УЛС ТӨР

Баярыг далимдуулж, парламентын засаглалын үнэ цэнийг унаган хууль батлагчид

Өчигдөр 2021 оны УИХ-ын сүүлийн хуралдаан болов. Уг нь намрын чуулган хаахад дахиад хугацаа байгаа ч айл өрхүүдийг багачуудын бэлэг, баярын ширээгээ бодож явах хооронд тэд чуулганыг хуралдуулж, хэд хэдэн хууль, тогтоолын төслийг эцэслэн баталчихлаа.

“Чоно борооноор” гэгчээр хамгийн эгзэгтэй, маргаан дагуулж мэдэх, бас элдэв төвөггүй баталчихвал өөрсдөд нь хэрэгтэй тийм төслүүдийг УИХ-ын гишүүд баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрийг тохиолдуулж, шөнө оройгоор ч хамаагүй хэлэлцдэг жишиг нэгэнт бий.

Өчигдөр ковидын хуулийг зургаан сараар сунгаж, Оюу толгойн тогтоолын төслийг баталснаас гадна “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тогтоолын төслийг нэгэн дуугаар “крандав”. Үүний бэлтгэл болгож, мягмар гарагт, бүх нийтийн амралтын өдрийн өмнөх өдөр 16.00 цагаас УИХ-ын чуулган зарлан хуралдуулж, хуулийн болон тогтоолын төслүүдийн эхний хэлэлцүүлгийг хийсэн билээ.

 УИХ-ын дарга Г.Занданшатар эгзэгтэй зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг өөрөө тайлбарлаж, зааж, гишүүдийн олон дэмжихгүй бол “Дэмжсэн нь дээр ээ, та нар утгыг нь ойлгохгүй байна. Байнгын хороо руу энэ заалтыг нь анхаар гэж үлдээгээд шилжүүллээ” гэж дур зоргоор авирладаг болов. Зөв буруу нь тусдаа асуудал ч өөрийн үзэмжээр парламентын засаглалд хуруу дүрж буй үйлдэл нь анхаарал татам.

Ковидын хууль дээр л гэхэд, цар тахлын үеийн төсвийн захиран зарцуулах эрх мэдлийг эргээд УИХ-д нь авчрах, Засгийн газраас авах заалтыг нь УИХ-ын гишүүд дэмжээгүй ч тэр авч үлдээд, өчигдрийн хуралдаанаар дэмжүүлчихжээ. Ингээд дахин зургаан сар төрийн албанд сонгон шалгаруулалтгүй томилгоо хийж, “Цар тахлын” гэх халхавчаар эрх баригчид дураар дургих боломж сунгагдав.

Мөн өчигдөр Ерөнхий сайдын уншиж танилцуулсан “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг шууд анхны болон эцсийн хэлэлцүүлгийг нь хийж, батлав. Угтаа анхны хэлэлцүүлэгт өрнөсөн маргаан мэтгэлцээний дагуу төсөлд өөрчлөлт орж боловсруулагдаад, эцсийн хэлэлцүүлэгт орж ирэх ёстой. Гэвч “Дэмжинэ ээ, дэмжинэ” гэсэн агуулгаар Засгийн газрын бодлогыг УИХ нь элдэв шүүжмгүйгээр шууд алгаа тосоод, толгой дохин угтаж авав.

“УИХ эрх мэдлээ Засгийн газарт алдчихлаа” гэж бахирах нь олонтой ч ийм байдлаар тэд нэг үзэл санаанд хайрцаглагдаж байна. Удахгүй намрын чуулган хаах тул үүнээс өмнө олон олон эгзэгтэй өдөр ээлжит бус хуралдаан зарлаж, тэд хуулийн төслүүдийг “машиндана”. Үүнд иргэний болоод хэвлэл, мэдээллийн хэрэгслийн хяналт сайн байх нь чухал билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button