Нийгмийн

Унадаг дугуйгаар 3000 км зам туулсан Г.Эрдэнэбаяр, Д.Даваажаргал нартай ярилцлаа

Зорилго тавих амархан, зорилгодоо хүрэх хэцүү гэдэг. Хэн бүхний даваад байдаггүйг давж зорьсондоо хүрэн, Монголынхоо баруун хязгаар, Ховд аймаг дахь Цамбагарав уулнаас Дорнод аймгийн Буйр нуур хүртэл унадаг дугуйтай 3000 гаруй км замыг туулсан Г.Эрдэнэбаяр, Д.Даваажаргал нартай ярилцлаа. Тэд 76 өдөр 20 хэмийн дулаанаас -36 хэмийн хүйтэнд говь нутгаар "инээмсэглэл зуран” аялсан зорилго нэгт найзууд.

Г.Эрдэнэбаярын хувьд Ховд аймагт төрсөн. Нутагтаа Хүнсний технологич мэргэжлээр сурдаг бөгөөд нэгдүгээр дамжааны оюутан. Тэрбээр энэ аялалд явахын тулд хичээлээсээ хоёр сарын чөлөө авчээ.

Харин Д.Даваажаргал бол Эрдэнэт хотын уугуул, Ой зүйч мэргэжилтэй. Аяллаа эхлүүлэхийн тулд Улаанбаатар хотоос Ховд аймаг дахь найзыгаа зорьсон нэгэн.

Холын аялалдаа зориулан "Зорилготой амьдралын аян цахим хуудсыг хөтөлж буй тэдний яриа, үзэл санаа нь нэгдмэл, нэгэн цул байсан учраас яриаг нь тус тусад нь бус хамтатган бичив.

ӨӨРСДИЙГӨӨ ЭРҮҮЛ БАЙЛГАХ АРГАА ОЛСОН НЬ

-“Зорилготой амьдралын аян” пэйжийг хөтөлж, дугуйтай аялах санаа хэрхэн төрөв. Ер нь энэ аялалд мордох санаа анх хэрхэн ургаснаас яриагаа эхэлье.

Д.Даваажаргал: Бид коронавирусийн цар тахал гарсан учраас эрүүл мэндээ өөрсдөө хамгаалах ёстойг ойлгосон. Үүний тулд хөдөлгөөн хийхийн зэрэгцээ дархлаагаа дэмжих эрүүл хүнс хэрэглэх амин чухал санагдсан. Энэ хоёр зүйлд үндэслээд өөрсдийгөө эрүүл байлгаж, хүмүүст урам зориг өгөхийн тулд энэхүү аянаа эхлүүлсэн. Түүнийгээ шинээр нээсэн пэйжээрээ дамжуулан хүргэхийг зорьж байна.

Г.Эрдэнэбаяр: Анх дугуйтай аялах санааг гаргахдаа тэвчээртэй, тууштай явах хамтрагч хайж, хоёр сар гаран болсны эцэст Д.Даваажаргалтай хамт явахаар болсон. Ковидын нөлөөнөөс болж цахим орчинд иргэд бухимдлаа тайлж байгаа нь утгагүй санагдаж, ямар нэгэн үр өгөөжтэй сэтгэл тайван байлгах зүйл хийхийг хүссэн юм.

-Аялалд гарахаас өмнө бие биенээ таньдаг байсан уу?

-"Attila” гээд дугуй сонирхогчдын групп байдаг. Түүгээр биенийгээ гадарладаг байсан.

ӨДӨРТ 40-90 КМ ЗАМ ТУУЛДАГ

-Уртын аяллаа хаанаас эхэлж, хаа хүргэв?

-Бидний аялал аравдугаар сарын 18-ны өдөр эхэлж арванхоёрдугаар сарын 27-ны өдөр дууслаа. Ховд аймгийн Цамбагарав уулнаас говийн бүс, шороон замаар Дорнод аймгийн Буйр нуур хүртэлх бүхий л аймаг сум, хөдөөгөөр явсан.

Энэ жил урт намартай байсан учир өдрийн уртад өглөөний 09.00 цагаас оройн 21.00 цаг хүртэл дугуйгаа жийгээд 90 орчим км явдаг. Өдөр богиносоод ирэхээр цаг маань буурч, 40 орчим км явдаг болсон. Зарим сумууд хоорондоо 100 км байтай байсан учраас майхнаа бариад хээр хонох тохиолдол их.

ХАЛТАР АРВАЙ ИДЭЖ, ААРУУЛ ХҮЛХСЭЭР ЯВЛАА

-Хүнсээ хэрхэн болгож байсан бэ?

-Замын туршид гараар тээрэмдсэн халтар арвай идсэн. Идээд явахад сульдсан мэдрэмж төрдөггүй. Амандаа шүлс ялгаруулж, цангасан мэдрэмж авахгүйн тулд ааруул их хүлхсэн. Монголчууд маань дотоодынхоо эрүүл хөрсөнд ургасан тариа, будааг хэрэглээсэй гэж боддог.

-70 гаруй хоног явахын тулд хэрэгтэй зүйлсээ бүгдийг нь л авч явах хэрэгтэй байх. Та хоёрын хувьд хэр их ачаатай явсан бэ?

-Газ, мишок, майхан, дугуйн багаж хэрэглүүрүүд, аяны гал тогоо, ус аваад явсан. Морин дээр богц ачдаг шиг дугуйнхаа хоёр талаар ачаа тээсэн. Анхандаа ачаандаа жаахан түүртэж байсан юм. Ховд аймгийн Модонхүүгийн давааг давж байхад араас хүн татаад гаргахгүй байхаар нь гайхаад хартал ачааны хүндэд дийлдээд байсан юм билээ.

-Намрын улиралд аяндаа гарсан юм чинь нөмгөн хувцастай байсан байх. Арваннэг, арванхоёрдугаар сард хөдөө нутгаар хүйтрэх үед бэлтгэлтэй байв уу?

-Их говиор явж байсан учраас хувцсаа захиж аваад авах тохироо бүрдээгүй. Гэтэл Хэнтий нутгийн ардууд Даваанаад куртикээ өгсөн. Сүхбаатар аймгаас цааш хүйтэрнэ шүү гэсэн. Тэгээд л хүйтэрч аминд орсон.

Өмнөговийн Гурвантэс сумын Засаг дарга бас зүүн зүглэх тусам хүйтэрнэ гээд нутгийн маань үйлдвэр дээр очоод гутал аваарай гээд сайхан зузаан монгол гуталтай болсон. Цаг агаар тооцоолсноос урьдчилж хүйтэрсэн.

Харин Эрдэнэбаярт дулаан яваарай гээд дамбол буюу цэргийнхний хөвөнтэй өмд өгсөн. Хэт зузаалах юм бол дугуйн дээр хөлөрдөг. Тэгээд зогссон үед хайрна. Тиймээс хүний сэтгэлийн бэлгийг хадгалаад өмсөх үедээ гаргаж өмсөөд явсан.

Бас зүүн зүглэх тусам айл хоорондын зай холдоно. Биднийг доороо дэвсэж унтаарай гээд нэхий өгсөн. Түүнийгээ дугуйнхаа ард босгож дарвуул болгоод явсан. Араас салхи нөмөрлөөд их хэрэг болсон. Бас завь шиг салхин хүчинд туугдаад хөнгөн явсан. Явсан газар бүрээсээ хишиг хүртээд л явлаа.

НҮДЭНДЭЭ Ч ИТГЭМГҮЙ САЙХАН ГАЗАР МОНГОЛД МИНЬ БИЙ

-Аяллаа хийгээд явж байхад Монгол оронд маань, үнэхээр хүмүүс энэ газрыг үзээсэй гэж бодмоор газрууд хэр их таарсан бэ?

-Явсан газар болгон маань сайхан, үзүүштэй байсан. Тиймээс бид ганцхан сум дээр ярья. Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 800 жилийн настай Тооройн мод гэж байдаг. Нас бие гүйцсэн таван хүн алдлаад тэр модыг тэвэрч болдог. Холтос нь яаж тэр говийн хөрсөнд амьд, яг холтсоороо байна аа гэж алмайрмаар сайхан.

Мөн Ногоон цавын хоолой гэж байдаг. Хоолойнхоо нөгөө талд солонгорсон уул бий. Үнэхээр солонгон өнгөтэй. Анх хараад нүдээ нухлаад дахиад харж байсан. Би нээрэн ийм зүйл хараад байна уу гээд л өөртөө итгэж өгөөгүй.

Хуримын ордон бас энэ суманд байдаг. Яагаад төв газраасаа хол хуримын ордон барьдаг юм бол гэж бодтол Засаг дарга нь түүхийг нь ярьж өгсөн. Учир нь нэгэн цэрэг хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавих гэтэл сайн цаг нь эхэлчхэж. Тэгээд тэр газраа хуримаа хийж, байгалийн чулуу зэргээр идээ босгосон юм билээ. Түүнээс хойш Шинэжинст сумын иргэд хуримаа тэнд ёсолж, идээгээ засдаг уламжлал тогтсон гэнэ. Жуулчин татаж байна гээд барилга, хөшөө барихын оронд яг ингээд байгаа тэр зүйлсээ л таниулах чухал юм байна даа гэдэг бодол тээхэд хүргэсэн шүү.

ЯМАР Ч МӨНГӨГҮЙ ГАРСАН

-Ер та хоёр шиг аялалд гарахаар зэхэж буй олон залуус байгаа байх. Төсөв, зардлаа хэрхэн тооцож гаргасан бэ?

-Төсөв бол их сонин. Бид ноль заасан данстай гарсан. Уг нь хоёр машинтай гарна гэж бодсон. Баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл явахдаа 10 сая төгрөг гэж анх тооцсон ч боломж маань дутсан юм. Эрдэнэбаяр ургацаа хураагаад гарах байсан боловч аймгийн төв ороод ирэх зуур ногооны талбай руу нь үхэр ороод бүгдийг нь идчихсэн байсан. Би "Худлаа хэлж байна. Харъя” гэтэл нээрээ л хүн хураачихсан юм шиг сэндийлээд тас тас хазсан хүрэн манжин, үхрийн бааснууд үлдсэн байсан. Би хаа холоос зориод оччихсон учраас "Яадаг ч байсан гаръя” гэж ярилцаад гарах гэтэл биднийг гоо сайхны бренд 300 мянган төгрөгөөр ивээн тэтгэж, гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ өгөөд "Үүнийг түрхээрэй” гэсэн. Гэхдээ аяллын туршид иргэд биднийг маш их дэмжсэн учраас гурван сая гаран төгрөг бэлнээр цугларсан. Зарим хүмүүс хоёр, гурван тор дүүрэн хүнс өгнө. Авахгүй байж чадаагүй. Голоод байна гэж бодох вий гэж бодсон учраас тэр бүгдийг нь л авна.

-Коронавирусийн цар тахалтай эдийн засаг хүнд үед хөдөөний иргэд маань сэтгэлээрээ их тусалжээ. Хөдөөгүүр иргэдийн амьдрал ямархуу байсан бэ?

-Бид хоёр аймгийн төв, зургаан сумаар дамжсан. Тэд маш дайчин, хөдөлмөрч байсан. Ажиллах хүчин их дутуу байгааг анзаарсан. Тиймээс нэг их дутуу гачлантай айлтай таараагүй. Орсон айл болгон л хөдөлмөрч байдаг нь анзаарагдаж байсан.

Бидэнд дулаан гутал өгсөн багийнхан "Мөнгөтэй бол бүхнийг хийж, эхлүүлэх гээд байна гэж хүмүүс ярьдаг нь мэр сэр дуулддаг. Яг үнэндээ мөнгө чухал биш. Хийе, бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлтэй байхад л бүх зүйл болно” гэж ч хэлж байна лээ. Мөн 80 гарсан малчин хүн коронавирус туссан. Арчаатай байвал хүндрэхгүй шүү дээ. Өвдлөө гээд биеэ нөөгөөд хэвтээд байвал дээрдэхгүй. Харин ч хөдөлгөөн хийж өөрийгөө улам эрчимжүүлэх нь чухал гэцгээж байна лээ. Ийм хандлагатай хүмүүс хөдөөгөөр маань байдаг юм билээ. Үүнээс үзвэл бид сэтгэл зүйн дархлаа муу, утасны цаанаас л амьдралыг дүгнэх буруу санагдсан.

Олон танихгүй хүмүүстэй таарч сайхан сэтгэлээс нь хүртлээ. Хот газар хөрш айлууд биенээ таньдаггүй байхад хөдөөгүүр зам дагуу явж байхад жин тосно гэдэг шиг биднийг тосож, угтсан. Ихэнх хүмүүс хоёр дугуйтай хүн явж байхыг хараад "Гадаад хүмүүс явж байна. Яаж ийгээд дохио зангаагаар ойлголцоод, унд өгье, амраая” гэж тосож ирсэн хүмүүс бий. Зарим нь өөдөөс гадаадаар мэндчилээд л замын дундаас тосно. Дээл өмссөн гадаад хүмүүс байна гэж бодсон гэсэн.

Үүгээр юуг хэлэх гээд байна вэ гэвэл, Бид төрийг хараад байх буруу, иргэд өөрсдөө нэгдээд зорилго, тэмүүлэлтэй байхад уулыг өргөж, усыг эргүүлэх хүч байна. Улсаа хөгжүүлэх, одоогийн байгаа байдлаас салгах боломжтой санагддаг. Коронавирус бол боломж шүү дээ. Улс энэ цаг үед унах биш сэргэх ёстой. Хил хаалттай юм чинь дотоодын үйлдвэрлэлээ хөгжүүлж, таниулах боломж юм.

ШАНТРАХ ҮЕ БАЙСАН Ч...

-Халуунд халж, хүйтэнд хөрж, 70 гаруй км зам туулахад шантрах үе бишгүй гарсан болов уу гэж бодлоо. Тийм үе байв уу?

-Ходоодны халуун хүйтэнд буурдаг юм билээ. Ходоод хөрөх юм бол хүний бие зогсож, эрсдэлд орно. Эр зориг тэсвэр нь урагшаа яваад байдаг боловч ходоод тэсэхгүй нь дээ гэж их бодогдсон. Замын дунд юуны төлөө, хэний төлөө ингэж яваа юм бол гээд л бодогдоно. Тэр бүрт том зорилго маань санагддаг байлаа.

Д.Даваажаргал: Бас аянаа эхлүүлээд 700 км явсан байсан юм. Тэр үед хүчтэй салхи сөрж давхиж байхад дугуй хагараад, би дугуйнаасаа унахдаа хөлөө эвгүй болгосон. Тэр үед бид хоёр хоорондоо муудалцаад "Би больё. Маргааш буцна” гээд л хэлчихсэн. Тэгсэн Эрдэнэбаяр унаанд суулгаж өгнө л гэсэн. Тэр орой нь олон бодол толгойд эргэлдээд замд таараад "Зорилгодоо хүрээрэй, сайн яваарай” гэж хэлж байсан хүмүүсийн үг чихэнд сонстоод байсан. Өөрөө ч анх гарахдаа "Эхлэлээс төгсгөлдөө хүрэх чухал” гээд нээсэн пэйжээрээ хэлчихсэн учраас өглөө нь хот явахаа болилоо гэдгээ хэлсэн. Манай Эрдэнэбаяр баярлаад л...

Г.Эрдэнэбаяр: Би тэр орой их юм бодсон. "Үлдсэн замаа ганцаараа төгсгөх боллоо” гээд л нөгөө их ассан хүсэл тэмүүлэл бага зэрэг унтарсан ч замаа дуусгана даа л гэж бодсон. Гэтэл Даваанаа өглөө нь нэг л өөр хандлагатай. Буцах гэж байгаа хүн шиг биш байсан. Дотроо бол аяллаа үргэлжлүүлчхээсэй гэсэн горьдлоготой. Тэгсэн мань хүн "Буцахгүй, аянаа дуусгана” гэдэг юм байна. Би сэргээд, баярлаад л ирсэн. Зорилготой байсан учраас л тэр үед ухарч няцаагүй байх. Түүнээс гадна замд таарсан хүмүүсийн ерөөлтэй сайхан үгний ивгээлд зорилго маань бүрэн биеллээ олсон гэж бодож байна.

УНАДАГ ДУГУЙ УНАСНААС ХОЙШ ЭРҮҮЛ БИЕТЭЙ БОЛСОН

-Дугуй унах эрүүл мэндэд сайн, ашиг тустай гэдэг. Та хоёр дугуй унахын ашиг тусыг яг юу гэж хэлэх вэ?

Д.Даваажаргал: Би хүүхэд байхдаа хөнгөн атлетикаар хичээллэдэг байгаад бэртэл авсан юм. Түүнээс хойш хөдөлгөөн хориотой. Зүрх маш их өвддөг болсон. Харин энэ зунаас эхлээд дугуй унасан. Түүнээс хойш нэг ч зүрхний эм хэрэглээгүй. Энэ бол дугуйн ашиг тус юм шүү. Энэ түүхээ замын хүнд ярихад "Хүүхэд байхад зүрхний цооролттой байсан хүүхдэд дугуй унах ганцхан арга байна. Эм танд энэ эдгэхгүй, урт наслахгүй” гэсэн гэнэ лээ. Дугуй унаад эхэлсэн чинь зүрхний цоорол нь эдгээд одоо эрүүл зүрхтэй болчихсон тийм хүнтэй таарсан. Мөн сүүлийн үед тархины цус харвалт нас баралтын 20 орчим хувийг эзэлдэг гэсэн судалгаа бий. Дугуй унаад байвал цусны эргэлт сайжирч, тархинд очих хүчил төрөгч нэмэгдэж эдгэх боломжтой. Ийм их ашиг тустай.

Г.Эрдэнэбаяр: Миний нуруу, толгой маш их өвддөг. Хөл маань үргэлж хүйтэн, яагаад ч дулаацдаггүй байсан. Жилийн өмнө Улаанбаатар хот руу зорьж ирээд Нарантуул захаас унадаг дугуй авсан. Тэгээд өнөөх дугуйгаа унаад Ховд нутаг руугаа давхичихсан. Архангай ортол хүйтэн хөлс цуваад, хөл гар буларч өвдөөд их хэцүү байсан. Цааш явах тусам тархи толгой сэргээд, нүд онгойно гэгч болсон. Хоёр хөлөө үргэлж хөдөлгөөнтэй байхаар нурууны доод үед хөдөлгөөн очоод эрүүл нуруутай болсон. Одоо эрүүл мэндэд маань ямар ч өөрчлөлт байхгүй. Унадаг дугуйн гайхамшгийг энүүхэндээ гэж хэлэхэд л ийм.

-Та хоёр хасах 30 гаран хэмийн хүйтэнд аяллаа үргэлжлүүлсээр байсан. Дугуйн эрч хүйтэнд удааширдаг шүү дээ. Тэр үед хэрхэн аяллаа үргэлжлүүлсэн бэ?

-Сэтгэл зүй хүчтэй болчихсон учраас хөлөндөө араагаа жий гэдэг тушаал өгөөд л хүчээр жийлгэсэн. Мэдээж дугуй маань царцаад, гинж нь мултраад хий эргээд байсан.

-Энэ том аялал, зорилгынхоо ард гарсны дараа ямар мэдрэмж төрдөг юм бол, ярилцлагынхаа төгсгөлд хэлэхийг хүссэн үгээ хэлээд яриагаа өндөрлөцгөөе.

-Ийм том зүйлийн ард гарсандаа баяртай байгаа. Аяллын маань гол зорилго бол улсын маань мөнгөн дэвсгэрт дотооддоо эргэлдэж, гадагш урсгал нь буураасай гэх алсын бодлого, хүсэл байдаг. Иргэд гадаадын улсаас биш дотоодоороо аялаад яваасай. Бид аялсан зургаа цахимдаа байршуулаад улсаа сурталчилж чадах юм бол жуулчид хараад нутгийн минь сайхан газруудыг үзнэ шүү дээ. Мөнгөн тэмдэгт, доллар дотооддоо эргэлдэнэ, гадагш урсахгүй гэдэг л улсдаа оруулж буй хувь нэмэр шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-29 08:22

Бахарх�##�тай сайхан 2 хүн байнаа. Сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Urnaa Urnaa Oyunchimeg
Urnaa Urnaa Oyunchimeg
2022-01-21 10:38

Даваажарг�##� найздаа болон хамтран аялсан Эрдэнэбаяр найзад нь баяр хүргэе. Энэ урт замыг туулж Монгол орноо дэлхийд таниулан сурт�##�чилах их хүслийн оргилд нь гарсан та хоёроороо Монгол түмэн бахархаж байна. Эрч хүч, урам зориг хайрласан зорилгодоо хүрсэн

зочин
зочин
2022-01-21 11:02

хоорондоо бав�##�ца�##� яваад байв уу хаха

Холбоотой мэдээ

Back to top button