Нийгмийн

Ихэр цэргийн ээж Д.Оюунтуяа: Нэг ангид явуулах гэж хөөцөлдөөгүй, хоёр зүгт сүү өргөн хүлээж сууна

Хоёр ихэр хүүгээ цэргийн албанд мордуулаад хүлээн суугаа ээжтэй ярилцлаа. Ихрүүд болох С.Энхсайхан Төв аймгийн Алтанбулаг суманд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангид, С.Энхбат Говь-Алтай аймгийн Алтай суманд Хилийн цэргийн 0214 дүгээр ангид тус тус алба хааж байна. Хөвгүүдийн ээж Сэлэнгэ аймгийн спортын бүрэн дунд сургуулийн монгол хэл, бичгийн багш, харин аав С.Гансүх инженер мэргэжилтэй, хувийн бизнес эрхэлдэг. Эднийх дөрвөн хүү, нэг охинтой.

-Ихэр хөвгүүд тань хоёр өөр ангид алба хааж байна. Та ингээд явуулахад хэцүү байсан уу?

-Нөхөр бид хоёулаа эр хүн болж төрсөн л бол эх орноо хамгаалах хэрэгтэй гэсэн байр суурьтай хүмүүс. Энхийн цагт хамгаалж сүйд болохгүй ч гэлээ хэзээ нэгэн цагт эх орон дуудахад эр хүн бэлэн байх ёстой. Нөгөө талаас эр хүн сайн муу бүхэнтэй нүүр тулж байж амьдралд бэлтгэгдэнэ. Мэдээж 18 жил өөрөөсөө холдуулж үзээгүй ихэр хөвгүүдээ хоёр өөр тийш явуулах амаргүй байсан. Гэвч хаах ёстой алба, үзэж туулах учиртай үүрэг болохоор  үнсээд мордуулсан даа. Дөрвөн хүү төрүүлснийх эр цэргийн албыг нь хаалгана гэж боддог. Гурвыг нь явуулчихлаа.

-Та өөрөө шийдвэр гаргаад явуулчихсан юм уу?

-Говь-Алтайд байгаа нь өөрөө дурласаар байгаад явсан. Ноднин цар тахал гээд цэрэг татаагүйд дургүй байсан. Энэ жил зарлан ирэхэд жигтэйхэн баярласан. Нөгөөх нь оюутан учраас хичээл тасарна гээд дургүйдуу анзаарагдсан ч тэнцчихээр нь явуулсан. Бид  ярилцаад эхний ээлжинд албаа хаагаад ир, сурахад оройтохгүй гэж зөвлөсөн. Манайх том хүүгээ ч мөн адил эр хүний насанд хүрээд хамгийн эхний хийх алхам бол эр цэргийн алба гээд явуулсан. Хүү маань албаа дуусгаад гэрээт хилчин болж ангидаа үлдсэн. Одоо бүр цэргийн хүн болсон Замын-Үүдэд ажиллаж, амьдарч байгаа.  

-Ихрүүд гэр рүүгээ хэр ярьж холбогдож байна?

-Алтайн хүү долоо хоногт нэг удаа ярина аа. Захиа ч ирсэн. Ангиас нь гэр рүү нь яриулдаг. Алтанбулагийн хүү дээрээ  тангарагийн баяраар нь очсон. Чөлөөт цагаараа бэлтгэл хийх боломжтой гэхээр нь морин хуурыг нь аваачиж өгсөн. Би чинь ихрээ эх орны хүү болсон болохоор Алтайн хүү, Алтанбулагийн хүү гээд ангиар нь нэрлэж ярьдаг. Бид нар Шарка, Борко гэдэг. Борко нь нэг яриад “Та нар ойрхон байгаагаар нь Шаркагийн тангарагийн баярт заавал очоорой. Би над дээр ирээгүй гэж гомдохгүй ээ” гэсэн.

Бас захиандаа хайртай шүү, гомдоож байсан бол уучлаарай. Та нарыгаа санаж байна” гэж бичсэн байсан. Шарка дээр очиход “Боркотой ярьсан уу, та нар Борко дээр очно биз дээ” гээд бие биенээ асуугаад хөөрхөн. Би өөрөө хүүхдүүдтэйгээ байнга хөөцөлддөг хүн. Буруу зөрүү хүнтэй нийлчих вий, найз нөхөдөө яаж сонгож байна, гараад явсан ч араас нь хаачив, хэдэн цагт ирэхэв гэж суудаг. Одоо нөгөө хоёрыгоо үгүйлээд, санаад л. Залгаад асуумаар санагдавч ээж, аавын хүүхэд биш эх орны хүү болчихсон болохоор биеэ бариад өнгөрнө. Дарга руу нь залгаад асуучмаар санагддаг л даа. Тэгэх бүрт эх орноо хамгаалж яваа эр хүмүүс шүү миний хөвгүүд гэж сэтгэлээ тайвшруулдаг.

-Нэг ангид хувиарлуулах боломж олдоогүй юу?

-Хоёулаа тэнцчихлээ гээд ярьсан. Эхлээд Алтайн хүү хилийн цэрэгт хувиарлагдлаа гээд гараад ирсэн. Нөгөөх нь  хаашаа явахаа ч мэдээгүй гарч ирсэн. Оюутан болохоор үлдэнэ гэж бодсон учраас анхаараагүй байх. Бид хоёр болороор ихэр гэдгийг нь мэдэж байгаа болохоор хамт явах гээд бүр итгэчихсэн байсан. Мэдснийхээ дараа нэг ангид явуулах гэж хөөцөлдөөгүй, хоёр зүг рүү сүү өргөөд хүлээж сууна.  

-Та өмнө нь том хүүгээ цэрэг явуулсан болохоор сэтгэлзүйн бэлтгэлтэй байсан байх?

-Гэхдээ л бас явуулна гэдэг чанга шүү дээ. Нийгэм ямар байгаа билээ, хэцүү ш тээ. Тангарагийн баяраар нь нэг оччихоор сэтгэл хэсэг тайвширдаг. Тэр шийдвэрийг гаргаад үдэж мордуулаад тэгээд ирэн иртэл эх хүнд бүр аягүй хэцүү. Эрүүл саруул ирдэг байгаа, хүнтэй муудалцах вий, дарга захирагчийнхаа үгнээс зөрөх вий гээд үргэлж боддог. Цэргийн ангиуд дээр янз бүрийн асуудал гарсантай холбоотойгоор одоо бол өрөө бүр камертай болсон юм билээ. Байрандаа хоорондоо ноцолдоод шүргэхэд юу болов, яав ийв гээд ороод ирдэг гэсэн. Хол байгаа хүү дээрээ л очоогүй болохоор хэцүү л байна. Тангарагийн баяраар нь нэг удаа видео калл хийж царайг нь харсан.

-Хоорондоо холбогдсон болов уу?

-Хоорондоо нэг ч яриагүй гэсэн. Уг нь бол хоёр анги  ихэр хөвгүүд тусдаа алба хааж явааг мэдсэн юм билээ. Миний хоёр хүү хоорондоо ч,  ээжээсээ ч холдож үзээгүй. Цэргийн ангийн нэг ажилтан хөвгүүдийн маань тухай нийтлэл бичснийг олж уншсан. Тэгэхэд ихэртэйгээ уулзхаараа зүүн хацрыг нь үнсэнэ гэж ярьсан байсан, миний хүү. Ихрүүд маань хоёулаа их өр зөөлөн, тусархаг, хүн ялгаж харьцдаггүй, хүний үгэнд оромтгой хүүхдүүд.  

-Нэг нь тамирчин, нэг нь оюутан гэсэн үү?

-Алтайн хүү чөлөөт бөхөөр хичээллэдэг, үндэсний бөхөөр барилддаг тамирчин хүүхэд. Есдүгээр ангиа төгсөөд гагнуурчин болно гээд МСҮТ-д эллсэн. Сургуулиа төгсөөд цэрэгт явсан. Алтанбулагийн хүү болохоор аймгийнхаа “Таван хан” морин хуурын чуулгад зургаадугаар ангиасаа тоглосон. СУИС-ийн үндэсний хөгжмийн ангийн оюутан. Хэн хэн нь чаддаг зүйлтэй болохоор олны дунд алзахгүй яваа болов уу гэж сэтгэлээ тайтгаруулдаг би.  

-Та багш хүнийхээ хувьд, бас таван хүүхэдтэй ээж хүнийхээ тухайд хүүхдийн хүмүүжлийн талаарх бодолоо хуваалцаач?

-Монгол уламжлалт арга ухааныг хэзээ ч гээж болохгүй гэж боддог. Хүнээс хатуу үг сонсохгүй, үг дааж сурахгүй өснө гэдэг хэцүү. Үг дааж, шингээж сураагүйгээс хүүхэд ч, том хүн ч алддаг. Хатуужил бас чухал. Хэрийн юмыг даваад туулаад гарах дархлааг суулгаж өгөх хэрэгтэй. Бас ажилд бүр багаас нь сургах ёстой. Дагуулаад хийгээд байхаар хүүхэд аяндаа өөрөө зүгширдэг. Барууны ном, зөвлөгөө уншаад, кино үзээд тэрийг хүүхэд дээрээ хэрэгжүүлэх бол өрөөсгөл зүйл. Тэр маягаар илээд, бөөцийлөөд байвал зөөлөн бүрхүүлтэй үргэлж сайн сайхан зөөлөн ааш аяг бусдаас хүсдэг, ганц хатуу үг хэлэхэд хагарах хэмжээний сул дархлаа муутай хүн болно.

-Та хөвгүүддээ хандаад юуг хэлмээр байна?

-Олон аавын хүүхэдтэй эвтэй найртай, тустай дэмтэй, нэгэндээ түшигтэй яваарай л гэж хэлнэ. Ээж нь залбираад л хүлээж сууна. Миний хүүхдүүд гурвуулаа ээжийнхээ төрсөн өдрөөр  10 дугаар сарын 17-нд цэрэгт явсан. Ээжийнхээ төрсөн өдрөөр баяр дээр баяр нэмж ирнэ  байх энэ жил.

-Ихрүүд  найз охинтой юу? 

-Ил гаргаж хэлээгүй ч байгаа гэдгийг нь мэдсэн. Би энэ талд бас их хатуу байр суурьтай ээж. Алба хаа, амьдралаа авч явах хэмжээнд оч. Дараа нь амьдрал зохио гэдэг юм. Том хүү маань ч гэрлээгүй яваа.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-15 09:27

Үнэхээр бахархууштай, энэ з�##�уучуудын үе удахгүй ирж монгол минь мандан бадарна даа

Зочин
Зочин
2022-01-15 10:50

МАНинг дагав�##� дуусаа

Ану
Ану
2022-01-15 21:58

Үнэхээр мундаг үлгэр дуурайл�##� авмаар багш шүү

Зочин
Зочин
2022-01-16 01:59

Minii saikhan bagsh

Амартүвшин
Амартүвшин
2022-10-23 23:57

Дүү нарынхаа гэр бүл эрүүл энх
аз жарг�##�ыг хүсье

Холбоотой мэдээ

Back to top button