ТАНИЛЦ: Хяналтын хорооноос гарсан ГУРВАН том шийдвэр

МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр /2022.02.18/ хуралдаж, нэр бүхий хүмүүсийг намын гишүүнчлэлийг түдгэлзүүлэх, Бага хурлын бүрэлдэхүүнээс хасах, тайлбар ирүүлэх зэрэг шийдвэр гаргалаа.
НЭГДҮГЭЭРТ: Нэр бүхий гишүүдийг намын гишүүнчлэлээс хаслаа
УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Д.Батзориг, Д.Хаянхярваа улс төрийн гишүүнчлэлээс хасч намаас гарсанд тооцсон шийдвэрийг гаргалаа.
Энэ нь шинэ дүрэмд тусгагдсан МАН-ын гишүүн цаг хугацаанаас үл хамаарч авлигын хэрэгт холбогдож, гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон бол бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй, улс төрийн дэмжлэг авахгүй байх гэж заасан агуулгад үндэслэгдсэн байна.
Дээрх МАН-ын гишүүнчлэлээс хасагдаж байгаа гишүүд нь шүүхэр гэм буруутай нь тогтоогдож, Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авагдсан хүмүүс юм.
ХОЁРДУГААРТ: Эрдэнэжамъян нарыг Бага хурлын гишүүнчлэлээс хасав
Хяналтын хорооноос Ж.Эрдэнэжамъян, Б.Даваасамбуу, Э.Цасчихэр, Г.Батсайхан, Д.Дуламсүрэн нарыг МАН-ын Бага хурлын гишүүнчлэлээс хасах шийдвэр гаргасан гэдгээ хэвлэлийн хурлын үеэр онцлов.
МАН-ын Бага хурал нь 400 гаруй гишүүдээс бүрддэг нам доторх нэгж юм. Уг бүрэлдэхүүнд орсноор улс төрийн амбицаа ахиулах, аливаа шатны сонгуульд нэр дэвших зэрэг хувь хүний боломж нэмэгдэж өгдөгөөрөө онцлог юм.
ГУРАВДУГААРТ: Эдгээр гишүүдийг намдаа ТАЙЛБАР ирүүлэх үүрэг өглөө
Улс төрийн албан тушаалаа ашиглан, Хөгжлийн банкнаас хувийн бизнестээ их хэмжээний зээл авсан байж болзошгүй үйлдэлдээ тайлбар ирүүлэхийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Х.Дамдинням, гишүүн асан Н.Билэгт, А.Сүхбат нар мөн Барилга хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн, Ш.Үнэнбат тэргүүтэй найман хүнээс тайлбар ирүүлэхийг шаардаж, үүрэг өгч байна.
Энэ нь МАН-аас улс төрийн болон төрийн өндөр албан тушаалд томилогдож, сонгогдон ажиллаж байх хугацаандаа авлига, албан тушаалын хэрэг үйлдэж, тэр нь хуулийн хуулийн байгууллагаар тогтоогдож, яллагдагчаар татагдсан тохиолдолд МАН-аас өөрийн хүсэлтээр 30 хоногийн дотор түдгэлзэх хүсэлтээ ирүүлэх шинэчилсэн дүрмийн заалтад уядуулсан шийдвэр юм. Хүсэлтээ ирүүлээгүй тохиолдолд МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх эрхтэй аж.
Тэгэхээр дээрх гишүүд нэг сарын дотор намдаа яагаад шалгагдаж буй учир шалтгаанаа бичгээр хүргүүлэх үүрэг хүлээх юм байна. Яллагдагчаар татагдвал намын гишүүнчлэлээс хасах нөхцөл бүрддэг байна.
Г.ИТГЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шааал худлаа. Тайлбар аваад л өнгөрөөнө биз.
Загас толгойноосоо өтдөг гэгчээр удахгүй
С. БАЯРыг МАН аас хасах уу?
сү. баяр яах бол?