Нийгмийн

Ээжийгээ санаж, шаналахгүй гэсэндээ эхлүүлсэн ТЭМЭЭН ТОГЛООМ бизнес болсон түүх

Төмөрийн Энхмаа Өмнөговь аймгийн Номгон сумын Төхөм багийн иргэн. Сумын төвөөсөө 80 км зайд  амьдардаг энэ малчин өрх таван хошуу малын чихмэл бүхий дугуйт тоглоом урладаг. 2002 онд ой гарантай охиндоо тохирсон эвтэй тоглоом санаагаа чилээн урласан нь өрхийн бизнес болтлоо “бойжжээ”. Өдгөө Т.Энхмаагийн тоглоомоор Өмнөговь аймгийн 13 сум, Дорнод, Дундговь,  Дорноговь аймаг, нийслэлийн цэцэрлэгүүдийн багачууд тоглож байна.

-ИНГЭНИЙ СҮҮН УГЖ, ЭЭЖЭЭСЭЭ ХАГАЦСАН СЭТГЭЛ БУЮУ ТОГЛООМ БОЙЖСОН ТҮҮХ-

Жаахан охиноо хөөрхөн тоглоомоор тоглуулах хүсэлд хөтлөгдсөн ээж сумынхаа дэлгүүрүүдээр хэдэнтээ орсон ч буу, шийдэмнээс өөрийг олж харсангүй. Өхөөрдөм охиноо баясгаж наадуулах гэсэн ээжийн санаанд бат бөх, аюулгүй тэмээн тоглоом хийж өгөх санаа төрсөн нь 2002 он. Ингээд аймгийн төвийг зорьж сэтгэлдээ ургуулсан тэмээнийхээ өнгийг хайв. Гэвч хөх өнгөтэй хиймэл үснээс өөр сонголт байсангүй. Ингээд дугуйг нь эвдэрсэн тоглоом машинаас салгаж авч, модон рамыг нөхөртэйгээ хамжин хийж, хонины ноосоор чихмэл хийн охины ТЭМЭЭН МАШИН бэлэн болжээ.

Энэ цагаас хойш  ойр дотныхон, ахан дүүсийн хүүхдүүдэд мэр, сэр хийж өгсөөр. Тэмээ гэдэг амьтан Т.Энхмаагийн хувьд маш эрхэм. Тэрбээр эмэг эхдээ өргүүлсэн, хүний ганц охин. 1968 оны зуд турхантай хатуу жил төрсөн охиноо ээж нь ингэний сүүгээр угжиж хүн болгосон түүхтэй. Ээж, охин хоёр энэ цагаас хойш бие биенээсээ холдсон нь үгүй. Сургуульд соёл хэрэгтэй байвч ээжийг минь харах хүнгүй, ээж минь надгүй бол яана гээд хаашаа ч яваагүй гэдэг. Хайртай ээж нь 97 насандаа 2012 онд өөд болжээ. “Ээжгүй болчихвол би яаж амьдарнаа. Би амьдарч чадах болов уу гэж үе үе боддог байсан. Үнэхээр ээж минь байхгүй болчиход би их сонин болсон. Тэгээд ерөөсөө өөрийгөө завгүй байлгая, тэгвэл бага шанална, ээжийгээ бага санана гээд тэмээн тоглоомоо олноор хийхээр сэтгэл шулуудсан” гэж тэр ярив.

 Т.Энхмаа санасандаа хүрчээ. Бүх зүйл тийм ч амар байгаагүй. Өөрийн зохион бүтээсэн нэхмэлийн машиныг ашиглан тэмээний утсаар тоглоомоо нэхэж эхэлсэн ч хүүхэд тоглоход хатуу ширүүн, нөгөө талаас зардал, цаг хугацаа маш ихээр шаардагдаж байжээ. Ингээд нөхөртэйгээ ярилцаж байгаад үйлдвэрийн зөөлөн, чанартай материал сонгов. Аажим аажмаар тэмээн тоглоом бусдад хүрч, олны анхаарал татаж эхлэв.

-1000 ТЭМЭЭН ТОГЛООМНЫ ТАЛ НЬ ГАДААД ОРНУУДЫГ “ЗОРЬСОН” -

Арваад жилийн хугацаанд эднийх тэмээн тэрэг, хомтой тэмээ, 1-2, 3-4, 5-6, 7-10 насны хүүхдүүд унах, тэврэх зориулалтаар, бүр 100 кгаас дээш жинтэй хүмүүст, гэр бүлээрээ тоглох боломжтой гэх мэтээр төрөл бүрээр “үйлдвэрлэжээ”.

Ингэхдээ ганц тэмээгээр ч зогссонгүй таван хошуу мал, хоточ банхарын загварыг гаргав. Нүүдэлчин монголчуудын үр хойчид таван хошуу малыг амьдын үнэлэмжээр нь таниулахыг зорьжээ.  Хурга, ишиг барьж тэвэрч тоглохоор, унага, тугалыг унаж тоглохоор, тэмээг унахын зэрэгцээ ачиж, тэргэнд хөллөж наадахаар бүтээв. АНУ-ын элчин сайдын яамнаас Т.Энхмаад үзэсгэлэн худалдаанд оролцох урилга удаа, дараа ирүүлсэн нь өрхийн бизнесээ өргөжүүлэхэд том дэм болж.

Т.Энхмаа “ Улаанбаатар хотод амьдардаг бүх америк айлд манай тэмээн тоглоом байгаа. Америкчууд маш их сонирхдог. Өнгөрсөн хугацаанд тэмээн тоглоомоо 1000 гаруйг хийсний тал нь гадаад руу худалдаж авсан. Тэд нар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, өндөр настангууд, цэцэрлэгт хүрээлэнд зориулан авдаг. Мөн гэртээ сувинер болгох, гэр бүлээрээ тоглох зорилгоор 1,5 м өндөртэй 1,3 м урттайг ихэвчлэн авдаг” гэж ярилаа. Түүний захиалгын дэвтэрт Америк, Англи, Франц, Солонгос, Герман, Сингапур гэсэн орнуудын нэр бичигджээ. Тэгэхээр тэмээн тоглоом хэдийн дэлхийн тоглоом болж. Сүүлийн хоёр жилд ковидоос шалтгаалан дотоодын худалдан авалт сайжирчээ.

Үүнийг тэрбээр хил гаалийн асуудал гэхээсээ илүүтэй хүмүүс үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг, өв соёл, зан заншил илүү үнэ цэнэтэй болж буйтай холбоотой гэж үзжээ. Өдгөө Т.Энхмаагийн таван хошуу мал бүхий чихмэл болон дугуйт тоглоомоор говийн бүсийн цэцэрлэгийн хүүхдүүд наадаж байна.

-ЗЭЭЛЭЭС ЗЭЭЛИЙН ХООРОНД ЗҮТГЭСЭН ОН ЖИЛҮҮД АРД ХОЦРОВ –

11 настайгаасаа нэхмэл, оёдол сурсан говийн ажилсаг эмэгтэйд эхлүүлснээ илүү чамбайруулах хүсэл л байв, эхэндээ. Зээлээс зээлийн хооронд, өдөр шөнөгүй ажиллаж, өрхийн бүх орлогоо тэмээн тоглоомдоо зориулж байв. Ямар сайндаа бүх мөнгөө материалдаа зориулж, гурилаа ч нөөцөлж амжихгүй, дүүгээсээ шуудай гурил зээлж байхав. Алслагдсан газар суурьшсан малчин айлд ажиллах хүн олдохгүй.

Үс, ноосоос бусад материалаа хэдэн зуун км-ийн алсаас зөөнө. Гэвч Т.Энхмаа энэ бүхнийг бэрхшээл гэж харсангүй.  Тэрбээр, “Өнгөрсөн жилүүдэд миний ур чадвар дээшилсэн. Зээлээс зээлийн хооронд зүтгэсэн жилүүд ард хоцорч хоёр жилийн өмнөөс зээл авахаа больсон. Арваад жилийн дараа үр дүнд хүрдэг юм байна. Мал аж ахуйтай хослуулсан тулдаа өдий зэрэгтэй босоод ирсэн” гэж ярилаа.  Номгон сумаасаа 80 км зайд нутагладаг энэ айлд ажилчин олоход хүндрэлтэй. Өөр аймгаас гэр бүлээрээ ирж ажилласан хосууд хамаг үлгэр, загварыг нь хулгайлаад нэг л өдөр явчхаж.

Тэд тэгээд хийгээд эхэлсэн үү гэхэд “Энэ надаас өөр хүн хийхэд амаргүй юм шиг байгаа юм. Тэр хоёр ч хийж чадаагүй. Заалгаад явсан ганц нэг хүмүүс ч барахгүй юм байна, хүүхэддээ зүгээр танаас л худалдаж авья гэсээр ирдэг. Арав, хорин жил бодож, сэтгэж, үргэлж хөгжүүлж, шинэчилж ирсэн болохоор надаас өөр хүн учрыг нь олохгүй  байх шиг. Бүр анх хийж эхлэхдээ найздаа оюуны өмчөөр бүртгүүлэхээр өгчихлөө гэхэд санаа зоволтгүй ээ, чамаас өөр хүн хийж чадахгүй гэж билээ” гэв.

-АЙМГАА ХАНГАХ ХЭМЖЭЭНИЙ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО-

Түүний ханийг Ц.Тогтмол гэдэг. Эднийх хоёр хүү, хоёр охинтой. Том хүү нь хэвлэлийн эх бэлтгэгч дизайнер, бага хүү нь хүүхэлдэйн киноны зураач, графикч мэргэжилтэй. Том охин хуульчаар төгссөн одоо үсчин, гоо сайхны салон байгуулан ажиллаж байна. Харин тэмээн тоглоомыг түүхийг эхлүүлсэн бага охин нь СУИС-ийн тайз дэлгэцийн зураачийн ангийг энэ хавар төгсөнө.  Т.Энхмаа одоо 54 настай. Түүнд олон сайхан мөрөөдөл бий.

Том үүртэй, үүрэн дотроо цагаан арьсан дээр хөлөө жийж, хажуудаа хөөрхөн идүүртэй тухалж буй банхар хийх, 12 жилийн онцлог бүрийг гарган урлах, залгамж халаагаа бэлдэж бусдад зааж өвлүүлэх, мөн аймгийн хэмжээний хүчин чадалтай үйлдвэртэй болох гээд зөндөө. Ярианы төгсгөлд Т.Энхмаа “Эгч нь хоёр жилийн дараа гэхэд төв бараадна. Өөр арга алга. Нас ч явж байна. Зааж сургаж өвлүүлье. Улсаа биш юмаа гэхэд аймгаа хангах хэмжээнд үйлдвэрлье” гэв.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

hhe goy uran gartai hun bnain

Зочин
Зочин

humuus yagad iim goy yumiig muuldag baina sonin yumaa

Зочин
Зочин

"1,5 см өндөртэй 1,3 см урттайг ихэвчлэн авдаг" гэсэн нь метр байлгүй дэ

zochin
zochin

Goviin busguichuud ajilsag tsarailag gedreeree aldartai shuu dee Uran uilchin busguidee ulam ix amjiltiig xusie

Отгонжаргал
Отгонжаргал

Ашиг олох гэсэн бодолоос илүү хүн баярлуулах дуртай хүн шүү

Зочин
Зочин

ЭНЭ ХҮНИЙ УТАСНЫ ДУГААР БАЙНАУУ

Алтанзул
Алтанзул

Сайн уу. Энэ хүний утасны дугаар байна уу.

Холбоотой мэдээ

Back to top button