“Эгүүр” брэндҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Тахлын үед бүх салбар дэлгүүрээ алдсан ч “Mayara Mongols” нүүдэлчин соёлыг бүтээгдэхүүн болгосоор

Eguur.mn сайт “Үйлдвэрлэгч” буландаа “Mayara Mongols” брэндийг онцолж байна. ЖДҮ хөгжүүлж, нүүдэлчин монголчуудын соёлын онцлогийг хувцас загвар, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болгодог энэ брэнд цар тахлын хоёр жилийн ардаас хөл дээрээ босохоор хөдөлмөрлөж байна.

ХӨРӨГЛӨЛ: 20 ОРНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ДУНДААС “MAYARA MONGOLS”-ЫГ “ӨВӨРТӨЛЖ” ИРСЭН НЬ

Э.Азжаргал “Уг нь өнөөдөр нэг охин ажилд орно гэсэн. Ирдэггүй, яачхав аа” гэсээр бидэнтэй ярилцсан юм. Хөл хорионы өдрүүдэд бүх салбар дэлгүүрээ хаасан “Mayara Mongols” бууж өгөлгүй, цоо шинэ үйлдвэрийн байранд нүүж ороод буй нь энэ. Цементэн шалтай байхаас нь эхлээд өөрсдөө засаж тохижуулахаар ханцуй шамлажээ. “Манай засвар арай дуусаагүй л байна” гээд Э.Азжаргал үйлдвэрлэгч хүний амьдралын талаар ярилцлаа.

Тэр бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч хүсэж, дурлаж суралцаагүй аж. Э.Азжаргал багадаа “Монголын анхны эмэгтэй ерөнхийлөгч болно” гэж, эсвэл “Хувцас загвар зохиодог хүн болно” гэж боддог байжээ.

Ингээд бизнесийн салбарт тодорхой хэмжээнд ажиллаж байгаад 2017 оны нэгдүгээр сард АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн байна. Тэнд 20 улсаас тус бүр нэг бизнес эрхлэгч эмэгтэйг шалгаруулж, хамруулсан бөгөөд Ази тивээс Монгол, Тайваны төлөөлөл оролцжээ.

Энэ хөтөлбөр эмэгтэйчүүдийн бизнесийн салбар дахь манлайлал, АНУ-ын Засгийн газар энэ сегментийг хэрхэн бодлогоор дэмждэг талаар мэдлэг, ойлголт өгөхөд чиглэж байв. Харин бусад орны эмэгтэйчүүд Э.Азжаргалыг “Монголоос ирсэн” гэхээр мэдэхгүй, ойлгохгүй нь дийлэнх байж. Мэдэх нэг нь одоо хэр хөдөө талд, таван хошуу малаа хариулж амьдардаг үндэстэн гэсэн ойлголттой байжээ.

Үүнээс Э.Азжаргал үндэстнийхээ онцлогт суурилсан, инновац шингээсэн бүтээгдэхүүн хөгжүүлэх ёстой юм байна гэсэн итгэл үнэмшил тээгээд эх орондоо иржээ. Ингэж “Mayara Mongols” үүсгэн байгуулагдах суурь тавигдсан байна.

БЛИЦ ЯРИЛЦЛАГА: АЖЛЫН БАЙРАА “МИНИЙ ХӨГЖИХ ТАЛБАР” ГЭЖ ХАРДАГ ХҮМҮҮС НИЙГЭМД ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

-Монголд ийм чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөнгүй брэнд бий болсон. Танай бараа бүтээгдэхүүн юугаараа онцлог вэ?

-Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэдэг ойлголтыг сүүлийн жилүүдэд ярьж, хэлэлцдэг боллоо. Би яг энэ чиглэлд өөрийн хувь нэмрийг оруулахыг хүсдэг. Соёлын онцлогтоо инновац шингээж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Тухайлбал, нүүдэлчдийн бэлгэдэлт сэтгэлгээг орчин үеийн хэлбэрт оруулж, залуу үеэ өв соёлоо бахархан дээдэлдэг, хайрладаг болгож төлөвшүүлэх.

Бүтээгдэхүүн маань ямар нэг түүх өгүүлэх нь чухал. Цүнхэн дээрх эмэгтэйн нүдийг бурхны тигээр зурах ч юм уу, малгайн цацлагын тоог түүх, сурвалжид үндэслэн тогтоох гэх мэт. Бараа болгон дүрийн баатартай, түүгээрээ мессеж өгөх, түүх соёл өгүүлэх учиртай.

-Бүтээгдэхүүний учир холбогдлыг сонирхон хүлээж авсан гадаадын худалдан авагчид бий юу?

-Хэд хэдэн тохиолдол байдаг. Үүнээс жүржийн өнгөтэй хатан цүнхээ нэрлэж болно.

Дэлхий дахинд “Orange Campaign” хэмээх эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалахад чиглэсэн хөдөлгөөн өрнөдөг. Энэ үеэр манай цүнх орон орны сенатын эмэгтэй гишүүн, сайд нарт очиж байсан. Мөн НҮБ-ын элч төлөөлөгч, жүжигчин Эмма Ватсонд хүрч байсан удаатай.

Энэ цүнхний тухайд ярихад, эмэгтэй хүнд итгэл өгөх утга агуулга шингээсэн байсан. Эмэгтэй хүнийг нас тогтоод, ухаан суугаад ирэхээр “Хатан боллоо” гэж монголчууд ярьдаг байсан. Түүн шиг эмэгтэй хүн бүрийн дотор гоо төгөлдөр зан чанар бий, “Өөрөө өөртөө итгэ” гэсэн санаа шингэсэн.

Мөн тэр цүнхнийхээ борлуулалтын орлогын 10 хувийг хүүхэд, эмэгтэйчүүдийн хамгаалах байранд шаардлагатай зүйлсийг хандивлахад зарцуулсан.

-Бүтээгдэхүүнүүддээ ямар стандарт, шаардлага тавьдаг вэ?

-Монгол Улсын хэмжээнд нэгдсэн стандарт гаргаж, батлах шаардлага байдаг л даа. Тодруулбал, Монгол хүний биеийн стандартыг хэмжиж гаргасан судалгаа байхгүй байна. Биеийн хэлбэр, галбирын хувьд ер азиудаас ч, европчуудаас ч өөр шүү. Тэгэхээр энэ мөн л хийх ёстой ажлуудын нэг болсон. Харин оёдлын тухайд өөрсдийнхөө хэмжээнд хамгийн өндөр стандарт тогтоох гэж хичээж байна.

-Таны баримталдаг үзэл санаагаар үндэсний үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний үнэ ямар байх ёстой вэ?

-Миний хувьд анхнаасаа масс үйлдвэрлэл хийх зорилго тавиагүй. Энэ салбарт таван жил ажилласан, хоёрт нь цар тахлын хөл хорио таарсан гэхээр ер гурван жилийн л туршлагатай хүн. Иймд нэг талаар хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ. Нөгөө талаар нийгмийн дундаж давхарга руу чиглэнэ.

Би өөрөө ч дундаж давхаргад хамаарах иргэн. Хэт шунамхай биш, амьдралын мөн чанарыг зөв ойлгосон хүмүүс энэ дундаж давхаргад хамаардаг болов уу гэж боддог. Харин өөрөөрөө биш өмссөн хувцсаараа брэндинг хийдэг хүмүүст зориулж юм хийж чадахгүй.

-ЖДҮ эрхэлж, брэнд хөгжүүлэхэд хамгийн хүнд байсан, байсаар ч байгаа зүйл нь юу байна вэ?

-Монголд тогтвортой ажлын байр үүсгэх, хувь хүнийг хөгжүүлэх гэдэг л их хүнд юм байна. Уг нь аливаа хүн ажилд орж байгаа бол түүнийгээ “Миний хөгжих талбар” гэж харах, зорилго тавих хэрэгтэй. Ийм хүмүүс Монголын нийгэмд их  чухал байна.

Гэтэл ер их урсгалаараа, ажлыг хийдүүлж байгаа нь өөрт нь олзуурхууштай үйлдэл ч юм шиг хандлагатай хүн түгээмэл байдаг. Хүн заавал мөрөөдөлтэй, зорилготой байх албагүй л дээ. Гэхдээ ажил хийж байгаа хүн өөртөө тодорхой зорилго тавьж байж өндөр бүтээмжтэй ажиллана.

Өнөөдөр ажил хайдаг, ажилд ордог хүн бараг алга. Би үүнийг гайхаж л байна. Ажил хийх сонирхолгүй, халамжийн мөнгөөрөө амьдралаа болгодог бүлэг нийгэмд бий болж байна. Тэд өөрийгөө биш ажлаа, ажлын орчин нөхцөлөө голдог. Би энэ байгууллагад ямар үнэ цэн авчирч чадах вэ гэж боддоггүй.

Нөгөө талаар залуу, ахмад үеийнхнийг нэг бодлогоор удирдаж, ажиллуулах хүндрэлтэй санагдсан.

-Эргээд ажилчид руугаа, тэдний нийгмийн амьдралд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уу?

-Би хүнд загас барих аргыг нь зааж өгөхийг хүсдэг. Би өөрөө ч бэлэн загас идэж өсөөгүй, өөрөө бүхнийг бүтээхийн төлөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Энэ хүрээнд ажилчдадаа ур чадварын болоод хувь хүний хөгжлийн сургалтууд тогтмол авахыг хичээдэг.

-Төрөөс ямар нэг зээл, тусламж авч байв уу?

-2019 онд 292 сая төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авч байсан.

-Одоо салбар дэлгүүргүй, цөөн ажилчидтай, хүнд цаг үеийг туулж байгаа юм байна. Эргээд сэргэх хугацааг хэрхэн төсөөлж байна вэ?

-Олон улсад цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд таван жил шаардлагатай гэж ярьж, бичиж байна. Үүнийг бодитой тоо гэж харсан. Манай монголчууд арай өөр юм ярьж байна билээ. “Сайхан болно” гэж харвал гурав, “Жамаараа явдаг болчихно” гэхэд таван жил байна гэж хараад байгаа.  

БИЗНЕСИЙН ШИНЭ МОДЕЛЬ: “ХАМТЫН ҮЙЛДВЭР”

“Mayara Mongols” олон салбар дэлгүүртэй байхдаа хагас жилд 200 нэр төрлийн бараа үйлдвэрлэдэг байжээ. Гэвч хөл хорионы хоёр жилийн хугацаанд түрээсийн асуудлаас үүдэн, дэлгүүрүүдийнхээ үүдийг барихаас өөр аргагүй болсон байна.

“Манай түрээсийн хууль цоорхой. Давагдашгүй хүчин зүйл  тохиолдвол түрээсийг хэрхэн царцаах вэ гэдэг заалт байдаггүй” гэж Э.Азжаргал ярина. Борлуулалтын орлого нь таг зогссон тэр хугацаанд түрээслэгчид нь “Бидэнд хөл хорио, өвчин тахал хамаагүй. Авдаг мөнгөө л авна” гэж нэхжээ.

Ингээд Э.Азжаргал тахлын дараа бизнесийн моделио өөрчилсөн байна.

Тэр “Одоо “Хамтын үйлдвэр” гэдэг концепцыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна. Над шиг энэ салбарт үйлдвэрлэл явуулдаг, байрны B1 давхарт суудаг олон хүн тахлын үеэр ажилгүй болсон байж мэднэ. Тэгвэл нэгдье. Ковид-19 бидний хэр хэмжээг өөрсдөд маань таниулж, харуулсан. Одоо хоорондоо өрсөлдөх биш, нэгдэж нийлбэл илүү амжилт олдог бизнем модель дэлхийд эрчээ авч байна шүү дээ” гэлээ.

-“Хамтын үйлдвэр” гэдгийг яг тодруулбал?

-Тахлын дараа зориглоод, зээлээр худалдаж авсан энэ 500 м2 үйлдвэрийн байр маань тоног төхөөрөмжөөр хангагдсан. Оёдлын үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бүхэн бий. Цаашид улам тохижуулна. Иймд нэгдэж ажиллаад, энэ тоног төхөөрөмжүүдийг өөрсдийн ажилд хэрэглэхээс гадна манай брэндийн захиалгыг оёдог байдлаар хамтрах концепц юм л даа. Өөрийн хийсэн бяцхан судалгаагаар нэлээд амжилттай болохоор байсан ч одоо манай 10 ажилчин л байна /Инээв, Сурв/.

“Mayara Mongols” өмнө нь нийгэм рүү чиглэсэн хандивын үйл ажиллагаа ч цөөнгүй хийж байжээ. Дауны синдромтой хүүхдүүд, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд гэх мэт сегментүүдэд гар сунгаж байсан удаатай ч түүнийгээ төдийлөн сурталжилж, дөвийлгөж ярих дургүй. Э.Азжаргал “Өөрийн хийж, бүтээж байгаа зүйлээ бусадтай хуваалцаж, бусдад өгч чадаж байгаа бол үүнийг би хувь хүний хөгжил гэж боддог. Бас нийгэмд оруулж буй хувь нэмэр. Тийм учраас би тэр бүрд зураг хөрөг авч, сошиал орчинд ч нийтлээд байдаггүй” хэмээж байна.

ШИНЭ БҮТЭЭГДЭХҮҮН: ДААЛИНТАЙ БҮС, ҮСНИЙ УУТ, НУДАРГА, ЗАХ...

Э.Азжаргал бидэнд хамгийн сүүлийн шинэ бүтээгдэхүүнүүдээсээ танилцуулсан. Үүнд нь анхаарал татах, шинэлэг хэд хэдэн аксессуар багтаж байна.

Тухайлбал "Даалинтай бүс" байна. Үүнийг ямар ч хувцсан дээр бүслэх боломжтой бөгөөд үндэсний онцлог шингэсэн халаасны үүрэг гүйцэтгэнэ. Гоёмсог торгон хийцтэй.

Харин энд үсний уут байна. Э.Азжаргал учир, холбогдлыг нь археологийн олдвортой холбон тайлбарлах бөгөөд нүүдэлчид эрд үед "Үсэнд удмын мэдээлэл агуулагддаг" гээд хамгаалдаг байжээ.

Түүнчлэн ямар ч хувцсан дээр шууд углаж, зүүж болдог монгол зах, зээлийн нударга зэргийг хийсэн нь шинэлэг болжээ.

Цар тахлын үед бүх салбар дэлгүүрээ хаасан ч нүүдэлчин соёлоо бүтээгдэхүүнд шингээж, дахин хөл дээрээ босохоор "Mayara Mongols" хичээж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-11 09:32

манайхан уг нь юм хийх юмаа даанч энэ төр засаг нь дэмжихгүй юм

Зочин
Зочин
2022-01-11 09:38

бүтэн 2 жил ямар ч ашиггүй өндөр түрээс төлсөн энэ үйлдэр эрхлэгч нарч чинь амьтай голтой л тэсэж үлдэх гэж ядаж байна даа.

Зочин
Зочин
2022-01-11 10:07

Одоо хөл хорио бараг тогтохгүй. Чи олон удаа чадсан. Одоо ч чаднаа. Амжилт хүсье! Чи бол маш дайчин бас их мундаг бүсгүй шүү. Амжилт чиний т####д байгаа

Зочин
Зочин
2022-01-11 10:07

зүгээрээ шантар ч л болохгүй.Ш####тай на####дсан хүн эргээд л босдог юм байна лээ.Босгодог хүч нь мятрашгүй их тэвчээр,хүсэл тэмүүлэл шүү Амжилт хүсье!????????????????

Зочин
Зочин
2022-01-11 10:13

Амьдр#### бол тэмцэл бас зорилогтой нас з####уу байхад хүчтэй сайхан сэтгэл итгэл дүүрэн байдагдаа!
Амжилт сайхан охин минь!

Зочин
Зочин
2022-01-11 10:13

Мундаг шүү амжилт хүсэe.. монголд төр нь битгий хэл ,,адилхан хийж бүтээх гээд зүтгэж байж нэгнийгээ дэмжинэ гэж байхгүй сонин шүү..түрээслэж чадахгүй бол хүний эд хөрөнгө. цаг хугацаагаар тоглохоо болиочээ

Зочин
Зочин
2022-01-11 10:13

Санаа сайн бол заяа сайн. Олны хүчинд болно доо. Хүсэл бүхэн нь биелэх болтугай ????

Зочин
Зочин
2022-01-11 10:14

zaawal ulaanbaatart geed bhii biznes erhlegchid huduu oron nutagt bolomj bgaa shuu busgui min sudlaarai

Зочин
Зочин
2022-01-11 10:14

Manai neg hariltsagch mayara gesen daavuun tsunh beleglej bsan anhandaa neeh heregledeggui bsan ch daraa ni heregleed uzsen ih taalagdaj bgaa shuu neg angiin ohinii brand gedgiig medeed baharhsan shuu. Galzuu, uurtuu itgeltei uruvch ohin bsan. Amjilt

Зочин
Зочин
2022-01-11 10:14

Хөдөө орон нутагт борлуулагч хайж байгаа бол, найдвартай итгэлтэй түнш болж чадна гэдэгтээ Бүрэн итгэлтэй байна...????‍♀️????????
Ажил үйлс нь бүтэмжтэй сайхан байхыг ерөөе өө

eej
eej
2022-01-12 01:16

ene ohiniig ih demjdeg...

Холбоотой мэдээ

Back to top button
11
0
Would love your thoughts, please comment.x
()
x