аяыг нь зохиосон хөгжмийн зохиолчийн үнэлэмж. Ерөнхийдөө шинэ дууны үр шим, ашгийг дуучин нь хүртээд явдаг, яруу найрагч, хөгжмийн зохиолч хоёр хөшигний ард торойж үлдээд байх шиг. Энэ талаар таны байр суурь?

-Шүлгийг нь бичсэн дуунууд миний өөрийн өмч. Оюуны өмчийн газарт очиж заавал баталгаажуулах ёстой юм билээ. Одоо тэгээд ер нь ярилцлагаа дуусгая. Бүр сунжраад урт болчихлоо.

-Одоохон дууслаа. “Болор цом” наадамд түрүүлсэн яруу найрагчид дээл бэлэглэдэг уламжлалтай. Жил жилийн наадамд эрэгтэй яруу найрагчид өнгөлдөг, түрүү булаалддаг болоод ч тэр үү, эрэгтэй хүний дээл бэлэглэх гээд бэлдчихсэн байсан гэж дуулсан, үнэн үү?

-Үнээн. “Ур ундрах” салоноос “Болор цом”-д түрүүлсэн яруу найрагчид дээл бэлэглэдэг уламжлалтай. Энэ жил эрэгтэй яруу найрагч түрүүлэх байх гээд эрэгтэй дээл бэлдчихсэн байсан. Би эрэгтэй дээл бэлгэнд авсан. “Ур ундрах”-ынхан “Солиод өгье” гэсэн. “Болор цом”-ын хишиг болсон дээлээ аавдаа бэлэглэсэн. Аав минь бөөн баяр. Нутгийн зон олноо, аавыгаа, багшийгаа, хайртай бүхнээ баярлуулсан үнэхээр сайхан “Болор цом” боллоо.

-Лхамноржмааг түрүүлэхэд мөн эрэгтэй дээл бэлэглэсэн гэдэг бил үү?

-Тийм ээ. Лхамаа эгч түрүүлдэг жилээ мөн бэлгэнд эрэгтэй дээл бэлгэнд авч байсан юм билээ.

-Таныг шүлэг, яруу найргаар нь хүмүүс илүү сайн мэднэ. Өөр төрлөөр өөрийгөө сорих, роман, кино зохиол ч юм уу бичих бодол бий юү?

-Байхгүй. Би яруу найрагт үнэхээр хайртай. Зөвхөн яруу найргаа л бичнэ.

-“Болор цом”-ын эзэн найрагчаа хоймор нутгийнхан хүлээж суугаа нь мэдээж. Ойрын хугацаанд нутагтаа очих уу?

-Би Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүүхэд. 1998 оноос хойш нутагтаа нэг л зун очоогүй. Тэр нь 500 шүлэгтэй номоо хэвлүүлэх гэж гүйгээд зуссан 2014 он. Нутагтаа энэ зун оччихоод ирсэн. Одоо шинэ он гарангуут нутагтаа очно. За, одоо дуусгая.

-За, тэгье. Энэ яг сүүлчийн асуулт. Та ирэх жил “Болор цом” наадамд оролцох уу?

-Мялаалгын шүлгээ уншин, “Болор цом”-оо нээнэ. Оролцохгүй.

Монголынхоо нийт ард түмэндээ, Хөвсгөл нутгийнхаа зон олондоо, намайг таньдаг хүн бүхэнд, надад тохиосон юм бүхэнд талархаж байна. Хүн бүхэнд энэ орчлонгийн хамгийн сайн, сайхан бүхнийг хүсье. Амьтай бүхэн амар амгалан байх болтугай гэж ерөөе.

ТҮҮНИЙ УРАН БҮТЭЭЛЭЭС:

*           *            *

“ЧӨЛӨӨ УЧРАЛ”

Хэнд ч хэрэггүй мэт гологдовч

Хэдэн охин гөлөг ээжтэйгээ үлдэхэд баярлана би

Хэзээ л санаснаар байлаа даа хорвоо

Хэдэн нялх амьтан ээжтэйгээ өсөхөд баярлана би

Амьтдын зүрх харцандаа байдгийг

Аль багаас үсэг шиг нүдлээд

Аяа тэд ямар үнэнчийг

Харж өсөхөөс л найз шиг санаад

Амьдрах зам зуураа нохой хооллохоор гарнам

Аль ч насандаа хүүхэд шиг хөөрсөөр ирнэм

Алган дээрээ хэдэн тагтаагаа бөмбөрүүлсээр суунам

Аль бүхнээ хань шиг хуваалцсаар ирнэм

Цаг хугацааг ч шувууны үр шиг хайрланам

Ээждээ яаран нисэж буйд нь талархнам

Энэ дэлхийг ч шувууны үүр шиг хайрланам

Хүнд итгэн оршиж буйг нь өрөвднөм

Айхыг андахгүй чоныг ч мөн өрөвднөм

Анчны сэтгэлд яваа хэдэн бэлтрэгийн өрөвднөм

Яргуйт хаврын ямааг өрөвднөм

Ядаж зөөлөн самна л даа гэж хашгирахад хүрнэм

Хөх дэлэнгүй эх шувууг өрөвднөм

Хүйтэн тэнгэрт бүү ганцаар өнжөөсэй билээ

Хөөрхийлөх сэтгэлгүй хүмүүсийг бүр ч их өрөвднөм

Уйдлаа гэж хэлэхээсээ ичээсэй билээ

Үлээхийн төдийд тасрах амьтай бүхнийг өрөвднөм

Өнчин өрөөсөн үлдэх амьтны үрсийг өрөвднөм

Муурын зулзага үрчлээд ээжийн бүүвэй дуулнам

Муу охин минь ч хөөрөөд эгчийн ёсоор энхрийлнэм

Ургамал амьтны харшил хоолой амаар минь тохуурхавч

Угтаан би хайрыг хамгийн хүчирхэг дархлаа гэж ойлгоно

Удахгүй дээ зүгээр ээ хэмээн зүрх минь надад

Уруулыг минь улам ягааруулж тайван буйгаа илтгэнэ

Амьтад өвдөхөөрөө ээжээ л их санадгийг

Амаа өмөлзүүлэн мөөмөө нэхэн бүлээрдгийг

Өрөвдмөөр нь тэд ямар ухаантайг

Үзэж өсөхөөс л хүн болоод

Нарт хорвоог туулах замдаа амьтан тэжээнэм

Намрын дэлхийг үдэх бүртээ цэцэг тарьнам

Аз жаргалыг охинтойгоо нүүр бардам хүртнэм

Айл хэмээн зочлох ялаа шумуулыг ч хүндлэнэм

Уй гуниг урсах нулимсаа л нуухыг хүснэм

Учир нь тэд яасан эмзэг хэт мэдрэг

Ишээ өнчлөөд цэцэг нь ч хавраар хагдарч мэдэх

Ивий минь тэд хүний л өмнөөс зовж гүйцдэг

Улирал солигдох агшин мэт сул дорой

Ургамал болоод амьтад ч амьдрах бас эрхтэй шүү

Улирал гэхэд л гуравхан сартай нялх гээд бод л доо

Угаасаа л энэ ертөнцөд хайрлахаас өөрийг мэдэхгүй шүү

Хүн байгаль амьтны хүслээс манддаг наран шүү

Хөх тэнгэрийн нүдэн дээр цөмөөрөө л зэрэгцэн оршино шүү

Чөмөг алдах зээрийн хэвтэр эргэдэг дэлхий шүү

Чөлөө учрал олон хүмүүс л ганцхан амьдардаггүй шүү

Хэнд ч хэрэггүй мэт гологдовч

Хэдэн охин гөлөг ээжтэйгээ үлдэхэд баярлана би

Хэзээ л бүтэн өслөө дөө гэж залбирсаар

Хэдэн нялх амьтныг эзэнтэй болтол гүйнэ би.

*           *            *

“ХАВРЫН ДЭЛХИЙ”

Хадаг ерөөл хоёр ханьсах дээдийн хүндлэлтэй

Цацал сүү хоёр цалгих мөнхийн учралтай

Хаврын сар халгиасаар хаашдаа л ирэх нь үнэн дээ

Цагийн сайхан золгохоор цахилаад айсуй нь мөн дөө

Нар цас найрсаад шар тос өрөм зөөхий

Намуун салхи намисаад хур чийг урь дулаан

Үүлс тогтуун суулгаад өвс ногоо сааль сүү

Өргөн тал уясаад айраг цагаа хадлан тариа

Алаг шаазгай үгсээд сайны дохио айсуй

Амны билгэ өргөөд сайхан цаг айсуй

Хургачин охиноо хөтлөөд хусамны хүү айсуй

Хувьтай үрсээ дагаад хурмастын хишиг айсуй

Өвлийн урт шөнө хаврын анхны шувууд болов

Үндсээ ургаж гүйцхийг хүлээж ядсан цэцгүүд болов

Өдрийн богино туйл хацрын халуун туяа болов

Үнсүүлсэн уруулаа ширтэхийн хүслэнд автсан уяа болов

Хоёр хурга тэврээд хонины хүн айсуй

Ууган төл нь ихэрлээд уулын чинээ урамтай

Хорвоог намилзтал хатируулаад адууны хүн айсуй

Учраа бэрхээ туулаад улсын баатар шинжтэй

Отор нүүдэл болоод ирэв ээ онд мэнд эсэн энх

Олон бүгд шинэлээд ирэв ээ идээ унд элбэг өнгөлөг

Овооны найр товлоод ирэв ээ намраар нэг самар жимс

Оёдол үйл олдоод ирэв ээ наадмаар нэг гоёл чимэг

Өвлийг давлаа нэмнээ л гээв хээл хаясангүй

Өлхөн давлаа нэгнээ л дэмнэв төл хорсонгүй

Өсөх малын зүс өөрөө л ижилсээд ирэв ээ

Өлчир сүргийн хөл цаанаа л чангараад ирэв ээ

Малын гал илчнээс мандсаар наран буцахгүй

Манай танай гэлгүй элбэсээр тус багадахгүй

Хаврын салхи нэвт ч авсаар одоо даарахгүй

Хатууг нэгэнт давсан ч алсуур бодлоо мартахгүй

Элгэвч нэмнээ бээлий гээсэн газар бүхнээс

Энэ зуны эрвээхэй эрхлээд удахгүй ниснэ ээ

Эхтэйгээ бэлчээрт гарсан шинэ хурганы уутнаас

Ирэх намрын сар хорогдоод буцахгүй удна аа

Хүний хишиг гуйгаад хаврын сар ирэв ээ

Хүүхнээ эртлэн гуйгаад цэргийн зар ирнэ ээ

Хашир малчны хүсэл биелээд гүйцээд ирэв ээ

Хангайдаа эртлэн гарах нь ээ биежээд хөрвөжөөд ирэв ээ

Онгод шиг гэнэтхэн ороод л ирэв ээ бороо

Охин шиг хөнгөнхөн гараад л гүйвээ сэтгэл

Ой модод салхины тусаар хэлд оров оо

Онгон хайр сарын дундуур хөлд оров оо

Өвөл зун хоёрын үр нь билээ хавар

Үнэн ариун хайрын нар нь билээ хавар

Өнтэй сайхан жилээ зарлан суугаад цэнгэх

Өнөр баян намрын өнгө нь билээ хавар

Хүүхнээ гуйсан хурим нь одоохон хөдөө минь

Хүлгээ сойсон наадам нь хаяанд нутаг минь

Хүүгээ түшсэн тэнгэр нь ойрхон хөдөө минь

Хүний сайхан сэтгэл харагдаад андашгүй ээ

Жил тойрон саасан малын цагаан буянтай

Жин даран тэвээрсэн талын нөөц бэлчээртэй

Жинхэнэ чанга өвөлтэй халз тулалдах нь сүртэй

Жирийн нэгэн Монгол малч удмаа бид

Сажиг тусдаа айлгүй ажил үйлс тасрахгүй

Салж нүүсэн ч улам элгэмсэх түмэн минь

Санахад хол замгүй ядархад буруулах нэгэнгүй

Садан төрөлсөөд удам сайлах олон минь

Нас буянаа хайрлаад сар шинэ хуучрахгүй

Намба жудгаа харуулаад сайхан заншлаа алдахгүй

Найрын заллаг таслахгүй жам ёсоороо тухлна аа

Саалийн даллага хагсаахгүй сав шимээрээ жаргана аа

Сугаа цочтол дэвсээр ирсэн шувуудын

Сууж амраагүй их тэвчээр юм хавар

Сунаж унатлаа тэмцсээр боссон дээдсийн

Сул нэг ч орхиогүй эх орон юм хавар.

*           *            *

...Гадаах цас

Гуталтай минь хамт

Гудамжинд ханзарна

Гадаах өвөл

Гунигтай минь хамт

Одоохон буцна

Хаврын бороо

Гэнэн сэтгэлийг минь

Шүхэр шиг дэлгэнэ

Хайрын улирал

Гэрэлт хүслийг минь

Шүлэг шиг уншина

Хил хязгааргүй сонгодог хөгжмийн

Хэл дуулгахаар хавар ирнэ

Хүүхэн найрагчид дурлалаа илчлэхээр

Хөгжмийн зохиолч шиг хавар ирнэ

*           *            *

...Чамдаа л бол хэчнээн ч хэлсэн уйдахгүй нэг үгийг олоод

Цааш давтаад хэчнээн ч хүлээсэн дуусахгүй их хайранд автаад

Өөрийгөө чам руу зөөх өглөгийн зам болов би

Үнэнчээр нээрэн дурлаад хацрынхаа туяанаас мандав би

Чамтай л бол хэчнээн ч мөрөөссөн ханахгүй хүслийн туйлд хүрээд

Цааш одоод хэчнээн ч савчуулсан алдрахгүй зүрх сэтгэлд ороогдоод

Санахад хол гэж үгүйг сануулахын гэрчээр татагдав би

Салахад мартана гэдэг л худлааг итгүүлэхийн дээдээр мэдэгдэв би

Чамдаа л гэж...

*           *            *

“БИДЭН ХОЁР”


Биесээ гэр шигээ зорьсоор

Бидэн хоёр замын дунд айл болно

Биесээ гэм шигээ өмөөрсөөр

Бидэн хоёр жамын эрхэнд амь болно

Биесээ зүүд шигээ манасаар

Бидэн хоёр эвийн ганц дэр болно

Биесээ охин шигээ тэвэрсээр

Бидэн хоёр энгэрийн ганц зүүлт болно

Биесээ сүү шиг хөөргөсөөр

Бидэн хоёр эрхэлж нялхарсаар адилхан болно

Биесээ хүү шигээ дуурайсаар

Бидэн хоёр эндүүрч мэдэхээр ижилхэн болно

Биесээ бурхан шиг шүтсээр

Бидэн хоёр жаргалын ганц хань болно

Биесээ буруу шигээ үүрсээр

Бидэн хоёр мөргөлийн их сүм болно

Биесээ нулимс шигээ дагасаар

Бидэн хоёр хаврын анхны бороо болно

Биесээ нас шигээ зөөсөөр

Бидэн хоёр хамгийн сүүлчийн цас болно

Биесээ сэтгэл шигээ өргөсөөр

Бидэн хоёр тэнгэрийн давааг ч хамт давна

Битгий яваач дээ гэж хэндээ ч хэлэхгүй ээ

Бидэн хоёр уулзаад нэг л хүн болно

*           *            *

“ӨӨДРӨГ МӨРТ”

Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр
Үзээгүй эрчүүд, эдлээгүй жаргалыг
Өөрийн болгож амжаагүй байхад
Үхэх хаа ч байсан юм
Өнөөдрөөс л амьдрал эхэлж байна
Ахиад алдахад нас залуу байна
Амжих дурлахад намба эртдэж байна
Үймүүлж болох гоё цаг ирж байна
Үүсгэж болох гоё боломж олдож байна
Өнгөрүүлсэн амьдралдаа би мөрөөдөж сурсан
Өнөөдрөөс биелнэ ямар ч эрсдэлгүйгээр
Өөрийн ирээдүйг би зохион бүтээсэн
Өнөөдрөөс туршина ямар ч хохиролгүйгээр
Хамгийн өндөрт үйлдсэн нислэг минь амжилттай болж
Харсан эрийнхээ зүрхэн дээр би шүхрээ задална
Онож буусан газрын зөөлөн хатуу нь хамаагүй ээ
Олон дурлалд өвдөлт төдийхөн юу ч биш
Сэтгэлд минь овор алга, би залуу байна
Шинэхэн дурлал сэдэхийг бодоход би ануухан байна
Янаг дэмий гэж үү би эсэргүүцэж байна
Яасан гоё гээч та нар мэдэхгүй л байна
Өр зүрхэнд минь дурлах шалтгаан нэмж
Өнөөдрийн дотор хэчнээн хүү төрөө бол
Үүнийх нь тоогоор би улам залуужсаар байхад
Өргөн дэлхийд болзох газар олдохдоо л олдоно
Өөр надад юу хэрэгтэй гэж
Нас бол тоо юм
Өчнөөн жилийн хойно ч би дурлачихсан л явна
Амьдрал болоод үхэл, амраг хөвгүүдийнхээ хэнд ч
Ав адилхан хайраа би түгээх л болно, хүртээх л болно
Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ тэр

*           *            *

“АМЬДРАХ ШАЛТГААН”

Жижигхэн зүрхэнд чинь агуу том мөрөөдлүүд тээгээд
Жил саруудыг ээж нь чамаараа л угтахыг хүснэ
Сурсан зангаараа ээж нь шанаагаа тулаад
Суутан мэт бодлогоширч удаан суухдаа
Чамаас минь өөр надад үнэнч үлдэх хэнийг ч
Чанх тэнгэрийн доор олж харахгүйдээ л итгэдэг
Учир асуун шалгаах шулга жаахан үр минь
Уудалж яримаар үнэнийг ойлгоход чи минь балчирхан
Сонсохыг хүсдэг үлгэрээс чинь тэс ондоо амьдралд
Сонголт гэж үгүйд л эмзэглэл оршдог шүү үр минь
Ээжийгээ нартай хамт хөтлөөд инээдээр булсан чиний хайртай зураг
Ээжийгээ настай хамт үүрээд эрдэнээр гоёсон чиний хайртай дүрслэл
Амьдралыг үнэлэх цаг хугацааны шалгуурт сонгодог нэгэн бүтээл болж
Агуу ертөнцийн гарт хадгалагдан үлдэнэ ээ үр минь
Уулнаас өндөр одноос олон хайртай гэж хэлэхэд чинь
Уснаас гүн тэнгэрээс том хайртай гэж хэлэхэд чинь
Хамгийн гоё шүлгийг ганцхан чамаасаа л сонсохоор
Халуухан амийг чинь төрүүлсэндээ талархаад барахгүй болохоор
Эцсийн зогсоол хүртэл бурханы зурсан замаар
Ээж нь чинийхээ гарыг алгандаа цэцэглээд алхана
Элээх насныхаа тоог гүйцээж тушаахын цагтаа
Эргэж чамдаа л төрөхөөр алсхан яваад ирнэ
Энхрий охин минь чи хаврын ногоо шиг ургаж байна
Эмээг нь эргэхээр намрын шувууд буцаж байна
Өөрийгөө элтэл чи ээжийгээ санах болохоор
Үүрд амьдрахын шалтгаан ганцхан чамдаа л хорогдоно
Охиндоо бэлэглэж чадах хамгийн гоё ирээдүйг
Олж автлаа л ээж нь амьд явахыг хүснэ.

*           *            *

“БҮСГҮЙ ЕРТӨНЦ”

Хүүхэн бүхний хүсэл ийм л байдаг даа гэмээр

Хөөрхөн сайхан харагдмаар улирал бүхэн биднийх шүү

Энхрий ханийнхаа тэвэрт энгэрийн гоёл шиг гэрэлтээрэй

Эрхэлж суугаа бүсгүйгээс залуу нас үргэхгүй

Ээж бүхний сэтгэл ийм л байдаг даа гэмээр

Энэрэл хайраар чимсэн өдөр бүхэн биднийх шүү

Ивий үрсийнхээ дэргэд хаврын сар шиг цэцэглээрэй

Инээж суугаа ээжээс цаг хугацаа яарахгүй

Бүсгүй бүхний мөрөөдөл ийм л байдаг даа гэмээр

Бүгдээрээ гоёоод алхмаар ертөнц бидний толь шүү

Өчигдрийн гомдлоо орхиод харц дээгүүр алхаарай

Өөртөө итгэлтэй бүсгүйгээс үзэсгэлэн гоо урвахгүй

Сугадалцаад алхаарай гунхана шүү хүүхнүүд минь

Нудралцаад инээгээрэй тольдоно шүү хүүхнүүд минь

Нас насандаа л гоё харагдаарай найз хүүхнүүд минь

Намба төрхөндөө л зохисон байгаарай хайрт хүүхнүүд минь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-28 08:40

шүлгийн уншиж үзлээ их өвөрмөц сэтгэлгээтэй хүн юм. Ийм хүмүүс олон байгаасай

Зочин
Зочин
2021-12-28 08:46

түрүүлсэнд баяр хүргэе.

Зочин
Зочин
2021-12-28 08:46

yruu nairagt duraldag humuus mash olon baigaasai uneheer tansag gvn gvnzgii zvil shuu

Зочин
Зочин
2021-12-28 08:52

эмэгтэй хүн түрүүлнэ гэж ямар гоё юм бэ

Зочин
Зочин
2021-12-28 09:00

хүн тэгээд шүлэг яруу найраггүйгээр яаж амьдрах билээдээ

Зочин
Зочин
2021-12-28 09:04

хамгийн сүүлд хэзээ эмэгтэй яруу найрагч цомын эзэн боллоодоо шагн�##�д нь өгдөг дээлээ хүртэл эрэгтэй дээл бэлдсэн байсан гэсэн

Зочин
Зочин
2021-12-28 09:33

эмэгтэйчүүд үнэхээр сак шүү

Зочин
Зочин
2021-12-28 09:34

энэ хэдэн эрэгтэй архичдаа шагнаагүй баярлаж байна

dddd gggghhghj
dddd gggghhghj
2021-12-28 09:44

bayar hurgeye

Зочин
Зочин
2021-12-28 10:01

Тэрүүгээрээ авсиймуу

Зочин
Зочин
2021-12-28 10:57

Энэ болор цом яагаад 12 сард болчив? Жилийн жилд он гараад л болдог бсан даа

Haha
Haha
2021-12-28 16:32

Suraggui shaaltuur bn daa

Зочин
Зочин
2021-12-28 19:22

Өмхийрсөн гялгар хүүдий шиг царай.....

mongol
mongol
2021-12-28 23:05

САЙХАН МОНГОЛ БҮСГҮЙ БАЙНА УХААЛАГ ДАРУУХАН НҮДЭНД ДУЛААХАН ЧАМДАА БАЯР ХҮРГЬЕ НЭЭРЭЭ ӨЛСӨХ ДААРАХ ГУТРАХ ГУНИХ ҮЕД САЙХАН ШҮЛГИЙН МӨР УНШИХАД САЙХАН БОЛДОГ ШҮҮ СУВДАГ ШУНАГ ХАРАМЧ АТААЧ СЭТГЭЛ БҮХ МУУ МУУХАЙ ЗҮЙЛИЙН СУУРЬ БОЛДОГ ХОЙД НАСАНДАА ИЙМ САЙХАН УХААЛАГ БҮСГҮЙТЭЙ ГЭРЛЭЖ ӨӨРИЙН ЭРХ ДУРААР АМЬДАРНАА

mongol
mongol
2021-12-28 23:15

ҮНЭХЭЭР ГУЙЖ БИШ ГУЯДАЖ АҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДӨЖ ХҮНДЛЭГДЭЖ АВЧЭЭ ИРЭХ ЖИЛ МОНГОЛЧУУДЫН МИНЬ АМЬДРАЛ ЭНЭ БҮСГИЙ ШИГ ЭРХЭМСЭГ НЯЛХАМСАГ УЯХАН НАМУУХАН ЦААНАА Л НЭГ ДОТНО ЗӨӨДӨН БАЙХ ЮМ ШИГ СОВИН ТАТААД БАЙНА НЭЭРЭЭ НАС ЮУ ЮМ БЭЭ ЗҮГЭЭР Л ТОО БҮСГҮЙ НАЙРАГЧИД ДУРЛААД БҮТЭН 20 ЖИЛЭЭР ЗАЛУУЖЛАА БАЯРЛАЛАА ЧАМД

mongol
mongol
2021-12-28 23:34

ЧОЙНОМ ДУЛМАА ХОЁРЫН ДУНДААС ТӨРСӨН МЭТ ЁСТОЙ ТӨРӨЛХИЙН АВЬЯАС ТӨРМӨЛ НАЙРАГЧ БАЙНА

Зочин
Зочин
2021-12-29 05:58

БАЯР ХҮРГЭЕ????????????ӨӨРИИНХӨӨРӨӨ ЯМАР ГОЁ НАЙРАГЧ ВЭ. УЛАМЖЛАЛТ ДУУРИАМАЛ ХЭВ ТӨРХ АЛГА. ӨӨРИИГӨӨ БҮТЭЭЖ ЧАДСАН ЖИНХЭНЭ НАЙРАГЧ МӨН БН.

Зочин
Зочин
2021-12-29 11:43

Нэг мөр холбоод яруухан найрагч 2нүүр сараачаад романчин болдог цаг иржээ. Үнэнг хэлэхэд даржин шүлэг бичдэг авгай байна.

Зzochinочин
Зzochinочин
2021-12-29 13:00

Монголын яруу найраг нээг иймэрхүү л болждээ.Тэнгэрийн орноос Тэдгээо яруу найрагчид минь л х�##�аглаж суугаа байхдаа...иймэрхүү хүүхнүүд з�##�гаж авсанд нь...

Холбоотой мэдээ

Back to top button