НийгмийнЯРИЛЦЛАГА

Найзыгаа дахин барилдахад эдгэрснээс нь илүү баярласан тэдний нөхөрлөл

“Хамгийн эрхэм, нандин хүн тань хэн бэ” гэж уншигч танаас асуувал санаанд тань хамгийн түрүүнд хэн буух вэ. Олонх хүн аав, ээж, хань, үр хүүхдийнхээ талаар бодон, бахархах болов уу. Үүний сацуу хамтдаа дуулж, хамтдаа уйлан хорвоог туулж яваа найзыгаа бодсон, онцолсон нь нэлээд жин дарах нь мэдээж. Жаргал, зовлонгоо ярьдаг, хэзээд зориод очиход нь алгаа тосоод угтдаг амины найз хүн бий.

Чөлөөт бөхийн дэвжээнд танилцан, амьдралын “их далай”-г хамтдаа туулж яваа эрхмүүд бол ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Банзрагчийн Оюунсүрэн нар. Гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Т.Дамбарагчаа нарын шавь тэдний нөхөрлөлөөр олон хүн бахархдаг бас үлгэрлэдэг.

Их спортын төрлөөр ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин бол О.Насанбурмааг спортын хүрээнийхэн Ука гэж дууддаг. Манай улсад чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага зэрэг их спортын төрөл хэр өндөр хөгжин, дэлхийн дэвжээнд алдраа дуурсгасан хэчнээн олон тамирчинтай билээ. Х.Баянмөнх, З.Ойдов, Ж.Мөнхбат, Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар тэргүүтэй үе үеийн алдартнуудын хүрч чадаагүй оргилд тэр бүхнээс түрүүнд мөрөө гаргаснаар нь бахархахгүй байхын аргагүй.

Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд ДАШТ-ий хүрэл медалийн төлөө дөрвөн удаа барилдан, гуравт нь ялсан (2008, 2011, 2013) цорын ганц тамирчин тэрбээр хамгийн залуудаа буюу 16 настайдаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн бахдам амжилтын эзэн. Мөн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс 15, ДАШТ-ээс 18 насандаа хүрэл медаль хүртсэн ховор амжилт түүнийх.

Завхан аймгийн Дөрвөлжин сумын харьяат Б.Оюунсүрэн ДАШТ, Азийн АШТ-ий мөнгө, УАШТ-ий хошой алт, мөнгө, хүрэл медальтай. Олон улсын дэвжээнд хоёрхон жил өрсөлдөхдөө оролцсон бүх тэмцээнээсээ медаль хүртэн, “Истанбул-2011” ДАШТ-д үзүүрлэн гялалзаж явсан тэрбээр бэртлийн улмаас 22-хон насандаа зодог тайлсан юм. Үүний сацуу ДАШТ-д ганцхан удаа барилдахдаа мөнгөн медаль хүртсэн онцгой амжилтын эзэн.

Б.Оюунсүрэн авьяаслаг тамирчны зэрэгцээ шаггүй дасгалжуулагч. Олимп, ДАШТ-ий хүрэл медальт Б.Болортуяа, ДАШТ-ий хүрэл медальт Д.Отгонжаргал нарын олон шилдэг түүний шавь.

Бэртлийн улмаас ид үедээ зодог тайлсан найзынхаа мөрийг эмчлэх, дахиад барилдахыг харах нь О.Насанбурмаа гавьяатын чин хүсэл байлаа. Үүндээ хүрэхийн тулд найзынхаа эмчилгээнд зориулсан хандивын барилдаан, сайн үйлсийн аяныг зохион байгуулж, уйгагүй хөөцөлдсөн. Энэ бүхнийх нь үр шимээр найз нь 2018 онд мэс засал хийлгэн, мөрөө эдгээсэн юм. Түүгээр ч үл барам дэвжээндээ дахин гарч, улсын аварга болоод зогсохгүй ДАШТ-д найман жилийн дараа барилдахад нь магнайгаа хагартал баярласан гэнэ.

Тамирчны тэвчээр хатуужил, нөхөрлөлийн үнэ цэнийг мэдрүүлж, үлгэрлэсэн хоёр найзад дахин нэг хүсэл байсан нь Гавьяат тамирчин цол. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Б.Оюунсүрэнгийн амжилтыг төр, засаг үнэлэхийг хүлээсэн олон жилийн хүлээлт оны өмнө тайлагдсан. Тэд нөхөрлөлийн түүхээ уншигч танд ийн дэлгэж байна.

ЧӨЛӨӨТ БӨХИЙН СПОРТ ТЭДНИЙГ ТАНИЛЦУУЛСАН

-Та хоёр чөлөөт бөхийн дэвжээнээ танилцан, төдийгөөс өдий хүртэл нэгнээ түшиж тулан, нөхөрлөж яваа найзууд. Анх танилцсан дурсамжаас тань ярилцлагаа эхлүүлье.

Б.Оюунсүрэн (Б.О):- Өнөөг хүртэл найзалж, нөхөрлөж яваа хугацаанаас хамгийн дурсамжтай нь анх танилцсан үе. Би 2006 оны намар чөлөөт бөхөөр хичээллэхээр шийдэн, бэлтгэл хийхээр очоод найзтайгаа анх танилцсан юм. Шигшээ багийн заал руу ороход Монголын хамаг шилдгүүд бэлтгэл хийж байв. Т.Сүхбаатар багш дээрээ очоод “Би мундаг тамирчин болмоор байна” гээд очиж билээ. Найз минь хэзээний амжилт гаргаад эхэлчихсэн, танигдчихсан байсан үе. Тайрмал үстэй, саарал хослолтой охин ирээд “Чамайг хэн гэдэг вэ. Хэдэн оных вэ” гэж асуусныг нь тод санаж байна. Бид хоёрын нөхөрлөл тэндээс эхлэлтэй.

О.Насанбурмаа (О.Н):- Сүхээ багш, Батбилэг ах бид гурав зогсож байх нь ээ нэг охин орж ирсэн нь найз минь байсан. Рокдуу стайльтай, тухайн үед мода болох зузаан ултай пүүзтэй, хумсаа хараар будсан, том алаг нүдтэй, сормуус нь дэрвэсэн охин байсан юм. 

Б.О:- Хөөх, би ямар аймар “галзуу” байгаа вэ (инээв).

О.Н:- Үнэхээр эрч хүчтэй, цоглог охин байсан. Оког маргааш бэлтгэл дээр ирнэ, ирэхгүй гэж Сүхээ багш, Билгээ ах хоёр мөрий тавьсан гэж сүүлд яриад инээлдсэн сэн. Тухайн үеийн тамирчдаас хамгийн бага нь би байсан.

Б.О:- 17 нас арай хүрээгүй байсан юм уу даа.

О.Н:- Тийм юм байна хө. Үеийн охин орж ирэхээр баярлалгүй яах вэ. Хаа сайгүй хамт явна, бэлтгэлээ цуг хийнэ. Найз минь маш богино хугацаанд сайжирсан, амжилт нь ахьсан. Нэг жингийн, үеийн охинтой бэлтгэл хийж, нөхөрлөсөн нь бидний төдийгүй миний амжилтад эергээр нөлөөлсөн.

Б.О:- Укагийн маань хэлсэн ёстой үнэн. Анхнаасаа ийм сайн тамирчныг портнёроо болгоод бэлтгэл хийсэн нь миний ур чадвар, амжилт ахихад их нөлөөлсөн. Укатай бэлтгэл хийгээд, нухуулахын хэрээр би сайжирсан, миний амжилт ахисан. Үүнд би олзуурхдаг, найздаа маш их баярлаж явдаг.

Би шавь нартаа “Та нар богино хугацаанд хурдан сайжиръя гэж бодож байгаа бол туршлагатай дасгалжуулагчаас гадна сайн тамирчинтай бэлтгэл хий. Хамгийн сайн портнёртой бэлтгэл хийхийн хэрээр ур чадвар, амжилт ахина” гэж захьдаг.

О.Н:- Анхандаа би Оког 10:0-дчихдог байсан байхгүй юу. Төд удалгүй би оноо алддаг болсон, илт илүүрхэж чадахаа больсон. Бид хоёр бэлтгэл дээр нэгнээ өрөвдөж, биеэ нөөхгүй яс барилддаг байв.

Б.О:- “Тас, няс” гээд мөргөлдөөд, пижигнэтэл барилддаг байсан юм. Барилдаж дууссаныхаа дараа хялайтлаа ядарчихсан, инээгээд ус ууна. “За, хамтдаа харья” гээд л бэлтгэлээс гардаг байсан.

О.Н:- Бид хоёрыг барилдаж байхыг хөндлөнгөөс харсан хүмүүс “Энэ хоёр муудалчихаж” гэж боддог байсан гэнэ лээ.

Б.О:- Бэлтгэлээ тэгж чин сэтгэлээсээ хийдэг, хор шартай барилддаг байсан юм, бид хоёр.

-“Үнэхээр сайн найз минь” гэж нэгнээ үнэлсэн, орон зайг нь үгүйлдэг болсон нь хэзээнээс вэ?

Б.О:- Хоёр жилийн дараагаас юм уу даа. Тяньжин руу Дэлхийн цомд явсан үе.

О.Н:- Ёстой тийм хө. Нэг мэдэхэд бие биендээ бүр дасчихсан, дотно болчихсон байсан юм.

ХООРОНДОО БАРИЛДСАН ЦОРЫН ГАНЦ ТЭМЦЭЭН

-Тэмцээн дээр хоорондоо өрсөлдөж байсан бил үү?

Н.О:- Харин ээ, юу билээ. Ёстой ховор.

Б.О:- За, байз нэг удаа барилдаж байсан шиг санагдаж байна. Хэзээ билээ.

Н.О:- Санадаггүй ээ (инээв).

Б.О:- 2008 оны спартикиадад чи түрүүлж, би мөнгөн медаль авсан шүү дээ.

О.Н:- Нээрэн тийм юм байна. Ямар ч байсан нэг удаа тэмцээн дээр хоорондоо барилдсан юм байна аа.

Б.О:- Одоо би өөр юмаар хожно оо (инээв).

О.Н:- Найз минь олон талын авьяастай, ёстой элдэвтэй. Чадахгүй юм барах байхгүй.

ХАМТДАА МЕДАЛЬ ХҮРТСЭН 2011 ОНЫ ДАШТ ХАМГИЙН ДУРСАМЖТАЙ НЬ

-Та хоёр хамтдаа олон тэмцээнд өрсөлдөн, ялалт, ялагдлаа хуваалцсан. Хамгийн дурсамжтай нь 2011 оны ДАШТ болов уу. Учир нь тэр жил ДАШТ-ээс Б.Оюунсүрэн мөнгө, О.Насанбурмаа хүрэл медаль хүртсэн шүү дээ.

О.Н:- Ёстой тийм шүү. Хамтдаа медаль хүртсэн 2011 оны ДАШТ-ийг онцлохгүй, дурсахгүй байхын аргагүй. Хамгийн дурсамжтай нь тэмцээн тэр яах аргагүй мөн. Би тэр жил ДАШТ-д оролцохоор очихын өмнө жин их хасан, гатиг гараад ёстой хөглөсөөн.

Тэр зунжин миний биен дээр хатиг гарсан юм. ДАШТ руу явахын өмнө хатигаа хаглуулаад, аймар их халуурсан. Идээ гоожин, миний өмд нэвт нороод л. Око үргэлж цэвэрлэж явав. Жингээ үзүүлэхээр явахынхаа өмнө “Сайхан хоол хийгээд байж байгаарай” гээд явсан юм.

Б.О:- За, би гоё яриад өгье (инээв).  Укагийн биен дээр айман олон хатиг гарчихсан юм. 63 кг-д барилдахын тулд 4-5 кг жин хасах шаардлагатай болов. Жиндээ орж чадахгүй бол тэмцээнээс хасагдана. Ука их халуурсандаа ч тэр үү ус уугаад, жин нь 71 кг болчихдог юм даа. Жиндээ буцаж орох, хатигаа эвтэйхэн эмчлэх, боох гээд бөөн юм болж явсаар ДАШТ-д очив. “Жингээ үзүүлчихээд ирье. Миний найз сайхан шөлтэй хоол хийчихсэн байж байгаарай” гээд явсан юм.

О.Н:- Жиндээ ямар ч байсан орж, санаа амарчихаад “Сайхан хоол идье. Найз минь хийчихсэн байгаа” гээд ирсэн чинь Око унтчихсан байсан.

Б.О:- Ирэхийг нь дөхүүлж байгаад хийе гээд хэвттэл нам унтчихаж. Сэрэнгүүтээ гялс борц, гурилаар хоол хийв. Яарч хийсэн болоод ч тэр үү, амт тааруу болчихсон. Ука уурлаж байгаа гэж жигтэйхэн. Би гэмшээд, сандраад. Тэр тухай ярихаар одоо их хөгжилтэй санагддаг юм. Тэгээд маргааш нь найз минь ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа хүртэн, Лондоны олимпод оролцох эрх авсан.

О.Н:- Дэлхийн хошой медальтан болж, олимпод барилдах болзол хангасандаа би үнэхээр их баярласан ч түүнийгээ аль болох ил гаргахгүйг хичээж байлаа. Найз минь маргааш нь ДАШТ-д барилдах байсан учраас сэтгэл зүйг нь тайван байлгая гэж бодсон юм.

Б.О:- Би бас үнэхээр баярласан ч ДАШТ-д төвлөрч, аль болох тайван байхыг хичээсэн. Хөндлөнгөөс хүн харвал “Энэ хоёр амжилт гаргаагүй, сэтгэл дундуур байна” гэхээр байсан. Маргааш ДАШТ-д барилдана гэж бодохоор шөнө нойр хүрээгүй. Сэтгэл их хөдөлж, догдлохоор нойр хүрдэггүй юм байна лээ.

О.Н:- Найз минь маргааш нь ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэн, хоёулаа магнайгаа хагартал баярлаж билээ. Адилхан спортын төрлөөр хичээллэдэг хоёр найз нэг жил ДАШТ-ээс медаль хүртэнэ гэдэг үнэхээр сайхан. Бид хоёрын амьдралд тохиолдсон хамгийн дурсамжтай үйл явдал тэр яах аргагүй мөн. Үнэхээр гоё дурсамжтай тэмцээн болж билээ.

Найз минь ингээд дэлхийн медальтан боллоо гэж бодохоор л сайхан санагдсан, найзаараа бахархсан.

Бид хоёр ДАШТ-ээс эх орон руугаа ирэхдээ ирээдүйгээ төсөөлөн, Монголд очихоор яах бол, хэрхэн угтах бол гэж ярилцсан. “Хоёулаа одоо Гавьяат болж, байр, машинаар шагнуулах байх” гээд бөөн баяр ирж билээ. Очоод “Тэгье, ингэе” гэж бүх юмаа төлөвлөөд л. Хоёулаа жаахан байсан юм чинь.

“ШАР МЭДЭЭ”-НД “ОД” БОЛСОН НЬ

Б.О:- “Томрох нь тодорхой. Баяжих нь баараггүй” гээд хүнээс мөнгө зээлээд, Хорооллын дэлгүүрээр баахан хэссэн. “Хоёулаа одоо дэлхийн медальтан болсон. Олны нүдэнд аятайхан харагдаж, гоё хувцаслах хэрэгтэй” гээд баахан хувцас авч билээ. Тэгэхэд нээрэн ёстой хөгжилтэй нэг юм болсон, тийм ээ.

О.Н:- Юу билээ?

Б.О:- Яагаа вэ, нөгөө “Шар сонин”.

О.Н:- Ёо, тэр ёстой хөгтэй. Бид хоёрыг ДАШТ-ээс ирсний дараа нэг сэтгүүлч ярилцлага авъя гээд байн, байн залгаад байсан юм. Тэгэхээр нь Монголын чөлөөт бөхийн холбоо, Сүхээ багшаас зөвшөөрөл авч байгаад ярилцлага өгөв.

Б.О:- Яг түрүүний ярьсныг ярьсан байхгүй юу. Маргааш барилдана гэж догдлоод унтаж чадаагүй, нэгнийхээ амжилтад сөргөөр нөлөөлөх вий гээд сэтгэл хөдлөлөө ил гаргаагүй энэ тэр гээд. Жаахан байсан юм чинь сэтгэл хөдлөлөө ил гаргаад, нээлттэй ярьсан юм л даа.

О.Н:- Хэд хоногийн дараа Спортын төв ордонд бэлтгэл хийчихээд гараад ирсэн чинь “Шар мэдээ” гэдэг нэртэй сонины нэгдүгээр нүүрэнд бид хоёрын зураг томоос том гэгч нь гарчихсан байв. “Хөөх, хоёулангийнх нь ярилцлага гарчихаж” гээд л уншсан чинь байхгүй ээ баларсан.

Б.О:- Тэр сонин дээр бид хоёрыг бараг лесби гээд биччихсэн байсан (инээв). Монголын спортоос лесби хос төрлөө гээд бараг биччихсэн байвал яах вэ. Бид хоёр барайгаад л явчихсан.

О.Н:- Нэг нэгэн рүүгээ харснаа “Аль вэ, чи надаас хол бай” гээд түлхсэн (инээв).

Б.О:- Тухайн үед хоёулаа яг адилхан халимаг үстэй байсан юм. “Чи одоо жаахан зайтай явж байгаарай” гэж нэгэндээ хэлсээн (инээв).

О.Н:- Одоо эргээд бодоход ёстой инээдтэй.

Б.О:- Тэр сонинг хадгалдаг байж. Одоо уншвал ёстой элгээ хөштөл инээх байх.

О.Н:- Тухайн үед ёстой ичиж билээ. Тэр сэтгүүлч бид хоёрын энэ ярилцлагыг үзэж байвал, дахиж тэгж болохгүй шүү (инээв).

Б.О:- Тухайн үед шар сонин хүчтэй байсан. Олны анхаарлыг татах гээд л тэгээд биччихсэн байх.

ТӨР, ЗАСАГ ҮНЭЛЭХИЙГ НЬ 10 ЖИЛ ХҮЛЭЭСЭН ДАШТ-ИЙ МӨНГӨН МЕДАЛЬ

-ДАШТ-ээс хамтдаа медаль авлаа. Одоо амьдрал сайхан тэгширнэ, төр, засгаас шагнаж урамшуулах байх гээд их хүлээлттэй ирсэн гэж түрүүн хэлсэн. Төсөөлсөн шиг нь байсан уу?

О.Н:- Тийм гоё мөрөөдөл ярин, том хүлээлт, төсөөлөлтэй ирсэн ч бодит байдал бид хоёрын төсөөлсөн шиг байгаагүй. Оны дараа, Цагаан сарын өмнө намайг Гавьяат тамирчин хэмээх эрхэм цолоор шагнасан. Дэлхийн аваргын мөнгөн медаль том амжилт, найзыг минь ч мөн шагнах байх гээд хүлээв. Гэтэл чимээ тасарсан, тухайн үед. Бүхэл бүтэн 10 жилийн дараа Гавьяат тамирчин цол хүртэхэд нь баярлалгүй яах вэ. Гэхдээ тамирчны амжилт залуу насных. Тамирчин хүн амжилт гаргахын төлөө маш олон жил зүтгэдэг, хувийн амьдрал, боловсрол гээд олон зүйлийг хойш нь тавьдаг. Маш их зүйлийг золиослодог. Надад л гэхэд бэртээгүй үе, мөч үлдээгүй.

Цагийн юм цагтаа үнэ цэнтэй. Ид амжилт гарган, гялалзаж явахад авах ёстой шагналыг нь өгвөл урамшин, бүр ч өндөр амжилт гаргахын төлөө зүтгэнэ, тамирчин бүхэн.

-“Намайг ирэх жил шагнах юм болов уу. Дараагийн баяраар Гавьяат болгох нь” гэсэн хүлээлт үүссэн нь мэдээж. 10 жил хүлээхээр сүүлдээ хэр цөхөрсөн бэ?

Б.О:- Яг тийм хүлээлт үүсчихсэн. 10 жил хүлээхээр сүүлдээ ч харахаа, хүлээхээ больчихдог юм билээ. Тухайн үед надад Гавьяат цол олгоогүй. ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэнээс хоёр жилийн дараа “Алтан гадас” одонгоор шагнасан.

Оны өмнө Гавьяат болж, төр засаг, түмэн олныхоо хишгийг хүртсэндээ баярлалгүй яах вэ. Гавьяат цолны нэр хүндийг өндөрт өргөн, биеэ зөв авч яван, залуу тамирчдад үргэлж үлгэрлэж явахыг хичээнэ.

Монгол Улсынхаа, төр засгийнхаа хайр, хишгийг хүртээд сайхан байна. Укагийн базаа жаахан ирээд байгаа (инээв).

О.Н:- Инээв. Дүү гавьяат гээд үү. Око маань манай чөлөөт бөхийн отгон гавьяат. Бид хоёр нэг оных ч сараараа надаас дүү.

Б.О:- Юм юмаараа л дүү болчихлоо. Юм юмаараа л дарлуулж байна (инээв).

Түрүүний ярьсныгаа нэг мөсөн дуусгачихъя. Миний тамирчны карьер дууссан. Аливаа шагнал урамшуулал халуун амьсгаан дээрээ үнэ цэнтэй, утга учиртай. Тамирчдын амжилт, амьдралд ч эергээр нөлөөлнө. “Залууд нь шагнах дэмий. Амжилтдаа ханана, амжилт нь зогсчихно” гэж зарим хүн ярьдаг. Тухайн тамирчны сахилга бат, зорилгоо хэрхэн тодорхойлсноос л шалтгаална.

О.Н:- Одоо ч амжилтыг нь төр засаг үнэлээгүй тамирчид чөлөөт бөхөд бий. ДАШТ-ээс гурван медаль авсан мөртлөө Гавьяат болоогүй яваа тамирчин байна, Б.Шоовдор. Яг ямар амжилт гаргахад нь Гавьяат цол олгох нь ойлгомжгүй байгаа. “Дэлхийн аваргын тийм медаль авбал ийм шагнал олгоно” гээд яг тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй. Тэгвэл хэнд ч гомдолгүй. Найзыг минь 2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхэд нь Гавьяат тамирчин цол олгосон бол урамшаад, улам их хичээн, хөдөлмөрлөх байсан ч юм бил үү.  Дэлхийн аварга, олимпын медальтан болох ч байсан юм бил үү. Боломжгүй зүйл гэж үгүй.

Б.ОЮУНСҮРЭН: БЭРТЛИЙН УЛМААС 22-ХОН НАСАНДАА ХАРАМСАЛТАЙГААР ЗОДОГ ТАЙЛСАН

Б.О:- ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэхдээ би өвдөгний бэртэлтэй барилдсан юм. “Дэлхийн дэд аварга болчихлоо. Төр, засаг, олны шагнал урамшууллаар өвдөгний мэс засалд оръё, бэртлээ эдгээе” гэж бодсон. Гэтэл санаснаар болоогүй. Тэмцээнд амжилт гаргавал шагналын мөнгө нь амьдралд нэмэртэй. “Mongolia open”-ий бэлтгэл дээр Буриадын бөх Дариматай барилдаж байхад мөр эвгүй болсон, эхлээд. Нам боож байгаад “Mongolia open”-д барилдсан. Дараа нь спартикиадад барилдахдаа бүр бэртээгээд, 22 насандаа тамирчны замналаа өндөрлүүлэхээс өөр аргагүй болсон юм. Уг нь бэртлээ эдгээгээд, дахин барилдах боломж байсан. Даанч...

-Эмчилгээний зардал, санхүүгийн бэрхшээл үүнд нөлөөлсөн үү?

Б.О:- Тэгсэн. ДАШТ-ээс дахиад медаль аван, олимпод барилдсан бол гэж харамсдаг.

О.Н:- Бэртсэн барилдааныг нь одоо ч бодохоос аймар. Би тэр барилдааныг яг дэргэдээс нь үзэж байсан юм. “Болиоч ээ. Буугаад өгчих. Мөр чинь тасарлаа” гээд орилсон.

Б.О:- Барилдааны хоёрдугаар үед мөр минь мултарчихав. Тэгэхэд хүмүүс “Бэртлээ улам сэдрээчихнэ, барилдахаа боль, дэмий” гэсэн. Одоо бодоход би омголон, хор шартай, ялахын төлөө юу ч хийхээс буцдаггүй байжээ. Ялахын төлөө тэмүүлэн, шар гозойгоод өвдөж буйг ч юман чинээ тоогоогүй. Эмчээр мөрөө оруулж байгаад л өрсөлдсөн.

Мөр үендээ орох дуу нь үзэгчдэд сонсогдсон гэдэг. Тэгээд барилдаанаа үргэлжлүүлтэл дахин мултарсан. Тамирчны хамгийн том дайсан бол бэртэл, гэмтэл. Чадахгүй, дийлэхгүйдээ бус, өөрөөсөө үл шалтгаалах зүйлийн улмаас ид үедээ зодог тайлах үнэхээр хэцүү.

О.Н:- Тухайн үед “Око яагаад үргэлжлүүлэн барилдсан юм бол. Бэртлээ бүр сэдрээчихлээ” гэж бодож байв. Яг тийм зүйлтэй нүүр тулахаар би ч мөн тэгнэ гэдгээ ойлгосон, өөрийн биеэр мэдэрлээ.

ЗОДОГ ТАЙЛАХ ТАЛААР ЕР БОДООГҮЙ ЭРГЭТЭЛ ТАЙЛБАРЛАГЧ “НАСАНБУРМАА ЗОДОГ ТАЙЛЛАА” ГЭЭД ЗАРЛАЧИХСАН”

-Та өнгөрсөн жил бэртлийн улмаас зодог тайлсан. Тухайн үед мэдэрсэн юм уу?

О.Н:- Тэгсэн. ДАШТ-ий сорил тэмцээн есдүгээр сард болсон. Аваргын төлөө “Алдар”-ын Даваанасан дүүтэйгээ барилдав. Хоёрдугаар үеийн эхэнд хөлд нь явтал гар эвгүй болсон. Хий нь таарчихсан юм шиг байна лээ. “Холбоос суначихлаа” гэж бодоод эхэндээ тоогоогүй. Барилдаанаа үргэлжлүүлэх гэтэл гар урагшаа яваагүй. “Мултарчихсан юм болов уу” гэж бодсон, айсан хэрнээ би “Барилдахаа больё” гэж хэлээгүй. “Ялна” гээд л хөлдөөгч цацуулаад барилдсан.

Б.О:- Яг тийм хор шар тамирчин бүхэнд байдаг юм байна лээ.

Б.О:- Найзад минь ямар байсныг, юу бодогдсоныг нь яг тэгэхэд би өөрийн биеэр мэдэрсэн. Тэгээд би “За, би барилдахгүй” гээд дэвжээнээс буусан. Мөрөө оруулах гэтэл ороогүй. “Дэвжээндээ мөргөчихөөд гаръя” гэж бодоод эргэтэл “Насанбурмаа гавьяат зодог тайлахаар болжээ” гэсэн.

-Зодог тайлах шийдвэр гаргаагүй байхад тань тэгж зарласан гэсэн үг үү?

О.Н:- Тэгсэн. “Хүүе, юу билээ” гэж нэг бодсоноо дэвжээндээ мөргөчихөөд л гараад ирсэн. Тухайн үед сэтгэл санаагаар уначихсан, хүнд байсан. “Зодог тайлах уу, яах вэ” гэж хэнтэй ч зөвлөөгүй, энэ талаар бодоогүй байсан юм.

Б.О:- Цар тахал гээд тэр тэмцээн хаалттай болсон. “Насанбурмаа зодог тайлахаар боллоо” гэх мэдээлэл гарахад нь ёстой шоконд орсон.

Мөр мултарсан, хүнд бэртсэн үед тамирчин хүнд ямар хэцүү байдаг гэж санана. “Найз минь уг нь дахиад хэдэн жил барилдсан бол. ДАШТ-ээс тав дахь медалиа авсан бол” гэж харамссан. Хүнд бэртсэнийг нь дуулаад миний мөр янгинах шиг л болсон.

О.Н:- Ёстой гэнэтийн зүйл болсон.

-Дахиад барилдах бодол танд бий юү?

О.Н:- Байхгүй. Одоо бэртэл маань овоо болж байна. Бэлтгэл хийхгүй, барилдахгүй болохоор сэдрэх эрсдэл бага байгаа. Дахиад сэдрээвэл найз шигээ мэс засал хийлгэхээс өөр аргагүйд хүрнэ гээд айчихсан байхгүй юу. Саяхан нэг турникнээс зүүгдсэн чинь зовиуртай байна лээ.

Б.О:- “Энэ миний сүүлчийн барилдаан. Дахиж барилдахгүй” гэж бодон дэвжээнээс буух хамгийн хэцүү.

О.Н:- Ёстой тийм юм байна лээ. “Одоо дахиж барилдахгүй” гэж бодохоор сэтгэл хоргодолгүй яах вэ.

НАЙЗЫГАА Л ЭМЧЛҮҮЛЭХ СЭН, ДАХИН БАРИЛДАХЫГ НЬ ХАРАХ САН ГЭЭД БҮХНЭЭ ЗОРИУЛСАН ОН ЖИЛҮҮД

Б.Оюунсүрэн гавьяат 2018 онд мөрний мэс засалд орж, эдгэрсэн. Таныг эдгээхийн төлөө хамгийн их хөөцөлдсөн, бүхнээ зориулсан хүмүүсийн нэг Ука найз нь. Найзтай байхын сайхныг тэгэхэд бүр ч их мэдэрсэн үү?

Б.О:- Тэгсэн. Мөр байсхийгээд л мултран, яс эдэгдсээр байгаад үрэвсэл үүсчихсэн байсан юм. “Яаралтай яс нөхүүлэх мэс засал хийлгэх шаардлагатай” гэсэн оноштой Солонгосоос ирэх надад амар байгаагүй. Онгоцноос буунгуутаа гэртээ ч харилгүй шууд Укагийнд уйлаад очсон. Найзын маань хань Доёддорж бид гурав ярилцаж байгаад хандивын барилдаан хийн, аян өрнүүлэхээр шийдсэн юм.

Тэр аяныг зохион байгуулахад Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, дэлхийн аварга П.Орхон, “Малчин” телевизийн Жак ах, “Жудаг”-ийн Бат ах, Бямбадорж, Монголын чөлөөт бөхийн холбоо, бөхчүүд маань туслаж, дэмжсэн. Намайг эдгэрэхэд найзын минь хичээл, зүтгэл хамгийн их нөлөөлсөн.

О.Н:- Хэн ч байсан найзынхаа төлөө тэгж хөөцөлдөж, зүтгэх л байсан. Би найздаа тусласан гэхээс илүү хийх ёстой зүйлээ л хийсэн. Найзад минь тусласан, хандив өргөсөн, дэмжсэн бүх хүнд баярлаж явдаг.

Б.О:- Хандивын аянд гар бие оролцон, тусласан бүх хүнд, барилдаанд зодоглосон бөхчүүдэд, хандив өргөсөн монгол түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа . Баярлалаа гэж хэчнээн удаа хэлсэн ч үнэндээ багадах тийм том тусыг та нар маань хүргэсэн юм шүү.

ДЭЛХИЙН АВАРГЫН МЕДАЛИЙН ЭНТЭЙ ЯЛАЛТ

-Найзынх нь мэс засал амжилттай болж, эрүүл болоод ирэхийг харах хамгийн сайхан байв уу?

О.Н:- Мөрөндөө мэс засал хийлгэн, эрүүл саруул болоод ирэхэд нь мэдээж баярласан. Үүнээс илүү дэвжээндээ дахин гарч барилдан, улсын аварга болоод тэгээд бүр дэлхийн аваргад зодоглоход нь үнэхээр их баярласан. Найзыгаа барилдаж байхыг дахин харахыг би хэчнээн олон жил хүсэж, хүлээсэн гэж санана. Найз минь надаас ч их хүссэн, хурдан эдгээд барилдах сан гээд хоног тоолон хүлээсэн. Одоо ч энэ талаар бодохоор сэтгэл их хөдөлдөг, өөрийн эрхгүй уйлчих гээд байдаг юм.

Б.О:- Хүн их шуналтай юм билээ. Мөрнийхөө бэртлийг л эдгээчихвэл, зовиургүй болгочихвол гэж явсан хүн чинь эдгэрснийх нь дараа барилдах талаар бодсон. Тэр олон жилийн саад, бэрхшээлийг даван, өөрийгөө ялаад дэвжээнд дахин гарах, барилдахад үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн. Тэгээд бүр улсын аварга болж, дэлхийн аваргад барилдах бүр саак байсан. 

Үнэнийг хэлэхэд тэр олон жилийн дараа ДАШТ-ээс медаль авах боломж надад 100-ны 10 хувь л байсан. Нэгдүгээрт, миний бэлтгэл ямар байсан билээ. Бэлтгэлээ нөхөж, формдоо орж амжихгүй нь тодорхой. Миний оронд Ука маань оролцвол ДАШТ-ээс тав дахь медалиа авах 100 хувийн боломжтой. “Яах вэ” гэж бид хоёр хоорондоо ярилцсан.

О.Н:- Найз минь энэ олон жилийн турш хэчнээн их саад бэрхшээлийг даван туулсан билээ. ДАШТ-д барилдах боломж найзад минь дахиж олдоо ч уу, үгүй ч үү. Тиймээс найзынхаа хүслийг гүйцээхээр шийдсэн юм.

Б.О:- “ДАШТ-д барилдан, дэлхийн шилдгүүдтэй сайхан өрсөлдье” гэж бодоод л барилдсан. Өөрийгөө ялаад дэлхийн дэвжээнд дахин барилдсан минь надад медаль авснаас дутахгүй үнэ цэнтэй.

О.Н:- Найз минь өөрийгөө ялаад, ДАШТ-д барилдсан нь медаль авсны энтэй ялалт байхгүй юу.  Найзын минь тамирчны замнал тэгж гоё дууссанд баяртай байна.

-Та хоёр ер нь хоорондоо ам зөрж байв уу?

Б.О:- Би лав санахгүй байна. Одоо ч ёстой харцаараа ойлголцдог болсон. Зан, зангаа авалцчихаар “Тэгж хэлбэл гомдоно. Ингэвэл баярлана” гээд нэгнээ андахаа байчихдаг юм байна.

О.Н:- Тухайн үед бид хоёр хүүхэд байсан юм. Тэгээд бодохоор олон жилийн өмнө болсон юм байна. Яагаа вэ, хоолноос болж нэг удаа нэгнээ гомдоосон шүү дээ.

Б.О:- (Инээв). Нээрэн тэгсэн юм байна. Ёо, бодсон чинь инээд хүрчихлээ. Миний санаж байгаагаар, лав бэлтгэлийн үеэр байсан юм. Би хажуу өрөөнийхөн рүү ганцаараа ороод, хоолноос нь буудчихгүй юу. Тэгсэн чинь Ука надад гомдоод.

О.Н:- Надтай хамт явсангүй л гэж гомдсон шиг байгаа юм. Орон дээр буруу хараад хэвтчихэж билээ. Око орж ирснээ “Бондоолой, босоорой. Доошоо бууж хоол идье” гэсэн. Би уурласнаа урдаас чинь алим шидчихсэн бил үү?

Б.О:- Ёо, нээрэн тэгсэн шүү дээ. Алим шидсэнийг чинь таг мартчихсан байж. Сая хэлэхээр чинь саналаа.

“НАЙЗТАЙГАА ИНЭЭЛДЭН, САЙХАН ХООЛ ИДЭЭД СУУХ ЖИНХЭНЭ ЖАРГАЛ”

-Найзынхаа ямар зан, чанараар бахархаж, үлгэрлэж явдаг вэ?

О.Н:- Нэгнээ гэсэн чин сэтгэлд нөхөрлөлийн үнэ цэн оршдог гэж би боддог. Найзыгаа байгаагаар нь хайрлах, хүндлэх чухал. Окотой би бүх зүйл дээр санаа, яриа нийлдэг. Үлгэрлэх, бахархах чанар найзад минь олон бий. Ямар ч хүнтэй нэг л зангаараа харилцдаг, шударга. Хэзээ ч бусдад худлаа хэлдэггүй, хоёр нүүр гаргадаггүй. Надаас илүү ухаантай, хүлээцтэй. Миний хамгийн сайн зөвлөгч, түшиг тулгуур минь.

Хүний амьдралд баярлах, гуних зүйл тохиолдохыг алийг тэр гэх вэ. Найзтайгаа уулзахаар, ярилцахаар сэтгэл сайхан онгойчихдог. Ямар нэгэн зүйл тохиолдоход хамгийн түрүүнд найзыгаа боддог. Намайг үнэхээр сайн ойлгодог, ёстой тултал нь дэмждэг. Найзтайгаа байхдаа би үргэлж аз жаргалтай байдаг. Аз жаргал, баяр хөөр л бид хоёрыг дагаж явдаг. Ийм сайн, сайхан найзтайгаараа би хаана ч нүүр бардам явдаг.

Б.О:- Хэн хүнд байдаггүй нэг сайхан чанар найзад минь бий. Бусдад үнэхээр сэтгэл гаргадаг, тусч. Хэчнээн завгүй, боломжгүй байсан ч яаж ийж зохицуулаад туслахыг, дэмжихийг хичээдэг. Энд нэг найз нь эмнэлэгт хэвтчихвэл яаж ийж байгаад эргээд очдог. Тэнд нэг хүн зүдрүү амьдарч байвал халуун сэтгэл гаргаад туслах сан гэж гүйдэг. Надад ийм сайхан найз заяасанд, өнөөг хүртэл миний найз яваад би баярладаг, бахархдаг.

-Уулзахгүй удахаараа нэгнээ санадаг уу. Уулзахаараа ихэвчлэн юу хийдэг вэ?

О.Н:- Найзтайгаа уулзахгүй, утсаар ярихгүй жаахан л удахаар их санадаг. Найзыгаа санахаар ингээд сайхан инээлдээд суудаг мөч хамгийн түрүүнд санаанд орж ирдэг.

Б.О:- Би яг тэгж бодож суусан юм. Чи түрүүлээд хэлчихлээ (Инээв). Найзтайгаа уулзаад ингээд инээлдээд, сайхан хоол идээд суух ч ёстой жаргал шүү дээ. Өнгөрсөн жил нээрэн найздаа ёстой нэг сайн загнуулсан.

-Юу болсон юм бэ?

Б.О:- Би Завхан нутгийнхаа бэр болсон. Найз минь мөн Завханы бэр. Хяргас нуур руу явах замдаа надад гэнэтийн бэлэг барихаар шийдсэн юм байна. Тэгээд гэнэт яваад очиход нь би байгаагүй.

О.Н:- Найзыгаа баярлуулъя гээд очсон чинь хөдөө явчихсан байсан. Хүлээж байгаад ирэхээр нь баярлуулъя гээд утсаар залгатал “Шатахуун түгээх станц дээр үлдээчих” гэсэн. Хаа холоос 1000 км зам туулаад зориод очиж байхад чинь тэгж байгаа юм даа (инээв).

Б.О:- Гэр бүлтэй болохоосоо өмнө бид хоёр ёстой хаана ч хамт явдаг байсан. Би хаана байна, тэнд Ука байгаа гэсэн үг. Ука хаана байна, тэнд би байх нь тодорхой. Тийм ойр, дотно нөхөрлөж, найзласаар өдий хүрлээ. Одоо гэр бүлтэй болчихоор яг өмнөх шигээ үргэлж уулзах зав, боломж төдийлөн гарахгүй юм. Байнга уулзаж чадахгүй байгаа ч нэгнээ гэсэн сэтгэл минь хэвээрээ.

Би тийм ч нээлттэй хүн биш. Ямар нэгэн юм боллоо гэхэд дотны хүндээ л хэлдэг. Уйлаад л, хүн бүхэнд сэтгэлээ нээдэггүй. Ганц итгэдэг, жаргал, зовлон бүхий л юмаа ярьдаг найз минь Ука. Хүний амьдралд сайн найз үнэхээр чухал. Энэ орон зайг найз минь нөхсөн шиг нөхөж чаддаг.

-Гурвуулангийнх нь ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Та хоёртоо аз жаргал хүсье.

О.Н:- Юуны түрүүнд бид хоёроос ярилцлага авсан “Eguur.mn” сайтын хамт олонд баярлаа.

Өнөөдөр ингээд найзтайгаа хамт нөхөрлөлийнхөө талаар ярих сайхан байлаа. Хэзээд зориод очиход алгаа тосоод угтдаг, ямагт ард минь асаалттай танк шиг байдаг найздаа баярлаж явдаг. Хоёргүй сайхан сэтгэлээр нөхөрлөж яваа найзууд олон бий. Найзыгаа хүндэлж, хайрлаж яваарай, ямар нэгэн асуудал гарвал ярилцаад ойлголцож байгаарай.

Б.О:- Б.Буяндалай дүүдээ ажлын өндөр амжилт хүсье. Хамт олонд нь ажлын өндөр амжилт хүсье. Би өмнө нь найздаа “Би чиний зөвхөн найз л байя” гэж хэлж байсан. Өнөөдөр ингээд ярилцаад суусан чинь сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Тэр үгээ найздаа дахиад хэлье. Найз нь чиний найз шиг найз байя. Үүндээ хүрч, энэ үгэндээ эзэн байх гэж цаг мөч бүхэнд хичээж явдаг.

Миний найз байдагт нь, намайг түшиж, тулж явдагт нь найздаа баярлалаа. Найзынхаа гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье. Үрээ танихгүй өнөр, үрээгээ танихгүй баян болоорой. Эмгэн болтлоо, энэ хорвоогоос халих хүртлээ хамт хөтлөлцөн, инээхдээ инээгээд, уйлахдаа уйлаад хорвоог туулна аа, хоёулаа.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ТЭМҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
2022-01-28 11:23

Маааш гоё өөдрөг ярилцлага байнаа баярл####аа

Haha
Haha
2022-01-28 12:23

Un haltar a l nuud ve haha

uugii
uugii
2022-01-28 18:04

saihn nzuudad amjilt husiy

зочин
зочин
2022-01-28 22:16

Эмэгтэй хүн барилдах хүндийг өргөх бокс тоглох нэг л муухай үзэхээс дургүйээ

зочин
зочин
2022-01-28 22:19

Зөндөө нас####лаа шүү ээж нь 68 насыг зоогложээ өөө миний хүү унтаагүй байсымуу. Бие их тааруу байгаа жаахан юм өргөөд явахаар бөглөрч үхэх гээд гайгүй шиг өдрөө л гарч жааханжаахан юм цуглуулж бнадаа.За миний хүү схн амраарай

энхүүл
энхүүл
2022-01-28 23:15

сайхан нзууд байна

Зочин
Зочин
2022-02-01 01:31

huurhun ymaa

Хакуна
Хакуна
2022-02-03 10:44

Найзууд сайхаан2

Зочин
Зочин
2022-02-03 12:47

За бүр Ойдов гуай, Түвшинбаяр нарын их аваргуудтай өөрсдийгээ зүйрлэх нь. Яс юман лээр Дайнд эмэгтэйчүүдийг эмч сувилагчаар л авах байх. Инжинаашийн хэлсэнийг санацгаая

Холбоотой мэдээ

Back to top button
9
0
Would love your thoughts, please comment.x
()
x