Нийгмийн

СУРВАЛЖИЛГА: Дэлгүүрүүдийн өрийн дэвтэрт ХЭВИЙН БООВНЫ зээл зонхилж байна

Сар шинийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй, гэр бүлийн хүрээнд ёслон өнгөрүүлнэ. Энгийн үеийг бодвол энэ баярт зориулж бэлтгэх баярын ширээ танагтай, орж ирсэн зочдод бэлэг сэлт бэлтгэх нь эрс бага юм. Гэвч иргэд хэвийн боов, бууз хийх гурил зэрэг хамгийн шаардлагатай бүтээгдэхүүнээ дэлгүүрээс зээлж "Өрөнд баригдсан өвөрмөц цагаан сарын баяр"-аа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдийн Өрийн дэвтрээс сурвалжиллаа.


-КОВИДЫН ХОЁР ЖИЛД ӨРИЙН ДЭВТЭР БҮР ИХ ЗУЗААРСАН-

Эгүүр.мн сайтын сурвалжлах баг хотын зах хэсэг, Дарь-Эх орчмын найман нэрийн дэлгүүрийн худалдагчид мөн өр тавьж буй иргэдтэй уулзлаа. Бидний орсон дэлгүүрийн худалдагч Ө.Нарсайхан ийн ярилаа.

-Дэлгүүрээ ажиллуулаад хэр хугацаа өнгөрүүлж байна вэ?

-Дэлгүүрээ ажиллуулаад найман жил болж байна. Энэ хавийнхан бүгд л намайг танина. Би ч тэднийг андахгүй. Амьдрал ахуй, аж байдал нь ямар байдгийг ч сайн гадарладаг.

-Энэ хугацаанд хэчнээн өрийн дэвтрийг хөтөлсөн бэ?

-Жилд 96 хуудастай нэг дэвтэр арай дуусдаггүй. Гэхдээ энэ найман жилийн хугацаанд 14 дэвтэр хөтөллөө.

-ДЭЛГҮҮРИЙН ӨРИЙН ДЭВТЭР БОЛ НИЙГМИЙН ТОЛЬ-

-Хамгийн их зээл өрийн дэвтэрт бичигдсэн жил гэвэл?

-Ковид гарснаас хойш өрийн дэвтэр зузаарч эхэлсэн. Дэлгүүрийн өрийн дэвтрийг нийгмийн толь гэж ойлгож болно. Иргэдийн амьдрал ямархуу байгааг зээлж буй бараанаас нь мэдэж болно. Энэ хавийн оршин суугчдын хэдэн хувь нь өртэй байна уу гэдгийг харж нийгмийн бичил судалгааг хийж болдог.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд өрийн дэвтэр ихээр хөтлөгдөж, бидэнд ч орлого олдох нь ховордсон. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй л амьдарч байна. Ковидын жилүүдэд хүмүүсийн өрөө буцаан төлөх нь ч багассан.


-Өрийн дэвтэрт ямар бараа бүтээгдэхүүн зонхилж байна вэ?

-Ихэвчлэн гурил, будаа, ногоо, мах, саван, вок гээд өдөр тутмын хэрэглээгээ авдаг. Гэхдээ цагаан сар болох гэж буйтай холбоотой сүүлийн долоо хоногт өрийн дэвтэрт хэвийн боов түлхүү бичигдэж байна.

-Орлогыг чинь ихээр хаадаг гэж хэлсэн ч зээл өгсөөр байдаг юм байна. Зээл өгөхгүй байхыг боддог уу?

-Дотроо бол зээл өгөхгүй байхыг их хүсдэг. Би ч бас амьдралтай хүн шүү дээ. Хэдийгээр үйлдвэрээс гарсан бараанд үнэ нэмж зарж байгаа ч олон хүн цалинжуулж, нэмэлт төлбөр, урсгал зардлуудаа төлнө. Заримдаа дэлгүүрт хулгай орно.

Зээл өгөхгүй байя гэхээр өдөржингөө сахиад, гуйгаад л зогсдог хүмүүс их. Ихэвчлэн хүмүүс зовлонгоо тоочно, хүүхдүүдээрээ түрий барина. Хүн зовлонгоо тоочиход би ч бас эх хүн учраас яалт ч үгүй өрөвддөг, туслахыг хичээдэг. Ер нь маш олон хүний зовлонг сонсож, сэтгэл хүндэрч явдаг.

Зарим айл дөрвөн нүүр бүтэн бичүүлж зээлэх нь ч бий. Буцааж өгөхгүй сураггүй алга болчихдог хүмүүс ч бий. Тэгсэн хэрнээ өөр дэлгүүрүүдээр яваад байдаг. Утасны дугаараа сольчихно. Энэ болгон миний олох орлогын хаалт болж байгаа шүү дээ.

-АРХИ ЗЭЭЛЭЭР ӨГДӨГГҮЙ-


-Та архи зээлээр өгдөг үү?

-Хоол хүнсээ авч чадахгүй байж архи авах гэлээ гээд түс хийтэл загнана. Архийг бол яаж ч гуйсан зээлээр өгдөггүй. Энэ хавийнхан ч намайг зээлээр архи байтугай пиво, тамхи өгдөггүй гэдгийг сайн мэднэ. Архинд ороогүй хүн байсан ч тэр ялгаагүй. Зээлээр зөвхөн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүн л өгдөг.

-Иргэдийн амьдрал таны нүдээр ямар харагддаг вэ?

-Архи авах гэвэл загнана, хааяа хүн багатай үед архинаас гаргах юм сан гэсэн үүднээс уудаг хэдэн нөхдүүдтэйгээ ярилцана. Сэтгэл их өвддөг юм. Архи зарсны маргааш хүүхдүүдийнх нь нүд бүлцийсэн юм орж ирдэг. Өмнөх өдөр би аавд нь архи өгчихсөн учраас л тэр шүү дээ. Ийм зүйлийг олон жил харж байгаа учраас зүрх сэтгэл үнэхээр өвддөг.

Заримдаа архи зарахаа больдог юм билүү гэж бодно. Гэхдээ найман нэрийн дэлгүүрийн орлогын эх үүсвэр архи байдаг. Би ч бас амьдрахаар зүтгэж байгаа учраас зарсаар л байна. Гэхдээ сэтгэл дотор минь архи гэдэг зүйлийг бусдын амьдралд оруулсаар байгаадаа гэмшдэг. Хэдий би зарахаа больсон ч бусад дэлгүүрүүд зарахаа болихгүй юм чинь л гэж боддог.

Бидний орсон дэлгүүрүүдийн худалдагчид бүгд адилхан зүйлсийг ярьж байлаа. Архи зээлдэггүй, хүнс болон өргөн хэрэглээний барааг зээлдэг. Өгөхгүй гэж бодсон ч яриаг нь сонсоод, үр хүүхдийг нь бодоод өгөхөөс өөр арга байдаггүй тухайгаа ч бүгд хэлэв. Харин дэлгүүрээр орж буй иргэдээс "Та дэлгүүрээс зээл авч байсан уу" гэх асуултыг 14 иргэнээс асуухад бүгд "Зээл авч, өрийн дэвтэрт бичүүлж байсан" гэлээ. Тэдний нэг иргэн Б.Навчтай ярилцлаа.


-ЗЭЭЛ АВЧ, ЦАРАЙЧЛАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ УЧИР ӨРИЙН ДЭВТЭРТ ТЭМДЭГЛҮҮЛДЭГ-


-Зээл авдаг гэлээ. Ихэвчлэн ямар төрлийн барааг зээлээр авдаг вэ?

-Хүнсний бүтээгдэхүүн авдаг. Гурил, будаа, хааяа ногоо авна. Ер нь хамгийн шаардлагатай бүтээгдэхүүнээ л авдаг.

-Дэлгүүрийн худалдагч зээл өгөх дургүй байдаг гэж бидэнд хэллээ. Танд зээл өгөхгүй гэж хэлж байсан удаа бий юү?

-Байлгүй яах вэ. Үнэхээр зээлээр авахаас аргагүй, гуйж царайчлахаас өөр сонголтгүй болоод л зээлэхийг хүсдэг. Ломбардад эд зүйлээ тавиад мөнгөтэй болмоор байв ч тавих эд зүйл байхгүй. Эвий, дэлгүүрийн худалдагчид биднийг их нигүүлсэж байж л зээл өгдөг. Хүний амьдралыг сайн ойлгодог хүмүүс байдаг.

-Та одоо ямар нэг дэлгүүрээс зээл авсан байгаа юу?

-Тийм ээ. Саяны гарч ирсэн дэлгүүрт 130 мянган төгрөгийн зээлтэй. Өөдөөс харсан хоёр дэлгүүрт 200 мянга орчим төгрөгийн өр бий. Цагаан сараа элбэг, дэлбэг гачигдалгүй л гаргачих юмсан гэсэн дээ зээлээр юмнуудаа авчихсан. Амьдрал болно доо. Үр хүүхдүүдээ хоосон хонуулахгүйн тулд л өр зээл тавьж байна даа.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Монголчууд мухар сүсэг, билэг дэмбэрлээ бодож шинэ онд өр зээлгүй ордог. Тиймдээ ч хүнээс зээлсэн өр ширээ амжиж барагдуулдаг. Гэвч үхэр жилээ үдэж, бар жилд шилжиж буй Монголчуудын амьдрах чадвар эрс дорджээ. Үүнийг зөвхөн хотын захын дэлгүүрээс энэ удаад сурвалжиллаа. Хотын төв, орон сууцуудын дэлгүүрүүдэд ч өрийн дэвтэр хөтлөгдөж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ingej ur tavin baij bayar hiine gedeg setgelgeenii doroi baigaagiin shinj

boldoo
boldoo

amidral uneheer hetsuu bga

hasar
hasar

bi ch bas delguurd ortei yvaa yumnii une osood hetsuu bolj bnshude

Холбоотой мэдээ

Back to top button