ДЭЛХИЙНИЙГЭМ

БНАСАУ 2017 оноос хойш хамгийн том пуужин харваж, амлалтаа зөрчлөө

БНАСАУ буюу Умард Солонгос өчигдөр /2022.01.30/ 2017 оноос хойш хамгийн том баллистик пуужингийн туршилтаа хийлээ. Энэ талаар Японы болон Өмнөд Солонгосын холбогдох албаны хүмүүсийн тооцоолсноор, Умард Солонгосын энэ удаад 2,000 км өндөрт хүрэх чадвартай, 30 минутын дотор 800 км зайн тусгалтай пуужинг харвасан ба Япон тэнгист газардсан гэлээ.

Энэ удаагийн туршилт нь 2022 он гарснаар долоо дахь удаагийн пуужингийн туршилт. Мөн 2017 оноос хойших хамгийн том пуужингийн туршилт боллоо хэмээн олон улсын эх сурвалжууд мэдээлж эхэлсэн.

Өмнөд Солонгосын мэдэгдсэнээр, Умард Солонгос орон нутгийн цагаар ням гараг /2022.01.30/-ийн буюу өчигдөр өглөө 07:52 цагт зүүн эргээсээ ийнхүү пуужин харвасан гэлээ.

Умард Солонгосын эрх баригчдыг пуужин харван туршсантай холбогдуулан Япон, Өмнөд Солонгос болон АНУ тэргүүтэй улс орнууд зэмлэн буруутгасаар ирсэн.

Мөн НҮБ ч Ким Жон Ун тэргүүтнийг баллистик пуужин болон цөмийн зэвсгийн туршилт хийхийг нь хориглож, тус улсын эсрэг хатуу хориг арга хэмжээнүүд авсаар ирсэн.

Үүнийг үл харгалзан Умард Солонгос эдгээр олон улсын хоригийг үл ойшоож,  удирдагч Ким Жон Ун улс орныхоо цэрэг арми, батлан ​​хамгаалах чадавхаа цаашид ч улам бүр бэхжүүлнэ гэдгээ мэдэгдсээр байгаа юм.

Хамгийн ноцтой зүйл гэвэл, Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдэгдсэнээр, “Умардчуудын өчигдөр харван туршсан пуужин нь дундын зайн тусгалтай баллистик пуужин байсан. Тиймээс 2017 оны арваннэгдүгээр сараас хойш Умард Солонгосын харван туршсан хамгийн том пуужин юм” хэмээн онцоллоо.

Уг нь, өмнө нь 2018 онд Ким Жон Ун цөмийн зэвсэг болон алсын тусгалтай тив алгасагч баллистик пуужин харван туршихаа зогсоож буйгаа зарлаж байсан удаатай. Тодруулбал, 2018 онд удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хийсэн анхны уулзалтаараа цөмийн туршилт хийхгүй хэмээн амлалт өгч байсан юм. Гэсэн ч, тэрбээр 2019 онд эл амлалтаасаа няцсан юм.

2022 он гарснаас хойш нэг сарын хугацаанд удаа дараа пуужингийн туршилт хийсэн тул АНУ Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээгээ улам чангатгах болсон. Мөн Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр орны хувьд яриа хэлэлцээ ч зогсонги байдалд ороод байгаа билээ.

Ийнхүү Умард Солонгос 2017 оноос хойш анх удаа дунд тусгалын пуужин хөөргөснөөр Тив хоорондын баллистик пуужин /ICBM/ хөөргөхгүй байх амлалтаасаа татгалзсан алхам хийлээ хэмээн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин мэдэгдлээ.  

“Умард Солонгосын тал өнөөг хүртэл цөмийн туршилт, тив хоорондын баллистик пуужин хөөргөхөө зогсоож, яриа хэлэлцээ хийх хүсэлтэй буйгаа илэрхийлсээр ирсэн. Гэсэн ч, энэ удаад үнэхээр дунд тусгалын баллистик пуужин харвасан бол тэд Тив хоорондын баллистик пуужин хөөргөхгүй байх амлалтаа цуцлахад ойрхон байна” хэмээн Мүн Ж Ин онцлов.

Тэрбээр цааш нь хэлэхдээ, “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдал, олон улсын хамтын нийгэмлэгийн дипломат хүчин чармайлтыг ганхахад хүргэж, мөн түүнчлэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчсөн үйлдэл боллоо” хэмээв.

Мүн Жэ Ин Умард Солонгосыг хурцадмал байдал үүсгэхээ зогсоож, олон улсын яриа хэлэлцээний уриалгад хариу өгөхийг уриаллаа.

Умард Солонгосын долоо дахь удаагийн пуужингийн туршилттай холбогдуулан Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Мицүно Хироказү сэтгүүлчдэд хэлэхдээ, Японы цэргийн шинжээчдийн үзэж буйгаар пуужин 2,000 км-ийн өндөрт хүрэх, 800 км-ийн зайн тусгалтай пуужин харвасан ба Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэлээ.

(Эх сурвалж: Reuters; BBC; Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 31, 2022 09:31

ene neg heden durakuudaas bolood delhiin dain boloh viide

Холбоотой мэдээ

Back to top button