НИЙГЭМЯрилцлага

Тайгын урлаач О.Мөнхтамир: 11 наснаасаа жижиг сүх барьж аавтайгаа мужаан, барилгачин хийж эхэлсэн

Монголын Эмэгтэйчүүдийн Хөдөлмөрийг Дэмжих Холбоо “Тайгын бэр” төслийг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд хэрэгжүүлэх үеэр төслийн оролцогч гар урлал эрхлэгч О.Мөнхтөмөр гуайтай ярилцлаа.  

-“Тайгын бэр” төслөөс яриагаа эхэлье?

-“Тайгын бэр” чухал хэрэгтэй төсөл, би хоёр ч сургалтад хамрагдлаа. Байгалийн тэнцвэрт бус байдлыг багасгахад, байгалийг хайрлан хамгаалахад иргэдийн оролцоо ямар их хэрэгтэйг ойлгож мэдэрлээ. Төслийн хүрээнд би арц, ганга, самрын яс, сурнаг, дальтай эко дэр хийж, анхны бүтээлээ 10 мянган төгрөгөөр зарсан. Одоо 100 дэр хийнэ. Ер нь бол усыг хайрлах, хамгаалах, цөлжилтэд эерэгээр нөлөөлөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хүмүүс төслийг мөнгө төгрөг, санхүүжилт гэж хардаг. Ажил хөдөлмөрийг хийж л чадвал мөнгөгүй ч гэсэн хүн босгоод ирдэг. Аливаа төсөл хөтөлбөрийн сургалт, санаа оноо нь мөнгөнөөс илүү их өгөөж, боломжийг хүнд өгдөг дөө.

-Та өөрийнхөө тухай мэдээлэл өгөөч?

-Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын уугуул. Сумынхаа сургуульд 1983 оноос үйлчлэгчээс дотуур байрны жижүүр хүртэл ажиллаж 2003 онд цомхотголоор ажилгүй болсон. Тэр цагаас хойш гар урлалын чиглэлээр хүний хэрэгцээ хангах төрөл бүрийн бүтээгдэхүүн хийж амьжиргаагаа залгуулж явна.

-Ажилгүй болоод гэртээ суухад танд хүнд байсан байх. Бизнесийн санаагаа хэрхэн олов? 

-Тэр үед том хүү оюутан, дунд хүү сургуулиа төгсчихсөн, бага охин III ангид байсан. Өрх толгойлсон ээж  би хүүхдээ яаж сургахав, яаж гайгүй шиг амьдрахав гэж бодсоор тэр хавараа гэртээ өнгөрүүлсэн. Тэгэхэд охин маань хүүхдийн тэрэгний арьсаар жижигхэн цүнх хийгээд өөрөө үүрээд тоглоод явна. Яг тэр тавдугаар сард жуулчид ирж, нэг настайвтар эмэгтэй охины цүнхийг сонирхоод “Үүнийг хэн хийв, ямар учиртай хийв” гэхэд охин “Үсний боодгоо хийх гэж би өөрөө хийсийм” гэлээ. Нөгөө хүн би үүнийг чинь авья гээд гадаад мөнгө өгсөн. Бид тэр үед доллар ч гэж мэдэхгүй ш тээ. Хэсэг байж байтал, долоон сард байхаа жуулчны баазын дарга ирж, гадаадаас хүн ярья гэж байна, Бүр гайхаад очтол нөгөө цүнх авсан жуулчны нөхөр гэж хүн “цүнх хийсэн охины гэр бүлийг холбож өгөөч” гэж. Тэр хүн та олон төрлийн гар урлалын бүтээгдэхүүн хийж чадах уу, бааз дээр удахгүй олон жуулчин ирнэ гэсэн. Өрхийн бизнес минь ингэж эхэлсэн түүхтэй. Хүү ч амралтаараа ирж таарлаа. Би хүүдээ жуулчид юм хий гэсэн. Дүү чинь цүнхээ хийхээр боллоо гэхэд цүнх хийхгүй ээ, шагайн уут хийе гээд загвар гаргаж дор нь арван ширхэгийг хийгээд зарсан. Хүүхдүүд гурвуулаа зурах авьяастай болохоор төрөл бүрийн л юм хийж эхэлсэн.

-Түрдэг тэрэгнийхээ арьсаар хийчихсэн үү, анхны захиалгаа?

-Үгүй ээ. Хонины арьс элдэж хийсэн. Жуулчны баазад очиход тэр хүмүүс мод, хадаар ч бүтээл хийж болно гэсэн нь миний ажилгүй болоод бодож байсан санаатай нийцсэн болохоор үхэр, хонь, ямааны арьс, яс, чулуу, модоор урлаж эхэлсэн.  Үхэр, адуу, ямааны арьсыг цагаадаж, хөөрүүлж мушгина. Заримдаа ганд хийнэ.

 -Тэгээд хэдийд хөл дээрээ босов?

-Түмэн олны буян, гурван хүүхдийнхээ авьяасаар эгч нь алзахгүй явсан. 2016 онд Японы хөрөнгө оруулалттай байгаль орчны хөтөлбөрт төсөл бичиж таван сая төгрөг авч оёдлын машин, материал авсан. Үүнээс бусдаар бол дан бор зүрхээрээ ажиллаж, хөдөлж ирлээ.

-Одоо тэр хүүхдүүд том болоо доо?

-Оюутан байсан хүү минь СУИС-ийн уран зургийн ангийг төгссөн. Монгол телевизийн хүүхэлдэйн киноны зураачаар олон жил ажиллаад байгаад одоо хувиараа урлал хийж байна. Удаах хүү наймдугаар ангиа төгсөөд мужаанаар ажиллаж эхэлсэн. Бүх модон эдлэл хэрэглэлээ хийдэг. Цүнх хийдэг охин маань ХААИС-д сурч байгаад арай төгсөөгүй гар урлалдаа орсон. Охин маань гурван хүүхэдтэй, надтай хамт амьдардаг.

-Хичнээн төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Ковидын жилүүд таны ажилд хүндээр тусав уу?

-Модон тавилга, аяга, цацал, арьсан цүнх, түрийвч, түлхүүрийн оосор, бичиг хэргийн сав, цаа, үхрийн эврээр зүүлт, бугуйвч, хундага, сийлбэр, чулуун зүүлт, чимэглэл гээд хориод нэр төрлийн бүтээгдэхүүн хийж байна. Эгч нь 5Х5 харьцаатай байшингаа ажлын байр болгосон. Өвчний гарлаа гээд ажилд их нөлөөлсөнгүй. Дотоодын жуулчид их ирнэ. Нутаг усныхан маань худалдаж авна. Одоо л гэхэд цагаан сарын бэлэг дурсгалын зүйлс хийж байна. Энэ хавраас гадны жуулчид ихээр ирэх болов уу.

-Тэдэнд зориулан бэлтгэл хийх үү?

-Зээ охин минь өвдөөд охин энэ жил хотод өвөлжиж гар урлалаа хийж байгаа. Гар урлал бол хаана ч хийж болдог эвсээрхэн ажил. Охин 1000 гаруй түлхүүрийн оосор хийсэн.

-Жуулчны улиралд өдрийн орлого хэр байдаг вэ? Та бараагаа яаж хүргэдэг вэ?

-Жуулчин ирэх замыг тосно, аялах газраар нь очно. Явган мотоцикльтэй заримдаа нутаг усныхан маань дөхүүлээд өгнө. Бааз дээр бас очно. Ихэнхдээ явган явна. Нутгийнхан маань энд жуулчин явна та ирээч гэдэг юм. Заримдаа таван мянга олох өдөр ч бий. 200-300 мянган төгрөгний орлоготой ч өдөр бий.  Нэг удаа байгаль орчин хамгаалах чиглэлээр жуулчид баахан мотоцикль авч ирээд би тэдэнд бараагаа зарж 670 мянган төгрөг олж байсан юмдаг. Гадаадууд их ёсорхог хүмүүс, яг хэлсэн үнээр авдаг.

-Таны амьдралын түүх гэвэл?

-Миний төрсөн аав ээж намайг авга ахындаа өргүүлсэн. Өргөж авсан ээж намайг зургаан настайд бурхан болж  би аавтайгаа үлдсэн. Миний аав мужаан, барилгачин хүн байсан. Энэ сумын төвийн ихэнх барилгыг аав минь барьсан юм. Би аавыгаа дагаж банз мод зомгол цуглуулна. 11 настайгаас минь аав жижиг сүх бариулаад банз захалж, барилгын ажил хийж эхэлсэн. Өвөл аав гэртээ юм юм хийнэ. Би шүүр боолцож, сандал ширээ нааж өнгөлнө. 1980 онд наймдугаар ангиа төгсөөд 1983 онд сургуульд ажилд орсон. Аавтайгаа байхдаа дөрвөн сайхан хүүхэд төрүүлсэн, нэг хүүхдээ алдчихсан юм эгч нь. Би гурван хүүхдээ дандаа болноо, бүтнээ, хүнд тустай явбал эргээд бороо шиг шаагиад л ирнэ. Миний гурван хүү тэгшхэн л амьдрах хэрэгтэй гэж урамшуулж урам өгч явдаг. Миний хүүхдүүд бүгд зурна, нямбай, эмх цэгцтэй хүн болж төлөвшсөнд баярладаг. Би хүүхдүүдээ эрээн чамин өнгө будганд бүү анхаар, хүнд олон жил хэрэглэх хэрэгтэй бүтээгдхүүн л хий гэж хэлдэг.

-Гуравдугаар ангийн охины урласан цүнхийг 10 доллараар худалдаж авсан тэр хүн таны амьдралыг ингэж өөрчилсэн нь сайхан юм. Таныг тайгын урлаач гэж нэрлэмээр санагдлаа. Таны мөрөөдөл юу вэ?

-Ямар ч сайхан нэр өгчихөв, надад. Эгч нь өөрөө ч үргэлж баярлаж явдаг, тэр хүмүүст. Хоёр хүү минь хоёулаа сайхан гэр бүлтэй болцгоож хотод төвхнөлөө. Одоо эгч нь олсон бүхнээ бие муутай зээ охиндоо зориулж байна. Миний зээ 11 настай, бөөрний дутагдал гэсэн оноштой. Бөөр шилжүүлэн суулгах зорилготой мөнгө хураах гээд үзэж байна. Миний мөрөөдөл цор ганц хүсэл бол охинд минь донор олоод өгөх буянтай хүн гараад ирээсэй. Мөнгө бага ч гэсэн хурааж л байна, ээж эмээ хоёр нь. Охин минь эрүүл саруул болчихвол надад өөр хүсэх юм байхгүй ээ.

-Ярилцсанд баярлалаа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 09:32

гайх�##�т�##�й эмэгтэй юмаа

Зочин
Зочин
2022-01-11 09:42

ccc

Зочин
Зочин
2022-01-11 10:24

ийм эмэгтэйчүүдийг хархаас яагаад ч цаанаасаа гэрэлтээд энэ хорвоогийн хамгийн сайхан бүсгүй юм гэж хэлмээр санагдаад байдын

Наска
Наска
2022-01-11 13:22

Мундаг хөдөлмөрч танд эрүүл энх саруул сайхныг хүсье

Зочин
Зочин
2022-01-11 16:46

Нутгийн эгчдээ амжилт хүсэе мундаг юм аа

Зочин
Зочин
2022-01-12 13:42

Мундаг эмээ

Холбоотой мэдээ

Back to top button