ДЭЛХИЙ

Нэр хүндтэй их сургуульд хүүхдээ оруулахын тулд авлига өгсөн Холливүүдийн жүжигчин хоригдох ял сонслоо

“Desperate Housewives” кинонд гол дүр бүтээсэн жүжигчин эмэгтэй Фелисити Хафманы бусдад $15,000 төлж, хүүхдийнхээ их сургуулийн элсэлтийн шалгалтын оноог засуулсан хэргийг шүүх хурал өчигдөр болжээ.

56 настай жүжигчин эмэгтэй энэ хэргийнхээ төлөө 14 хоног шоронд хоригдох, торгуульд $30,000 төлөх, 250 цагийн албадан хөдөлмөр эрхлэх шийтгэл хүлээсэн байна.

Энэ оны эхээр Америкийн нэр хүндтэй их сургуулиудад баян чинээлэг, алдартай хүмүүсийн үр хүүхдийг их хэмжээний мөнгө авч элсүүлдэг этгээдүүдийн нууц сүлжээ илэрч байсан юм. Сүлжээний гол эзэд хуулийн шийтгэл хүлээгээд байгаа.

Уг хэрэгт холбогдсон 34 эцэг эх шийтгэлээ хүлээж байгаа бөгөөд тэдний анхдагч нь Хафман болж байна. Дуулиант хэрэгт нийт 51 хүн холбогдсон бөгөөд АНУ-ын хуулийнхны илрүүлсэн их сургуулийн элсэлтийг луйвардахтай холбоотой хамгийн том хэрэг болж байгаа юм.

Шүүх хурлын үеэр Хафман мэдлэг чадварт нь итгэлгүй, ийм хэрэг үйлдсэндээ охиноосоо нулимс дуслуулан уучлал гуйжээ.

Фелисити Хафманы нөхөр, мөн Холливүүдийн жүжигчин Уилльям Х.Мэси ямар нэг шийтгэл хүлээгээгүй өнгөрсөн байна.

Гэхдээ Хафман энэхүү нууц сүлжээнд хамрагдсан бусад эцэг эхчүүдээс хамгийн бага мөнгөн дүнтэй, хамгийн жижиг хэрэг үйлдсэнд тооцогдож байгаа юм.

Зарим эцэг эхчүүд хүүхдээ их сургуульд элсүүлэхийн тулд $500,000 хүртэл авлига төлсөн нь илрээд байгаа ажээ.

Б.АМАР

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close