НийгмийнЯРИЛЦЛАГА

Ерөнхийлөгч, Шадар сайд, жүжигчин Э.Тодгэрэлийг дасгалжуулсан Г.Ганзоригтой ярилцлаа

Жүжигчин Э.Тодгэрэл хэдхэн хоногийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө “Надад яваагүй жим, уугаагүй уураг байхгүй. Гэтэл үр дүнд хүрэхгүй, өөрийгөө хөгжүүлж чадахгүй байв. “Би яагаад жин нэмдэггүй юм бол. Эсвэл угаасаа удмын ийм юм болов уу” гэж бодсон. Гэтэл би буруу хооллоод, өөрт тохирохгүй бэлтгэл хийгээд байж. Зөв системээр, өөрт тохирсон бэлтгэл хийвэл богино хугацаанд масс нэмэх боломжтойг өөрийн биеэр харлаа. Зарим хүн “Ийм богино хугацаанд үр дүнд хүрэх боломжгүй. Допинг хэрэглэж” гэж байгаа нь анзаарагдсан. Допинг шахуулсан юм шиг харагдаж байвал багш бид хоёр үр дүнд хүрсний илрэл” гээд сэтгэл хангалуун өгүүлсэн. Түүнийг өөрчилж, “Монгол Aquaman” болгосон багшийг нь Ганболдын Ганзориг гэдэг.

Бодибилдинг, фитнессийн спортоор 11 жил хичээллэж буй тэрбээр хувийн багш, дасгалжуулагч. “Өөрийгөө яаж хөгжүүлэх вэ, зөв бие, галбиртай, булчинлаг болох вэ” гэж санаа зовсон, яах учраа олохгүй явсан олон, олон хүн түүн дээр ирээд, бэлтгэл хийгээд зорилгодоо хүрчээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтан, олны танил хүмүүсийн хувийн дасгалжуулагчаар ажилласан туршлагатай Г.Ганзориг багштай ярилцлаа. Биднийг ярилцлага авахаар очиход тэрбээр “Naadam” центрт жүжигчин Г.Бямбасүрэн нарын шавь нарынхаа бэлтгэлийг хийлгэж байв.

-Та бэлтгэлээ “Naadam” центрт үргэлж хийдэг үү?

-Би өөрийнхөө болон шавь нарынхаа бэлтгэлийг хоёр газар хийдэг. Нэг нь “Naadam” центр, нөгөө нь “Steel man” гэдэг нэртэй миний хувийн фитнесс.

-Долоон хоногт бэлтгэлээ хэдэн удаа хийдэг вэ?

-Би өмнө нь бэлтгэлээ өдөр бүр хийдэг байсан. Булчин, масс нэмэгдэн, ихсээд ирэхээр нөхөн сэргээхийн тулд нэг хоног амрах зайлшгүй шаардлага гардаг. Тиймээс одоо долоо хоногт зургаан өдөр бэлтгэл хийж байгаа. Зарим тамирчин өдөрт өглөө, орой хийдэг. Би тэгдэггүй. Өдөрт нэг удаа л хийдэг.

-Сайхан биетэй, зөв галбиртай болохыг хүн бүхэн хүсдэг. Цаг ямагт бэлтгэл хийн, штанг өргөх бус нарийн төлөвлөгөө, арга барил их чухал. Та бэлтгэлийн жороосоо хуваалцахгүй юу?

-Ямар ч бэлтгэлийг зөв систем, төлөвлөгөө, техникийн дагуу тохируулж хийх их чухал. Зааланд ирээд төмөр өргөөд л булчинлаг биетэй болчихно гэсэн буруу ойлголт зарим хүнд байдаг. Хүнд жинтэй штанг өргөхөд хүний булчин гэмтддэг, сэмэрдэг. Ингэж гэмтсэн булчин хоолоо сайн идэн, сайтар унтаж, амарсан үед илүү сайн “ургаж”, томордог. Хүнд штанг юм өргөхөд булчин гэмтэж, цусаар дүүрдэг. Тэрийг “Булчин томорчихлоо. Үр дүнд хүрлээ” гэж андуурах нь бий.

Нэг булчин дээр ихдээ нэг цаг л ажилладаг. Жишээлбэл, цээжний булчингаа нэг цаг хийдэг. Нэг цагийн турш эрчимтэй бэлтгэл хийн, цээжиндээ ачаалал өгч, булчингаа “гэмтээдэг”. Үүнээс удаан хийвэл булчингаа хөгжүүлэх бус эсрэгээрээ алддаг. Тухайн бэлтгэл ямар ч үр дүнгүй болно. Хүмүүсийн гол алдаа энэ. Ачааллыг хэтрүүлдэг гэсэн үг. Үүний сацуу бэлтгэлийн хоорондын зай бага байх тусмаа үр дүнд хүрнэ.

-Мэргэжлийн тамирчин байх, дасгалжуулагч хийх тэс өөр. Та одоо хоёуланг нь хослуулж явна. Заримдаа хүндрэл, бэрхшээл гарах юм уу?

-Миний үндсэн ажил бол хувийн багш, дасгалжуулагч. 2015 оноос хойш хийж буй энэ ажлаа би урлаг талаас нь харж, ойлгодог. Учир нь тухайн хүний биеийг хөгжүүлж, галбирыг нь бүтээн, бий болгоно гэдэг бол урлаг. Энэ талаас нь харвал илүү гоё. Том булчинтай л бол галбирлаг, гоё харагдахгүй. Аль булчинг хөгжүүлж, биеийн галбирыг нь яаж урлах вэ, хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг их чухал.

-Хүн бүхний биеийн онцлог, ачаалал даах чадвар ондоо. Хүн бүхэнд тохирсон бэлтгэлийн өөр төлөвлөгөө гаргадаг уу. Эсвэл үндсэн нэг арга барил, системээр бэлддэг үү?

-Хүн бүхний амьдралын хэмнэл, хэв маяг өөр, өөр. Тиймээс зөвхөн тухайн хүнд зориулсан бэлтгэлийн систем, төлөвлөгөөг гаргадаг. Олон хүн өргөн цээжтэй, гоё галбиртай болох, ямар ч хувцастай явахад зөв төрхтэй харагдахыг хүсдэг. Тиймээс би хэлбэр талаас нь засдаг.

-Ямар ч спортоор хичээллэх, амжилт гаргахад сэтгэл зүй чухал. Зарим хүн “Би чадахгүй нь. Үр дүн гарахгүй нь” гээд шантардаг, бэлтгэл хийхээ больдог. Сэтгэл зүйтэй нь хэрхэн ажилладаг вэ?

-Бодибилдинг, фитнессийн спортоор мэргэжлийн түвшинд бэлтгэл хийх, зөв бие, галбиртай болох гээд хичээллэхэд ч мөн адил хамгийн чухал нь сэтгэл зүй, тухайн хүний хүсэл, тэмүүлэл, шунал. Нэлээд шуналтай байх хэрэгтэй. “Өөрийгөө үүнээс илүү хөгжүүлж чадна. Одоогийнхоос гоё биетэй болж чадна” гэсэн итгэл, шунал, хүсэл тэмүүлэл үр дүнд хүргэдэг.

Хүн бүхэн өөрийгөө ялж чадахгүй. “Чи ингэх, тэгэх ёстой. Тэгвэл гоё биетэй болно” гээд шууд тулгавал, албадвал сэтгэл зүйг нь өргөн, өөрийг нь хөгжүүлж чадахгүй. Шавь нараа шантарсан үед би сэтгэл зүйтэй нь тулж ажилладаг. Лекц уншин, өөрөөрөө үлгэрлэж, урам зориг, эрч хүч өгдөг. Би эхлээд сэтгэл зүйтэй нь, хоёрдугаарт биетэй нь ажилладаг. Энэ хоёрыг зөв уялдуулах их чухал. Тэгэхгүй бол бэлтгэл хийж буй хүмүүс сэтгэл гутралд амархан орж, шантрах эрсдэлтэй.

-Жүжигчин Э.Тодгэрэл “Олон жил бэлтгэл хийн, уураг уусан ч өөрийгөө хөгжүүлж, масс нэмж чадаагүй. Таны удирдлагад бэлтгэл хийгээд богино хугацаанд хүрлээ” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон. Та түүнийг хэр удаан бэлдэж байгаа билээ?

-Тодоо дээр би яг 11 сар ажилласан. Хоолон дээрээ анхаардаггүй, хүнд л юм өргөвөл масс нэмнэ, булчинлаг болно гэсэн буруу ойлголттой байсан. Энэ зөвхөн Тодоогийн бус бусад хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа.

Хүн өөрөө өөрийнхөө амьдралыг шийддэг. Тодоо надтай холбогдон, шавь минь болохыг хүссэн. Би түүний дээрх алдааг засан, сэтгэл зүй дээр нь ажилласан. Тодоо өндөр нуруутай, урт ястай мөртлөө туранхай байсан. Ийм өндөр нуруу, чацанд масс нэмэх амаргүй. Яг түүнд тохирсон бэлтгэлийн систем, төлөвлөгөөг гарган, тулж ажиллалаа. Хөл хорионд хүртэл хамт орж байгаад бэлтгэлийг нь хийлгэсэн. Тодоо их тууштай, зүтгэлтэй байсан нь түүнийг өөрчилж, хөгжүүлэхэд их нөлөөлсөн.

-Түүнийг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ. Тэмцээнд оролцох хэмжээнд хүргэж өөрчлөх үү?

-Тодоо одоо яг стандарт биетэй болж байгаа. Мэргэжлийн хэмжээнд хүрэхэд дахиад олон жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл шаардана.

Бэлдэж, дасгалжуулж буй шавь нар маань тодорхой үр дүнд хүрч, сэтгэл хангалуун байгааг харах хамгийн сайхан, кайфтай. Гардаж ажиллаж буй хүмүүсээ шавь гэхээсээ илүү миний уран бүтээл гэж хардаг. Миний хамгийн гол зорилго бол ерөөсөө үр дүн. Үүнээс би улам их хичээх урам, кайф авдаг.

-Та одоо ер нь хэдэн хүн дасгалжуулж байгаа вэ?

-Өнөөдөр энд жүжигчин Г.Бямбасүрэнгийн бэлтгэлийг хийлгэн, дасгалжуулж байна. Олны танил олон хүн миний удирдлагад бэлтгэлээ хийдэг.

-Тантай анх холбогдохдоо, хандахдаа яг ямар болох хүсэлтэй нь илүү олон бол?

-Мэдээж стандарт биетэй, гоё галбиртай болохыг хүсдэг нь олон. Ер нь эмэгтэй хүнтэй хамтарч ажиллах, хөгжүүлэх надад илүү таатай санагддаг. Учир нь эмэгтэй хүн илүү тууштай.

-Эрчүүд бэлтгэл хийх, штанг өргөхдөө илүү дүйтэй, тулж ажиллахад амар тал ажиглагдах юм уу?

-Ялгаа ер байхгүй. Юугаараа өөр вэ гэвэл эрэгтэй, эмэгтэй хүний бие. Эрс тэс өөр. Тиймээс эрчүүдийг бэлдэж, дасгалжуулж буй хэмнэлээр эмэгтэй хүнийг хийлгэж болохгүй. Зарим эрэгтэй багш, дасгалжуулагч яг өөрөө хийдэг бэлтгэлийн хэмнэл, дасгалыг эмэгтэй хүнээр хийлгэж байгаа алдаа анзаарагддаг. Энэ бол маш буруу. Эмэгтэй хүн эрэгтэйлэг, гоо зүйгүй болдог. Үүнд манай багш, дасгалжуулагч нар анхаараарай.

-Хүмүүс бэлтгэлийн үеэр гаргадаг нийтлэг алдаа юу бол?

-Утсаа их оролдоно. Нэг бэлтгэл хийгээд амарчихдаг нь тухайн бэлтгэлийн үр дүнг тэр хэрээр сааруулдаг.

-Томоохон амжилт гарган, мэргэжлийн хэмжээнд хүрсэн шавь нар бий юү?

-Байгаа, байлгүй яах вэ. Би бикини модель ангилалд эмэгтэй тамирчид түлхүү бэлддэг. Одоогоор би 30 гаруй шавьтай болоод байгаа. Одоо над дээр бэлтгэл хийж буй олны танил хүмүүс гэвэл жүжигчин Э.Тодгэрэл, Г.Бямбасүрэн, youtuber Туяа.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таны удирдлагад бэлтгэл хийдэг байсан гэж дуулсан, үнэн үү?

-Үнээн. Би Ерөнхийлөгчийн хувийн дасгалжуулагч байсан. Үнэхээр хөдөлмөрч, тэвчээртэй, тууштай, ачаалал даах чадвартай, хүчирхэг хүн. У.Хүрэлсүх ах Ерөнхий сайд болтлоо бэлтгэлээ над дээр зургаан сар хийсэн. Бэлтгэл хийхдээ “Зааланд би шавь, чи багш. Би чамайг багшаа гэж хүндэлнэ” гэдэг байсан нь Ерөнхийлөгчтэй ажиллахад надад амар байсан. Ерөнхийлөгч одоо бэлтгэлээ Амарсайхан гэдэг багшийн удирдлагад хийдэг.

Төрийн өндөр албан тушаалтнууд, олны танил хүмүүст цаг, зав хомс. Үргэлж шахуу хуваарийн дагуу ажилладаг. Тиймээс богино хугацаанд үр дүнтэй бэлтгэл хийхийг чухалчилдаг.

-Таны удирдлагад бэлтгэл хийсэн, одоо дасгалжуулж буй улс төрийн өөр албан тушаалтан бий юү?

- Шадар сайд С.Амарсайхан ах над дээр бэлтгэл хийдэг байсан. Миний удирдлагад бэлтгэл хийдэг хүмүүсийн дийлэнх нь бизнесмэн. Цаг хугацаанд баригдсан, богино хугацаанд үр дүнд хүрэх хүсэлтэй хүмүүс надад ханддаг, миний шавь болдог.

-Та “Steel man” нэртэй, өвөрмөц хэв маягтай. Бусдаас өөр, өөрийнхөөрөө амьдрахын гол үнэ цэн юу вэ?

-Орчин үед стиль, имидж маш чухал. Өнөө цагт эршүүд хэв маяг маш их алдагдаж байгаа. Эр хүн, эршүүд байхыг бусдад үлгэрлэхийг, нотлохыг би хүсдэг. Ази хүн яагаад онигор нүдтэй, бор арьстай, хар үстэй байх ёстой гэж. Яагаад түүгээрээ европчуудад доромжлуулах ёстой гэж. Тиймээс би европ хүмүүсээс илүү гарахыг, тэднээс күүл харагдахыг хичээдэг.

Хүмүүс намайг гаднаас минь хараад “Ширүүн, муухай ааштай, ууртай” гэж өнгөц хардаг. Би тийм биш. Харин ч эсрэгээрээ зөөлөн, эелдэг, нээлттэй хүн.

Би чанга хатуу байхыг хүсдэг. Тиймээс өөрийгөө “Steel man” гэж нэрлэсэн юм. Би бодибилдингоос гадна тулааны спортоор хичээллэдэг.

-Мэргэжлийн дэвжээнд тулаан хийсэн үү?

-Хийгээгүй. Тулаан хийхийг хүсдэг. Холбоодоос санал тавьбал гэрээг нь харж байгаад зөвшөөрөх эсэхээ шийднэ. Мөнгөн дүнгийн саналыг нь харна. Энэ жил боксын УАШТ-д оролцох бодолтой байсан ч цар тахлын улмаас болоогүй.

-Таны хоёр ах бодибилдингийн спортоор хичээллэдэг нь энэ спорттой амьдралаа холбоход хэр их нөлөөлсөн бэ?

-Хоёр ах минь бэлтгэл, сургуулилалтаа яаж хийн, хэрхэн дэглэм барьж, энэ спортын ачаалал, хүнд хэцүү бэрхийг даван туулж, өөрийгөө ялж буйгаас нь үлгэрлэдэг. Хоёр ахаасаа үлгэрлэн, тэднээрээ бахархсаар бодибилдингийн спортод дурлан, хөл тавьж байлаа. Монголын хамаг шилдэг тамирчид явдаг клубт би анх хичээллэсэн тул тэр хэрээр миний суурь зөв, сайн тавигдсан.

Бодибилдингийн спорт дотроо олон төрөлтэй. Би эрэгтэйчүүдийн хичээллэх боломжтой бараг бүх төрөлд өөрийгөө сориод байгаа. Анх мистер фитнессээр хичээллэж байв.

Би хэзээ ч амжилт, медалийн араас хөөцөлдөөгүй. Хэрвээ би амжилтыг чухалчилсан бол аль амархан төрлөөр нь тууштай хичээллэх байсан. Тэгвэл надад илүү амар, амжилтад хүрэх магадлал өндөр. Миний сонирхол эсрэгээрээ өөр. Медаль тийм чухал биш. Өөрийгөө улам хөгжүүлэх, сорих хүсэлтэй. Миний бие хаана хүрээд дээд цэгтээ очих вэ гэдгийг харах, өөрийгөө тултал хөгжүүлэх нь миний зорилго.

-Та сая бүх төрлөөр өөрийгөө сорьж яваа гэлээ. Одоо аль төрлөөр хичээллэн, тэмцээнд оролцож байгаа вэ?

-Хамгийн хүчирхэг, шилдэг хүмүүстэй өрсөлдөх тусам би улам сайжирна, тэднээс суралцана. Тиймээс би одоо бодибилдингийн нэмэх жинд, хамгийн шилдгүүдтэй өрсөлдөж байгаа. Энэ спортын хамгийн топ төрөл нь. Монголын хамгийн топ тамирчид, багадаа 15 жил хичээллэсэн шилдгүүд бодибилдингийн ангилалд өрсөлддөг.

-2022 онд “Монголын мистер”-т оролцох уу?

-Оролцоно оо. Энэ жил “Монголын мистер”-т холимог тулаан, киноны зураг авалт гээд бэлтгэлээ хангалттай хэмжээнд хийж амжаагүй. Ирэх жил бэлтгэлээ тултал хийнэ, амжилт гаргахын төлөө зүтгэнэ ээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-30 09:15

ene mash ih hudulmuriin ur dund garah zuil shuu zaluu amjilt unheer goy haragdaj baina

Зочин
Зочин
2021-12-30 09:15

unheer baharhmaar yumaa zunduu olon zaluus fitnesseer hicheellej uursdiiguu ingej hugjuuleh uram bolj baigaadaa

Зочин
Зочин
2021-12-30 09:17

zaluusiigaa zuv zuild l urialaarai iimerhuu vody nuhduud yer ni arhi ih am###gui humuus bdg

Зочин
Зочин
2021-12-31 14:41

Монголын хөрөнгөөр казинодож , монголын ард түмнийг туйлдуулж байснаас зөв замаар л явж байж ... олоо засарцгаагаа биз дээ - том хүн болцгоосон юм чинь ...

Баярбилэг
Баярбилэг
2022-01-02 14:51

Үнэхээр тууштай хөдөлмөрч з####уу шүү. Цаашдын ажил амьдр####д нь сайн сайхан бүхнийг хүсье.

Холбоотой мэдээ

Back to top button
5
0
Would love your thoughts, please comment.x
()
x