
Францын Эрүүл Мэндийн сайд Оливье Веран “КОВИД-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан, мөн вакцины бүрэн тун хийлгэсэн хүмүүсийн тусгаарлах хугацааг арав хоног байсныг долоо хоног болгон бууруулах, басхүү хорио цээрийн дэглэмийн үед давтан шинжилгээгээр сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтыг тав хоног болгон бууруулна хэмээн мэдэгдлээ.
“Хэрэв хорио цээрийн хугацаанд шинжилгээний хариу нь сөрөг гарвал тав хоногийн дараа тусгаарлалтыг цуцалж болно. Вакцин хийлгээгүй хүмүүс харин арав хоногийн турш тусгаарлагдах шаардлагатай бөгөөд ижил нөхцөлд долоо хоногийн дараа хорио цээрийн дэглэмийг нь цуцлах боломжтой” хэмээн Веран мэдэгдсэн байна.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ жилийн мэндчилгээндээ ойрын хэдэн долоо хоног хэцүү байх болно гэж мэдэгдсэн ч коронавирусийн тархалтыг хязгаарлах шинэ хязгаарлалтын арга хэмжээ авна гэж мэдэгдээгүй юм.
Францын эрх баригчид ажиллах хүчний хомстлоос үүдэн эдийн засгийн хүндрэл гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд энэ долоо хоногт хорио цээрийн хугацааг богиносгосон АНУ зэрэг бусад орны жишээг дагаж байна гэж онцлов.
Франц улсын хувьд цар тахал эхэлснээс хойш арван сая гаруй коронавирусийн халдвар бүртгэгдсэн дэлхийн зургаа дахь орон боллоо гэж бямба гараг /2022.01.01/-т гаргасан албан ёсны тоо баримтад дурджээ.
Энэ долоо хоногт тус улсад дөрвөн өдөр дараалан коронавирусийн халдварын шинэ тохиолдол 200 мянгаас давжээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.