ДЭЛХИЙ

Францад гарсан дэлбэрэлтийг үйлдэгчид баривчлагдлаа

-Нэг оюутан, нэг ахлах сургуулийн сурагч хамтран терроризм үйлджээ-

Өнгөрсөн долоо хоногт Франц улсын Лион хотод дэлбэрэлт болж, 13 хүн шархадсан юм. Хэргийг санаатай үйлдсэн хэмээн цагдаа нар сэжиглэж байсан бөгөөд өчигдөр буюу тавдугаар сарын 27-нд хоёр этгээдийг баривчлан саатуулжээ.

Баасан гарагт болсон уг дэлбэрэлтийн үеэр Лионы гудамжаар эрэг боолт тэргүүтэй барилгын жижиг хэсгүүд олноор шидэгдэж, орчин тойрон болоод зорчигч иргэдэд хүнд гэмтэл учруулсан юм. Прокурорын зүгээс баривчлагдсан хоёр эрэгтэйн нэг 24 настай бөгөөд, тэсрэх бөмбөгийг угсарч бэлдсэн этгээд гэх мэдээллийг өгсөн байна.

Дэлбэрэлт болсны дараах түймрийн дэргэдүүр нүүрээ халхлан хар маск өмсч, үүргэвч үүрсэн сэжиг бүхий хүн унадаг дугуйтай явж өнгөрсөн нь камерийн бичлэгт үлдсэн бий. Цагдаа нарын эрэн сурвалжлах ажил өдийг хүртэл түүнийг олж баривчлахад чиглэж байв. Мөрдөх ажиллагааг анти-террорист чиг шугамаар мэргэшсэн прокурорууд удирдаж буй бөгөөд Лион хотын цагдаа нар, Францын дотоод аюулгүй байдлын хэлтэс DGSI хамтран ажиллаж байгаа аж.

Нутгийн хэвлэлийн агентлагуудын мэдээлж буйгаар баривчлагдсан хоёр этгээдийн нэг нь мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж буй Алжир улсаас ирсэн оюутан ажээ. Эх сурвалжийн Ройтерсд өгсөн мэдээллээр, цагдаа нар түүнийг өдрийн турш мөрдөн дагаж байгаад Лион хотын нэгэн барилга дотор барьж, саатуулсан байна. Түүний орогнож байсан тус барилга дотор тэсрэх бодисууд ихээр хадгалагдаж байсан учраас баривчлах ажиллагааг хянамгай гүйцэтгэсэн гэдгийг хэвлэлүүд мэдээлжээ. Харин удаах этгээд нь Лион хотын ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч байсан гэнэ.

-Дэлбэрэлтийн эргэн тойронд-

Лион хотын түүхэн дурсгалт газруудын нэг болох хоёр зөрлөгтэй явган хүний гудамжинд тус дэлбэрэлт болсон юм. Мөрдөх багийнхан хэргийн газраас эрэг шураг, цаасан дээр хэвлэгдсэн тэсрэх бөмбөг угсрах схем, алсын удирдлага зэргийг олсон байна.

Дүүргийн засаг дарга Денис Броликүир, “дэлбэрэлт хэн нэгний амь насанд хүрэхүйц хэмжээний аюултай байсангүй” хэмээн AFP агентлагт ярилцлага өгсөн аж. Тэгсэн хэдий ч найман настай охин тэргүүтэй 13 хүн хүнд шархдаж эмнэлэгт хүргэгдсэн юм.

Өчигдөр буюу даваа гарагт Францын дотоод хэргийн сайд Кристоф Кастанер баривчлаад буй хоёр этгээдийн нэгийг хэрэг үйлдсэн нь үнэн гэдгийг өөрийн твиттер хуудаснаа бичсэн байна.

Тус улсад үүнтэй адил гараар угсарсан бөмбөгөөр дэлбэрэлт үйлдсэн тохиолдол хамгийн сүүлд 2007 онд гарч байжээ. Нэг хүн амиа алдаж, нэг хүн хүндээр шархадсан бөгөөд цагдаа нар одоог хүртэл үйлдэгч этгээдийг барьж чадаагүй буй.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button