Ярилцлага

Урлаг судлаач М.Амина: Хайр гэдэг чинь САЙН ДУРЫН БООЛЧЛОЛ шүү дээ

Eguur.mn ярилцлагын буландаа залуу урлаг судлаач М.Аминаг урилаа. Түүний тун удахгүй зохион байгуулах гэж буй “Синдром” арт шоуны талаар болоод, бусад сонирхолтой сэдвээр ийн хөөрөлдөв.

-СИНДРОМ АРТ ШОУГААР УРЛАГИЙН ЦОГЦ АТМОСФЕР БҮРДҮҮЛЭХЭЭР ЗОРЬСОН-

-Залуу урлаг судлаач хүний өдөр тутмын амьдралын хэмнэл хэрхэн өнгөрч байна вэ? Үүнээс хоёул ярилцлагаа эхэлье.

-Ер нь хүмүүс шар шувуу, болжмор гэж хоёр хуваагддаг шүү дээ. Би бол үргэлж шар шувуу байсаар ирсэн. Шөнийн цаг их таалагддаг. Хорвоо ертөнц тэр аяар унтаа байдалд оршдог учир саад болох хэн ч үгүй, аливаа ажилд төвлөрөөд суухад сайхан. Иймээс ихэвчлэн шөнө номууд уншиж, судалгааны ажлаа бичдэг. Харин өдөр нь, үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрдэг хүн /инээв. Сурв/. Өөрийгөө яг ч зөв амьдардаг хүн гэж хэлж чадахгүй юм байна. Эрсдэл дагуулах ч байсан хамаагүй сэтгэлийн таашаал авах зүйлсийг хийх дуртай.

-Та дүрслэх урлагийн Анима сургуульд багшилдаг байх аа? Багшийн ажлаас гадна ойрын үед ямар ажил амжуулж явна вэ?

-Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургууль 1994 онд байгуулагдаж байсан. Аав, ээж хоёрын маань байгуулсан энэ сургууль өдгөө 25 жилийнхээ нүүрийг үзэж байна. Анима гэдэг нь эртний латин хэлээр сэтгэл, сүнс гэсэн утгатай үг. Би энэ сургуульдаа гоо зүй, дэлхийн урлагийн түүхийн хичээл ордог. Анх багшилж эхэлснээс хойш зургаан жил өнгөрсөн байна. 

“Амина” сургуульд багшлахаас гадна олон нийтэд зориулсан лекц уншдаг. Лекцүүд маань ихэвчлэн “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх”, “Согтуу зураачдын сод бүтээлүүд” гэх мэт сонирхолтой нэртэй. Манай улсад оюуны боловсрол дутагддаг, тэр дундаа урлагийн боловсрол бүр ч дутмаг гэж хувь хүнийхээ хувьд хардаг юм. Ийм учир хүмүүсийн урлагийн боловсролд нэмэр дөхүү болохуйц бичил төслүүд дээр ажиллаж, лекц сургалтууд зохион байгуулдаг даа. Фэйсбүүк орчинд “Сахилгагүй Аминагийн лекцийг сонирхогчид” гэдэг групптэй. Үүгээрээ дамжуулж мөн урлагийн сэдэвтэй мэдлэг, мэдээллийг түгээдэг.

-Ойрын үед шинээр санаачилсан, зорьж төлөвлөөд буй зүйлсээсээ хуваалцаач?

-Энэ сард ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит академид магистрын зэрэг хамгаалахаар явах юм. Суралцах хоёр жилийн хугацаандаа гадаад орны хүмүүс урлагийн боловсролдоо хэрхэн анхаардаг, мэргэжлийн хүмүүс нь ямар бодлого барьдаг зэргийг судалж ирээд эх орондоо хэрэгжүүлье гэсэн бодолтой байна. Хамгийн ойрын төлөвлөгөө гэвэл, явахаасаа өмнө “Синдром арт шоу”-г зохион байгуулах ажил байна даа. Урлагийн холбогдолтой лекц, үзвэрүүдийг салангид байлгахаас илүү, үзэгчдэд урлагийн “цогц” ертөнцөд орж, мэдрэхэд нь туслах зорилгоор олон урлагийн үзүүлбэрүүдийг нэгтгэж буй онцлогтой. Урлагийн түүхийн лекц, саунд-арт, модерн балет, уран зургийн үзэсгэлэн, мексик үндэстний бүжиг гэх мэт олон зүйл нэгдсэн арт шоу юм.

Урлагийн түүхийн лекцээр Сальвадор Дали, Фрида Кало, Ван Гог хэмээх зууны суутан зураачдын амьдрал, уран бүтээлийн талаар ярина.

-Синдром арт шоу-ны тухай илүү дэлгэрэнгүй ярилцъя. Энэ нэрийг яагаад өгөх болсон бэ гэдгээс эхлэх үү?

-Синдром нэрийг миний найз өгсөн. Дром гэдэг үг нь Грек хэлээр хөдлөх, гүйх гэсэн утгатай. Синдром гэхээр сэтгэлийн хөдөлгөөний долгисол, хөөрлийг илэрхийлсэн үг болдог. Урлаг гэдэг мөн адил хүний сэтгэл хөдлөлөөр дамжин ил гардаг шүү дээ. Нөгөөтэйгүүр, суут зураачид амьдарч асан нийгмийнхээ сэтгэлгээний хайрцгийг эвдсэн, дэг жаягаас гажсан үйлдлүүдийг хийдэг байлаа. Цаанаа философилог агуулгатай. Жишээ нь Сальвадор Дали хүрэмнийхээ энгэрт 52 ширхэг ликёрны хундага оёж тогтоогоод, дотор нь үхсэн ялаанууд хийсэн байдаг... Угтаа энэ нь эрэгтэй, эмэгтэй хүний харилцааг илэрхийлсэн гэдэг. Архи хэрэглэж, ухамсраа чөлөөтэй тавьсан үед хүний бэлгийн инстинкт бүхий дур хүсэл ил гардаг гэдгийг харуулсан. Энэ утгаараа суутнууд синдромтой, галзуу гэж тухайн цагтаа хэлэгддэг байв.

Дүрслэх урлаг дээр суурилсан ийм цогц арт шоу Монголд урьд нь болж байгаагүй. Шоуны уур амьсгал, агаар нь тэр чигтээ “урлагийн” байх юм. Өмнө нь дандаа урлагийн талаар лекц уншдаг байсан бол энэ удаад бусад салбарын хүмүүстэй хамтарч байна. Жишээ нь “Mohanic” хамтлагийн гитарчин Ц.Даваажаргал саунд-артистаар ажиллаж байгаа. УДБЭТ-ын бүжигчин Б.Төгөлдөр Сальвадор Далигийн сюрреалист амьдралыг илэрхийлсэн өөрийн модерн балетын зохиомжийг бүжиглэж үзүүлнэ. Мөн “Анима” сургуулийн зураач, оюутнууд Мексик, Ацтек үндэстний бүжгийг өөрсдийн дэглэлтээр тавина.

-Ийм цогц хэлбэрийн шоу зохион байгуулах санаа анх яаж төрсөн бэ?

-Менежер Б.Батчимэг маань энэ санааг дэвшүүлсэн. Академик лекц гэдэг хүнд боловсол, мэдлэг олгох зорилготой. Гэхдээ давхар мэдрэмж нь чухал. Ийм үүднээс урлагийн цогц атмосфер бүрдүүлэх санаа гаргасан гэж болно.

-МОНГОЛЧУУД МАТЕРИАЛЛАГ ХЭРЭГЦЭЭГ НЭГДҮГЭЭРТ, БОЛОВСРОЛЫГ ДАРААД НЬ ТАВЬДАГ-

-Таны лекцүүдэд суусан хүмүүс ямар сэтгэгдэл аваад гардаг бол? Хамгийн амжилттай ард нь гарлаа гэж бодсон ямар лекц байдаг вэ?

-Миний лекцэнд суусан хүмүүст дундын сэтгэгдэл гэж байдаггүй. Нэг бол маш их таалагдана, нэг бол огт үгүй. Учир нь би өөрийнхөө хувийн амьдралыг яриагүй шүү дээ, энэ хорвоо ертөнцөд өөрсдийн мөрийг үлдээгээд явсан хүмүүсийн тухай хүүрнэдэг. Тэдний хурц, тод амьдралын замнал хүн бүрт таалагдаад байдаггүй. Таалагдах алба ч бас байхгүй шүү дээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд 100 гаруй лекц уншсан байна. Тэдгээрээс Эдит Пиафийн тухай лекц сэтгэлд минь хоногшиж үлдсэн. Гайхалтай дуучин, Францын дуут шувуухай, бяцхан Эдит Пиаф. Түүний дуунуудыг би хүнд хэцүү үедээ сонсож эрч хүч авдаг байсан, амьдралынх нь түүхийг өгүүлсэн номыг уншаад л уйлдаг байв. Хэт хувь хүний сэтгэл хөдлөл маань давамгайлж байсан учир баланс хадгалж лекцээ боловсруулах нь чухал болсон. Хамгийн их хүч хөдөлмөр гаргаж бэлдсэн лекц маань юм даа.

-Хоёр жилийн хугацаанд 100 гаруй лекц уншсан гэлээ. Монголчуудын урлагийн боловсролын түвшинг лекцээсээ хэрхэн тодорхойлсон бэ?

-Үүнийг би зөвхөн өөрийнхөө лекцүүд дээр тулгуурлан тодорхойлох боломжгүй л дээ. Ихэвчлэн урлагийн талаар системтэй мэдлэг авахыг хүсдэг боловч боломж нь гардаггүй, урлагийн ертөнцийг сонирхож эхэлж буй хүмүүс лекцэнд маань ирдэг. Гэхдээ нэг сонирхолтой зүйл анзаарагдсан нь, ихэвчлэн эмэгтэй хүмүүс ирдэг шүү. Цааш нь судалбал бас л сонин дүгнэлт гарах байх. Яагаад эмэгтэй хүмүүс урлагийг  илүүтэй сонирхож байна вэ, илүү хялбар хүлээж авч байна вэ?

Яг урлагийн салбарт ажиллаж буй хүний хувьд хэлэхэд, хүндрэлтэй зүйлс их бий. Монголчууд үнэт зүйлсээ буруу дарааллаар тогтоодог. Материаллаг хэрэглээг нэгдүгээрт, оюуны боловсолыг дараад нь тавьдаг учир асар их нөөц боломжоо хэрхэн ашиглах вэ гэдэг дээр тархи, зүрх сэтгэл нь ажилладаггүй. Зөвхөн урлаг гэлтгүй олон салбарт боловсрох хэрэгтэй гэж хардаг.

Нэг удаа “Анима” сургуулийн оюутнууд маань уугуул Индианчуудын хувцсыг урлаж өмсөөд парад жагсаал хийсэн юм. Энэ бол дэлхийн томоохон хотуудад тогтмол зохион байгуулагддаг, урлагийн боловсрол олгох зорилготой арга хэмжээ шүү дээ. Гэтэл маш олон залуус, “Эд нар хэн бэ?”, “Бөө нар уу?”, “Хаанаас ирцгээсэн юм бол?” гэх мэт гайхсан өнцгөөс хүлээж авч байлаа. Харин бидний “бөбөөчид” гэж нэрлэдэг хүмүүс хараад шууд л, “Өө, энэ Апачи омгийнхон байна. Энэ Ирокез омгийнхон байна шүү дээ” хэмээн ялган таньж эхэлсэн. Хэчнээн архи, дарсанд орсон ч тэдгээр хүмүүсийн суурь боловсрол харагдаж байна шүү дээ. 90-ээд оны ардчиллын салхийг давахгүй олон эрдэм, мэдлэгтэй хүмүүс буруу замаар орсныг бид мэднэ.

Иймээс өнөөгийн залууст энэхүү суурь мэдлэг гэх зүйл дутмаг байна гэж би боддог юм. Интернэт орчноос авсан өнгөц мэдээллүүдээ мэдлэг гэж андуурдаг. Гүн гүнзгий зүйлсийг судлахаа больсон.

-Багагүй хугацаанд нийгэмтэй харилцаж, урлагийн боловсрол олгох ажилд гар бие оролцлоо. Танд залуусын өөрчлөлт ажиглагддаг уу?

-Би ихэвчлэн хүмүүсийн сонирхлыг өдөөх зорилгоор лекцүүдээ бэлтгэдэг. Эр хүн сайхан эмэгтэйгээс харцаа салгаж чаддаггүй шиг, урлагийн гоё сайхантай нэг танилцчихвал цаашид гүнзгийрүүлэн судалсаар байх болно. Миний нэг ч лекцийг алгасахгүй суусан нэг хүүхэд бий, одоо өөрөө лекц тавих хэмжээнд очоод буй.

Ер нь залуусын хувьд нэг хэсэг уналтад орж, өдгөө эргээд сэргэж байх шиг анзаарагддаг. Юм мэдэх, хийх гэсэн хүсэлтэй залуус олширч байна. Старт-ап компаниуд, workspace-ууд ихээр байгуулагдаж байна.

-РОК СОНСДОГ, ХАР САВХИН ХҮРЭМТЭЙ, АНАРХИСТ ОХИН БАЙЛАА-

-Таны урлагтай амьдралаа холбосон түүх хэзээнээс эхлэлтэй юм бэ?

-Миний аав ээж, эмээ өвөө нар бүгд зураач хүмүүс. Миний өсөж, өндийсөн ертөнц өөрөө урлагийн байсан. Аав, ээж хоёр өглөө пянз тоглуулан дүү бид хоёрыг сэрээдэг, аялгуунд нь өөрсдөө бүжиглэдэг байв. Намайг үргэлж дуурь, балет үзүүлэхээр дагуулж явна. “Цэх суу, томоотой бай, толгойгоо битгий хөдөлгө, урд талын хүн чинь толгойгоо зүүн тийш гилжийлгэсэн бол чи баруун тийш болго” гэж сургадаг байлаа. Нэг удаа ханиад хүрчхээд Кармен дуурь үзэж билээ. Ханиалгах гэтэл дуу гаргаж болохгүй гэж заалгасан тул нулимсаа гартал хоёр цаг тэвчсэн. Дууссан хойно ээждээ, “Би ханиалгамаар л байсан” гэж хэлээд жаал уйлсан санагдана.

Урлаг гэдэг миний нэг хэсэг байсан. Ерөөс тусад нь авч үзэж байгаагүй юм байна.

Өвөө, эмээгийнхээ номын санг ухаж суугаад Салвадор Далигийн зургийн цомгийг анх олж үзсэн маань сэтгэлд тод үлджээ. Тал биетэй хүн, нэг биеэс бас нэгэн бие ургаж буй дүрслэл, эротизмууд тэнд байсан. Бодит амьдрал дээр байж болшгүй дүрслэлүүд хэдий ч, миний зүүдэндээ үздэг зүйлстэй адил. Багадаа зүүдээ манадаг, өглөө сэрээд бичдэг хүүхэд байсан учраас, зүүдтэйгээ адилхан уран зураг харсан тэр дурсамж их хүчтэй үлдсэн байна.

-Тэгвэл багын л урлагийн хүн болох мөрөөдөлтэй байж?

-Би хуульч болно гэж боддог байсан. Яагаад гэвэл энэ ертөнцөд маш их шударга бус зүйлс байгаа юм шиг санагддаг байлаа. Хуульч болбол ядаж л гэм буруугүй шоронд орж буй хүмүүсийг аварна гэж санадаг... Нэлээд идеалист, аливааг хэтэрхий гоёчилж сэтгэдэг хүүхэд байсан. Цаашдаа амьдралд ч нухлуулсан, түүх философи ч их уншсан, ингээд хуульч болох мөрөөдлөө орхисон доо.

Банк, санхүүгийн чиглэлээр явдаг юм уу ч гэж бодож байлаа. Урлагийн хүн болно гэдэг ямар эрсдэл дагуулахыг би хар багаасаа л ойлгосон юм. Иймээс цалингаас цалинтай золгодог, тогтвортой ажил сонгохыг нэг хэсэг урьтал болгож байсан санагддаг. Гэхдээ хүнд бурхнаас зурж өгсөн зам мөр, зүрх сэтгэлийн дуудлага гэж зүйл бий. 10 жилээ төгсөөд нэг жил сургууль завсардсаны дараа, урлагийн хүн болох учиртай гэдгээ ойлгосон.

Тэр үед рок хөгжим сонсдог, хар савхин хүрэмтэй, анархист охин байлаа /инээв. Сурв/. Ээжийнхээ сургуульд суралцаж байсан цаг. Урлаг судлалын хичээл надад илүү амархаж ойлгогдож, хялбар давж байгааг анзаарсан. Сургуулиа хаялаа гээд гутардаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ бол гутрах зүйл огт биш юм. Хүн таван ч сургууль хаясан болно. Бүхэл насны амьдралынхаа нэг хэсгийг болгож явах ажил мэргэжил тань таны бие физиологи, оюун ухаан, ур чадвар, зүрх сэтгэл бүгдтэй тохирох ёстой учир, маш хариуцлагатай хийх шийдвэр юм билээ.

-Өнөөдөр та амьдралдаа хэр сэтгэл хангалуун байж чаддаг вэ?

-Ажил мэргэжил, хийж буй зүйлсийнхээ тухайд: Би юунд ч харамсдаггүй. Харин суралцах зүйл мэдээж маш олон байна. Өөрийгөө маш их чамлаж байна. “Үүнийг хийж амжсангүй дээ гэж харамсаж байхаар, хийчихлээ гэж харамссан нь дээр” гэдэг үг бий. Урлаг судлаач хүний хувьд би амьдралдаа сэтгэл хангалуун байдаг.

Хувийн амьдралдаа бол үзэж туулах зүйл их байна аа /инээв. Сурв/.

-Найз залуу бий юу?

-Байгаа.

-Урлагийг хэр ойлгодог хүн бэ?

-Өөрөө бөмбөрчин л дөө. Анх урлагийн тухай ярилцаж танилцаж байсан.

-Урлаг судлаач мэргэжилтэй залуу бүсгүйн хувьд, хайр дурлал, дотно харилцааны тухай юу гэж боддог нь сонин байна?

-Жинхэнэ хайраар учирсан гэр бүл, бие биедээ хайртай аав ээжээс төрсөн хүүхэд гэдэг бол амьдралын хамгийн том аз жаргал шүү дээ. Харамсалтай нь хүнд бүх зүйлс эн тэгш заяадаггүй. Өөр зүйлээс тэр аз жаргалыг мэдэрч чаддаг хүмүүс бий. Мэдээж би эмэгтэй хүнийхээ хувьд тогтвортой амьдралыг хүсдэг. Эмэгтэй хүн бүр л хүсдэг байх. Цагаан морь унасан ханхүүтэй учраад л, орд харшдаа аз жаргалтай амьдраад л /инээв. Сурв/.

Хайр бүтэлтэй ч байж болно. Бас бүтэлгүй ч байж магадгүй. Гэхдээ алин ч бай, хайр гэдэг хүний урагш тэмүүлэх амьдралын утга учир болдог юм байна. Би залуу хүн, алдаж оноод, үзэж суралцаад л явж байна. Гэхдээ хүн өөрийнхөө хувь заяаг бүтээдэг гэдэгт би итгэдэг. Ер нь зүрх сэтгэлдээ эрх чөлөөтэйгөөр дурлах л сайхан.

Мэдээж эрх чөлөөтэй байж болно. Гэхдээ энэ бол хариуцлага. Юу гэмээр юм дээ... Хайр, дурлал гэдэг чинь сайн дурын боолчол. Энэ их логикгүй, сонин үг сонсогдож магадгүй. Өөрийнхөө сайн дураар өрөөл бусдад өөрийн амьдралыг зориулах нь байна шүү дээ...

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button