Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Хорт хавдрын эсрэг инээмсэглэсэн хосууд 74 насандаа ширдэг ширж сурлаа

О.Цэрэндорж гуай Өвөрхангай аймгийн Хархорин сумын сангийн аж ахуйн тракторын жолооч, гэргий Ц.Лхагва сургуулийн жижүүрийн ажлыг олон жил хийсэн. Тэд таван хүүхэд, арваад ач, зээтэй. Хот газар ирж төвхнөөд 16 жилийг үдэж. О.Цэрэндорж, Ц.Лхагва нар Улаанбаатар хотод ач, зээ нараа харахын хажуугаар  ширдэг, углааш, цүнх, суудлын бүрээс, буйдангийн бүтээлэг зэргийг ширж урладаг. 74 насандаа ширдэг ширж сурсан О.Цэрэндорж, түүний гэргий Ц.Лхагва нарыг энэ удаа онцолж байна.


-ЦАГИЙГ ДЭМИЙ ӨНГӨРҮҮЛЖ, БИЕИЙГ ХӨДӨЛГӨӨНГҮЙ БАЙЛГАВАЛ АМЬДРАЛ УТГАГҮЙ-


Эднийх аравдугаар сард шинэ байшинд орсон бөгөөд галлагаа хийхгүй, босох, суух ажил ховордож их уйдацгаах болжээ. Тиймээс О.Цэрэндорж эхнэрийнхээ оёж буй зүйлийг “Ганц хатгаж үзье” хэмээснээр ширдэг ширэх эхлэл тавигдсан байна. Түүний эхнэр Ц.Лхагва “Би насаараа л оёмол хатгамал хийсэн атал надаас ч нямбай, оёж ширдэг.

Охид нь ирээд “Аав ямар гоё оёж байна аа” гээд хэлчихвэл онгироод олон цаг суугаад даралтаа ихэсгэчих гээд байдаг талтай” хэмээв. Харин энэ тухай О.Цэрэндорж хэлэхдээ “Цагийг зүгээр өнгөрөөж, биеийг хөдөлгөөнгүй байлгасан амьдрал утгагүй. Хүн юуг л бол юуг сонирхдог байх хэрэгтэй. Эрэгтэй хүн гээд оёдол хатгамалаас зугатах хэрэггүй” гэж боддог тухайгаа хуваалцлаа.

Тэрбээр өдөрт 5-6 цагийг ширдэг ширэхэд зарцуулдаг бөгөөд энэ үедээ давхар бясалгаж, төвлөрдөг давуу талтай гэнэ. Учир нь зүү бариад хатгах ёстой цэгтээ л хатгахын тулд анхаарлаа төвлөрүүлж суух их чухал байдаг бөгөөд "Хэрэв анхаарал муутай сууж байгаад зүүгээ жаахан л далий, ташуу хатгачихвал тэр чигтээ л мурийж харагдана. Тэгэхээр маш олон өдөр олон цаг сууж хийсэн хөдөлмөр маань нэг л хазгай, хайнга харагдвал онцгүй. Сэтгэлд хүрэхгүй" гэлээ.

Цаашид оёх чадвараа сайжруулж зээг, хээ, эсгий углааш зэрэг нарийн зүйлсийг хийхээр төлөвлөжээ.


-ХҮН СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭТЭЙ БАЙВАЛ БҮХНИЙГ ДАВЖ ЧАДНА-

Гэргий нь 2006 онд элэгний хорт хавдрын хагалгаанд орохоор болж О.Цэрэндоржийнх гэдэг айл Улаанбаатар хотод шилжин ирсэн. Хавдар судлалын эмч түүнд эмчилгээгүй гэх үгийг дуулгажээ. Хэдий хатуу үг сонссон ч өвчин гэж хүлээж аваагүй “Би ач, зээ нараа өсгөх ёстой. Үр хүүхдээ сайн явахыг харж хажууд нь хамт байна. Тэднийгээ зовоохгүй юм шүү” гэсэн бодлоор өдий хүрчээ. Хамгийн гайхалтай нь хими эмчилгээнээс татгалзаж эмийн ургамлаар өөрийгөө анагаасан гэнэ.

Гэтэл О.Цэрэндорж гурван жилийн өмнө бүдүүн гэдэсний хорт хавдраар өвдөж, химийн эмчилгээ их хийлгэжээ. Энэ тухайгаа "Хүн сэтгэлийн тэнхээтэй байвал бүхнийг чадна, ямар ч бэрхшээлийг давж гарна. Өвдсөн байсан ч яадаг юм. Эрүүл болчихно шүү дээ. Сайн сайхан бүхнийг бодоод явбал амьдралын зам тэгшрэх болно. Мэдээж хорт хавдартай гэх мэдээг анх сонсох хэцүү. Гэхдээ аминаас арай жаахан хол юм яавал гэж бодоод айгаагүй. Сэтгэлээр унаж хямраагүй" гэлээ. Тэрбээр бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчилсөн ч нэг их зовиур илэрч, өвддөггүй байсан гэнэ. "Өтгөн маань цустай гараад тураад байсан. Тэгээд л эмчид хандсан. Хортой хавдар байсныг хагалгаанд орж гарч ирээд дараа нь мэдсэн. Ер нь хүн эрүүл мэндээ эртнээс анхаарч, биеэ хайрлаж байх хэрэгтэй" хэмээн захилаа.

Хосууд химийн эмчилгээнд хөтлөлцөж очоод хамт ордог бөгөөд үргэлж жаргалтай байгаа тухайгаа ярьж буй нь бахархмаар сайхан.

Ц.Лхагва элэгний хорт хавдар гэдэг өвчнийг удамшлын шинжээр олсон бөгөөд ойр дотнын хамаг л хайртай хүмүүсээ алджээ. Өөрөө туулж гарсан зовлонг тэр сэтгэлийн тэнхээ, бодлын хүчээр ялахад өөрийгөө бэлтгэсэн аугаа эмэгтэй. "Үр хүүхэддээ олон жил түшиг тулгуур нь болж явахын тулд Эрдэнийн үрэл гэдэг эмийн ургамлыг 21 хоног уусан. Эмч нь үзээд тохирсон байна гээд уг эмчилгээгээ үргэлжлүүлж болно гээд гурван жил тууштай хэрэглэсний эцэст элэгний хорт хавдар өвчнөөс салсан" гэлээ. Гэсэн ч тэр цагаас хойш өрөөсөн бөөрөө авахуулж, нүдэндээ болор суулгуулж, нурууны хагалгаа ч хийлгэж. Биднийг очиход дөрөв дэх хагалгаандаа ороод 10 хонож байлаа.

Ц.Лхагва хагалгаанаас гарч ирээд дөнгөж арав хонож байгаа тул гам барьж тэнхрэх ёстой. Гэвч сар шинийн баяраас өмнө өгөх эсгий ширдэгний захиалга авчихсан тул дуусгаагүй ажилдаа санаа зовж буй. Тийм учраас О.Цэрэндорж гуай өдөрт ширдэг ширэх цагаа уртасгаж суух болжээ. Олон цаг суухад бие чилж хөших бөгөөд гарч суниаж, агаар амьсгалан холын бараа ширтэж нүдээ амраагаад л дахин үргэлжлүүлж ажиллах аж.


-ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ МӨЧ БОЛ АЧ, ЗЭЭГЭЭ АСРАН ХАЛАМЖЛАХ-

О.Цэрэндорж "Залуу байхад тээвэрт намар гараад хавар ирнэ. Хүүхдүүдээ их санана. Багаас нь өсгөлцөж, ханьдаа дэм болж чадаагүй дээ, би. Тээврийн замд хүүхэд өвдсөнийг сонсох хамгийн хэцүү, хий дэмий л санаа зовохоос цаашгүй. Хүүхдүүдээ багад нь дандаа хамт байж чадаагүй учраас ач, зээ нартаа цаг гаргаж, асарч хүмүүжүүлэх дуртай. Энэ хэдийгээ харахад маш жаргалтай болдог. Өвөртлөөд унтахад ямар хөөрхөн гээч, ёстой л хайр ундраад байдаг юм".

Хосууд, бидний залууд хүмүүсийн ажиллаж хөдөлмөрлөх хэлбэр их өөр байсан. Ажлыг яг цагт нь ажил дээрээ, харин ажлаа тараад амьдралдаа л цаг заваа зориулдаг байлаа. Харин одоо залуучууд гэртээ ч ажлаа хийдэг, мөн ажил нь цагтаа тардаггүйд шүүмжлэлтэй ханддаг аж.

Эцэст нь амьдралд хамгийн чухал зүйл бол хүүхэд хүмүүжүүлэх бөгөөд хүүхдийг хөдөлмөрч болгож өсгөх нь хамгийн чухал зүйл гэлээ. "Зөвхөн гэрийн ажилд сургах бус хаана ч сурсан ур чадвараараа хоолоо олж идэхүйц, хандлагаараа хийх хүсэл эрмэлзэлтэй болгох чухал. Үүнийг аав, ээж нь дэргэдээсээ үлгэрлэж байж зааж сургах ёстой. Хүүхэд тэндээс л харж сурж, төлөвшдөг юм" гэж захилаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2022-01-26 09:51

Сайхан хүмүүс юм. аз жарг�##� хүсье

Зочин
Зочин
2022-01-26 15:42

Мундаг байна. Настай хүмүүст хобби хэрэгтэй байдаг.

Зочин
Зочин
2022-01-27 08:39

Цэрэндорж ахын утсыг өгөөч

Холбоотой мэдээ

Back to top button