ДЭЛХИЙНИЙГЭМ

Казахстаны нөхцөл байдлаар БАРУУНЫ ХЭВЛЭЛҮҮДИЙН байр суурь

Казахстанд болж буй үйл явдлыг Барууны хэвлэлүүд анхааралтай ажиглаж байна. Шатахууны үнийн өсөлтөөс үүдэлтэй олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал улам даамжирсаар үнэн хэрэгтээ Засгийн газар, эрх баригчдынхаа бодлогыг эсэргүүцсэн тэмцэл болон өргөжив. Тодруулбал, Казахстаны ард иргэд авлига, хээл хахуулийн хэрэг, тэр тусмаа Нурсултан Назарбаевын ноёрхол, түүний гэр бүл, хамаатан садандаа давуу байдал олгодог байсан гээд авторитар улс төрийн тогтолцоо зэрэг гүн гүнзгий шалтгаанаас үүдэлтэй гэдэгтэй улс төрийн шинжээч, ажиглагчид санал нэгдэж байна хэмээн Английн “Би-Би-Си” /ВВС/ агентлаг онцолжээ.

ХАБГБ-ын гишүүн улс орнуудаас Казахстаны Ерөнхийлөгч Токаев тусламж хүссэний хариуд тус улс руу энхийг сахиулагчдын анги нэгтгэлийг яаралтай илгээсэн талаар мөн Британийн “Guardian” онцолсон байна. Гэсэн ч, Казахстан руу чухам хэдэн цэрэг илгээж, тэд хэр хугацаанд Казахстанд байх нь одоогоор тодорхой бус байна. ОХУ-ын Төрийн Думын гишүүн Леонид Калашниковын хэлснээр энхийг сахиулагчид Казахстаны Ерөнхийлөгч Токаевын тохиромжтой гэж үзсэн цагт л тус улсад үлдэнэ гэдгийг тус сонин онцолжээ. Сонины онцолсноор, энхийг сахиулагчид үндсэндээ Казахстаны дэд бүтцийг хамгаалах аж.

Лхагва гарагийн орой Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2019 онд тус улсад болсон эсэргүүцлийн жагсаалыг харгис хэрцгийгээр дарсан Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкотой утсаар ярилцсан байна. Төрийн тэргүүнүүд үүссэн нөхцөл байдлын талаар ярилцсан гэж сонин нийтэлжээ. Казахстаны асуудлаар мөн Александр Лукашенко ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярилцсан.

Казахстанд жагсагчдын уур хилэн гол төлөв Нурсултан Назарбаевын эсрэг чиглэж байгаа гээд Н.Назарбаев төрийн эрхийг олон жил атгаж, захирахдаа асар их эрх мэдлийг гартаа төвлөрүүлсэн хэмээн “Guardian” тэмдэглэжээ.

Өнөөг хүртэл Н.Назарбаевыг “үндэсний удирдагч” хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөөр ирсэн ба албан тушаалаасаа буусан ч эрх мэдэлтэй хэвээр, бүхнийг хөшигний цаанаас удирддаг “сүүдрийн удирдагч” гэж тооцогдсоор ирсэн. Гэсэн ч, одооноос эхлэн Н.Назарбаевын ганц хүний ноёрхолд эцэс ирэх бололтой хэмээн америкийн “Нью-Йорк Таймз” /New York Times/ бичжээ. Н.Назарбаевын зээ хүү Самат Абиш тус улсын Үндэсний аюулгүй байдлын албаны тэргүүн дэд даргын албан тушаалд томилогдож байсан аль хэдийн түүнийг ажлаас нь чөлөөлсөн.  

Казахстаны Мангистау мужийн Жанаозен хотын оршин суугч 55 настай Зауреш Шекенова “Нурсултан Назарбаев болон түүний гэр бүл банкнаас авхуулаад зам гүүр, хий хүртэл бүх салбарыг гартаа атгаж, монопольчилсон. Энэ удаагийн жагсаал бол авлигыг эсэргүүцсэн үйлдэл” хэмээн ярьсныг “Guardian” иш татжээ.

“Энэ бүхэн шатахууны үнийн өсөлтөөс эхэлсэн. Гэвч жагсаалын жинхэнэ шалтгаан нь ард иргэдийн ахуй амьдралын ядуу байдал, өндөр өртөг,  ажилгүйдэл, авлигаас үүэдлтэй” гэжээ.

“Эрх баригчид нөхцөл байдлыг намжаахын тулд амлалт өгөхийн сацуу заналхийлэл үйлдэх гээд аль алиныг нь хийхийг оролдож байгаа ч тэд өнөөг хүртэл олигтой үр дүнд хүрээгүй байна” хэмээн Алма-Атагийн улс төр судлаач Досым Сатпаев хэлэв.

“Казахстаны ард түмэн авлига, нэг хүний ноёрхол, түүний хамаатан садангийн эрх ямбаас залхаж эхэлсэн. Эрх баригчид нь ч ард түмнийхээ үгийг сонсдоггүй, тиймээс одоогийн Ерөнхийлөгч Касым-Жокарт Токаевыг улс төрийн бодитой шинэчлэл хийгээсэй, шударга сонгууль явуулаасай гэж хүсэж байгаа юм” хэмээн “Guardian” сонин бас онцолжээ.

Энэ бүхнээс харахад, Казахстаны ард түмэн амьдралдаа, төр засгийн удирдлагуудад сэтгэл дундуур байгаа нь илт байна хэмээн “The Guardian” сонин дүгнэжээ. Басхүү Казахстаны улс төрийн орчныг олон жилийн турш цэвэрлэж, жагсагчдыг нэгтгэх чадвартай улс төрийн нэрт зүтгэлтнүүд дутагдалтай байгаа гэжээ.

Лхагва гараг /2022.01.05/-т Казахстанаас ОХУ руу арваас доошгүй хувийн онгоц ниссэн талаар Британийн “Таймс” /The Times/ сонин тэмдэглэжээ. Батлагдаагүй мэдээллээр, улс төрийн зүтгэлтнүүд, өндөр дээд албан тушаалтнууд, нэг ёсондоо Казахстаны “элитүүд” эх орноосоо дүрвэсэн гэж сонинд бичжээ.

Харин Кремлийн хувьд эдгээр үйл явдал нь хөрш улс дахь автократ засаглалын өөр нэг сорилт болж байна хэмээн америкийн “Нью-Йорк Таймз” /New York Times/ сонинд бичжээ. Энэ нь Украйн, Беларусийн дараа ОХУ-тай эвслийн харилцаатай улс орны дарангуйллын эсрэг гурав дахь бослого гэдгээрээ онцлог, анхаарал татаж байгаа юм.

ОХУ Беларусь, Украйнд эдийн засаг, геополитикийн хүч чадлаа бататгах гэж оролдож байгаа энэ үед Казахстанд ийм эмх замбараагүй байдал үүссэн нь Москвагийн бүс нутаг дахь нөлөөг сулруулах эрсдэл, аюул заналхийлэл гэжээ.  

Казахстан дахь эсэргүүцлийн жагсаал нь Кремльд анхааруулга өгсөн дохио боллоо хэмээн Төв Азийн Оросын шинжээч Аркадий Дубнов Казахстаны эрх баригчдыг “Оросын эрх баригчдын жижиг хуулбар” хэмээн тодорхойлжээ.

“Нью-Йорк Таймз” сонин Казахстаны эрх баригчид ард түмнээ улс төрд оролцох бүх л хууль ёсных нь арга замыг хааж боосон хэмээв.  

Казахстан улс баян, гэсэн ч байгалийн баялагийг ард иргэдийнхээ сайн сайхны төлөө ашигладаггүй, зөвхөн цөөн хэдэн томчууд, төрийн байгууллагын ашиг сонирхлыг хамгаалдаг гэжээ. Жагсаал хүрээгээ тэлэхийн хэрээр жагсагчдын тавьсан шаардлагууд улам нэмэгдсээр байна гэж мөн “Нью-Йорк Таймз” /New York Times/ тэмдэглэжээ. Одоо жагсагчид шударга сонгууль явуулахыг шаардаж эхэлсэн гэлээ. Гэсэн ч, Казахстанд болж буй үйл явдал нь АНУ-ын эрчим хүчний ашиг сонирхолд чухал ач холбогдолтой улс учраас АНУ-ын хувьд бас чухал зүйл хэмээн тус сонинд бичжээ. “Exxon Mobil” болон “Chevron” гэх том том компаниуд эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлсэн баруун Казахстан дахь жагсаалд хэдэн арван тэрбум ам.долларыг “цутгасан” гэжээ.

Казахстаны Засгийн газар Москватай ойр дотно харилцаатай байхын зэрэгцээ АНУ-ын хөрөнгө оруулалтыг оросын нөлөөнд сөргөөр нөлөөлж байна гэж үзэн Вашингтонтой адил дотно харилцаатай байв.

Хариуд нь АНУ-ын Засгийн газар Казахстан дахь хуучнаар ЗХУ задран унасны дараах авторитар дэглэмийг ОХУ, Беларусь улсаас хамаагүй бага шүүмжилсээр ирсэн гэж “Нью-Йорк Таймз” сонин тэмдэглэжээ.

(Эх сурвалж: New York Times; The Guardian; BBC)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-10 18:25

Бүгд тахин шүтэж байсан удирдагчаа амархан мартаж байгаа нь сонин

Холбоотой мэдээ

Back to top button