Нийгмийн

Интерполоор эрэн сурвалжилсан хакер буюу иргэдээс залилсан тэрбум төгрөгийг олж чадаагүй

МУ-ын иргэдийн интернет банкинд удаа дараа хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан МУ-ын иргэн “С”-ыг ЭЦА-наас интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжилсны эцэст өнгөрөгч оны арванхоёрдугаар сард АНУ-ын Виржиниа мужаас баривчилж, эх оронд нь буцаасан. Цагдаагийн байгууллагаас тухайн үед уг этгээдийн нэрийн эхний үсгийн "О" гэж зарласан ч, үнэндээ "С" юм.

-100 ГАРУЙ УДААГИЙН ҮЙЛДЛЭЭР ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН Ч, МӨНГИЙГ ОЛЖ АВЧ ЧАДААГҮЙ-

Өдгөө тухайн иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид саатуулж буй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг этгээд нь 2018 онд АНУ-д очсон бөгөөд 2019 оноос эхлэн иргэдийн интернет банк руу халдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт шалгагдаж байсан юм. С нь аав, ээжтэйгээ амьдардаг бөгөөд, 2018 онд ганцаараа АНУ-ыг зорьсон байна.

Одоогийн байдлаар 100 гаруй удаагийн үйлдлээр тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан гэх бөгөөд өдөрт л 10 гаруй иргэний "Хаан банкны данс" руу хууль бусаар нэвтэрч байсан нь тогтоогдсон аж.

С-ын учруулсан хохирлын мөнгө цаашид ч өсөх хандлагатай байгаа бөгөөд одоогоор иргэдэд учирсан хохирлыг барагдуулж чадаагүй, мөнгийг олоогүй байгааг эх сурвалж хэлэв. Алдагдсан мөнгийг "С"-ийн төрөл садан, найз нөхдийн дансанд байгаа эсэхийг шалгаж буй ч, одоогоор шалгалтын ажиллагаа мухардалд ороод буй аж.

-ЦАХИМ МЭДЭЭЛЭЛД ХУУЛЬ БУСААР ХАЛДСАН БОЛ НАЙМАН ЖИЛ ХҮРТЭЛ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ-

"С"-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” заалтаар шалгаж буй. Түүний учруулсан хохирлын хэмжээ их, дээр нь 100 гаруй удаагийн үйлдэлтэй учир ял хүндрэх нөхцөл үүссэн байна.

  1. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерийн өгөгдөл, системд нэвтэрсэн, танилцсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн өгөгдлийг нуусан, хандалтад хязгаарлалт тогтоосон, компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагааг хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан; энэ гэмт хэргийг хүн амын амьдралыг хангах объектод халдаж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг:

  • 4.1. зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн;
  • 4.2. төрийн нууцад хамаарах компьютерийн өгөгдөл, онц чухал мэдээллийн сүлжээ, компьютерийн сүлжээнд халдсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-ЦАХИМ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ-

Саатуулсан этгээд нь иргэдийн интернэт банкыг хакердах, мөн g-mail хаягаар дамжин интернэт банкинд нэвтрэх, иргэд рүү Фэйсбүүк хаягаар нь дамжуулан хортой линк илгээх замаар залилсан байна. Иймд иргэд та бүхэн дараах 10 аюулгүй байдлын дүрмийг баримталснаар цахим орчинд учирч болох гэнэтийн таагүй зүйлсээс өөрийгөө хамгаалж чадна.

  • Хувийн мэдээллээ мэргэжлийн түвшинд, хязгаарлагдмал байлга
  • Нууцлалын тохиргоог асаалттай байлга
  • "Safe Browsing"-г дадал болго
  • Интернэт холболт тань аюулгүй эсэхийг нягтал. Аюулгүй VPN холболтыг ашигла
  • Юу татаж буйгаа анхааралтай шалгах нь чухал
  • Аюулгүй байдал хангасан сайтуудаас л онлайн худалдан авалт хийж байгаарай
  • Постолж байгаа зүйлстээ хянамгай хандах
  • Цахим орчинд танилцсан хүмүүсээс болгоомжил
  • Антивирусын программаа байнга хамгийн сүүлийн хувилбараар шинэчил.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-17 16:02

Хулгай хийсэн гэж бас нэмдэггүй ээ ? Гол нь мөнгийг нь олох.

Холбоотой мэдээ

Back to top button