НийгмийнЯРИЛЦЛАГА

“Ахан дүүс”, “Армата”: Бид бүр чанартай, хөгжилтэй уран бүтээлээр цангаж яваа оюутнууд

Сүүлийн үед сошиал хуудсаараа дамжуулан хөгжилтэй, сонирхолтой бичлэг хүргэн, хүмүүсийн элгийг нь хөшөөж буй “Армата”, “Ахан дүүс”-ийн бичлэгийг үзээгүй хүн ховор болов уу. СУИС-д сурдаг тэдний сүүлд хийсэн нэг бичлэг нь л гэхэд долоохон хоногийн дотор нэг сая гаруй хандалт авсан байна билээ. Ер нь ийм хэмжээнд олонд хүрсэн, инээд бэлэглэсэн бичлэг тэдэнд олон.

Бид “Армата”-гийн Б.Тэмүүжин, Э.Түвшинжаргал, “Ахан дүүс”-ийн Б.Пүрэвсүрэн нартай ийн ярилцав. Цагаан сарын дараа “ХоньТээнт” нэртэй контентоо хүргэх гээд тун ч завгүй яваа тэд хоёр продакшнаа төлөөлөөд ирсэн юм.

-Юуны өмнө  манай уншигчдад өөрсдийгөө танилцуулна уу?

-Сайн байна уу. Намайг Бат-Эрдэнийн Тэмүүжин гэдэг. “Армата” продакшны гишүүн. Хувийн маань хуудасны нэр нь “Юумар”.

-“Ахан дүүс” продакшны гишүүн Батчулууны Пүрэвсүрэн байна. Хөгжилтэй, богино бичлэгүүд хийдэг.

-Намайг Энхболдын Түвшинжаргал гэдэг. “Армата”-гийн гишүүн. Тэмүүжин бид хоёр “Армата”-г, Пүрэвсүрэн маань “Ахан дүүс”-ээ төлөөлөөд ирлээ.

Б.Тэмүүжин: Бид СУИС-ийн оюутнууд. “Армата”-гийн бид хэд IV, “Ахан дүүс”-ийнхан маань II курсэд сурдаг.

-“Ахан дүүс”, “Армата” тусдаа контент хийдэг үү, хамтраад явж байгаа юу?

Э.Түвшинжаргал: Бид хэд тусдаа контент хийдэг. Заримдаа нэгнийхээ бүтээлд дэмжээд оролцдог. Харилцан нэгнээ дэмжээд, хамтраад явдаг гэх юм уу даа.

Б.Тэмүүжин: “Ахан дүүс”, “Армата” байгуулагдаад хоёр жил болж байгаа. Тусдаа, хоёр өөр продакшн. Бид одоо “ХоньТээнт” нэртэй контент хамтран хийж байгаа. Түүнээс өмнө тусдаа уран бүтээл хийсээр ирсэн. СУИС-ийн ах, дүү нар, найзууд.

-Анх продакшнаа байгуулах, богино, хөгжилтэй бичлэг хийх санаа хэрхэн төрж байв?

Э.Түвшинжаргал: Бид хоёрдугаар курсдээ анх нийлж, бичлэг хийж эхэлж байлаа. Зөв арга барилаа, хийцээ олохгүй буруудсан удаа бий. Тэгээд хэсэг нам гүм байж байгаад саяхнаас дахиад идэвхтэй бичлэг хийх болсон.

Б.Пүрэвсүрэн: “Ахан дүүс”-ийн бид анх “Iphone X” гар утсаар бичлэгээ хийн, ямар ч засваргүйгээр цацдаг байлаа. Анхны маань бичлэгийг долоон хоногийн хугацаанд 360.000 хүн үзэхэд их урамшиж билээ. Бүр хөгжилтэй, гоё юм хиймээр санагдаад л. Анх тэгж эхлүүлж байлаа.

Б.Тэмүүжин: Бид анхандаа зөндөө олон бичлэг, контент хийсэн. Олон удаа бүтэлгүйтсэн. Хүмүүст яг юу үзүүлэх гэж байгаа вэ, бидний гол зорилго юу вэ гэж өөрсдөөсөө асуусан. Тэгээд ярилцаж байгаад сошиал ертөнц ашиглан богино, хөгжилтэй бичлэг хийхээр шийдсэн юм.

Э.Түвшинжаргал: Өнөө цагт сошиал ертөнц ямар хүчтэй байгаа билээ. Сонирхолтой, чанартай бүтээл л хийж чадвал хэдэн ч хүнд хүргэх боломжтой. Хүн бүхэнд фэйсбүүк хаяг бий. Энэ бол залуу уран бүтээлчдэд том боломж. Тиймээс бид сошиалд ертөнцөд зориулж, богино, хөгжилтэй бичлэг хийхээр шийдсэн юм.

-“Ахан дүүс”, “Армата” продакшны ард том ивээн тэтгэгч, байгууллага бий юү. Та хэд өөрсдөө бүхнийг зохицуулдаг уу?

Э.Түвшинжаргал: Бид өөрсдөө үүсгэн байгуулсан. Одоо ч өөрсдөө бүхнийг зохицуулж яваа. Бид жирийн нэгэн оюутнууд. Санхүү, техник хэрэгслийн хүндрэл гарах үе зөндөө. Тэр бүхнийг аль болох өөрсдөө зохицуулаад, хамтын хүчээр даван туулаад явдаг.

Б.Тэмүүжин: Бүгд олон талын авьяастай. Найруулагч, жүжигчин, гэрэлтүүлэгч гээд юу л бол юуг ч хийчихнэ. Цаг хугацаа яаж ч эргэж магадгүй. Найзуудаараа хамтраад гоё байгаа дээрээ юм, юм хийгээд сурах хэрэгтэй. Хожим хэн, хэнд маань хэрэг болно.

-Оюутнууд хамтран продакшн байгуулах, бүхнийг хамтдаа давах амаргүй нь мэдээж. Саад, бэрхшээл хэр гардаг вэ?

Б.Тэмүүжин: Бид хэд урлагийн сургуульд сурч байгаагийн хэрэг юу билээ. “Яагаад зөвхөн сургуулиа төгсөөд юм хийж, өөрсдийгөө сорих ёстой гэж. Одоо яагаад болохгүй, бид чадахгүй гэж” гэсэн бодол биднийг хурцалдаг. Бид өөрсдийгөө улам дайчилж, бүр ч чанартай, хөгжилтэй бүтээл хийхийг зорьж явна.

Б.Пүрэвсүрэн: Зарим хүн “Урлагийн сургуульд сурдаг байж элий балай юм хийлээ” гэх мэтээр биднийг шүүмжилдэг.

Б.Тэмүүжин: Надад нэг зүйл анзаарагдсан. Тэр нь юу вэ гэвэл, тэгж шүүмжилж буй хүмүүсийн олонх нь СУИС-ийг жүжигчнээр төгссөн мөртлөө мэргэжлээрээ ажилладаггүй ах, эгч нар байдаг. “Ишшш, ийм юмыг бүтээл гэх үү. Сайн бүтээл хий” гэдэг. Бид хэд чанартай бүтээлээр цангаж яваа оюутнууд. Үнэхээр чанартай, гоё юм хийх сэн, часхийсэн уран бүтээл гаргах сан гэсэн чин хүсэл, эрмэлзэл, зорилго бидний сэтгэлд үргэлж дүрэлзэж явдаг. Тийм юм хийх, тэгэх хэмжээнд хүрэхэд бидэнд ур чадвар, туршлага хэрэгтэй. Зарим хүнд элий, балай гэж санагдаж магадгүй. Бидний хувьд хийсэн бүхэн минь үнэ цэнтэй.

Б.Пүрэвсүрэн: Хүмүүсийн шүүмжлэлд бид авах, гээхийн ухаанаар ханддаг. Одоо үзээд “Энэ нээрэн жаахан тэнэг болж” гэмээр бичлэг бидэнд бий. Үүнтэй санал нийлнэ. Гэхдээ хийе, бүтээе гэж буй нэгнээ заавал нэг шүүмжилж, мяалахаас илүү “Тэгвэл зүгээр. Ингэвэл гоё болохоор байна” гээд гоё зөвлөөд, дэмжвэл залуус бид бүр ч их хичээнэ, урам авна шүү дээ.

Э.Түвшинжаргал: Бид бүгд оюутнууд. Хамтраад бичлэг, контент хийхэд санхүүгийн, техник хэрэгслийн бэрхшээл заримдаа гардаг. Найзуудаа камерыг нь түр зээлнэ. Таньдаг хүмүүсээс гуйж авна. Өө, тэгээд болгоод л явна.

Б.Пүрэвсүрэн: “Армата” продакшн бие даасан анхны уран бүтээлээ удахгүй цацах гэж байгаа. Үүнд нь бид хамтарсан. Ийм хэмжээний чанартай, том уран бүтээл хийхэд орчин үеийн, хүчин чадал сайтай техник хэрэгсэл шаардлагатай. Жижиг бичлэгийг бид утсаараа хийчихэж болно. Ийм том хэмжээний контент хийхэд техник, хэрэгсэл их чухал. Оюутнууд учраас санхүүгийн бэрхшээл их гарна. “ХоньТээнт”-ийг хийхэд ч мөн санхүүгийн бэрхшээл тулгарсан.

Э.Түвшинжаргал: “ХоньТээнт”-ийг хийхэд бид үнэхээр нэг баг болж, атгасан гэр мэт ажиллаж чадсан. Ямар нэгэн саад, бэрхшээл гараагүй. Би СУИС-д найруулагч мэргэжлээр сурдаг. Би “Армата”, “Ахан дүүс”-ийн залуусаараа, найзуудаараа бахархдаг.

Б.Тэмүүжин: Бид энэ бүтээлээ Налайхад байрлаж байгаад хийсэн. Одоо зураг авалт нь бараг дуусаж байгаа.

Б.Пүрэвсүрэн: Улаанбаатарын түгжрээ ямар байгаа билээ. Түгжирсээр явтал хамаг цаг өнгөрчихдөг. Тиймээс бид Налайхыг сонгосон юм.

-ХоньТээнт”-ийг зохиолыг та хэд өөрсдөө бичсэн юм уу?

Э.Түвшинжаргал: Анхандаа яг ийм уран бүтээл хийнэ гэсэн бодол бидэнд ер байгаагүй. Тал, талд ажлаа амжуулаад л явж байв. Манай Тэмка (Тэмүүжин), Ирээдүй хоёр Эрдэнэтэд нэг кино гаргахаар хамт явсан юм. Тэндээс буцаж ирэхдээ “Хэдүүлээ Цагаан сард зориулж гоё контент хийе” гэж анх санааг нь гаргасан. Цагаан сар болох дөхчихсөн, хугацаа нь тулчихсан байсан тул зохиолоо жаахан өөрчлөөд, хайрын тухай контент хийхээр шийдсэн юм. Энэ контентын зохиолыг манай “Армата”-гийн Ирээдүйгийн эгч бичсэн.

Б.Тэмүүжин: Үнэхээр залуу баг “ХоньТээнт” дээр ажилласан. Make up-ыг нь 16 настай охин хийсэн. Дээд тал нь бид 22 настай бид байлаа. Манай Түвшинжаргал найруулсан бас зураглаач хийсэн.

Б.Пүрэвсүрэн: Ах нартайгаа хамт ийм гоё уран бүтээл хийсэндээ баяртай байна. “Армата”-гийн ах нараасаа их зүйл сурлаа. Налайх дахь зураг авалтаа дуусгачихаад үнэхээр сэтгэл хангалуун ирлээ.

Э.Түвшинжаргал: Бид Налайх руу нийт 14-үүлээ явсан. Өөр юм хийгээд завгүй байгаа нэгнээ нөхөөд ажилласан, бусдыгаа дэмжээд, гар нийлж зүтгэсэн хамтрагчдаараа бахархаж байна.  Бид бүгд киноны арын албанд ажиллаад үзчихсэн. Адаглаад гэрэл зөөгөөд, камерны хөл угсраад үзчихсэн нь бидний ажилд их хөшүүрэг боллоо.  

-Нэр нь контенттойгоо хэр уялдаа холбоотой вэ?

Э.Түвшинжаргал: Хөгжилтэй талаа бариад л ингээд нэрлэчихсэн юм.

Б.Тэмүүжин: Анхандаа бид зохиолоо Цагаан сард зориулсан гээд бодчихсон байсан. Тиймээс хонь гэдэг үгийн ард контентын тент-ыг тээнт болгож нэмээд залгачихсан юм.

Б.Пүрэвсүрэн: “Mine craft” тоглоомны хонин дотор TNT хийхээр дэлбэрдэг. Түүн шиг манай контент яг тийм тэсрэлт хийнэ, галзуу, хөгжилтэй, тэс өөр байх болно.

Б.Тэмүүжин: Бид контентоо Цагаан сарын дараа цацна. Зарим хүн “Дөнгөж гарч ирчихээд ийм юм хийлээ. Хүмүүс та нарыг тоож үзэх үү” гэх л юм. Бид залуу хүмүүс. “ХоньТээнт”-ийг хийхийн тулд бид зөндөө хөдөлмөрлөсөн, төсөв мөнгө зарцуулсан. Үүнийхээ үр шимийг яагаад хүртэж болохгүй гэж. Тиймээс бид контентоо IPTV-д байрлуулна.

Э.Түвшинжаргал: Төлбөртэй үзүүлэх хэмжээний чанартай, сонирхолтой уран бүтээл хийх чухал. Үүнийг бид ухамсарлаж байгаа. Тиймээс энэ контентыг сайн хийхийн тулд үнэхээр бүхнээ зориулсан, хөдөлмөрлөсөн.

-Оюутнууд хамтраад юм хийхээр дутуу үнэлэгдэх хандлага анзаарагдах юм уу?

Б.Тэмүүжин: Тийм хандлага байнга мэдэрдэг. “Эд нар контент хийнэ гэж юу байдаг юм бэ. Бацаанууд” гэх мэтээр биднийг үгүйсгэх хандлага анзаарагддаг. Эсрэгээрээ “Оюутнууд, залуус яагаад чанартай юм хийж чадахгүй гэж. Мундаг байна. Хичээгээрэй” гээд дэмждэг, урам хайрладаг хүн зөндөө.

Б.Пүрэвсүрэн: Бидний бичлэгийн доор хүмүүс элдэв юм их бичнэ ээ. Анхандаа бухимддаг, эмзэглэдэг байлаа. Одоо бүр тоохоо больсон.

Б.Тэмүүжин: Яг тэгдэг болсон, тоохоо больсон. Өмнөхөөсөө илүү хүлээцтэй, тэвчээртэй болсон юм байна. Биднийг хэчнээн муулж, шүүмжилж, доромжилсон ч заавал хариу бичдэг. Зүгээр л зүрх дараад, “Ойлголоо, баярлалаа” гэдэг.

Э.Түвшинжаргал: “Армата”-гийн пэйж хуудсан дээр миний дугаар байдаг юм. Заримдаа нууцласан дугаараас шөнө залгадаг. Гайхаад авахаар шууд “П” минь гэж хараадаг. “Тэнд хүрээд ир, зодолдъё. Хаа байгаа газарт чинь очоод ална аа” гэх үе зөндөө.

-Танай бичлэгийг үзээд тэгж байгаа хэрэг үү?

Б.Тэмүүжин: Харин тийм ээ. Тийм хүмүүсийн олонх нь бүтэн үзээгүй байдаг байхгүй юу. Эхлүүлэнгүүтээ “Энэ яахаараа ингэж хэлдэг юм бэ” гээд л шууд манай дугаар руу залгадаг, доор нь элдэв сэтгэгдэл бичдэг.

Б.Пүрэвсүрэн: Үзэгчдийн дунд олон янзын зан ааштай хүн бий. Тэгж доромжилдог, ална гэж сүрдүүлдэг нэгэн байхад, “Танай бичлэгийг үзэх дуртай. Та нар гоё шүү” гээд урам өгдөг хүмүүс зөндөө бий.

Б.Тэмүүжин: Бид одоо хөгжлилтэй бичлэгүүд хийн, үзэгчдээ татаж байгаа. Тэгээд дараа нь бүтээлээ хийнэ. Тэгэхгүй шууд юм хийнгүүтээ “Бидний хийснийг үзэхгүй, сонирхохгүй байна” гэж буй нь олонх залуу уран бүтээлчдийн гаргаж буй нийтлэг алдаа юм шиг санагддаг.

-Тэгэхээр үзэгчдээ бэлдэх чухал гэсэн үг үү?

Б.Тэмүүжин: Тийм ээ. Хийж буй бичлэг, контентоор маань хүмүүс биднийг мэднэ. Ер нь ийм хөгжилтэй, богино бичлэг хийдэг залуус гээд. Тэгэхээр бид тодорхой хэмжээнд үзэгчээ бэлдсэн, татаж байгаа гэсэн үг. Дараа нь том хэмжээний уран бүтээл хийхэд хүмүүс бидний уран бүтээлийг илүү сайн ойлгоно, хүлээж авна.

-Хамгийн дурсамжтай, та хэд өөрсдөө ч мөн үзэх дуртай бичлэг аль нь вэ?

Б.Тэмүүжин: Би анх ганцаараа “Найз охин нь Тэрэлж явлаа гэсэн чинь өөр залуугийн сторинд явж байх юм” гэсэн утгатай бичлэг хийсэн юм. Тэр бол манай найзад тохиолдсон бодит явдал л даа. Би өглөө дэлгүүр орох замдаа тэр бичлэгийг хийсэн юм. Тэр дороо аймар олон хүнд хүрсэн. Маргааш нь дахиад нэг бичлэг хийсэн чинь өмнөхийнхөө хандалтыг даваад. Иймэрхүү бичлэг хийвэл хүмүүсийг сонирхлыг татах юм байна гэж бодоод найзууддаа хэлсэн чинь дэмжээгүй. “Юун сонин юм хийгээд байгаа юм бэ” гэсэн.

Э.Түвшинжаргал: Тэмка бид хэдийн үгэнд орж, хэсэг больсон.

Б.Тэмүүжин: Нээрэн тэгсэн юм байна. Тэгж байгаад үргэлжлүүлээд хийсэн. “Юумар” нэртэй пэйж хуудас маань одоо 100 гаруй мянган дагагчтай болчихсон байгаа.

Би охид стори хэрхэн хийдгийг нэлээд дуурай, элэглэдэг. Амьдралд байдаг зүйлсийг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр дуурайхыг хичээдэг. Охид стори хийхдээ яадаг билээ. Түүнийг нь дуурайгаад бичлэг хийдэг.

Б.Пүрэвсүрэн: Тэрэлж явсан охины тухай бичлэгийг үзсэн хүн найз охин руу чинь юу гэж бичсэн гэлээ?

Б.Тэмүүжин: Манай найз охин руу “Чи нөгөө Тэрэлж явсан охин нь уу” гэж бичсэн удаа ч бий. Бүтээл бус шууд утгаар нь хүлээж аваад байхгүй юу.

-Та бүхэнд дагагч, хандалтын тоо хэр чухал вэ?

Э.Түвшинжаргал: Үнэнийг хэлэхэд бид анхандаа хандалт тийм ч чухал биш гэж боддог байлаа. Тийм биш юм билээ. Пэйж хуудасны дагагчдын тоо, идэвхтэй үзэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр бидний бүтээл олон хүнд хүрэх боломж бүрдэнэ. Энэ талаасаа их чухал.

Б.Пүрэвсүрэн: Сүүлд хийсэн нэг бичлэг маань долоо хоногт нэг сая хандалт авсан. Бидний хийсэн зүйл ингээд олон хүнд хүрэхээр “Хөөх, ямар гоё юм бэ” гээд өөрийн эрхгүй баярладаг, урам авдаг. Анхандаа хүмүүст ингэж хүрдэггүй байсан шүү дээ.

-Тэр бичлэг нь “Дуугүй хүний доодох...” мөн үү?

Б.Пүрэвсүрэн: Мөн, мөн.

-Тэр бичлэгийг хийх санаа хэрхэн төрсөн бэ. “Ийм бичлэг хийвэл зүгээр юм уу” гээд шууд хийсэн үү. Удаан бодож, төлөвлөж байгаад бүтээсэн үү?

Б.Пүрэвсүрэн: “ХоньТээнт”-ийг хийгээд Налайхад зураг авалтанд гарчихсан үе байсан юм. Улаанбаатараас хэрэгтэй тоног, төхөөрөмжөө аваад буцаж явав. Эхэндээ зүгээр л дуу сонсоод явж байлаа. Гурвуулаа “Ер нь ийм бичлэг хийвэл ямар вэ” гэдэг санаа гэнэт төрсөн. “Нэг найз нь хөдөөнөөс ирсэн болгочихъё” гэх мэтээр баяжуулан, Налайхын зам руу гарч байгаад шууд хийсэн.

-Үстэй дээл бэлэн байсан юм уу?

Б.Пүрэвсүрэн: Тийм ээ. Контентын зураг авалтанд гарчихсан байсан тул Гүнээ үстэй дээлтэй явж байсан юм. Өмнө нь ямар нэгэн байдлаар төлөвлөөгүй, санамсаргүй байдлаар шууд хийсэн бичлэг.

Б.Тэмүүжин: Гоё санаанууд тиймэрхүү гэнэтийн байдлаар их төрнө өө. Тухайн үед мэдэрсэн мэдрэмжээ алдахгүйн тулд шууд гар утсан дээрээ хийгээд цацчихдаг.

-Та хэд бичлэгийнхээ санаа, зохиолыг хэрхэн гаргадаг вэ. Нэг нь дагнаад бичдэг үү?

Б.Пүрэвсүрэн: Янз, янз. 10-15 минутийн контентыг заавал зохиол гаргаад, хийдэг. 2-3 минутийн хөнгөн бичлэг, фрэнк, хөгжилтэй видеог хоорондоо ярилцаж байгаад л бүтээдэг. Ер нь амьдралтай ойрхон сэдвээр хөгжилтэй бичлэг хийхийг чухалчилдаг. Тэгвэл хүмүүст илүү хүрнэ. “Нээрэн яг ингэдэг шүү” гээд хүмүүс үзнэ.

Б.Тэмүүжин: Хэзээ ч хуучрахгүй, дундрахгүй сэдэв бол хайр. Тиймээс би хайрын тухай бичлэг түлхүү хийдэг. Найз охиндоо хаягдсан азгүй залуугийн дүр олон бүтээсээн (инээв).

Хөгжилтэй юм их болно оо. Зарим хүн контентыг маань тавилттай, уран бүтээл гэдэг талаас нь хардаг. Зарим нь шууд хүлээж авдаг, бодит гэж итгэдэг. Намайг яг тийм азгүй, найз охиндоо хаягдсан залуу гэж боддог юм шиг байна лээ.

-Цаашид “Ахан дүүс”, “Армата” нэгдэх бодол бий юү?

Б.Пүрэвсүрэн: Бид адилхан юм хийж яваа залуус. “Бүгдээрээ яагаад нэгдэж, хамтарч болохгүй гэж” гэсэн бодол бүгдэд нь байгаа. Тиймээс нэгдээд, хамтраад явах бодол бий.

Э.Түвшинжаргал: Энэ талаар хоорондоо ярилцсан, бүгд дэмжсэн. Бидний дунд ямар нэгэн үл ойлголцол гардаггүй.

Б.Тэмүүжин: “Фантастик” продакшны ах нар хэчнээн гоё хамтарч, күүл уран бүтээл хийж яваа билээ. Бид яагаад тэгж чадахгүй гэж. “Фантастик”-ийн ах нараас их үлгэрлэдэг.

Б.Пүрэвсүрэн: Зунаас бүрэн хэмжээний кино хийх төлөвлөгөөтэй байгаа. Хайрын сэдэвтэй кино хийнэ.

-Бидний ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та бүхэнд баярлалаа, амжилт хүсье.

-Биднээс ярилцлага авсан “Eguur.mn сайтын хамт олонд баярлалаа. Бидний контентуудыг алгасахгүй, гүйлгэхгүй тухлан сууж үздэг хүн бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй, урмыг нь хугалахгүйн төлөө бид улам хичээнэ. Бүр гоё контент хийхийн төлөө зүтгэсээр байх болно оо. “ХоньТээнт” контентоороо удахгүй уулзъя.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-24 08:43

mundag awyalsag zaluus shuu amjilt

Зочин
Зочин
2022-01-24 08:51

Ystoi huurhun contentuud hiideg mundag zaluus shuu

Toogi
Toogi
2022-01-24 09:00

Amjilt

Temuun
Temuun
2022-01-24 09:00

Udahgui buur saijrah ym bnda huleej bga shuu

Tara
Tara
2022-01-24 09:18

Manai zaluus odoo delhiid garah heregtei bnda.

Tara
Tara
2022-01-24 09:18

Ta nar chadnaa

Tara
Tara
2022-01-24 09:19

Zaluus ulam l chadvrtai bolj bga

Зочин
Зочин
2022-01-24 11:04

amjilt zaluusaaa estoi huurhun bdg shuu

Холбоотой мэдээ

Back to top button
8
0
Would love your thoughts, please comment.x
()
x