УЛС ТӨР

ХУРАЛДААН: Эцэстээ МАН нь АН-ыг өрөвдөж, өр нь өмрөөд л дууслаа

Бүр Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө, өвлөөр АН-ын гишүүд төв талбай дээр өлсгөлөн зарлаж байв. Энэ үед УИХ-ын дарга Г.Занданшатар ирж, тэднийг Төрийн ордонд оруулаад, МАН-ын гишүүдтэй ширээний ард суулган “Эв эеэ олооч. Юу нь болохгүй байна. Тамга, тэмдгийн асуудалд ямар асуудал гараад байна. Шалгах ажлын хэсэг УИХ-аас байгуулах уу” гэсэн байдаг.

Ингээд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан, зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч ажиллаад, гаргасан дүгнэлтээ өнөөдөр Хууль зүйн байнгын хороон дээр танилцууллаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарынх нь инээд хүрч, тэсгэлгүй мушилзаж суусан бол МАН-ын зарим гишүүд өр нь өмтөрсөн гэлтэй үг хэлцгээв.

Үнэндээ хурал хоёр цаг гаран үргэлжилж, жижиг сажиг ойлголтын зөрүүтэй маргаан таслах асуудлыг хэлэлцсээр дуусав. Ойлголтын зөрүү ч гэж, учрыг нь мэдсээр байж өлгөж, буруутгаж, сенсацалж ярих гэсэн оролдлогууд л харагдав. УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ш.Адьшаа, Н.Алтанхуяг нар “Эрх баригч нам биднээр тоглолоо”, “СЕХ, УБЕГ нөлөөнд орж ажиллалаа” гэж туж орилсон бол Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь нар нь “Бидний маргааныг МАН-ын гишүүд, ХЗБХ-гоор хэлэлцээд байхдаа яадаг юм. Бид дотооддоо учраа олох ёстой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Ажлын хэсэг шалгаад, зарим тамга тэмдэг, бичиг цаасны асуудал нь шүүх дээр хэлэлцэгдэж буй тул шийдвэр гаргах боломжгүй болж, ерөнхийлөн дүгнэвэл “УДШ, СЕХ, УБЕГ бүгд хууль зөрчөөгүй ажилласан байна” гэсэн нэг санааг хэлж байна. Тус байгууллагуудын төлөөлөл мөн хуралдаанд оролцож, АН-ын зарим гишүүдийн асуултад ч хариулсан.

Яг дүр зургаараа бол АН хоорондоо, дотроо хэрэлдэж, бүгдийг эрх баригч намын санаачилга болгон сүр бадраах гэж л шүлс үсэргэцгээлээ. Тамга Ц.Туваанд байгаа л гэх. УБЕГ-т С.Эрдэнэ намын даргаар бүртгэлтэй байгаа л гэх. О.Цогтгэрэл  нь “Эрх баригч нам одоо боль оо” гээд л орилох. Сүүлдээ ажлын хэсгийн гишүүдийг захиалгаар муу ажиллалаа, бичиг сачиг сэлт цуглуулсан төдийгөөр хандлаа гэж Н.Алтанхуяг тэргүүн уцаарлав.

Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар үг хэлж, уур амьсгалыг хаав. Д.Цогтбаатар “Энэ бол манай улс төрчдийн сүүлийн 30 жилд үүсгэсэн алдаа завхралын л гай. Үүндээ тавтай морилцгоо. Нэгэнт улс төр орчихсон, төрийн байгууллагууд хуулийн дагуу шийдвэрээ гаргаад явж байгаа, шүүх дээр ч хэлэлцэгдэж байгаа асуудалд ажлын хэсэг шууд дүгнэлт гаргаад байх утгагүй. Харин дотроо учраа олж, парламентын тогтолцоогоо хайрламаар байна” гэх утгаар дуугарав.

Б.Энхбаяр “Танай нам ийм болсонд бид нэг их баярлаж, хөөрсөн зүйл алга. Харин ч харамсан халаглаж байна. Энэ бол манай улс төрийн тогтолцоо, ардчиллын үнэт зүйлийн асуудал. Ер нь цаашлаад хууль тогтоомжуудаа ч анхаармаар байна. Нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогддог тогтолцоотой байсан бол, С.Эрдэнэ гэдэг хүн “Би намын дарга” гээд гишүүдээ эгүүлэн татаад эхэлбэл яах вэ. Гэх мэтчилэн эмзэглүүштэй асуудал байна. Нэгэнт улс төр орчихсон байна” хэмээсэн.

Нэг ёсондоо АН-ын байр байдлыг МАН-ынхан нь хараад өрөвдөж, өр нь өмтрөөд л дууслаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button