Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Улсын тэргүүний лаборатори I сургуулийн 12г ангийн сурагч З.Дуулим 2021 оны Шилдэг байгаль хамгаалагч хүүхдээр шалгарлаа. З.Дуулим “Цасны хажир” байгаль хамгааллын эко клубын удирдагчаар тав дахь жилдээ, сургуулийнхаа СӨУЗ /Сурагчийн өөрөө удирдах зөвлөл/-ийн удирдагчаар гурав дахь жилдээ ажиллаж байна.
Мөн “Сайхан бичигтэн”, “Хос бичигтэн” “Шилдэг дэвтэртэй сурагч”, “Шилдэг илтгэгч”... сурагч гээд маш олон чадвараар орон нутагтаа шилдгээр нэрлэгдсэн манлайлагч охин юм. Байгаль хамгаалагч охинтой ярилцлаа.
-Юуны өмнө байгаль хамгаалагч хүүхдээр шалгарсанд баяр хүргэе. “Цасны хажир” байгаль хамгаалах клубээс яриагаа эхлэх үү?
- Баярлалаа. 2017 онд ангийн багшид газарзүйн багш клубыг удирдаад аваад явах чадвартай, сонирхолтой сурагч байна уу гэхэд нь намайг санал болгож “Цасны хажир”-ын гараа эхэлсэн. “Цасны хажир” нь сургуулийн байгаль хамгаалах клубуудын нэг. Цасны хажир гэдэг улаан номд орсон шувуу. Байгальд их ээлтэй амьтан учраас клубээ ингэж нэрлэсэн.
- “Цасны хажир” клуб юу хийдэг вэ?
-Удирдан чиглүүлэгч Б.Урангоо багштайгаа хамтарч аймгийнхаа Байгаль орчин аялал жуулчлалын газар, Говь гурван сайхан хамгаалалтын бүсийн хамгаалалтын газар зэрэг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудтай хамтран ажиллана. Тухайн байгууллагуудын төлөвлөгөөний дагуу хүүхэд оролцох боломжтой ажлуудад оролцдог. Сургууль дотроо харин сурагчдыг байгальд ээлтэй эко сурагч болоход нөлөөлөн чиглүүлэх ажлуудыг зохион байгуулдаг. Манайх 2200 гаруй сурагчтай том сургууль. Тэр утгаараа орчны бохирдлоос сэргийлэх ажлууд түлхүү хийдэг. Үүнээс гадна тухайн цаг үед тохирсон ажлуудыг санаачлан зохион байгуулна. Тухайлбал, ногоон төгөл байгуулах зорилгоор ахлах ангийн сурагчидтайгаа аймгийнхаа угтах хаалга орчим хайлаас мод тарьж арчилгааг нь хариуцаад явж байна.

-ГОВИЙНХОО САЛХИНЫ ЭРЧМИЙГ ДАВУУ ТАЛ БОЛГОН ХАРЖ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ БАЙГУУЛАХЫГ ХҮССЭН-
З.Дуулим охин 2019 онд “Эерэг хандлага эко Өмнөговь 2030” уралдаанд төсөл санаачлан оролцож гуравдугаар байр эзлэн санхүүжилт авсан. Байгальд ээлтэй хамт олон аяныг өрнүүлж сургуулийн захирал, нийт багш ажилтан, сурагчдын дунд сургалт зохион байгуулж “Бид хогийг ил задгай хаяхгүй” гурвалсан гэрээг байгуулжээ. “Цахим говь” ТББ-аас зохион байгуулсан Иновацилаг сургууль төслийн уралдаанд өөрийн санаачилсан “Хөтөч агаа эгээ” хөтөлбөрийг хэрэгжүүлэн оролцож тусгай байр эзэлсэн. Мөн Уур амьсгалын өөрчлөлт залуусын нүдээр Үндэсний цахим чуулгад Өмнөговийн залуусыг төлөөлөн оролцож гурван санал дэвшүүлэн шийдвэр гаргагчдын түвшинд хүргэж чаджээ.
-Дуулимын танилцуулгыг уншаад бахархах хүндлэх сэтгэл төрж байна. Хүүхэд байгаль дэлхий, уур амьсгалын өөрчлөлтийн төлөө ийм олон ажлуудыг санаачлан ажиллаж байна гэдэг үнэхээр бахархалтай. “Эерэг хандлага эко Өмнөговь 2030” төслийнхээ тухай яриач?
-Эко хөгжлийн аян монгол орон даяар хэрэгжсэн. Багийн ажил, би ахалж орсон юм. Тогтвортой хөгжлийн 21 зорилтоос бид нар Ундны усны аюулгүй байдлыг сонгосон. Эхлээд сургуулийнхаа ариун цэврийн өрөөг эрүүл, аюулгүй, боловсон болгох зорилгоор сарын хугацаатай өөрсдөө санхүүжилтээ гаргаад ажилласан. Тэгээд шалгуулж, бид нар өөрсдөө удирдаж хэрэгжүүлэхэд ийм байлаа, санхүүжилт авбал ахисан түвшинд ийм үр дүн гарахаар байна гэдгээ танилцуулсан. Ингээд бидний төсөл 2 сая 600 мянган төгрөгийн санхүүжилт авч бага, дунд анги, багш нарынхаа ариун цэврийн өрөөг шинэчлэн засварласан.
-Эхний шатанд өөрсдөөсөө хэдэн төгрөг гаргасан бэ?
-Мөнгө төгрөг нэг их гаргах боломжгүй л дээ. Гэхдээ төслөө эхлүүлэхийн тулд нэг хүүхдээс 50 мянган төгрөг гаргасан.
-Чиний санаачилсан “Хөтөч агаа эгээ” төслийн тухайд...?
- Манай сургуульд тулгамдсан асуудал байсан. Би өөрөө яг энэ асуудлыг туулж гарсан учраас ажил болгосон юм. Энэ жил манай сургуулийн захирал солигдсон. Шинэ захирал ажлаа аваад хамгийн түрүүнд сургуулийнхаа сурагчийн өөрөө удирдах зөвлөл, бүлгийн ахлагч нарын дунд уулзалт зохион байгуулсан. Сурагчдад тулгарч буй асуудлыг сонсьё, шийдвэрлье та нарт шийдэл юу байна гэсэн агуулгатай уулзалт болсон юм. Төслийн маань агуулга бол 1-5 ангидаа хүүхдүүд нэг л ангидаа хичээллэдэг. Дунд ангид оронгуут кабинет хэсч орно. Энэ үед эцэг эхчүүд ч, багш нар ч хүүхдүүдийг том болчихлоо гэсэн утгаар өдөр тутмын анхаарал сулардаг. Гэтэл зургаадугаар ангийн дүү нар маань эрхлэгч, менежерээ танихгүй, кабинет, сургуулийн урсгалын учрыг олохгүй төөрөлдөх асуудал гарна. Хичээл дээр хүртэл мэдэхгүй зүйлүүдтэй тулгарна. Сургуулийн сурагчийн өөрөө удирдах зөвлөл, клубуудад энэ үеэс хамрагдах боломжтой хүүхдүүд мэдлэггүй учраас хоцордог. Мэдээлэл авлаа гэхэд эцэг эх нь ойлгодоггүй. Энэ бүхнээс “Хөтөч агаа эгээ” төслийн сэдэл бий болсон. Мөн шилжиж ирсэн хүүхдүүд, гаднаас ирж буй зочид төлөөлөгчид, шалгалт, мэргэжлийн багуудад сургуулиа танилцуулахад хөтөч хэрэгтэй байдаг. Энэ санаагаа захиралд танилцуулсны дараа манай аймагт “Цахим говь” ТББ-аас инновацилаг сургууль гээд төслийн уралдаан зарлагдсан. Ингээд СӨУЗ нийгмийн ажилтандаа хандаж төслөө бичиж зургадугаар анги, 12 дугаар ангиудаа хамруулсан. 12 дугаар ангиуд зургаагийн нэг нэг бүлгийг хариуцаж 10 хоног ажилласан. ч
-Уур амьсгалын өөрчлөлт залуусын нүдээр үндэсний цахим чуулганд Дуулим гурван санал дэвшүүлж шийдвэр гаргагчдын түвшинд хүргэсэн гэсэн?
-Манай аймгаас үндэсний энэ чуулганд үе үеийг төлөөлсөн гурван хүүхэд оролцсон. Цахимаар байгаль орчны сайдтай ярилцаж ус, агаар, газар гэсэн сэдвээр гурван санал дэвшүүлсэн. Даланзадгад хотод салхины хүч нь ихэнхдээ хойноосоо урагшаа чиглэлтэй ч тогтуун үедээ урдаасаа хойшоо байнга хөвөлзсөн салхитай байдаг. Энэ үед аймгийн урд байрладаг цахилгаан станцын утаа аймаг руу орж ирдэг. Сүүлийн жилүүдэд илүү шороолог заримдаа хүчтэй нар харагдахгүй шахуу салхилдаг болсон. Тэгэхээр энэ салхины эрчийг асуудал бус давуу тал болгон харж салхин цахилгаан станц барих санал дэвшүүлсэн. Дараа нь хөрсний сэдвээр хогны асуудлыг хөндсөн. Бид дэлгүүрээс худалдан авалт хийхдээ НӨАТ бас гялгар уут авдаг. Тэгэхээр инженер зохион бүтээгчидтэй хамтран НӨАТ-ын баримт, гялгар уутаа буцааж хийдэг машин бүтээх санал өгсөн. Энэ машин НӨАТ-ын баримтыг уншаад мэдээлэл дамжуулна, мөн байгальд хор хөнөөлтэй эдгээр хог хаягдлыг ангилж авдаг байвал ямар вэ гэсэн санаа. Манай аймагт хэрэгжих боломжтой төсөл. Учир нь аймаг энэ жилээс дахин боловсруулах үйлдвэртэй болно. Усны асуудлаар болохоор усыг хамгаалах санал дэвшүүлсэн. Ус сүүлийн жилүүдэд эрчимтэй ширгэж байгаа. Тэгэхээр ундаргуудыг хамгаалж сэргээх ажил их чухал байгаа юм. Миний саналууд 100 хувь шийдвэрлэгдээгүй ч хөрс, агаарын асуудлаар холбогдох газруудад шаардлагууд хүргүүлсэн байсан. Мөн аймаг засаг дарга, ИТХ-ын дарга нар надтай эргэж уулзсан.
-Ногоон паспорт аяны хүрээнд хийсэн ажлаасаа танилцуулаач?
-“Ногоон паспорт” аяны хүрээнд байгальд аюултай хог хаягдал буюу “Зайг зөв ангилах” тухай сурталчлан хүүхдүүдэд мэдлэг олгож бүх ангиудад тусгай сав хийн байршуулж, сар бүр БОАЖГ-т хүлээлгэн өгсөн. Хамгийн их зай хураагуур цуглуулсан анги ялагч болсон.Эхний долоо хоногт л гэхэд 781 ширхэг зай цугларч байсан. БОАЖГ цааш нь Цэнгэг усны газарт хүргэдэг гэсэн. Хэдий хэсэг хугацааны ажил ч хүүхдүүд цаашид төрөл бүрийн зайг аюултай хог хаягдал гэдгийг ойлгож байгальд аюулгүйгээр хаяхыг сурсан нь гоё санагддаг.
-ЭРТХЭН АЛДААД ҮЗЬЕ ГЭСЭН БОДЛООР НАЙЗТАЙГАА БИЗНЕС ЭХЛҮҮЛСЭН-
З.Дуулим авьяаслаг, хичээнгүй охин. “Хос бичигтэн сурагч”, “Шилдэг дэвтэртэй сурагч”, “Эх түүх-Нийгмийн ухаан”-ы олимпиадад илтгэл мэтгэлцээний төрлийн аварга, хүмүүнлэгийн аян санаачлагч сурагч, “Говийн жонон” бүжгийн тэмцээний хүрэл медальтан, “Мини парламент” ХӨУБ-ын санаачлагаар хүүхдийн цогц боловсролыг олгож, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Step by step your self сургалтыг зохион байгуулагч. Илтгэх урлагийн сургагч багш гээд З.Дуулимын амжилт, авьяасын түүх арвин баялаг.
-Чиний мөрөөдөл юу вэ?
-Танд сонин санагдаж магадгүй. Би ном байхыг хүсдэг. Хүн ямар ч ном уншсан тэндээс нэг сургамж, нэг санааг заавал олдог. Яг тэрэн шиг хэн нэгэн надтай харилцахад, хамтарч ажиллахад, зөрөөд өнгөрөхөд сайхан сэтгэл төрүүлж байвал гоё. Хэдий надад хэцүү байсан ч хүнд төвөг удахгүй байхад миний хүсэл биелдэг. Би зөв хүн буюу зөв ном болж чадвал миний мөрөөдөл биелнэ.
-Чи бараг л тэр мөрөөдлийнхөө ном болчихжээ, одоо. Байгальд яагаад ийм ихээр хайртай вэ?
-Танд бас л сонин санагдаж магад. Үнэндээ би байгальтай тийм ч ойр, бас ийм ихээр хайрладаг байгаагүй. Миний байгаль хамгаалах чин хүсэл, мөрөөдөл “Цасны хажир” клубээс үүссэн. Клубт гэнэтийн байдлаар удирдагчийн түвшинд очиход хүндхэн хариуцлага ирсэн. Тэгээд би бодлоо. Хэрвээ би зөв санаачилгатай байвал сургуулийн дүү нар, ах эгч нар үлгэр жишээ авна. Хэрэгжүүлж байгаа ажлаа хурдан хугацаанд өөрийн болгохгүй бол болохгүй гээд өөрийгөө дайчилж эхэлсэн. Ингэж явж байхдаа байгальд хайртай болсон. Байгаль хүнгүй оршиж болох ч хүн байгальгүй оршин тогтнох боломжгүй.
-Хамгийн сэтгэлд хоногшсон ажил нь юу байв?
-Өмнө нь ковидгүй үед манай клуб “Говь гурван сайхан” хамгаалалтын бүсэд очиж аргаль, янгирт өвс ус өгдөг байсан. Манай говьд Сэврэй гэж сум бий. Энэ нэрийг араас нь уншихаар ирвэс болж хувирдаг. Сонин байгаа биз. Бид нар олон улсын ирвэсийг хамгаалах өдрөөр Говь-Алтай аймагт очсон. Увс, Хөвсгөл, Алтай бас халх, тува, буриад хүүхдүүдтэй уулзсан. Би ирвэсийн нутгаас гэдгээрээ бахархал, омогшлоор дүүрэн байсан. Тэгээд хүүхдүүдэд ирвэсийн оршин байгаа байдал, хамгаалалт гээд олон зүйлийг ярьж таарвал ингэж байгаарай, бумбай нь ийм онцлогтой шүү гээд хэлэхэд гоё байсан. Төрсөн нутгийнхаа давуу талаар бахархахын зэрэгцээ бусдад нөлөөлж байгаа сайхан санагдсан.
-Танай говийн байгалийн хамгийн гоё нь юу вэ?
-Говь тэр чигээрээ гоё. Хүмүүс говийг элсээр төсөөлдөг. Тэгээд говьд зочлохоороо гайхдаг. Газар газрын онцлогоосоо шалтгаалаад бүх юм нь гоё, шороо тоос нь ч сайхан.
-Гэр бүлийнхээ тухай яриач. Сайн охин байх даа.
-Би өөрийгөө сайн охин гэж хэлэхгүй дээ. Би ээж, эмээтэйгээ амьдардаг. Манай гэрт эрэгтэй хүний орон зай байхгүй. Бүх эмэгтэй хүмүүс хоорондоо харьцаад ирэхээр илүү нээлттэй, нүүр хагарсан байдалтай байдаг.
-Мэргэжил сонголтоо хийчихсэн үү?
-12 дугаар ангийн хүүхэд гэхэд хараахан мэргэжлээ сонгоогүй яваа. Гэхдээ ер нь ямар чиглэлээр явах вэ гэдгээ шийдчихсэн. Би бусад хүмүүсийн жишгээр, тогтсон хэмнэлээр амьдрах сонирхол багатай. Дунд сургуулиа төгсөөд л оюутан, дараа нь ажил гэх мэт хэвшил гоё санагдаагүй. Оролцоог илүү эрхэмлэдэг. Тэгэхээр би 12 дугаар ангиа төгсөөд нэг жил сурахгүй. Хувиараа өөрийнхөө бодсоноор хүний ёсоор нэг жил амьдраад их сургуульд орно. Одоо бол өөрийгөө их сургуульд ороход бэлэн гэж бодохгүй байна.
- Ээж нь зөвшөөрсөн гэж үү?
-Чи өөрөө бодоод, өөрөө зөв гэж бодвол хамаагүй ээ, өөрийгөө эрсдэлд оруулахгүй байхад л болно гэсэн. Би айлын ганц хүүхэд болохоор итгэл найдлага, хариуцлага над дээр тогтдог. Эмээ, ээж хоёр надад бүхнийг илэн далангүй хэлээд өгчихдөг. Цаашдаа нийгмийн оролцооны чиглэлээр ажиллаж, эдийн засгийн чиглэлээр суралцана. Нээрээ, би 2020 онд найзтайгаа хамтраад жижигхэн бизнес эхлүүлсэн. Эртхэн алдаад үзье гэж бодсон юмаа. Бэлэгний хайрцаг, үсний боолт гээд өдөр тутмын хэрэглээний зүйлс хийж зарсан. Эндээс орлого, зарлага, ашиг, эрсдэл гээд олон зүйлийг ойлгосон. Анх манай аймагт энэ төрлийн бизнес байгаагүй болохоор орлого сайтай байсан. Үеийн хүүхдүүд маань маш олноороо хийж эхэлсэн. Тэгээд тэд нартаа боломж олгоод түр завсарлага авчхаад байгаа.
-Үе тэнгийн найзууддаа хандаж юуг хэлэх вэ?
- Сонирхсон зүйл байвал шууд хийгээд үзээрэй. Чадаж байвал чадвараа ахиулаад, чадахгүй бол яагаад чадахгүй байгаагаа мэдээд аваарай. Наадах чинь дэмий гэж хэн нэгэн хэлсэн ч итгэл найдварын гал олж харсан л бол заавал хийж үзээрэй гэж хэлмээр байна.
З.Дуулимын найзтайгаа эхлүүлсэн бизнесийг ЭНД дарж сонирхоно уу.
-Амжилт хүсье Дуулим. Чи бол баялаг агуулгатай, амттай ном шиг гайхалтай манлайлагч охин юм.
Б.БАЯРТ
























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ymar mundag ohin be
Ingeed harhaar manai huuhed Zaluuchuud uneheer mundag boljeee shine uy uneheer gereltei bn shuu
Aldah zvil bagatai bga deeree aldaad vzeh heregtei. Mundag ohinoor baharhaj bn
Том алсын хараатай зорилгодоо хүрж чаддаг мундаг охин бна
Хүн болох багаасаа гэж энэ шүү дээ ирээдүйд нутаг орондоо их юм хийгээрэй.
Бахархахгүй байхын аргагүй охин юм. Миний охин яг ийм өөрийн гэсэн ертөнцтэй болж өсөөсэй
Мянга мянган хүүхдүүдийн дуу хоолой болж байгаад үнэхээр их бахархаж байна найздаа илүү их амжилт????