ДЭЛХИЙ

БНХАУ АНУ-тай худалдааны дайн өрнүүлэхэд бэлэн

Баасан гаригт АНУ болон Хятад улсын хооронд үүсээд буй худалдааны дайны хүрээнд БНХАУ газрын ховор элементийн экспортоо хориглох тухай асуудлыг тус улсын төв телевизээр мэдээлсэн.

Тэдний экспортын хоригт оруулахаар төлөвлөж буй газрын ховор элемент нь АНУ-ын сансрын пуужин болон орчин үеийн технологийн олон бүтээгдэхүүнд ашиглагддаг. Ховор төрлийн 17 элементийг Хятад улс олборлодог бөгөөд хэдийгээр дэлхийн хэд хэдэн улсад уг ховор элемент байдаг ч олборлож чаддаггүй байна. АНУ-ын ховор элементийн хэрэгцээний 80 хувийг Хятад улс дангаар бүрдүүлдэг учир энэ нь тэдний хувьд маш том хөзөр дэлгэж буй явдал юм.

АНУ-ын Засгийн газраас Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний импортод 25 хүртэлх хувийн татвар ногдуулах шийдвэр гаргасан. Харин хариуд нь зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхэлж АНУ-аас Хятад улс руу импортолж буй 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэгдүүлсэн шийдвэр хэрэгжиж эхлэв. АНУ-ын зүгээс импортын барааны татварыг шат дараатай нэмэгдүүлж, үлдсэн 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг нэмнэ гэдгээ анхааруулсан юм. 

Энэ сарын 28-29-ний өдрүүдэд хоёр орны төрийн тэргүүн Японы Осака хотод “Их-20”-ийн уулзалтад айлчилна. Тэд энэ үеэр хоёр талын уулзалт хийх боловч худалдааны дайны асуудлаар хэлэлцэхгүй гэжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Тарифыг нэмэгдүүлэх шийдвэр Хятадын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа. Тиймээс худалдааны маргааныг эцэслэх шийдвэрт хүрэхийг зорьж байна” хэмээн Цагаан ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ хэлсэн бөгөөд эндээс үзэхэд хоёр орны төрийн тэргүүн Осакад болох уулзалтаар тодорхой алхмуудыг хийж магадгүй гэсэн хүлээлт буй юм. АНУ-ын төрийн тэргүүний уг мэдэгдлийн араас өчигдөр Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ “АНУ-ын зүгээс Хятад улстай худалдааны дайн өрнүүлье гэж байгаа бол бид бэлэн байна. Мөн яриа хэлэлцээ хийх боломж ч нээлттэй хэвээр” хэмээн мэдэгджээ.

Ц.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button