СПОРТСурвалжилга, Нийтлэл

Ц.РАДНАА: Тэтгэвэрт гарсныхаа дараа өглөө бүр явган гүйж очоод адуугаа хураадаг байлаа

Гурван жилийн өмнө нэгэн телевизээр “Зайсан толгой дээр ганц ч амралгүйгээр гүйгээд гардаг гайхалтай өвөө” хэмээн нэгэн хүнийг онцолсон нь спортын мастер Цэрэнгийн Раднаа гуай юм. Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат, 85 настай тэрбээр энэ жил Польш улсад болсон хөнгөн атлетикийн ДАШТ-ий уртын харайлт, 400 метрийн болон саадтай гүйлтийн төрөлд түрүүлж, монгол түмнээ баярлуулсан юм. Нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталсан Ц.Раднаа гуай ДАШТ-д анх удаа өрсөлдөөд дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлснээр нь бахархахгүй байхын аргагүй.

Олон улсын тэмцээнд төдийлөн оролцдоггүй, Азийн дэд аварга тэрбээр хэдхэн хоногийн өмнө Австралид болсон олон улсын тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдэд нь дээд амжилт шинэчлэн, Монгол Улсын нэрийг дэлхийд дахин дурсгав. Монгол хүний шандсыг дэлхийд гайхуулж яваа Ц.Раднаа гуайтай ярилцлаа.

Монгол түмнээ дахин баярлуулах сан гэж чин сэтгэлээсээ хүссэн

-Юуны өмнө Австралийн тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдийнх нь дээд амжилтыг эзэмших болсонд тань баяр хүргэе. Сайн явж ирэв үү, та. Замдаа хэр ядрав?

-Баярлалаа. Австралийн тэмцээн 10 хоног үргэлжилсэн, би таван төрөлд оролцсон болохоор их ядарлаа. Онгоцоор олон цаг нисэх ч бас шаггүй шүү. Дуу нь их сүрхий юм аа. Чих дөжрөөчих шахлаа (инээв). Онгоцоор 14 цаг нисэн, хоёр дамжаад өнөө өглөө 04.00 цагт (өчигдөр) эх орондоо ирлээ. Сэтгэл их хөдөлж, Монголдоо хурдан ирэх сэн гэж их яарсан. Монголчууд амжилтаар минь бахархаж байна гэж манай гэрийнхэн надад хэлсэн. Тэгсэн болоод ч тэр үү, Монгол руу дөхөх тусам догдоллоо. Дэлхийн аварга болсноосоо хойш оролцсон анхны тэмцээн минь энэ. Уг нь Налайхад болсон нэг тэмцээнд хурд сорихоор төлөвлөж байв. Яг тэр үеэр манай Өмнөговь аймгийнхан нутагтаа урьсан юм. Яалт ч үгүй давхцаад өрсөлдөж чадаагүй. Би Австралийн тэмцээнд амжилт гарган, Монгол түмнээ дахин баярлуулж, огшоох сон гэж чин сэтгэлээсээ хүссэн, бүхнээ дайчилсан. Түүндээ хүрсэндээ их баяртай байна. Тааруу амжилт гарган монгол түмнийхээ итгэлийг хөсөрдүүлэх вий гэж санаа их зовсон. Амжилт гаргаарай, хичээгээрэй гэж дэмжсэн монгол түмний итгэл намайг ивээж, амжилтын минь замыг дардам болгосон байх. Оролцсон төрөл бүхэндээ дээд амжилт тогтоосон. Монголдоо ирэхэд онгоцны үйлчлэгч хүртэл “Та сайн явж ирэв үү. Мундаг шүү” гээд тосоход их сайхан санагдлаа. Австралийн тэмцээнд надтай хамт хоёр монгол тамирчин өрсөлдсөн. Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор таван алт, нэг мөнгө, 65 настай Нараа хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. 81 настай Т.Цэрэндолгор үнэхээр ясны тамирчин. Австрали ёстой нэг зээрэнцэг шидэлт, бөөрөнцөг түлхэлтийн орон юм билээ. Дүхийсэн биетэй, биерхүү тамирчин олонтой юм байна. Тэднийг илүүрхэх үнэхээр хэцүү. Ёстой Т.Цэрэндолгор тулдаа л түрүүллээ.

Ханьтайгаа, 10 хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдарч буйдаа олзуурхдаг

-Ц.Раднаа гуайг энэ жил дэлхийн аварга болоод ирэхэд хань, 80 гаруй настай хоёр дүү, гэр бүлийнхэн тань тосохыг хараад сэтгэл их хөдөлсөн. Өнөө өглөө ч бас таныг бүгдээрээ тоссон гэсэн. Өдий насандаа баярт мөчөө эрхэм хүмүүстэйгээ хуваалцана гэдэг ховор хувь заяа болов уу?

-Тийм шүү. Дэлхийн аварга болсноосоо, Австралийн  тэмцээнд бахдам амжилт гаргаснаасаа дутахгүй үүнд олзуурхаж байна. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ. Би малын эмч, биеийн тамирын багш мэргэжилтэй. Манайх зургаан хүү, дөрвөн охинтой. Нэг нь ч архи ууж, тамхи татдаггүй, хүмүүжилтэй. Манай хүүхдүүд спортын дөртэй, олонх нь спорттой амьдралаа холбосон. Том хүү, хамаатны цөөнгүй дүү минь биеийн тамирын багш. Төрөө, Батсайхан нар хөнгөн атлетикаар хичээллэдэг байсан, ууган хүү Бадрах Украины биеийн тамирын дээд сургуулийг төгссөн, усанд спортын Монголын анхны мэргэжлийн дасгалжуулагч. Нэг охин минь дөрвөн төрөлтийн УАШТ-д чамлахааргүй амжилт гаргасан. Бадрах Х.Баянмөнх аварга Биеийн тамир, спортын хорооны дарга байхад орлогчоор нь ажиллаж байсан юм. Хань минь залуудаа аймаг, сумын гүйлтийн тэмцээнд оролцдог байсаан. Ууган хүү минь ОУХМ, Баяр, Төрөө хоёр спортын нэг, Батсайхан спортын гуравдугаар зэрэгтэй.

-Танайх үнэхээр спортлог гэр бүл юм байна. Хүүхдүүд тань спортод хорхойсоход, амьдралаа холбоход та их нөлөөлсөн байх.

-Магадгүй л юм. Бага байхад нь өглөө бүр дагуулан гүйдэг байлаа. Гүйсээр уулын оройд гаран, бие тавирч, амьсгаа дарагдаж байхад үүр цайдаг сан. Тэр бүхэн манай хүүхдүүд спортод дөртэй, элэгтэй болоход тодорхой хэмжээнд нөлөөлсөн байх. Спортлог гэснээс манай зарим хүүхэд морь уядаг. Том хүүгийн морь улсын наадамд түрүүлж байсан.

Тэтгэвэрт гарсныхаа дараа малчин болсон

-Та ер нь морь уяж байв уу?

-Нэг их ойгүй уяагүй ээ. Залуудаа нэг шарга азарга уяж байлаа. Тэгж явсан нь манай  зарим хүүхэд моринд хорхойсож, уяач болоход нөлөөлсөн байх. Би залуудаа адуунд эрэмгий, хэр баргийн морины булгианд тогтож үлддэг байлаа. Би тэтгэвэрт гарсныхаа дараа малчин болсон.

-Биеийн тамирын багш, малын эмчээр насаараа ажилласан таныг малчин болоход юу нөлөөлөв?

-1958 онд тэтгэвэрт гаран, аймгийнхаа төвд амьдарч байгаад 1990 онд зах зээлийн ороо бусгаа үетэй золгосон. Тэтгэврийнхээ хэдэн төгрөгөөр хүүхдүүдээ тэжээж хүрэхгүйд хүрсэн тул хөдөө гарч, мал малласан юм. Манайх гүү их уядаг байлаа. Өглөө бүр явган гүйж очоод адуугаа хураадаг байж билээ. Тиймэрхүү амьдралын орчин, хэв маяг их бэлтгэл болсон шүү. Өнөөгийн амжилтад их нөлөөлдөг.  10 гаруй жил мал маллаад 2006 онд Улаанбаатар хотод шилжиж ирсэн юм.

ДАШТ-д гаргасан амжилтынхаа цагийг ахиулсан

-Хоёулаа эргээд Австралид оролцсон тэмцээний тань тухай ярья. Хөнгөн атлетик хэмжигдэхүүнтэй спорт тул Австралийн тэмцээнээс таван алтан медаль хүртэн, бүгдэд нь дээд амжилт шинэчилнэ гэх багцаа танд байсан уу?

- Бие хөнгөн, ямар нэг зовиургүй, бэлтгэл сайтай байсан болохоор амжилт гаргана гэдэгтээ итгэлтэй байсан. Бэлтгэл хангалцсан ууган хүү минь “Аавын бэлтгэл сайхан ханажээ” гэсэн. Би зөвхөн түрүүлэх бус өөрийнхөө амжилтыг ахиулахын төлөө зүтгэлээ. ДАШТ-д 400 метрийн зайд түрүүлэхдээ гаргасан амжилтаа нэг секунд, 46 долиор ахиулсандаа олзуурхаж байна. Намайг үргэлж дэмждэг Монголын ард түмэндээ, Өмнөговь аймаг болон Баяндалай Засаг дарга, өмнөговьчууддаа баярлаж явдаг.

-Хөнгөн атлетикийн зориулалтын ордон Монголд байхгүй, бэлтгэлийн нөхцөл ч муутай. Та тэмцээний өмнөх бэлтгэлээ хэрхэн хийв?

-Өглөө бүр 06.00 цагт босон, Зайсан толгой өөд, Туул голын дагуу гүйдэг. Бас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бэлтэлээ базаадаг. Гэртээ байхдаа найман кг жинтэй гантил өргөдөг, хөл, гараараа тус бүр 20 удаа. Сэнжээр нь хөлөндөө углаж байгаад, хэвтэж байгаад ч өргөнө. Дулааны улиралд аргатай. Өвлийн хүйтэнд Туулын жавар сөрөн гүйх ч хэцүү шүү. Монголд одоо нэг л чухал зүйл байна. Тэр бол хөнгөн атлетикийн тамирчид бэлтгэл хийх зориулалтын ордон.

Энэ үеэр тэрбээр хөл, гараараа гантил хэрхэн өргөж, бэлтгэл хийдгээ үзүүлэв. Хүү Батсайхан нь “Аав зав л гарвал гантил өргөдөг. Шөнө ч хамаагүй үүнтэйгээ ноцолдож суудаг юм. Гантилаа газарт хамаагүй ширүүн хаясны улмаас доод давхрын айл бухимдах үе ч бий. Одоо аав доороо зузаан юм дэвсэж байгаад өргөдөг болсон” гэв.

Мөрөөдлөө 85 насандаа биелүүлсэн

Ц.Раднаа гуайтай уулзсаных дэлхийн аварга болсны тань тухай асуулгүй өнгөрвөл алдас болох байх. Та тэмцээний эхний өдөр 400 метрийн гүйлтэд түрүүлж, дэлхийн дээд амжилт шинэчлэхдээ Японы алдарт тамирчин Танака Хирог гүйцсэн. Тэгсэн нь таны сэтгэлийг улам хөдөлгөж, өөр төрөлд ч амжилт гаргах урам өгсөн байх.

-Тэгэлгүй яах вэ. Би 2017, 2018 онд Японд болсон Азийн АШТ-д оролцсон. Түүнээс өөр олон улсын тэмцээнд өрсөлдөж үзээгүй байхдаа ДАШТ-д өрсөлдсөн юм. Өнгөрсөн жил Японы тамирчин Танака Хирод дийлдэн, Азийн дэд аварга болохдоо ДАШТ-д хурд сорих эрх авсан. Тиймээс түүнийг л гүйцчихвэл амжилт гаргана гэдэгтэй итгэлтэй байлаа. Медаль хүртчих юм сан л гэснээс дэлхийн аварга болно гэж бодоогүй. Азийн АШТ-д оролцох үеэр ДАШТ-д түрүүлсэн, дэлхийн рекорд эзэмшдэг тамирчдын амжилтын тухай ном надад өгсөн юм. Түүнийг нэлээд судалж, өөрийнхтэйгөө харьцуулсан. Бэлтгэлээ тэгж хийсэн нь үр дүнтэй байлаа. Уралдааны үеэр Танака Хирогийн амьсгалах нь их ойрхон сонсогдов. Миний ард ойрхон гүйж яваа бололтой. Тэр үед би “За яах вэ, сүүлчийн 50 метрт илүүрхэнэ дээ, чамайг” гэж бодсон. Түүгээрээ ч уралдлаа. Барианд орсны дараа харах нь ээ өнөөх чинь надаас нэлээд хоцорсон байсан. Ер нь Өмнөговь аймаг хөнгөн атлетикийн шилдэг тамирчдаараа хэзээнээсээ алдартай. 10 өдрийн гүйлтийн дэлхийн хошой аварга Б.Буджаргал манай аймгийнх шүү дээ.

Багадаа “Цагаан зээрийн янзага” гэдэг хочтой байлаа

-Та насаараа хөнгөн атлетикаар хичээллэж яваа тамирчин. Насаараа тээсэн зорилгодоо 85 насандаа хүрнэ гэж төсөөлсөн үү?

-Би багадаа “Цагаан зээрийн янзага” гэдэг хочтой байлаа. Малын бэлчээрт, голын захад, сургуулийн биеийн тамирын талбайд гээд хаана л бол хаана гүйж явдаг хүүхэд байсан сан. Айл, саахалтын хүүхдүүдийг урдаа гишгүүлж үзээгүй. Залуудаа малын эмчээр олон жил ажилласан. Өвөл зунгүй, хөдөө гадаагүй малтай ноцолдож явахад өөр мэргэжил эзэмших тухай бодол үе үе төрнө. Тэгж явахдаа Монголын бүх ард түмний спартакиадад оролцон, 400, 800 метрийн гүйлтэд түрүүлж, спортын мастер цолны болзол хангав. Хөнгөн атлетик гэж ийм сайхан спорт байдгийг тэгэхэд мэдсэн нь миний амьдралыг өөрчилж, өнөөгийн амжилтад хүрэх жимийг гаргасан. Тэр жилээ өнөөгийн МУБИС-д багш, дасгалжуулагч мэргэжлээр элссэн. Тухайн үед би 28 настай байлаа. Спортод хожим хөл тавьсан тул Монголынхоо шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөх, шигшээ багийн тамирчин болох, олон улсын тэмцээнд оролцох боломж байгаагүй. Залуу байхад манай улсад олон шилдэг тамирчин байлаа. Хэчнээн хичээсэн ч тэднээс онцгойрч чадаагүй. Хөнгөн атлетикийн спорттой амьдралаа холбосноосоо хойш би тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлэхийг зүгээр нэг хүсэх бус, мөрөөдсөн. Төдийгөөс өдий хүртэл түүндээ хүрэхийн тулд уйгагүй зүтгэж, хөдөлмөрлөсөн юм л даа. Гавьяаныхаа амралтыг эдэлж, малчин болохдоо ч, 80 насны босгыг давахдаа ч би мөрөөдлөө орхиогүй. Тэгснийхээ үр шимийг хүртэн, 85 насандаа мөрөөдлөө биелүүлсэн юм. Төрийн далбаагаа мандуулан, цэнгэлдэх тойрон гүйхдээ ядарч, цуцсанаа умартсан шүү. Алтан медалиа энгэртээ зүүн, Төрийн дуулал эгшиглэх мөчид ямар сайхан байсныг үгээр илэрхийлж чадахгүй нь. Хэдхэн жилийн бус, амьдралынхаа туршид тээсэн зорилгодоо хүрсэн болохоор бүр ч догдолж билээ.

-200 метрийн гүйлтэд мөнгөн медаль авсан амжилтыг тань яагаад цуцалсан юм бэ?

-Миний буруу л даа, техникийн алдаа гаргасан. Гүйлтийн дүрэм их нарийн. Тамирчид зөвхөн өөр, өөрсдийн замаар, цагаан зураасных нь дагуу уралдах учиртай. Би тэмцээнд оролцож байхдаа хажуугийнхаа зураасан дээр гишгэчихсэн юм билээ. Тухайн үед би мэдээгүй. Барианд орсны дараа зохион байгуулагчид надад уралдааны бичлэг үзүүлж, амжилтыг минь цуцаллаа гэсэн. Яалт ч үгүй би бүдрэхдээ зураас даваад гишгэчихсэн байна лээ.

Хүмүүс намайг гүйдэг өвөө гээд андахаа байсан

-Дэлхийн аварга болсноос тань хойш Ц.Раднаа гуайн амьдралд ямар томоохон өөрчлөлт гарав?

-Хүмүүс намайг андахаа байсан, би олны танил болсон юм шиг байна лээ. Гадаадад явж байхад хүртэл хүмүүс андахгүй. ДАШТ-д түрүүлснийхээ дараа төрийнхөө далбааг намируулан, цэнгэлдэх тойрон гүйснээр минь хүмүүс их бахархдаг юм билээ. “Уралдаж ирчихээд ядраагүй юм уу, та. Цэнгэлдэх тойрон гүйх тамир үлджээ” гээд их гайхдаг юм. Хаана ч явсан хүмүүс “Гүйдэг өвөө явж байна” гээд баяр хүргэн, надтай хамт зургаа авахуулдаг. Жаахан хүүхдүүд “Өвөө та аймар хурдан тийм ээ” гээд л угтдаг юм. Тэгэхээр нь “Сайн хүн, сайн тамирчин болоорой” гээд үнсээд явуулдаг. Хүмүүс “85 настай хүн ийм эрүүл чийрэг, хөнгөн байдаг мөн ч гайхмаар шүү. Ямар сайхан юм бэ. Би 85 нас хүрэхээрээ тан шиг лав болж чадахгүй” гээд толгой сэгсэрдэг. Тэгэхээр нь би тэдэнд “Архи, тамхи битгий хэрэглэ, спортоор идэвхтэй хичээллэ” гэж зөвлөдөг юм. 30-60 настай хүмүүс надаас их зөвлөгөө авдаг. Тэд ихэвчлэн бэлтгэлээ хэрхэн хийх талаар асуудаг юм.

-Танаас үлгэрлэн спортдоо эргэн хөл тавьсан хүн бий юү?

-Ер нь олон байгаа юм шиг байна лээ. Би нэг удаа хорооныхоо эмнэлэгт очин, судас тариа хийлгэв. Тэгж явахад нэг хүн надтай уулзсан нь Буджаргалын багш байлаа. Тэрбээр надтай уулзсандаа ихэд баярлан “Миний нас 50 гарчихлаа. Одоо ч тэмцээнд орохоо больё гэж бодсон. Таныг дэлхийн аварга болохыг үзээд үнэхээр бахархсан. 85 настай хүн ДАШТ-ээс гурван алтан медаль авч чадаж байхад би тэгж бодсондоо өөрөөсөө ичсэн. Тэгээд спортоор тууштай хичээллэхээр шийдлээ” гэсэн.

-Өнгөрсөн жил Азийн АШТ-д оролцож байхдаа хөлөө бэртээсэн гэсэн. Бүрэн эдгэсэн үү?

-Эдгэсээн. Нас ахихаар яс сийрэгждэг юм байна. Өнгөрсөн жил миний өвдгөнд яс ургасан юм. Түүнээс болж Азийн АШТ-д санасан амжилтаа гаргаж чадаагүй. Тэмцээний дараа өвдгөндөө адууны тос түрхэн, шаралга хийлгээд эдгээсэн. Өнгөрсөн жил Азийн АШТ-д оролцоход хөгтэй юм их болсоон. Зардлаа хэмнэхийн тулд Улаанбаатараас автобусаар Бээжин орж, тэндээс усан онгоцоор явсаар тэмцээний өмнөх өдөр Японы Нара хотод очсон. Эхний өдөр 100 метрт уралдав. Урд гурван япон тамирчин явж байна. Өлхөн гүйцээд түрүүлчихье гэж бодтол ёстой шонгүй шүү. Тэгээд хоосон хоцров. За, медальгүй буцах нь гэж бодсон. Орой нь борцтой сайхан шөл хийж уун, сайхан амрав. Маргааш нь 200 метрийн зайд мөнгөн медаль авсан.

Энэ үеэр түүний хүү Батсайхан “2017 онд Японд болсон олон улсын тэмцээний 400 метрийн зайд уралдаж байхад аавын шөрмөс нь татаж, ойчсон. Доглосоор Монголд ирэхдээ “Тартан заман дээр уралдаж үзээгүй тул ёстой болсонгүй” гэсэн. Аав минь Монголд босоо байсаар өдий хүрсэн, өөрөөсөө 15 гаруй насаар дүү тамирчидтай уралддаг. Өнгөрсөн жил 70 настай нэг тамирчинд гүйцэгдэн, мөнгөн медаль авчихаад “14 насаар дүү тамирчнаас илүү байж чадсангүй” гээд өөрийгөө их чамласан. Би заримдаа өөрөөсөө ичдэг. 85 нас хүрэхдээ аав шигээ ийм хөнгөн шингэн байж чадахгүй шүү дээ. Аав зоригтой, ясны тамирчин. Ааваараа үнэхээр их бахархаж байна” гэсэн юм.

Тэнхээ харьж байгаа юм байлгүй, Зайсан толгой руу амралгүйгээр гүйгээд гарч чадахаа байчихлаа

-Зайсан толгойн өөд амралгүйгээр гүйж гардаг гэж дуулсан. Одоо ч хэвээрээ юү?

-Гурван жилийн өмнө хоёр шат алгасаж гүйсээр амралгүй гарчихдаг байсан юм. Эрийг нас, уулыг цас дардаг гэж үнэ юм байна. Одоо арай тэгж чадахаа байсан. Нэг амарчихаад гардаг болсон. Хоёр шат алгасаад гүйдэг минь хэвээрээ.

-Та насанд хүрэгчдийн ангилалд улсынхаа дээд амжилтыг шинэчилж байсан уу?

-Үгүй ээ, түрүүн дурдсанчлан спортоор хожим хичээллэсэн болохоор тэгэх боломж байгаагүй. Өрсөлдөөн айхтар ширүүн, Тулга, Дамдинсүрэн, Цагаан зэрэг луухагрууд байлаа шүү дээ. Би өдий хүртэл УАШТ-ийг ганц ч удаа өнжиж үзээгүй. Мал маллаж байхдаа ч Өмнөговиос ирээд оролцож байлаа. УАШТ-ий 50 гаруй медальтай, ихэнх нь насанд хүрэгчдийн ангиллынх.

Монголд өөрөөсөө 15 насаар дүү тамирчидтай уралддаг

-Хөнгөн атлетикийн спорт дотроо олон төрөлтэй. Таны амжилт гаргадаг гол төрөл аль нь вэ?

-Ойрын зайн гүйлт. 100, 200, 400 метрт гол амжилтаа гаргадаг. Монголын ахмадын УАШТ 70-аас дээш насны ангилалтай. 75-80, 80-85 ч юм уу өөр ангилал байдаггүй. Тэгэхээр 70 насаас дээш настай бүх тамирчин нэг ангилалд гүйдэг гэсэн үг.

-Тэгэхээр та өөрөөсөө 15 насаар дүү тамирчидтай хамт уралддаг юм байна шүү дээ.

-Тийм ээ, тэднийг гүйцчихдэг. Тэмцээнд оролцоход надтай чацуу юм уу, 80 гаруй настай тамирчин Монголд байдаггүй. Тиймээс би 15 гаруй насаар дүү гүйгчидтэй өрсөлддөг. Энэ жил Архангайд болсон ахмадын УАШТ-д 70 настай тамирчидтай өрсөлдөөд гурван алт, нэг мөнгөн медаль авсан. Өөрөөсөө олон насаар дүү тамирчидтай уралддаг нь миний өнөөгийн амжилтад их нөлөөлсөн. Бүх өрсөлдөгчиддөө баярлалаа. Надтай ач тач уралдан, ана мана өрсөлдсөний чинь өгөөжөөр би дэлхийн аварга болж, өнөөгийн амжилтыг гаргаж яваа юм шүү.

-Бүх зайд дэлхийн дээд амжилт шинэчлэх боломж танд бий юү?

-Байгаа л гэж боддог. Ихэнх зайд дэлхийн дээд амжилт шинэчлэхэд надад 2-3 секунд л дутуу. Өнөөгийнхөө амжилтыг 2-3 секундээр ахиулахад санасандаа хүрнэ. Гэхдээ тэгэх үнэхээр хэцүү. Өнөөгийнхөөсөө хэд дахин илүү хичээж, хөдөлмөрлөх шаардлагатай.

Тэтгэвэрт гарсны дараа спортын мастер цолыг минь нөхөж олгосон

-Спортын мастер цолыг чинь бүр хожим олгосон гэсэн. Яагаад тэгсэн юм бол?

-Үнэнийг хэлэхэд би хөөцөлдөөгүй. Өмнөговь аймгаас миний тодорхойлолтыг холбогдох байгууллагад илгээгээгүй юм шиг байна лээ. Нэгэнт болзлыг нь хангачихсан юм чинь спортын мастер болсноос ялгаа юу байх вэ гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгж явсаар гавьяаныхаа амралтад гаран, малчин болсны дараа спортын мастер цолыг маань нөхөж олгосон юм шүү дээ.

-Та тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардлаа хэрхэн зохицуулдаг вэ?

-Хувиасаа л гаргадаг. Тэтгэврийнхээ мөнгө, хүүхдүүдийнхээ дэмжлэгээр зохицуулдаг. Намайг хүүхдүүд минь их дэмждэг. Энэ жил Өмнөговь аймгийн нутгийн зөвлөл 7.6, Баяндалай сум зургаан сая төгрөгөөр дэлхийн аварга болсон амжилтыг минь мялаасан. Түүгээр нь Австралын тэмцээнд оролцоод ирлээ. Бас арванхоёрдугаар сард болох Азийн АШТ-ий онгоцны тасалбар, бусад зардлаа шагналынхаа мөнгөнөөс илүүчлээд төлчихсөн.

Борцоо нүдэж хэрэглээд л тэмцээнд оролцдог

-Таны биед ямар нэг зовиур, хууч бий юү?

-Байхгүй. Эв эрүүл, сав саруул.

-Ямар нэгэн уураг, амин дэм хэрэглэдэг үү?

-Элдэв юм ууж, хэрэглэж үзээгүй. Хоолны дэглэм ер барьдаггүй. Тэмцээнд явахдаа ахиухан борцтой явдаг. Өвчүү, сүүлний өөх их зүгээр. Ер нь бусад үед мах, цагаан идээ л иддэг. Өөр нэг их айхтар нарийн жороор бэлтгэсэн хоол, унд хэрэглэдэггүй ээ.   

-Насаараа хөнгөн атлетикаар хичээллэн, дэлхийн аварга болсон танд Гавьяат тамирчин цол олгох нь зүйтэй гэх бодолтой хүн цөөнгүй байгаа нь анзаарагдсан. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Дэлхийн аварга болсны дараа Гавьяат цол олгож магадгүй байсан. Гэхдээ намайг улам хичээгээсэй, дахиад амжилт гаргах эсэхийг нь харъя гэсэн юм болов уу. Залуудаа ДАШТ-ий эхний шатанд ганцхан гоол оруулсан хөлбөмбөгчин энэ жил Гавьяат тамирчин болно лээ. Тэгэхэд би ДАШТ-ээс гурван алтан медаль хүртэн, дээд амжилт шинэчлээд ирэхэд надад Гавьяат цол өгөөгүй. Түүний амжилттай өөрийнхийгөө жишихэд тиймхэн л санагдсан. Одоо Австралын тэмцээнээс ийм амжилт гаргаад ирсэн юм чинь Гавьяат тамирчин цол хүртээж магадгүй л гэж бодож сууна.

-Дэлхийн аварга болсноос тань хойш улсаас ямар нэгэн шагнал олгосон уу?

-“Ардчилсан” намынхан хамгийн том одонгоороо намайг шагнасан. Улсаас ямар нэг шагнал өгөөгүй ээ.

-Ойрын хугацаанд оролцох тэмцээн бий юү?

-Амралтад арван хоног амарч ирчихээд бэлтгэлээ хийж эхэлнэ. Энэ он дуустал Азийн АШТ-ээс өөр оролцохоор төлөвлөсөн тэмцээн байхгүй. Ирэх оны тавдугаар сард ДАШТ-д хурд сорино. Өнгөрсөн жил Азийн АШТ-д өрсөлдөх үеэр намайг 2021 онд болох мастеруудын дэлхийн наадамд өрсөлдөхийг урьсан. Ахмадын олимп гэж үнэлэгддэг тэмцээнд хүч сорих бодол бий.

Архи, тамхинаас үргэлж татгалзаж яваарай гэж залуустаа захья

-Хүн хөшиж бус, хөгширч үхдэг гэдэг. Тэгэхээр эрүүл, чийрэг амьдрахын гол нууцын нэг нь хөдөлгөөн болов уу. Залуусдаа хандаж зөвлөгөө өгнө үү?

-Юуны түрүүнд архи, тамхинаас үргэлж татгалз. Спорттой цаг ямагт нөхөрлө. Өглөө эрт бос. Би огт архи уудаггүй, тамхи татдаггүй. Баяр наадам, хүндэтгэлийн арга хэмжээнд гурван хундага архи л ууна. Тэгээд л болно. Зарим хүн шөнөжингөө утас оролдон, зурагт үзчихээд өглөө босохгүй юм. Үд болтол унтах нь энүүхэнд. Би өдөр бүр 06.00 цагт босож Зайсан руу гүйдэг. Бүжиглэх их зүгээр. Бүх булчин, шөрмөсийг хөдөлгөж, хөдөлгөөний эвсэлтэй, хөнгөн шингэн болгохын сацуу хөгжмийн ая хэчнээн тайвшруулдаг гэж санана. Энэ бүхнийг амьдралынхаа нэгээхэн хэсэг, хэвшил болгож чадвал аяндаа эрүүл чийрэг амьдарч, элдэв хууч, өвчнөөс өөрийгөө сэргийлж, хамгаалж чадна.

Б.БУЯНДАЛАЙ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Охин Отгонбаяр
Охин Отгонбаяр
2019-09-11 10:42

Өнөө өглөө аав 6 цагт босоод за нэг гүйж ирнээ гэж байна. Та жоохон амрахгүй юм уу гэсэн чинь гүйнээ... бие хөшөөд нэг л онцгүй байна гүйгээд хөлрөөд ирхээр бие сайхан амардаг юм биеэ хөдөлгөж сайн дасг�##� хөдөлгөөн хий унтаж биеэ амраадгүй юм гээд гараад явлаа... Би аавыг дагаж гүйж чадахгүй ч усанд сэлж биеэ амраанаа бас л сайхан шүү. Сайхан аавдаа хайртай. Хөөрхийшдээ.

МОНГОЛ ХҮН
МОНГОЛ ХҮН
2019-09-12 07:22

БИД БҮГДЭЭРЭЭ ЭРҮҮЛ БАЙХСАН
БИД БҮГДЭЭРЭЭ ДАГАН ДУУРАЙХСАН
БИДНИЙ БАХАРХАЛТ ХҮН РАДНАА ГУАЙДАА УЛАМ ИХ АМЖИЛТ ХҮСЬЕ

Зочин
Зочин
2019-09-11 12:06

Mundag ger buld bayar hurgey!

Зочин
Зочин
2019-09-12 09:20

Мундаг . Гавьяат тамирчин удахгүй өгөх байхаа. Үнэхээр урамшлаа. Баярл�##�аа.

Батаа
Батаа
2019-09-13 06:49

Монголын минь гайхамшигт бахарх�##� з�##�уучууд бидний үлгэрлэн дуйрах ёстой хүн дээ удахгүй төр засаг иВээлээ хайрлах байгаа

Zochin
Zochin
2019-09-13 14:45

Mundag yma uneheer ih baharhaj bna. Setguulch suuliin asuultaa zasaarai. Hoshij bish hogshirch uhdeg gechihsen bna.

уншигч
уншигч
2019-12-04 21:39

Сайхан буур�##� өвөө минь мундаг юм. БАХАРХАЖ БАЙНА. ТАНД СПОРТЫН УЛАМ ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.

Холбоотой мэдээ

Back to top button