НийгмийнЭнтертайнментЯрилцлага

“Gangbay”-ийн С.Баянмөнх: “Кассета” УСК түүх болж үлдэнэ

Чимээгүй дэргэд чинь харан сууяа би болох уу? Чамайгаа
Час хийсэн дурлалд шумбан согтъё хааяа чамтайгаа
Цээжний хойморт чамд өгсөн vip байгаа
Цэнгэл торгож битгий надаас бариарай чи зайгаа
Залуухан бүсгүй намуухан алхана, аягүй аятайхан аяс аяс
Зүйргүй ааль нь зүггүй хүүг үггүйтүүлнэ, үес үес
Чи чихэр байсан бол чамаар шүдээ өвтгөхсөн
Чи чанга чимээ байсан бол чамайг чагнаад унтахсан... хэмээх дууны үгийг унших төдийд аманд аялагдаж эрхгүй дуулагдана.

СУИС-ын жүжигчний ангид суралцдаг залуус болох Д.Ганбат, С.Баянмөнх нар 2019 оны арванхоёрдугаар сарын 17-нд “Gangbay” нэртэй хамтлаг байгуулж, “Ганган цагаан” дуугаараа залуусыг байлдан дагуулсан цаг саяхан. Одоо ч тэдний энэ дууг хэн нэгэн амандаа аялж, дотроо дуулж суугаа болов уу.

Хамтлагийн нэрийг нь Ганган цагаан хэмээн андуурах ч хүмүүс цөөнгүй. Үүнээс харахад тэдний эл дуу хэдийн залуусын чих, зүрхэнд хоногшжээ. Залуус өөрсдийн нэрийн эхний үеүдийг нийлүүлэн “Gangbay” нэрийг хамтлагтаа хайрласан гэдэг.

Жүжигчин мэргэжлээр суралцдаг болоод ч тэр үү, тэдний туурвисан уран бүтээл бүрээс чанар үнэртэнэ. Нэгэн үе хит дуунуудыг завсаргүй нүдэж, ухасхийн хөдөлмөрлөсөн залуус 2020 оны арванхоёрдугаар сард хамтлаг тарах тухай мэдэгдсэн нь олны анхааралд өртсөн билээ. Тэд тухайн үедээ “Хамтлаг тарсан ч, бид өөрсдийн хувийн уран бүтээлээ хийсээр явна” хэмээж байв. Хагас жил орчим тус тусдаа уран бүтээл туурвисан залуус өнгөрөгч оны тавдугаар сард эргэн нэгдсэнээ мэдэгдэж, олон олон уран бүтээл, Монголын анхны реп мюзикл “Кассета” УСК киног үзэгчдэдээ өргөн барилаа.

Залуусын амьдралд тохиох бэрхшээл, хайр дурлал, нөхөрлөлийн тухай өгүүлэх уг киноны ерөнхий найруулагч, продьюсераар “Gangbay” хамтлагийн гишүүн С.Баянмөнх ажилласан гэдгээр онцлог. Харин гол дүрүүдэд хамтлагийн залуусаас гадна жүжигчин Н.Ганди, реппэр Rookie буюу У.Мөнхбагана, СТА Л.Таванбаяр, Б.Хосбаяр, СТА П.Мөнх-Од, Л.Лхагважаргал, Ш.Эрхэмбаяр, реппэр Desant нар тоглосон юм.

-“КАССЕТА” УСК 10 ОРЧИМ РЕП BATTLE ДУУНААС БҮРДСЭН-

Бид тухайн шинэ уран бүтээл хийгээд хамтлагийн сүүлийн үеийн сонин хачины тухай “Gangbay” хамтлагийн гишүүн Сүхбаатарын Баянмөнхтэй ярилцлаа.

Тэрбээр Эрдэнэт хотод мэндэлж, эмээ дээрээ өсжээ. Түүний эмээ багш, аав нь цагдаа, ээж нь эмч мэргэжилтэй байсан учир, зарчимч хүмүүжлээр өссөн тухайгаа ярианыхаа үеэр онцолсон юм. Оюутан болсноор уран бүтээл туурвих он жилүүд нь эхэлжээ. Тэрбээр өнгөрөгч 2020 онд СУИС-ийг Хөгжим театрын жүжигчин мэргэжлээр төгсөж, өдгөө хамтлагийн уран бүтээлдээ ханцуй шамлан орсон байна.

-Юуны өмнө шинэ оны мэнд хүргэе. “Кассета” УСК нээлтээ хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Уран бүтээлийн дуунууд нь цацагдаад, хэдийн залуусын аманд аялагдаад эхэлжээ?

-Баярлалаа. Тийм ээ. Уран бүтээл кино театруудаар цацагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Үзэгчдэд таалагдаж байгаад баяртай байгаа. “Кассета” УСК нь 10 орчим реп battle, дуунаас бүрдсэн.

Тиймдээ ч “Монголын анхны реп мюзикл уран бүтээл” гэдгээрээ онцлогтой юм. Нэгэн хэвийн уламжлалыг эвдэж, Монголын кино урлагт “Rap musical” гэх төрлийг нэмж, хөгжимд хайртай үзэгчдийнхээ цангааг тайлахаар залуу уран бүтээлчид нэгдээд нэгэн шинэ бүтээл төрүүллээ.

- “Монголын анхны реп мюзикл уран бүтээл” гэлээ. Киноны хэчнээн хувийг мюзикл хэсэг эзэлж байгаа вэ?

-Кино өөрөө нэг цаг 30 минут үргэлжилдэг. Түүнээс 60 орчим хувийг мюзикл хэсгүүд эзэлдэг.

-ӨӨРӨӨ ЯДРАХААС ИЛҮҮ ХАМТ ОЛНОО БОДДОГ БОЛДОГ ЮМ БИЛЭЭ-

-Анх удаа кино уран бүтээл хийгээд, өөрсдөө оролцон тоглох амаргүй байсан болов уу. Хамт олноосоо их зүйлийг суралцсан нь лавтай?

-Төлөвлөгөө маш чухал байдгийг л хамгийн их ухаарсан. Анх удаа том уран бүтээлд ажилласан учир алдаа оноо их байлаа. Цаашид алдаагаа давтахгүй, илүү сайнаар хичээхийн төлөө суралцаад л явж байна даа.

Хамт олноо ядраачихгүй юмсан. Дааруулахгүй, өвдүүлэхгүй юмсан л гэж их боддог юм билээ. Өөрөөсөө илүү хамт олноо л их боддог юм билээ. Бороо орж байх үеийн зураг авалтаар жүжигчдээ дааруулахгүй юмсан. Хурдан зураг авалтаа дуусгая гээд хамтдаа хичээцгээсэн.

-Яагаад мюзикл төрлийн кино уран бүтээл хийхээр болсон бэ?

-СУИС-ийг жүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн хүн бүрт л “кино хийх” нууцхан хүсэл байдаг болов уу. Яг л тэр зарчмын дагуу бид хоёр удаан бодож, төлөвлөсний дараа бүрэн хэмжээний уран сайхны кино хийхээр ажилдаа ханцуй шамлан орсон.

Өнгөрсөн хугацаанд уран бүтээл хийх үеэрээ танилцсан мэргэжлийн найзууд, таньдаг залуучуудаа цуглуулаад нэг том багийг бүрдүүлж, ажилласан. Залуучуудад зориулсан хөнгөн, гоё уран бүтээл хийе гэж бодсон доо.

-Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй ажилласан бэ. Уран бүтээлд ажиллахад санал зөрөлдөх гэх мэт бэрхшээл гарсан уу?

-20-30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан. Киноны зураг авалт 21 өдөр үргэлжилсэн. Гаднах үзэгдлүүдээ хотынхоо өнгө, үзэмжтэй газруудад зураг авалтаа хийхийг эрмэлзсэн. Шоронгийн хэсгийг өөрсдөө павилеон засаад ажилласан байгаа. Бүгд л саналаа харилцан солилцоод, ярилцаж байгаад л ажиллацгаасан даа.

-Шоронгийн хэсэг гэлээ. Кино хийхдээ орчны судалгаа хэр хийсэн бэ?

-Судалгаа хийсэн. Улаанбаатар хотын 7 дүүрэгт 16-29 насны 120 гаруй мянган залуус байдаг юм билээ. Тэдгээр залуусын 80 хувь нь хөгжимд татагддаг болохыг мэдсэн. Тиймээс өсвөр үе, залуус юу харж, сонсож байна түүнийг л харахыг хичээсэн. Шорон гэхээр мэдээж эрхээ хязгаарлуулсан хүмүүс сайхан байхгүй шүү дээ. Гэхдээ бидний уран бүтээлд гардаг шорон нийгэмд байхгүй. Зөвхөн кино, уран бүтээлдээ зориулсан төсөөллийн орчин гэх юм уу.

-БАЙР, МАШИНАА БАРЬЦААНД ТАВИАД УРАН БҮТЭЭЛИЙН МӨНГӨ БОСГОСОН-

-Оюун санааны шорон гэсэн үг үү?

-Бараг л. Тэгж хэлж болно байх.

-Цар тахлын эдийн засгийн хямралаас эхлүүлээд уран бүтээлчдэд чанга жилүүд өнгөрсөн. Кино уран бүтээл туурвихад чамгүй их зардал, төсөв шаардсан нь ойлгомжтой?

-Тэгэлгүй яах вэ. Ер нь бол төсөөлж байснаас их зардал гарсан. Тэгээд л багаараа зүтгээд л ард нь гарсан даа. Продьюсерийн багийнхнаас эхлүүлээд бүгд л байгаа байгаагаа барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, туусан даа. Байр, машинаа тавьцгаагаад л мөнгө босгосон.

-Уран бүтээлчдийн хувьд онгод чухал болов уу. Та хоёр ямар үедээ их онгод ордог вэ?

-Нэг их онгод гээд байх зүйлгүй шүү дээ.

-Уран бүтээлийн шинэ санаа төрөхийг л онгод гэж ойлгоод байдаг?

-Хэрвээ түүнийг хэлж байгаа бол бид хоёрт байнга л онгод орж ирдэг юм байна. Бид хоёул өөрсдийн дуулдаг хэсгийнхээ үгийг бичээд, дуулдаг.

-Хийсэн уран бүтээлээ үзээд суухад, ямар санагдсан бэ. Гэр бүлийнхэн нь ч мөн хамт үзээд суусан болов уу?

-Миний хувьд найруулагчаар ажилласан учир өөрөө жүжиглээгүй. Киноныхоо ерөнхий бүтцийг хараад суусан. Айдас бол их байсан. Гэрийнхэн хийсэн киног минь үзээд миний ажлыг илүү сайн ойлгосон. Сонирхлоороо, хоббигоороо эхлүүлсэн зүйл биш, мэргэжлийн түвшинд хийгдэж байгаа ажил юм байна гэдгийг харсан.

-Та хоёрын хувьд хамтлаг тарж буйгаа мэдэгдэж байсан. Тухайн үед юунаас болж маргасан юм бэ?

-Мэдэхгүй байна. Жаахан хүүхдүүд, аливаад хөнгөн сэтгэлгээгээр хандсаны үр дагавар л юм уу даа. Цаашид ямарваа үйлдэл хийж, үг хэлэхээс урьтаад нэгийг бодож, хоёрыг тунгаах хэрэгтэйг сайн ойлгосон. Анхнаасаа “Дуу хийе” гэж санаа нийлсэн хоёр залуу нийлээд хамт уран бүтээл туурвиж эхэлсэн. Хамтдаа хичээсээр ч байх болно.

-Ярилцлагын төгсгөлд та бүхний бүтээсэн киног заавал үзэх шалтгааныг хэлж өгөөч?

-Бидний уран бүтээл түүх болж үлдэнэ. Дараа ямар ч реп мюзикл шинээр хийгдсэн бидний бүтээл түүхийн эхлэл, анхдагч болж үлдэх юм. Та бүхэн бидний уран бүтээлийг үзээд сэтгэлийн их таашаалыг авна гэж итгэж байна. Маш их хичээж ажилласан. Цаашид ч хичээсээр байх болно. Та бүхэн минь биднийг үзэж, дэмждэг учир бид хоёр оршин тогтносоор байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна.

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-04 09:06

Гаанг хөшөөн чи шүү

Холбоотой мэдээ

Back to top button