ДЭЛХИЙ

Хамгийн том нисдэг амьтныг нээжээ

Цэрдийн галавын сүүлчээр амьдарч байсан жижиг онгоцны хэмжээтэй үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйлийг нээсэн эрдэмтэд уг амьтныг манай гарагийн бүх цаг үед амьдарч байсан жигүүртнүүдээс хамгийн том нь гэж дүгнэжээ.

Дэлгэсэн далавч нь үзүүрээсээ үзүүр хүртлээ 10 метр урт, 250 кг жинтэй “Cryodrakon boreas” нь птерозавр төрөлд багтах үлэг гүрвэл юм. Өнөөдөр шинжлэх ухаанд птерозаврын 100 гаруй төрөл зүйл бүртгэгдээд байгаа аж.

Одоогоос 30 гаруй жилийн өмнө Канадын Альберта мужаас олдсон птерозаврын ясыг анхандаа Quetzalcoatlus нэртэй, өмнө нь танигдсан төрөл зүйл гэж буруу дүгнэж байжээ.

Саяхан хийсэн судалгаагаар энэ нь птерозаврын цоо шинэ төрөл зүйл болохыг тогтоосон тухай “Journal of Vertebrate Paleontology” сэтгүүлд мэдээлсэн байна.

“Cryodrakon boreas” нь грек хэлнээс шууд утгаар нь хөрвүүлбэл “Умардын салхинд хөлдсөн луу” гэсэн утгатай. Канадын хүйтэн цэвдэг хөрсөнд хадгалагдаж үлдсэн тул ийм нэр өгсөн байна.

77 сая орчим жилийн өмнө зэрэгцэн амьдарч байсан бусад жигүүртнүүдийн нэгэн адил “Cryondrakon boreas” нь махан хүнстэн байсан бөгөөд жижиг хөхтөн амьтад, бусад төрлийн үлэг гүрвэлүүдийн үр төлөөр хооллодог байсан байх магадлалтай гэнэ.

Птерозаврууд том биетэйгээс гадна Умард, Өмнөд Америк, Ази, Африк, Европт өргөн тархан амьдарч байсан хэдий ч бүтэн араг яс олдоогүй, зөвхөн ясны хэсгүүд нь олддог байна.

Б.АМАР

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close