Нийгмийн

Б.Давааням: Бар жилд шинээр ажил, бизнес эхлүүлэхэд ээлтэй, дунд шатны албан тушаалтнуудад хатуу

“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн өнгө, засал номын талаар “Жонон дагдан чоймпилэн” хийдийн зурхайч лам Б.Даваанямтай ярилцлаа.

ШИНЭ АЖИЛ, БИЗНЕС ЭХЛҮҮЛБЭЛ ҮР ӨГӨӨЖ ИХТЭЙ

-Айсуй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил зурхайд хэрхэн буув. Жилийн өнгө ерөнхийдөө ямар байх бол?

-Юуны өмнө монгол түмэндээ ирж буй “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн мэнд хүргэе. Бүх муу муухай бүхнийг сайхан болгож, атаа жөтөө, ямар нэгэн гомдол, тэмцэл байгаа бол түүнийгээ тайлахын тулд Цагаан сарыг тэмдэглэдэг уламжлалтай. Жилийн өнгө гэхээс илүү монгол түмэн тухайн жилээ хэрхэн, яаж угтсанаас их зүйл шалтгаалдаг. Хүн бүхэн мөрөө гарган, нараа алган дээрээ сайхан угтаад, гэртээ хүж, зул өргөж, бурхан шүтээндээ мөргөн, идээ, цагаагаа бариад, өндөр настнуудаа хүндэлж, хүндэтгэн сар шинээ угтаасай гэж би хүсдэг.

Нэг хэсэг Цагаан сарыг зөвхөн малчдын баяр, малчдын хүрээнд тэмдэглэдэг гэсэн өрөөсгөл ойлголт байсан. Монголын өв соёлыг авч үлдэх, ирээдүй хойчдоо өвлүүлэхийн тулд малчдын хүрээнд түр хугацаанд тэмдэглэдэг байсан юм л даа. Түүнээс Цагаан сар бол монгол түмний баяр. 

Жилийн нигуур тухайн жилийн нэртэй бага зэрэг холбоотой байдаг. Өнөө жил “Буян үйлдэгч” хэмээх усан бар жил гарч байгаа. Монгол түмэн авдар, савныхаа нүүрэнд арслан, барны дүрс сийлдэг, зурдаг. Одоо ингээд харахад хийдүүдийн үүдэнд ихэвчлэн арслангийн хөшөө, баримал бий. Нохойндоо хүртэл “Арслан”, “Бар” гэдэг нэр өгдөг ард түмэн. Монголчууд юмыг хамгаалуулах, сахиулахыг бэлгэшээн арслан, барсыг дээдэлж ирсэн.  

Бар жил хүч чадал, цог золбоог илэрхийлдэг. Ер нь сайн жил. Өнөө жил дунд шатны албан тушаалтнуудад халтай, хатуухан байж магадгүй. Идэр залууст өгөөжтэй, сурч боловсрох, айл гэр болох, гадаад руу сургуульд явахад ээлтэй. Шинээр бизнес эхлүүлбэл залууст үр өгөөж ихтэй. Өндөр настан, өтгөст ээлтэй. Нялхас бага зэрэг анхаарууштай.

“БУЯН ҮЙЛДЭГЧ” ХЭМЭЭХ БАР ЖИЛД БУЯН ИХ ХИЙСЭН ХҮНИЙ АЖИЛ ҮЙЛС ДЭЛГЭРНЭ

Энэ жилийн нигуурыг харж байхад, гэнэтийн үхэл хагацал, өвчин зовлон, амиа хорлолт их байж магадгүй шинжтэй. Тиймээс гэр бүлдээ цаг сайн гарган, үр хүүхдээ хаана, хэнтэй явж байгааг анхаарууштай.

Энэ жил арилжаа наймаанд одтой, ашигтай. Шинэ ажил, бизнес эхлүүлвэл их ээлтэй, өргөжин, дэвших шинжтэй. “Буян үйлдэгч” хэмээх бар жилд буян их хийсэн хүний ажил үйлс дэлгэрнэ. Энэ жил хүн бүхэн буяныг юм, юманд зориулж хийгээрэй. Ном бичүүлээд уншуулах ч мөн буян. Буян гэж чин сэтгэлээсээ сүсэглэж, итгэж үйлдвэл хийж буй бүхэн буян байдаг юм шүү.

-Шороон үхрийн шинж ямар байгаа вэ?

-Яг тэр талаас нь ярих, шинжих зүйл их бий. Энэ талаар эрдэмтэн, багш нар маань битүүнд зурагт, радиогоор ярих байх. Түүнийг танай сайт тухайн үед нийтлэж болно оо.

ГАЗАР ХӨДЛӨЛТ ИХТЭЙ БАЙЖ МАГАДГҮЙ

-Байгаль, цаг уурын хувьд ямар байх шинжтэй байна вэ?

-Усан бар жил их сайхан гарах шинжтэй байна. Жилийн эхэнд хур бороо элбэгтэй. Жимс, жимсгэнэ, үр тариа, ногоо дэлгэр ургана. Хавартаа салхи, шуурга ихтэй, зундаа халуун, намартаа хур бороо ихтэй, ирэх өвөл цас унах шинжтэй байгаа.

Хойд зүгийн уулархаг нутгуудаар хур тунадас их байх учраас үер, хөрсний нуранги болох төлөвтэй. Газар хөдлөлт, газрын гэм ихтэй байж болзошгүй. Газрын гэм гэдэг нь гэнэтийн газар хөдлөлт, газраас шалтгаалсан  зүйлс гэсэн үг. Урд зүгийн нутгуудаар халж, халуун өвчин дэлгэрч мэднэ. Халуун өвчинд одоогийн гараад буй коронавирус багтана. Үүнээс шалтгаалсан ханиад, томуу их гарч магадгүй шинж байна.

ТАХИА ЖИЛТНҮҮД ТУСГАЙ ЗАСАЛТАЙ

-Энэ онд тусгай засалтай жил бий юү?

-Өнөө жил тахиа жилтнүүд тусгай засалтай. Тахиа жилтэй эмэгтэйчүүд сайн анхаарууштай. Ер нь 61, 73, 85-ны жил нь орж буй өтгөсүүд засал номоо тусгайлан хийлгэвэл сайн.

Мөн 13, 25, 37-ны жил нь орж буй бар жилтнүүд жилээ угтаж засал номоо хийлгэвэл тустай.

ЭНЭ УДААГИЙН БАР ЖИЛ ХАТУУ НИГУУР НЬ БАГА

-Зарим хүн “Бар жилд төрөхөд хатуу , хүүхдэд ээлгүй” гэж цээрлэдэг. Энэ хэр үнэний ортой вэ?

-“Бар жил арилжаа наймаа хийвэл барагдаж дуусдаг. Үр хүүхэдтэй болвол бар жил хатуу, төрөхөд ээлгүй” гэх яриа бий. Тийм зүйл байхгүй. Тухайн бар жилийн өнгө, үр нөлөөнөөсөө шалтгаалдаг. Энэ жилийн бар жил “Буян үйлдэгч” хэмээх тул хатуу нигуур нь бага.

ЗАСЛАА ЗААВАЛ ШИНИЙН 15-НД БАГТАЖ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ

-Монгол түмэн шинийн 15-наас өмнө заслаа хийлгэх сэн гэж яардаг. Тэгэх нь хэр зөв бэ?

-Яг тогтсон ёс биш. Иргэд дээхнэ үеэс тухайн жилд өөрийгөө, гэр бүлээ, монгол түмнээ даатган, засал хийлгэсээр ирсэн. Бурхан багшийн их дүйчин өдрүүдэд үйлдсэн буян мянга түм болж арвиждаг. Тиймээс хүмүүс шинийн 15-нд багтан заслаа хийлгэн, ном уншуулахыг чухалчилдаг. Хэрвээ тэгэхгүй, энэ хугацаанд багтаж уншуулахгүй бол муу, болохгүй гэсэн үг огт биш. Заавал шинийн 15-наас өмнө заслаа хийлгэх шаардлагагүй.

“ТЭДНИЙД Л ЗААВАЛ ОЧИЖ ЗОЛГОХГҮЙ БОЛ БОЛОХГҮЙ” ГЭХ ШААРДЛАГАГҮЙ

-Коронавирусийн халдварын улмаас өнөө жил Цагаан сарын баярыг гэр гэртээ, цахимаар тэмдэглэхийг Засгийн газар, УОК-оос уриалж буй. Монолчууд гэр бүлийнхээ хүрээнд даруухан тэмдэглэж магадгүй нь. Ийм үед хэрхэн шинэлвэл зохилтой вэ?

-Цагаан сарыг их өргөн дэлгэр, баяр болгон тэмдэглэдэг болчихоод байгаа. Хамгийн том ууц тавьж, томоо гэгч нь таваг засан, олон айлд золгох тусмаа сайн гээд л. Энэ бол сүүлийн үед л бий болсон буруу хэв маяг. Монголын Цагаан сар ийм байгаагүй. Заавал том ууц тавьж, ширээ дүүрэн амттан, шимтэй зүйлс тавих шаардлагагүй. Цагаан сарыг гэр бүлээрээ угтах, ахмад настан, өтгөсөө хүндэлж золгох нь л өөрөө чухал. Би ярилцлагын эхэнд хэлсэнчлэн, сар шинийг сайхан угтах тусмаа сайн. Зарим залуус “Цагаан сар бол настай хүмүүсийн баяр. Залуу хүмүүс заавал шинэлэх шаардлагагүй” гэх хандлага анзаарагддаг. Тийм биш, энэ бол өрөөсгөл.

Хуучин бүхэн улирч, шинэ сайхан бүхнийг цайлгаж буй тул болж л өгвөл шинэ, цэвэрхэн хувцсаа өмсөөд, таваг идээгээ сайхан засан, байгаа байгаараа Цагаан сарыг угтах хэрэгтэй. Түүнээс биш “За, тэднийд л очиж золгохгүй бол болохгүй. Ажаагийн, агаагийн мэндийг мэдчих юм сан” гээд заавал тэгж явах шаардлага байхгүй. Хахир хатуу өвлийг давж, өнтэй орон, өвчин зовлонгүй хавартай золгосны баяр шүү дээ.

СҮСЭГЛЭЖ, ЗАЛБИРВАЛ ЦАХИМААР УНШУУЛАХАД Ч НОМЫН ХҮЧ ХҮРНЭ

-Нөхцөл байдлын улмаас иргэд Цагаан сарын номоо цахимаар уншуулдаг болсон. Үүнийг буруутгаж, шүүмжилдэг хүн цөөнгүй. Засал, номоо цахимаар хийлгэх нь зөв үү, буруу юу?

-Хэрвээ тухайн хүн сүсэглэж, чин сэтгэлээсээ залбирвал номын хүч хаана ч хүрнэ. АНУ-д амьдарч байгаа хүн энд ном хурж буйг мэдээд залбирахад номын адис хүрнэ. Заавал өөрийн биеэр ирээд, залбираад сууж байж болдог зүйл биш. Цагаан сарын шинийн 1 болонгуут монголчууд ийш, тийшээ, уул, овоо хайрхан руу давхидаг. Шилийн богд, Ээж хайрхан руу гэх мэт.

Уул овоо, хайрханд дэлгэр цагт очвол, мөргөж залбирвал зохилтой. Тэгэх нь мөргөж яваа хүндээ, уул, усны эздэдээ ч сайн. Заавал шинийн 8-наас өмнө Шилийн богд дээр гарах шаардлагагүй. Иргэд жилийн засал, номоо л сайхан хийлгэчихэд болно. Гандан хийдүүд, бүх лам нар жилийн турш монгол түмнийхээ төлөө ном хурдаг. Монголчууд маань цахимаар ч оролцоод, өргөл барьцаа өргөн, буян үйлдэх боломжтой. Ганданд очиж суугаад ном уншуулбал л өгөөжтэй гэсэн юм байхгүй.

Лам нар бид дээдэс багш нарынхаа болгоож буй зүйлийг л дагадаг. Түүнээс хэдэн лам ярилцаж байгаад шийдвэр гаргаад байгаа юм биш. Дээрхийн гэгээнтэн Далай багш маань хүртэл ном, айлдвараа цахимаар тавьж байгаа. “Багш минь манайд заларч, миний урд ном уншаад сууж байна” гэж бодоход л энэ нь сэтгэл дагаж болдог зүйл байхгүй юу. Хүний хугарсан хөлийг, хавдрыг ном уншаад шууд эдгээх боломжгүй. Эдгэх замыг хурдасгах, эмчлэх аргыг нь олоход ном үйлчилдэг. Тийм учраас сэтгэлдээ “Багш минь номоо сайхан уншлаа” гээд бодоход, чин сэтгэлээсээ сүсэглэн залбирахад болно. Сүсэглэхгүй бол алтан бурхан таны өмнө залаад, амьд бодьсадва таны өмнө залраад ч номын адис, жанлав хүрч үйлчлэхгүй.

-Хоёулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Ярилцлсан танд баярлалаа.

-Баярлалаа. “Буян үйлдэгч” хэмээн усан бар жилдээ монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, юу санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэх болтугай. Хамгийн гол та бүхэн минь эрүүл энх, саруул сайхан байгаарай. Монголын Цагаан сар болсоор ирсэн. Монгол түмэн минь цаашид ч тэмдэглэсээр байх болно. Тийм учраас сар шинээ өргөн дэлгэр сайхан тэмдэглэж, өв уламжлалаа дээдэлж, өтгөс дээдсээ хайрлаж, хүндэлж байгаарай гэж захья.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-20 09:25

za odoo amnii bilegees ashidiin bileg shuudee humuusee

Зочин
Зочин
2022-01-20 09:33

tsagaan sar goy bayr shuu

Зочин
Зочин
2022-01-21 10:04

Цүнх баригчид дуусаа. Үхэ дуусах нь байна шүү

Zochin
Zochin
2022-01-21 10:23

Za tegeed deed shatniih ni yahiin zuv zugeer uudlun devjih yum uu

Zochin
Zochin
2022-01-22 12:05

Ert ued dund shatni alban tushaaltnuud gej bsan uym u,shineer garch irsen davhargad zoriulsan zurhai bii bolgoj

Зочин
Зочин
2022-01-22 22:23

Ккк наадахад чинь чамаас өөр итгэх хүн байхгүй. Хүн хөдөлмөрлөж байв�##� амжилтанд хүрнэ

Холбоотой мэдээ

Back to top button